Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2021/00078

 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Т.Болормаа, шүүгч Г.Бямбажаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 19-26 тоотод оршин суух, *******-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх 4 гудамж, 1253 тоотод оршин суух, Жамбал овогтой Эрдэнэхуяг /РД:ЧЕ76081019/-т холбогдох, 
10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.          
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Эрдэнэдалай, түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх, иргэдийн төлөөлөгч С.Энхбат, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэдалай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2019.7.29-нд би Ж.Эрдэнэхуягтай тохиролцон Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу 2 адуу 57-50 УБЧ дугаартай машинд нь ачуулсан. Гэтэл 1 адуу чинь алга болчихлоо гэж Лүн сум дээрээс над руу ярьсан.  Би араас нь ирж бид хоёр буцаж явж хайсан боловч үхсэн амьд ямар ч байдлаар адуугаа олоогүй. Эхэндээ Ж.Эрдэнэхуяг сайхан ааштай, адууг чинь олоод өгнө, олдохгүй бол оронд нь эрлийз адуу өгнө гэж ярьдаг байсан. Сүүлдээ утсаа авахгүй, авсан ч энд тэнд явна, завгүй байна гэдэг болсон. Тэсэхээ болиод сураглаж байж машин угаалгын газар нь очсон. Өгч чадахгүй, чаддаг юм бол цагдаагаар яваад ав гэсэн. Лүн сумын цагдаа хэргийг Төв аймгийн прокурор уруу шилжүүлснээр шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу авлаа. Миний адуу арабын 50 хувь эрлийз цустай ширээтэй, бундан тамгатай, хээр зүсмийн хурдан удамтай, 4 настай адуу байсан. Зүүн бүсийн эрлийз хурдан морины уралдаанд 13-рт хурдалж бай шагнал авч байсан. Тээвэрлэгч нь захиалагчаасаа ачаа барааг хүлээн авснаасаа хойш хүлээн авагчид шилжүүлэн өгөх хүртлээ бүрэн бүтэн байдлыг хариуцдаг.
Туслах уяачаа машинд нь суулгаад цуг явуулъя гэтэл багтах зай байхгүй 3-4 залуу байна. Олон хүний хурдан морь ачиж яваа гэж хэлсэн. Би араас нь дагаад явъя гэтэл хэрэггүй гэсэн. Айгаад Өвөрхангай хүртэл дагаж яваад морь ачсан машин нэг газраа удаан зогсохоор би зах орчхоод дараа нь хөөгөөд гүйцэхээ больсон. Лүн дээр ирэхэд миний морь байгаагүй. Дөнгөж саяхан 20-30 км цаана харахад зүгээр байсан гэж хэлсэн. Машин чинь эвдрээгүй өндөр хашлагатай машин дээрээс хурдтай явж байгаа засмал зам дээр морь унаад үхнэ дээ гэхэд саяхан харахад зүгээр байсан гэж хэлсэн. Тэгээд бид нар буцаж яваад хайгаад хүнээс асуугаад олоогүй. Улаанбаатар хотод ирээд Ж.Эрдэнэхуяг ахаа таны морийг алга болгосон хайя гээд эргээд явж хайсан. Хайхдаа шууд Өвөрхангай явсан. Өвөрхангайгаас ачаад явахад байсан ш дээ гэхэд ийшээ буцаад явсан байж магадгүй, нэг жолоочийн утас олсон машин зөрөхөд нэг даага унаад босоод гүйгээд явсан гэж хэлсэн. Би итгээгүй тэр бол өндөр том портер биш олон хурдны морь ачсан машин байсан. Хамгийн ард байсан морь унаад амьд үлдэнэ гэж тооцоолоогүй. Өвөрхангай аймгийн шатахуун түгээх станцын камер шүүлгэхэд ачааны машин дээр миний морь байсан. Замдаа хайж явсаар байгаад ирээд олоогүй. Хотод ирсний дараа утсаар ярихаар хайж байна Архангай, Завхан аймагт явж байна гэдэг болсон. Сүүлдээ утсаа авахаа болихоор нь нээрээ л алдаад унагаасан бол чи надад оронд нь хурдан удмын угшилтай үрээнээсээ өгчих гэхэд за гэж хэлээд алга болсон. Би Архангай аймагт морь уяулж байсан хүмүүсээсээ асуугаад зар хүртэл өгсөн. Ж.