Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00475

 

 

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00475

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18ы өдрийн 101/ШШ2021/00193 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.М-ын хариуцагч Б.О-т холбогдуулан гаргасан 1 521 436 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 1 950 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М , хариуцагч Б.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М миний бие өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хотхон, 430 дугаар байр, 35 тоот хаягт байрлах, 50 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Осмо ХХК-иар зуучлуулан 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл түрээсийн гэрээ байгуулан Б.О-т түрээслүүлсэн. Энэхүү түрээслүүлсэн 2 жил, 2 сарын хугацаанд Б.О орон сууцыг маань н.Одонтунгалаг гэж хүнд хэсэгчлэн түрээслүүлсэн байсан ба хэвийн элэгдэл хорогдлоос дордуулан хэт бохирдуулж эд зүйлийг гэмтээсэн тул бусдад хөлслөх боломжгүй болсон. Иймд би бүх ханын цаасаа солих, наалгах зардалд 500 000 төгрөг, ус алдаж зэвэрч шарласан угаалгын өрөөний тааз солиход 102 500 төгрөг, цэвэрлэгээний компаниар бүрэн цэвэрлэгээ хийлгэсэн 180 000 төгрөг, орон сууц хөлсөлсөн хугацааны сууц өмчлөгчдийн холбоо, байрны мөнгө 528 451,26 төгрөг, цахилгааны төлбөр 173 284,91 төгрөг, хаалганы цоожны гол солиход 30 000 төгрөг, байр ямар байдалтай байсан талаарх гэрэл зураг угаалгасан 7 200 төгрөг, нийт 1 521 436,17 төгрөгийг зарцуулсан. Би орон сууцтай холбоотой асуудлаар өөрийн mandaa baysgalan хаягаас хариуцагч Б.О ийн Ooshkoo ooshkoo хаяг руу 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр болон 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрүүдэд орон сууцаа худалдах гэж байгаа, чөлөөлж өгөөрэй гэж мэдэгдэж байсан. Орон сууцаа 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл сарын 450 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс сарын 600 000 төгрөгөөр түрээсэлсэн. Би Монгол Улсад 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ирсэн ба ирсэн өдрөө Б.О-тэй уулзах гэтэл дүү нь гэх н.Одонтунгалаг гэж хүн ирээд орон сууцны түлхүүр өгсөн. Орон сууцандаа ороод үзтэл хэвийн элэгдэл хорогдлоос дордуулан хэт бохирдуулж эд зүйлийг гэмтээсэн байсан тул би дээрх засвар, үйлчилгээг хийлгэсэн. Би өөрөөсөө гаргасан зардлаа Б.О ээс нэхэмжлэн тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг нь тодорхойгүй байсан тул шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулсан бөгөөд үүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг мөн нэхэмжилнэ гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үл хөдлөх хөрөнгө зуучлалын Осмо ХХК-иар дамжуулан Б.М-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хотхон, 430 дугаар байр, 35 тоот хаягт байрлах, 50 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хөлсөлсөн. Би орон сууцыг түрээслэх хугацаандаа түүнд нийт 16 650 000 төгрөг төлсөн байна. Уг орон сууцанд хүн урт хугацаанд амьдарч байсан учраас тодорхой хэмжээнд ханын цаас болон бусад зүйлд тортог үүснэ. Манайхыг уг байранд нүүж орохоос өмнө өөр айлд хөлслүүлж байсан талаараа Б.М надад хэлж байсан. Цоо шинэ байранд нүүн орж муутгасан зүйл байхгүй. Би өөрөө дотор нь амьдарч байгаа учраас боломжоороо цэвэрхэн амьдардаг байсан ба Б.М намайг амьдарч байхад 6 сар тутам ирж байраа шалгадаг байсан бөгөөд юу ч хэлдэггүй байсан. Гадаад явлаа, мөнгө хэрэгтэй гэхээр нь ямар ч асуудалгүй түрээсийн мөнгийг бөөнд нь өгч байсан. Осмо ХХК-тай байгуулсан гэрээнд хөлслөгч тал нь гэрээ дуусгавар болоход засвар үйлчилгээ хийнэ гэсэн заалт байхгүй, байранд засвар хийгээрэй гэж хэлж байгаагүй. Дээд айлаас угаалгын өрөөнд ус алдсаныг конторт хэлээгүй. Сууц өмчлөгчдийн холбоотой би маргаантай байсан тул 2018 оны 10 сараас төлбөрийг нь төлөөгүй. Байрны мөнгө 1,2 сар л төлөгдөөгүй байх ёстой. Иймд Б.