Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2021/00193

 

 

 

 

 

 

 

 

 

    2021         01         18                                        101/ШШ2021/00193

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, 1-р хороо, Алтай хотхон,*******, 00 тоотод оршин суух, Б. Мын /РД: 0000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******, 26-р хороо, 430-00 тоотод оршин суух, Б. От /РД: 0000/ холбогдох,

1.521.436,17 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Оийн 1.950.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М,

Хариуцагч Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.М миний бие өөрийн өмчлөлийн*******,*******,,, тоот хаягт байрлах, 50 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг “Осмо” ХХК-иар зуучлуулан 2017 оны 6 сарын 12-ны өдрөөс 2019 оны 8 сарын 12-ны өдөр хүртэл түрээсийн гэрээ байгуулан Б.От түрээслүүлсэн.

Энэхүү түрээслүүлсэн 2 жил, 2 сарын хугацаанд Б.О орон сууцыг маань н.Одонтунгалаг гэж хүнд хэсэгчлэн түрээслүүлсэн байсан ба хэвийн элэгдэл хорогдлоос дордуулан хэт бохирдуулж эд зүйлийг гэмтээсэн тул бусдад хөлслөх боломжгүй болсон.

Иймд би бүх ханын цаасаа солих, наалгах зардалд 500.000 төгрөг, ус алдаж зэвэрч шарласан угаалгын өрөөний тааз солиход 102.500 төгрөг, цэвэрлэгээний компаниар бүрэн цэвэрлэгээ хийлгэсэн 180.000 төгрөг, байр хөлсөлсөн хугацааны сууц өмчлөгчдийн холбоо, байрны мөнгө  528.451,26 төгрөг, цахилгааны төлбөр 173.284,91 төгрөг, хаалганы цоожны гол солиход 30.000 төгрөг, байр ямар байдалтай  байсан талаарх гэрэл зураг угаалгасан 7.200 төгрөг, нийт 1.521.436,17 төгрөгийг зарцуулсан.

Би байртай холбоотой асуудлаар өөрийн mandaa baysgalan хаягаас хариуцагч Б.Оийн Ooshkoo ooshkoo хаяг руу 2019 оны 6 сарын 30-ны өдөр болон 2019 оны 7 сарын 16-ны өдрүүдэд байраа зарах гэж байгаа, чөлөөлж өгөөрэй гэж мэдэгдэж байсан.

Байраа 2017 оны 6 сарын 12-ны өдрөөс 2018 оны 8 сарын 12-ны өдөр хүртэл сарын 450.000 төгрөг, 2018 оны 8 сарын 12-ны өдрөөс сарын 600.000 төгрөгөөр түрээслэсэн.

Би Монголд 2019 оны 8 сарын 1-ний өдөр ирсэн ба ирсэн өдрөө Б.Отэй уулзах гэтэл дүү нь гэх н.Одонтунгалаг гэж хүн ирээд байрны түлхүүр өгсөн. Байрандаа ороод үзтэл хэвийн элэгдэл хорогдлоос дордуулан хэт бохирдуулж эд зүйлийг гэмтээсэн байсан тул би дээрх засвар, үйлчилгээг хийлгэсэн.

Би өөрөөсөө гаргасан зардлаа Б.Оээс нэхэмжлэн тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг нь тодорхойгүй байсан тул шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулсан бөгөөд үүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг мөн нэхэмжилнэ гэв.

 

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2017 оны 6 сарын 12-ны өдрөөс 2019 оны 8 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Осмо” ХХК-иар дамжуулан Б.Мын өмчлөлийн*******,*******,,, тоот хаягт байрлах, 50 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хөлсөлсөн.

Би байрыг нь түрээслэх хугацаандаа түүнд нийт 16.650.000 төгрөг төлсөн байна.

Уг байранд хүн урт хугацаанд амьдарч байсан учраас тодорхой хэмжээнд ханын цаас болон бусад зүйлд тортог үүснэ. Манайхыг уг байранд нүүж орохоос өмнө өөр айлд хөлслүүлж байсан талаараа Б.М надад хэлж байсан.

Цоо шинэ байранд нүүн орж муутгасан зүйл байхгүй. Би өөрөө дотор нь амьдарч байгаа учраас боломжоороо цэвэрхэн амьдардаг байсан ба Б.М намайг амьдарч байхад 6 сар тутам ирж байраа шалгадаг байсан бөгөөд юу ч хэлдэггүй байсан.