Эрдэнэхуяг таныг залгахаар би айдаг боллоо би морийг чинь төлж өгнө та нэг морь авчих гэхэд нь би за гээд нэг морь авах болсон чинь ах өгөхгүй байна гээд сүүлдээ өгөхөө больсон. Би морь ачсан машинаа хайсан. Гэтэл машинаа шууд Дорнод аймагт хүргэсэн байсан. Жил шахуу айлын гадаа байлгасан. Чи яагаад машинаа Дорнод аймагт хүргэсэн бэ гэхэд Ахаа би ирээд шууд Дорнод уруу явуулсан гэж хэлсэн.Түүгээрээ хоолоо олж иддэг гэсэн хир нь Дорнод аймагт хаясан байсан. Нутгийн залуучуудаас нь асууж сураглахад нэг залуу би таны морийг ачъя гээд байхад би ачна гэсээр байгаад аваад явсан. Уг нь миний машинд зай байсан гэж хэлсэн. Сүүлдээ утсаа авахаа болиод алга болсон. Алдарт уяачийн хурдан удмын азаргыг гүүндээ гишгүүлж төрсөн, унаган адуу. Өвөрхангай аймгийн Лүн сумын цагдаагийн газар байцаагдаж байхдаа арай л үнэтэй байна гэж хэлсэн байсан. Утас уруу нь залгахаар бөөгөөр, ламаар явж байна гэдэг. Адуучин хүмүүс үрүү залгаад тандаа асуугаад байхад Эрдэнэсантын наахнаас өөрөө хайгаад олсон байх шиг байна лээ. Тэр 2 залуу нь олсон байх гэж хэлээд байсан. Миний адуу бол 2018 онд улсын Засгийн газрын тогтоолтой төрийн наадамд 6 нас буюу эрлийз 3 нас уралддаг. Тэр уралдаанд эрлийз дунд насанд 13-т орсон. Тамга тэмдэг, үнэмлэх 90,000 төгрөг цай будаа хадагтай авсан. Линзийн өгөөж гэдэг компани адуугаа дээр үнэлүүлсэн. Хурдан морь биш байсан бол энэ залуутай зууралдаж төвөг удахгүй байх байсан. Би хотод амьдардаг. Манай малчин Түмэннаст Сүхбаатар аймгийн дарьганга суманд малладаг, миний нэрээр Түмэннаст малын тооллогод бүртгүүлдэг. Шаардлагатай гэвэл баримтыг авч ирж болох байх. Монголчууд малаа зүсэлж ялгадаг. Малын эмч Урансайхан хүрэн зүсмийн доголон үрээ гэсэн байгаа. Хүрэн хээр хоёр шал өөр зүстэй. Баасан яагаад гэрчийн мэдүүлэг өгсөн болохыг би мэдэхгүй. Линзийн өгөөж компанийн үнэлгээг үндэслэж 10,000,000 төгрөгөөр үнэлж байна. Би миний морийг завшсан гэж үзэж байна, цагдаа энэ талаар шалгаагүй...” гэв.
Хариуцагч Ж.Эрдэнэхуягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019.07.29-нд Б.Эрдэнэдалайгийн 2 адууг Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу өөрийн эзэмшлийн 57-50 УБЧ дугаартай авто машинаар тээвэрлэхээр тохиролцон ачиж явсан. Эрдэнэдалай араас машинтай дагаж явсан. Гэтэл Лүн сум дээр ирэх үед Эрдэнэдалай машин дээр 1 адуу алга байна гэж надад хэлсэн. Эрдэнэдалай бид 2 тэр адууг хайгаад олоогүй. Машин дээрээс үсэрч алга болсон талаар маргахгүй. 4 настай адуу байсан. Харин хурдан удмын араб үүлдрийн адуу гэдгийг зөвшөөрөхгүй. 1. Араб үүлдрийн 50 хувь эрлийз адуу болохыг нотлох баримт байхгүй. 2. 2018.07.29-ний өдрөөр огноолсон үнэмлэхийг баримтаар шүүхэд ирүүлжээ. Энэ үнэмлэх нь ямар насны морьдын уралдаанд олгосон болох нь тодорхойгүй тул нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй. Учир нь үнэмлэх дээр ямар насны морины уралдааныг /морины насыг/ заавал бичдэг. Тухайлбал: дааганы, шүдлэн, хязаалан, соёолон, азарга гэх мэт. Нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Энэ адуу 2018.07.29-нд “Зүүн бүсийн хурд 2018” уралдаан болох үед шүдлэн настай байхаар байна. 3. Эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. 