Гадаад явлаа, мөнгө хэрэгтэй гэхээр нь ямар ч асуудалгүй түрээсийн мөнгийг бөөнд нь өгч байсан. “Осмо” ХХК-тай байгуулсан гэрээнд хөлслөгч тал нь гэрээ дуусгавар болоход засвар үйлчилгээ хийнэ гэсэн заалт байхгүй, байранд засвар хийгээрэй гэж хэлж байгаагүй.

Дээд айлаас угаалгын өрөөнд ус алдсаныг конторт хэлээгүй. Сууц өмчлөгчдийн холбоотой би маргаантай байсан тул 2018 оны 10 сараас төлбөрийг нь төлөөгүй. Байрны мөнгө 1,2 сар л төлөгдөөгүй байх ёстой.

Иймд Б.Мын 1.521.436 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.О миний бие 2017 оны 6 сарын 12-ны өдрөөс 2019 оны 8 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Осмо” ХХК-иар дамжуулан Б.Мын өмчлөлийн*******,*******,,, тоот хаягт байрлах, 50 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хөлслөн суусан.

Гэрээнд зааснаар уг орон сууцыг сард 450.000 төгрөгөөр түрээслэж байсан ба 2018 оны 8 сарын эхэн үеэд Б.М түрээсээ нэммээр байна, “Осмо” ХХК-иар дамжуулахаар мөнгө төлөх төвөгтэй байна гэсэн. Ингээд 2018 оны 8 сараас байрны сарын түрээс 600.000 төгрөг болсон.

Б.Мөнхманпах бид хоёр 2019 оны 1 сарын 30-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан 2020 оны 6 сарын 12-ны өдөр хүртэл 1 жил, 5 сарын хугацаатай 300.000 төгрөгийн барьцаатай, түрээсийн төлбөрийг сарын 600.000 төгрөг байхаар тохирсон.

2018 оны 12 сард 2019 оны 6 сар хүртэлх түрээсийн төлбөр 3.600.000 төгрөгийг, 2019 оны 6 сард 2019 оны 12 сар хүртэлх түрээсийн төлбөр 3.600.000 төгрөгийг Б.Мад хүлээлгэн өгсөн.

2019 оны 6 сарын 30-ны өдөр байраа зарна гэдгийг Б.М надад хэлээгүй. Байраа зарна гэдгийг нь би 2019 оны 7 сарын 16-ны өдөр мэдсэн ба худалдаж авах гээд үнэ тохиролцоогүй.

Б.М надад 4 сарын түрээс 2.400.000 төгрөг буцааж өгье гээд 2019 оны 7 сарын 21, 22-ны орчим уг мөнгийг өгсөн.

Миний дүү н.Одончимэг тухайн үед хамт амьдарч байсан. Нөхөр нь Солонгост байдаг юм. Би уг байрнаас 2019 оны 7 сарын 22-ны өдөр нүүсэн. 2019 оны 8 сарын 1-ний өдөр дүү н.Одончимэгээр байрных нь түлхүүрийг Б.Мад өгүүлсэн.

Байрыг нь хүлээлгэж өгье гэхээр энэ хүн өөрөө холбогдохгүй, дүү нь ирэхгүй байсан. Байрны түрээс өндөр болсон үед түрээсийн байрны зах зээлийн үнэ ханшийг сайн судалж чадалгүй шууд 750.000 төгрөгийн түрээсийн байранд нүүж орсон.

Иймд Б.Маас барьцаа 300.000 төгрөг, түрээсийн дутуу төлбөр 300.000 төгрөг, өндөр үнэтэй байранд гэнэт нүүж орсон тул зөрүү мөнгө 750.000 төгрөг, түрээсийн гэрээний 10 дугаар зүйлд зааснаар гэрээний аль нэг тал гэрээг зөрчвөл барьцаа төлбөр дээр нэмж 1 сарын түрээсийг төлнө гэж заасны дагуу 600.000 төгрөг, нийт 1.950.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.М сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Оийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Би 2017 оны 6 сарын 12-ны өдрөөс 2018 оны 6 сарын 12-ны өдөр хүртэл “Осмо” ХХК-иар дамжуулан орон сууц хөлслөх гэрээг 1 жилийн хугацаатай Б.Отэй байгуулсан.

Гэрээний хугацаа дууссаны дараа 2019 оны 6 сарын 12-ны өдөр хүртэл сунгаж, 2018 оны 8 сарын 12-ны өдрөөс бид тохиролцон түрээсийн төлбөрийг 600.000 төгрөг болгосон.

Үүнийг хөлслөгч Б.О зөвшөөрч 2018 оны 8 сарын 31-ний өдөр дансаар 2019 оны 2 сарын 12-ны өдрөөс 6 сарын 12-ны өдрийг хүртэлх 4 сарын түрээсийн төлбөр 2.400.000 төгрөг, мөн 2018 оны 8 сарын 12-ны өдрөөс 2019 оны 2 сарын 12-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийн зөрүү 900.000 төгрөгийг тус тус надад шилжүүлсэн.

Орон сууц хөлслөх үндсэн гэрээний 5.1-т заасны дагуу Б.От 2019 оны 6 сарын 30-ны өдөр Их Британи улсад байхдаа фэйсбүүк мессэжээр мэдэгдэн, 2019 оны 7 сарын 19-ний өдөр үлдэгдэл төлбөрийг буцаан 2019 оны 8 сарын 12-ны өдөр орон сууцыг чөлөөлөхөөр тохиролцсон ч Б.О орон сууцыг хүлээлгэн өгөхгүй нүүсэн байсан.

Би 2019 оны 8 сарын 1-ний өдөр Монгол улсад ирж орон сууцаа хүлээн авахаар очтол хүнгүй байсан учир Б.Отэй утсаар ярихад н.Одонтунгалаг гэх эмэгтэй ирж давхар түрээсээр амьдардаг, мөнгө буцаан авна гээд түлхүүр өгөхгүй маргалдсан тул би цоож дуудлага дуудан байрныхаа хаалгыг онгойлгуулан ортол хэвийн хэмжээнээс илүү бохирдуулж, чанарыг нь муутгасан байсан.

Мөн гэрээний 2.2.5 дахь заалтыг зөрчиж бусдад дамжуулан түрээслэсэн байсан.

Гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар орон сууцтай холбоотой бусад төлбөрийг хугацаанд нь төлөөгүй буюу орон сууцын зардлыг 2018 оны 10 сараас хойш, цахилгааны төлбөрийг 2019 оны 3 сараас хойш төлөөгүй байсныг би төлсөн.

Эдгээр үндсэн гэрээний заалтыг хөлслөгч тал зөрчсөн нь нэмэлт гэрээний 10 дугаар зүйлд зааснаар барьцаа төлбөр дээр 1 сарын түрээс торгуульд төлөх нөхцөл бүрдсэн тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Б.От холбогдуулан 1.521.436,17 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Б.О нь 1.950.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

              Б.М нь Б.От холбогдуулан Баянзүрх дүүрэг,*******,,, тоот орон сууцыг хөлслөх гэрээний үүрэгт:

-Бохирдуулсан ханын цаас солих, наалгасан зардалд 500.000 төгрөг,

-Угаалгын өрөөний шарласан тааз солиход 102.500 төгрөг,

-Цэвэрлэгээний компаниар иж бүрэн цэвэрлэгээ хийлгэсэн 180.000 төгрөг,

-2018 оны 10 сараас 2019 оны 7 сар дуустал хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, 2019 оны 6, 7 сарын байрны мөнгө 528.451,26 төгрөг,

-2019 оны 3, 5, 6, 7 саруудын цахилгааны төлбөр 173.284,91 төгрөг,

-Хаалганы цоожны гол солиулсан зардал 30.000 төгрөг,

-Байр түрээслэхээс өмнөх, хүлээн авсны дараах байрны нөхцөл байдлын талаарх гэрэл зургийг угаалгасан зардал 7.200 төгрөг,

Нийт 1.521.436,17 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

 

Хариуцагч Б.О нь:

-Барьцаа 300.000 төгрөг,

-Түрээсийн төлбөрийн дутуу 300.000 төгрөг,

-Өндөр үнэтэй байранд нүүн орсон зөрүү 750.000 төгрөг, 

-Гэрээний 10 дугаар зүйлийг зөрчсөний торгууль 600.000 төгрөг, нийт 1.950.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Баянзүрх дүүрэг,*******,,ны тоотын 50 м.кв талбай бүхий Б.Мын өмчлөлийн орон сууцыг хариуцагч Б.О 2017 оны 6 сарын 12-ны өдрөөс сарын 450.000 төгрөгөөр, 1 жилийн хугацаатай хөлслөхөөр тохиролцон “Осмо” ХХК-иар зуучлуулан орон сууц хөлслөх гэрээ байгуулсан ба гэрээнд хөлслүүлэгчийг Б.М, хөлслөгчийг Б.О, “Осмо” ХХК-ийг төлөөлж түрээсийн албаны реалтор Т.Сандагсүрэн нар гарын үсгээ зуран тамгаа даран баталгаажуулжээ.