50 хувийн цустай, 2018 оны зүүн бүсийн наадмын эрлийз насны ангилалд 13-т хурдалсан үнэлгээ 10,000,000 төгрөг гэжээ. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул нотлох баримтын хүрээнд үнэлэлт өгөх боломжгүй. Сангийн яамны сайдаас олгодог үнэлгээ хийх эрхийн тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин хөрөнгийн үнэлгээг хийдэг. Үнэлгээ хийсэн үнэлгээчин өөрийн тусгай зөвшөөрлийн хуулбарыг хийсэн үнэлгээтэй хамт хавсаргаж өгөх үүрэгтэй. Комиссын дарга.............Г.Цэцэг, гишүүд..............Б.Жигмэдцэрэн, Д.Чанцалдулам нар нь үнэлгээ хийх эрх бүхий этгээд болохыг гэрчилсэн нотолсон баримт байхгүй тул 10,000,000 төгрөг гэж үнэлсэн үнэлгээ хүчингүй байна. Б.Эрдэнэдалай нь 2019 оны 5 сард дэлтэй улаан хээр зүсний, ширээтэй бундан тамгатай хязаалан /4 настай/ урд 2 хол доголон үрээ маллаж хөлийг нь эмчилж өгөөч гэж Улаанбаатар хот, Архангай аймгийн Цэнхэр сумын бүрд багийн малчин Пүрэвийн Баасан гэдэг малчинд явуулсан байгаа. Эмчилгээнд хэрэглэх эм тос өгч явуулсан. 2019 оны 5 сараас 2019 оны 7 сарын 21-ний өдөр хүртэл доголон морины хөлийг эмчилсэн боловч олигтой засал аваагүй ажээ. 2019 оны 07 дугаар сарын 21-нд Б.Эрдэнэдалай Архангай аймгийн Цэнхэр сумын малчин П.Баасангийн гаднаас улаан хээр зүсний хязаалан үрээг авч явсан. Б.Эрдэнэдалайгийн шүүхэд гарган өгсөн улаан хүрэн зүсний морины эгц урдаас нь авсан фото зураг 2019 оны 7 сард малчин Баасангийн гадаа авсан зураг юм. Энэ зураг дээрх морины баруун хөл хавдартай болох нь тод харагддаг. 2019 оны 7 сарын 26-нд алга болох үедээ урд хөл доголон морь цаашид уралдаж, хурдлах боломжгүй. Иймд гэмтэлтэй морь 10,000,000 төгрөгийн үнэ хүрэхгүй. Ердийн адуу 700,000-800,000 төгрөгийн үнэтэй байгаа. 1 адуу 100-120 кг жинтэй гэж тооцвол нэхэмжилсэн үнийн дүн 10,000,000 төгрөгөөс хариуцагч Ж.Эрдэнэхуяг 840,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч хээр зүсмийн адууг миний адуу гэж нэхэмжилж байна. Б.Эрдэнэдалай нэхэмжлэх эрхтэй юу, алга болсон адуу Б.Эрдэнэдалайн адуу мөн эсэхийг юугаар нотлох вэ, хэрвээ энэ адуу байгаа бол Монгол улсын Улсын бүртгэлийн дансанд үл хөдлөх эд хөрөнгө, газар, тээврийн хэрэгсэл, малыг улсын бүртгэлд бүртгэдэг. Жил бүрийн 15-ны дотор бүртгэсэн байх ёстой. Хавтаст хэрэгт Б.Эрдэнэдалайн адуу мөн гэдгийг нотолсон баримт байхгүй байна. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд бол гуравдагч этгээд гарч ирнэ. Адуу мал дээр малын А дансны тооллогын баримтыг үндэслэдэг. Малын А данс байхгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Тээврийн гэрээний асуудал яригдаж байна. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-т зааснаар тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд ачаа алдагдсан тохиолдолд бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна гэж заасан. Ачаа тээврийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулахыг шаардсан. Дагалдах бичгийн хэрэгсэл зайлшгүй байдаг. Адуу мал ачиж байгаа тохиолдолд тухайн орон нутгийн сумын захиргаанаас хасалт хийлгэж мал ачих зөвшөөрөл авч гарал үүслийн бичиг авдаг. Гарал үүслийн гэрчилгээ дээр Б.Эрдэнэдалайн адуу гэсэн зүйл байхгүй байна. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4.1-т дараах нөхцөл байдлын улмаас ачаа алдагдсан дутсан буюу гэмтсэн бол тээвэрлэгч энэ хуулийн 393.3-393.8-т заасан хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан. Талууд шууд тохиролцсон дагалдах бичиг хэрэглэснээр задгай тээврийн хэрэгсэл ашигласан бол түүнээс учирсан хохирлыг тээвэрлэгч хариуцахгүй. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4.6-д амьтан тээвэрлэсэн бол хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж байгаа. Энэ нь жолоочийн хүсэл зоригоос үл хамааран амьтан машин дээрээс үсрэх, унах асуудал гардаг учраас байгаа. Энэ заалтыг үндэслэж Баянхонгор аймгаас Улаанбаатар хот хүртэл 600 км газарт 15,16 адуу ачиж явсан. Адуу ачсан машины араас өөрөө дагаад явсан. Авто машины дундаж хурд 60-70 км цагийн хурдтай явлаа гэхэд 10 цаг явж байж Улаанбаатар хотод ирнэ. Адуу машины тэвшин дээрээс унахад хайсан,  хайгаад олоогүй байна. Иргэний хуулийн 393 дугаар зүйлд зааснаар мал ачсан тохиолдолд мал алдагдвал тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй гэж заасан. Бичгээр тээвэрлэлтийн гэрээ хийгдээгүй. Мал тооллогын А данс малтай хүн бүр дээр байдаг. Адууны нас хүйс өөр байна. Сүхбаатар аймгийн Онгон сумын бэсрэг наадамд 1-р байранд орж гэрчилгээ авсан байдаг. Уг гэрчилгээ дээр адууны нас бичигдээгүй. Эрлийз удмын гэж байгаа. Ямар насны адуунд олгосон гэрчилгээ юм бэ, өөрийн мал тооллогын А данс ирээгүй байна. Эрлийз адуутай юм уу, үгүй юм уу, нас байхгүй. Эрлийз удмын адуу гэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
 Нэхэмжлэгч Б.Эрдэнэдалай хариуцагч Ж.Эрдэнэхуягт холбогдуулан “алга болгосон адууны үнэд 10,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч тал “алдагдсан адууны өмчлөгч биш, хурдан морь болох нь тогтоогдохгүй, амьтан ачуулсан учраас хариуцахгүй” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Б.Эрдэнэдалай, Ж.Эрдэнэхуяг нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр амаар гэрээ байгуулагдсан байх ба тээвэрлэгч тал болох Ж.Эрдэнэхуяг Б.Эрдэнэдалайгийн их насны хээр адуу, хээр зүсмийн хязаалан адууг Баянхонгор аймгаас Улаанбаатар хот хүртэл тээвэрлэн хүргэж өгөх, тээвэрлүүлэгч болох Б.Эрдэнэдалай адуу тус бүрд 100,000 төгрөгөөр тооцож, 200,000 төгрөг төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.
Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Тээвэрлэгч Ж.Эрдэнэхуяг 57-50 УБЧ улсын дугаартай Хино маркийн ачааны авто машинаар Б.Эрдэнэдалайгийн 2 адууг тээвэрлэх явцад Өвөрхангай аймгаас Төв аймгийн Лүн суманд ирэх хооронд хээр зүсмийн үрээ алга болсон,  их насны хээр адууг Улаанбаатар хот хүртэл тээвэрлэж, Б.Эрдэнэдалайд хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Б.Эрдэнэдалай Төв аймгийн цагдаагийн газарт адуу алдагдсан гэх гомдол гаргасан боловч ...гэмт үйлдлийн улмаас адуу алдагдсан болох нь тогтоогдохгүй, иргэд хоорондын маргаан... гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Дээр дурдсанаас дүгнэвэл, тээвэрлэгч Ж.Эрдэнэхуяг тээвэрлэлтийн гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай байна.
 Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д “Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна” гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн алдагдсан адууны үнийг төлөх үүрэгтэй байна.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “мал” гэж уламжлагдан маллаж ирсэн таван хошуу малыг хэлнэ гэжээ.