Дээрхи гэрээний хугацаа дуусгавар болмогц хөлслөгч Б.М, хөлслүүлэгч Б.О нар уг гэрээний харилцааг үргэлжлүүлэхээр, мөн орон сууцны сарын түрээсийн төлбөрийг 2018 оны 8 сараас сард 600.000 төгрөг байхаар тохирсон талаар хэн аль нь маргахгүй байна.

Талууд дээрхи тохиролцоогоо хожим бичгээр баталгаажуулан 2019 оны 1 сарын 30-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан Б.Мын өмчлөлийн*******,*******,,ны тоотын 50 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Б.О нь 2020 оны 6 сарын 12-ны өдрийг хүртэл, сард  600.000 төгрөгөөр түрээслэхээр тохирчээ.

 Дээр дурдсан 2 гэрээнд нэхэмжлэгч Б.М, хариуцагч Б.О нар хэн аль нь өөрсдийн хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 8-10, 13-15, 55-60 дугаар тал/

 

Баянзүрх дүүрэг,*******,,ны тоотын 50 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нэхэмжлэгч Б.Мын өмчлөлийн орон сууц болох нь 2021 оны 1 сарын 18-ны өдрийн үзлэг хийсэн баримтаар тогтоогдсон болохыг дурдлаа.

/ХХ-ийн 92-100 дугаар тал/

 

Баянзүрх дүүрэг,*******,,ны тоотын 50 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч Б.О 2017 оны 6 сарын 12-ны өдрөөс түрээслэн сууж нэхэмжлэгч Б.М 2019 оны 8 сарын 1-ний өдөр орон сууцныхаа түлхүүрийг авсан гэх ба Б.О нь түрээслүүлэгч Б.Мад түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй, гагцхүү орон сууцыг хэвийн элэгдэл хорогдоос дордуулсан хэмээн нэхэмжлэгч маргаж байна.

 

Нэхэмжлэгч Б.М нь өөрийн mandaa baysgalan гэсэн нэртэй хаягаас хариуцагч Б.Оийн Ooshkoo ooshkoo гэсэн нэр бүхий хаяг руу 2019 оны 6 сарын 30, 2019 оны 7 сарын 16-ны өдрүүдэд түүний хөлсөлж буй орон сууцтай холбоотой асуудлаар захидал илгээн орон сууцаа бусдад худалдах тухайгаа мэдэгдсэн гэж тайлбарлалаа.

Уг өдрүүдэд талуудын харилцсан захидлуудад үзлэг хийхэд тэд 2019 оны 6 сарын 30-ны өдөр орон сууц худалдахтай холбоотой асуудлаар харилцаагүй ба 2019 оны 7 сарын 16-ны өдрийн захидалд хариуцагч Б.О байр чөлөөлөх асуудлаар хариу бичиж байсан байна.

/ХХ-ийн 92-100 дугаар тал/

 

Хариуцагч Б.О 2019 оны 12 сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн байсан талаар талууд маргаагүй ба нэхэмжлэгч Б.М өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдад худалдахаар болж хариуцагч Б.О түүний орон сууцыг 2019 оны 8 сарын 12-ны өдөр чөлөөлөхөөр болсон тул түрээслүүлэгч Б.М 2019 оны 7 сарын 19-ний өдөр түрээслэгч Б.От 2019 оны 9, 10, 11, 12 саруудын түрээсийн төлбөрт төлсөн 2.400.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн нь талуудын тайлбар болон түрээслэгч Б.Оийн мөнгө хүлээн авсан болон байрыг нь хүлээлгэн өгөх тухай баримтаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 12, 16, 60 дугаар хуудасны ар тал/

 

Талуудын хооронд 2017 оны 6 сарын 12-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээний 1.4-т зааснаар түрээслэгч Б.О нь түрээсийн гэрээний үүргийн баталгаанд 300.000 төгрөгийг “Осмо” ХХК-д байршуулсан ба гэрээний хугацаа дуусмагц уг мөнгийг түрээслүүлэгч Б.Мад шилжүүлсэн талаар мөн хэн аль нь маргаагүй.

/ХХ-ийн 9, 15, 57, 60 дугаар хуудасны ар тал/

 

 Хариуцагч Б.О*******,*******,,ны тоотын 50 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2019 оны 7 сарын 22-ны өдөр чөлөөлсөн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй бөгөөд тэрээр нэхэмжлэгч Б.Мад дүү Б.Одончимэгээрээ дамжуулан 2019 оны 8 сарын 1-ний өдөр орон сууцных нь түлхүүрийг өгсөн талаар хэн  аль нь тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”,

289 дүгээр зүйлийн 289.1.2-т “Эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх”,

289.1.4-т “Хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх”,

289.1.5-д “Гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлсүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх” гэж заасны дагуу хариуцагч Б.О гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Б.Оээс дээр дурдсантай холбоотой зардлуудыг нэхэмжлэх эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.О нь орон сууцыг хэвийн элэгдэл хорогдлоос дордуулаагүй, орон сууцны ашиглалтын зардлуудыг төлж байсан гэх боловч энэ талаархи баримтаа ирүүлээгүй бөгөөд энэ нь нотлогдоогүй болно.

 

Хариуцагч Б.О нь дээд айлаас ус алдан угаалгын өрөөний тааз шарласан гэх боловч тэрээр үүнтэй холбоотойгоор орон сууц ашиглалтын холбогдох байгууллагад дуудлага өгч засвар, үйлчилгээ хийлгэж байгаагүй тул угаалгын өрөөний тааз бохирдсон нь хариуцагч Б.От хамааралгүй гэж үзэх боломжгүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 1 сарын 30-ны өдрийн гэрээний 5.2.4-т “Гэрээ дуусгавар болмогц хэвийн элэгдэл хорогдлыг тооцон бүрэн бүтэн байдлаар эд хөрөнгийг буцаан өгнө” гэж заасны дагуу хариуцагч Б.О нь орон сууцыг нэхэмжлэгч Б.Мад хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.

/ХХ-ийн 13-15, 55-57 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Б.М нь*******,*******,,, тоот орон сууцны бохирдуулсан ханын цаас солих, наалгасан зардалд 500.000 төгрөг, угаалгын өрөөний шарласан тааз солиход 102.500 төгрөг, цэвэрлэгээний компаниар иж бүрэн цэвэрлэгээ хийлгэхэд 180.000 төгрөг, орон сууцны гадна хаалганы цоожны голыг солиулахад 30.000 төгрөг, байр түрээслэхээс өмнөх болон хүлээн авсны дараах гэрэл зургийг угаалгахад 7.200 төгрөг тус тус зарцуулсан нь барилгын материал худалдан авсан баримт, ажлын хөлс төлсөн баримт болон мөнгө төлсөн баримтуудаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 17-46 дугаар тал/

 

Хариуцагч Б.О 2018 оны 10 сараас 2019 оны 7 сар дуустал хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, 2019 оны 6, 7 сарын байрны мөнгө 528.451,26 төгрөг, 2019 оны 3, 5, 6, 7 саруудын цахилгааны төлбөр 173.284,91 төгрөг тус тус төлөх үүрэгтэй байсан атал уг үүргээ биелүүлээгүй бөгөөд тухайн төлбөрүүдийг нэхэмжлэгч Б.М төлсөн тул тэрээр уг төлбөрүүдийг хариуцагч Б.Оээс нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

/ХХ-ийн 28-30, 33-35 дугаар тал/

 

Иймд хариуцагч Б.Оээс бохирдуулсан ханын цаас солих, наалгах зардалд 500.000 төгрөг, угаалгын өрөөний шарласан тааз солиход 102.500 төгрөг, цэвэрлэгээний компаниар иж бүрэн цэвэрлэгээ хийлгэсэн 180.000 төгрөг, 2018 оны 10 сараас 2019 оны 7 сар дуустал хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, 2019 оны 6, 7 сарын байрны мөнгө 528.451,26 төгрөг, 2019 оны 3, 5, 6, 7 саруудын цахилгааны төлбөр 173.284,91 төгрөг, цоожны голыг солиулсан зардал 30.000 төгрөг, байр түрээслэхээс өмнөх болон хүлээн авсны дараах гэрэл зургийг угаалгасан 7.200 төгрөг, нийт 1.521.436,17 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мад олгох нь зүйтэй.