Адуу нь 5 хошуу мал тул хариуцагч талын “амьтан ачсан бол хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэх тайлбарыг үндэслэн Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4, 393.4.6-д зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй байна.
 
Хариуцагч тал “2 адуу ачуулсан, 1 адуу нь алга болсон, гэрээ байгуулсантай маргахгүй” гэж тайлбарласан атлаа ... өмчлөгч болохыг нотолсон баримтгүй.... гэх тайлбар гаргаж байгаа нь ойлгомжгүй, уг тайлбар нь Б.Эрдэнэдалай, Ж.Эрдэнэхуяг нарын хооронд байгуулагдсан гэрээний хариуцлагыг шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэдалайгийн хүсэлтээр хээр зүсмийн хязаалан адууг “Линзийн өгөөж” ХХК 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгөөр,
Хариуцагч Ж.Эрдэнэхуягийн хүсэлтээр хээр зүсмийн хязаалан адууг  “Сонгомол хүлэг” ХХК 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1,150,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг зохигчид хэрэгт өгсөн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч хэн аль нь шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй. 
 
Ж.Эрдэнэдалайгийн хээр зүсмийн үрээг Архангай аймгийн Цэнхэр сумын Бүрд багийн П.Баасан маллаж байсан, П.Баасанг маллах хугацаанд хөл нь хавдартай байсан, адуунд малын эмч Г.Урансайхан үзлэг хийсэн, П.Баасанг эзгүйд нэхэмжлэгч Б.Эрдэнэдалай малаа авч явсан болох нь гэрч П.Баасан, Г.Урансайхан нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн ...П.Баасан миний морьдыг өөрийн нэрээр уяхаар маллаж байсан. Би 2019 оны 7 сарын 20-ны үед очиж аваад Баянхонгор аймгийн Ламын гэгээний наадамд уралдуулахаар очсон. Тэндээсээ Улаанбаатар хот уруу ачуулсан... гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.
Б.Эрдэнэдалайгийн эрлийз насны хээр зүсмийн адуу “Алтан дарь овоо”-ны Төрийн тахилгын 105 жилийн ой, Зүүн бүсийн хурд 2018 он уралдаанд 2018 оны 7 сарын 29-ны өдөр оролцож 13-рт хурдлан ирсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан үнэмлэхээр тогтоогдож байх боловч нэхэмжлэгчийн тайлбар, уг үнэмлэхээр алга болсон адууг “хурдан адуу” гэж үзэх үндэслэлгүй, “хурдан адуу” байсан болох нь өөрөөр тогтоогдохгүй байна.
Хурдан морины уралдаанд уралдсан бол хурдан морь гэж үзэх үндэслэлгүй ба хурдан удмын морины үр төл бүхэн хурдан байх боломжгүй юм.
Б.Эрдэнэдалайгийн ...хурдан удмын эрлийз адуу.. гэх тайлбар, хэрэгт авагдсан 13-рт хурдлан ирсэн үнэмлэх зэргийг үндэслэн гаргасан “Линзийн өгөөж” ХХК-ийн хээр зүсмийн хязаалан адууг ...хурдан... үндэслэлээр зах зээлийн үнэ ханшийг 10,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Хээр зүсмийн хязаалан адууны зах зээлийн үнэ ханшийг 1,150,000 төгрөг болохыг тогтоосон “Сонгомол хүлэг” ХХК-ийн үнэлгээ нь бодит байдалд нийцсэн дүгнэлт гэж үзэхээр байна.
Дээр дурдсанаас дүгнэвэл, тээвэрлэгч Ж.Эрдэнэхуяг тээвэрлэлтийн гэрээний дагуу хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд хариуцагч Ж.Эрдэнэхуягаас дутсан адууны үнэд 1,150,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эрдэнэдалайд олгож, нэхэмжлэлээс 8,850,000  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тал Ч.Сайханбаярын тодорхойлолтыг хэрэгт өгсөн боловч гэрчээр асуулгах хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
 ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Эрдэнэхуягаас 1,150,000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эрдэнэдалайд олгож, нэхэмжлэлээс 8,850,000  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Эрдэнэхуягаас 32,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэнэдайлайд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 
 

 ДАРГАЛАГЧ    Д.БАТЦЭЦЭГ
   ШҮҮГЧ    Т.БОЛОРМАА
   ШҮҮГЧ    Г.БЯМБАЖАРГАЛ