 

Хариуцагч Б.О нь гэнэт өндөр үнэтэй байранд нүүн орсон гэж зөрүү гэх 750.000 төгрөгийг нэхэмжилсэн ба тэрээр тухайн орон сууцыг 2019 оны 8 сарын 12-ны өдөр чөлөөлж өгөхөө нэхэмжлэгч Б.Мад 2019 оны 7 сарын 19-ний бичгээр мэдэгдэн, Б.М нь түрээсийн төлбөрийн тодорхой хэсгийг түүнд буцаан өгснөөс гадна тухайн этгээд ямар нөхцөл, үнэ бүхий байр дахин өөр этгээдтэй харилцан тохиролцон түрээслэсэн нь өмнөх түрээслүүлэгч болох Б.Мад хамааралгүй тул уг 750.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Маас гаргуулах үндэслэлгүй.

 

            Талуудын хооронд байгуулсан 2019 оны 1 сарын 30-ны өдрийн гэрээний 10 дугаар зүйлд “Гэрээгээ  аль нэг тал талаас дуусгах буюу зөрчвөл барьцаа төлбөр дээр 1 сарын түрээс торгуульд төлнө”  гэж заасан ба торгууль нь талуудын хооронд үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр тухайн үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон болон эсхүл урьдчилан тодорхой хэмжээгээр заасан мөнгөн дүн юм.

 Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Б.О нар нь харилцан тохирч гэрээний харилцаагаа дуусгавар болгосон атлаа нэхэмжлэгч Б.Маас торгууль хэмээн 600.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

           

Хариуцагч Б.О нь нэхэмжлэгч Б.Мтай орон сууц хөлслөх гэрээ байгуулахдаа гэрээний үүргийн баталгаа болгож барьцаа төлбөрт 300.000 төгрөг төлсөн ба барьцаа төлбөр нь гэрээний үүргийн зөрчилгүй тохиолдолд хөлслөгч талд буцаан олгогдох тул хариуцагч Б.От уг мөнгийг олгох боломжгүй, харин түүний зөрчилтэй үүргээс уг мөнгийг хасч тооцох үндэслэлтэй.

 

Талууд гэрээг 2019 оны 8 сарын 12-ны өдөр дуусгавар болгохоор харилцан тохиролцон хоорондын тооцоогоо дуусгавар болгосон тул Б.Мад байрных нь түлхүүрийг өгсөн гэх 2019 оны 8 сарын 1-ний өдрөөс 12-ны өдөр хүртэл түрээсийн төлбөрийг тодорхой хэсгийг нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Б.От буцаан өгөх үүрэгтэй.

600,000 төгрөг/30 хоног=20.000 төгрөг, /1 хоног/

12 хоног*20.000 төгрөг=240.000 төгрөг.

 

 Тэрээр нэхэмжлэгч Б.Мад орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1.521.436,17 төгрөгийг төлөх үүрэгтэй тул Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-т “Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно” гэж заасны дагуу уг 1.521.436,17 төгрөгөөс барьцаа 300.000 төгрөг, түрээсийн үлдэгдэл 240.000 төгрөг, нийт 540.000 төгрөгийг хооронд нь тооцон хариуцагч Б.Оээс 981.436 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мад олгон, хариуцагч Б.Оийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1.410.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 сарын 10-ны өдрийн 187 дугаар шийдвэрээр иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Оийг эрэн сурвалжлан түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Мын хариуцагч Б.От холбогдуулан 1.521.436,17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад төлсөн 70.200 төгрөгийн зардлаа шаардаагүй бөгөөд шүүх хуралдаанд уг мөнгөө нэхэмжлэнэ гэж тайлбарласан тул үүнтэй холбоотой нэхэмжлэл гаргасан гэж үзэн шийдвэрлээгүй болно.

/ХХ-ийн 6-7 дугаар тал/

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.1.2, 288.1.4, 238 дугаар зүйлийн 238.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Оээс 981.436 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мад олгон, хариуцагч Б.Оийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1.410.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-т зааснаар хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болох тул нэхэмжлэгч Б.Мын 1.521.436,17 төгрөгийн шаардлагаас хариуцагч Б.От төлөх 540.000 төгрөгийг тооцон хариуцагч Б.Оээс 981.436 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мад олгосон болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дгаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39.300 төгрөгийг болон хариуцагч Б.Оийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оээс 150 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Б.Маас 16.850 төгрөг гаргуулан хариуцагч Б.От, хариуцагч Б.Оээс 39.292 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мад тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.САРАНГҮН