М-ын 1 521 436 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О миний бие 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үл хөдлөх хөрөнгө зуучлалын Осмо ХХК-иар дамжуулан Б.М-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хотхон, 430 дугаар байр, 35 тоот хаягт байрлах, 50 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хөлслөн суусан. Гэрээнд зааснаар уг орон сууцыг сард 450 000 төгрөгөөр түрээсэлж байсан ба 2018 оны 8 сарын эхэн үеэд Б.М түрээсээ нэмэх хэрэгтэй байна, Осмо ХХК-иар дамжуулахаар мөнгө төлөх төвөгтэй байна гэсэн. Ингээд 2018 оны 8 сараас байрны сарын түрээс 600 000 төгрөг болсон. Б.М бид хоёр 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 1 жил, 5 сарын хугацаатай 300 000 төгрөгийн барьцаатай, түрээсийн төлбөрийг сарын 600 000 төгрөг байхаар тохирсон. 2018 оны 12 сард 2019 оны 6 сар хүртэлх түрээсийн төлбөр 3 600 000 төгрөгийг, 2019 оны 6 сард 2019 оны 12 сар хүртэлх түрээсийн төлбөр 3 600 000 төгрөгийг Б.М ад хүлээлгэн өгсөн. 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байраа зарна гэдгийг Б.М надад хэлээгүй. Байраа зарна гэдгийг нь би 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн ба худалдаж авах гээд үнэ тохиролцоогүй. Б.М надад 4 сарын түрээс 2 400 000 төгрөг буцааж өгье гээд 2019 оны 7 сарын 21, 22-ны орчим уг мөнгийг өгсөн. Би уг байрнаас 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нүүсэн. 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дүү н.Одончимэгээр байрных нь түлхүүрийг Б.М ад өгүүлсэн. Байрыг нь хүлээлгэж өгье гэхээр энэ хүн өөрөө холбогдохгүй, дүү нь ирэхгүй байсан. Байрны түрээс өндөр болсон үед түрээсийн байрны зах зээлийн үнэ ханшийг сайн судалж чадалгүй шууд 750 000 төгрөгийн түрээсийн байранд нүүж орсон. Иймд Б.М аас барьцаа 300 000 төгрөг, түрээсийн дутуу төлбөр 300 000 төгрөг, өндөр үнэтэй байранд гэнэт нүүж орсон тул зөрүү мөнгө 750 000 төгрөг, түрээсийн гэрээний 10 дугаар зүйлд зааснаар гэрээний аль нэг тал гэрээг зөрчвөл барьцаа төлбөр дээр нэмж 1 сарын түрээсийг төлнө гэж заасны дагуу 600 000 төгрөг, нийт 1 950 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О ийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Би 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Осмо ХХК-иар дамжуулан орон сууц хөлслөх гэрээг 1 жилийн хугацаатай Б.О-тэй байгуулсан. Гэрээний хугацаа дууссаны дараа 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл сунгаж, 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс бид тохиролцон түрээсийн төлбөрийг 600 000 төгрөг болгосон. Үүнийг хөлслөгч Б.О зөвшөөрч 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дансаар 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх 4 сарын түрээсийн төлбөр 2 400 000 төгрөг, мөн 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийн зөрүү 900 000 төгрөгийг тус тус надад шилжүүлсэн. Орон сууц хөлслөх үндсэн гэрээний 5.1-т заасны дагуу Б.О-т 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Их Британи улсад байхдаа фэйсбүүк мессежээр мэдэгдэн, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр үлдэгдэл төлбөрийг буцаан 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр орон сууцыг чөлөөлөхөөр тохиролцсон ч Б.О орон сууцыг хүлээлгэн өгөхгүй нүүсэн байсан. Би 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсад ирж орон сууцаа хүлээн авахаар очтол хүнгүй байсан учир Б.О-тэй утсаар ярихад н.Одонтунгалаг гэх эмэгтэй ирж давхар түрээсээр амьдардаг, мөнгө буцаан авна гээд түлхүүр өгөхгүй маргалдсан тул би цоож дуудлага дуудан байрныхаа хаалгыг онгойлгуулан ортол хэвийн хэмжээнээс илүү бохирдуулж, чанарыг нь муутгасан байсан. Мөн гэрээний 2.2.5 дахь заалтыг зөрчиж бусдад дамжуулан түрээсэлсэн. Гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар орон сууцтай холбоотой бусад төлбөрийг хугацаанд нь төлөөгүй буюу орон сууцын зардлыг 2018 оны 10 сараас хойш, цахилгааны төлбөрийг 2019 оны 3 сараас хойш төлөөгүй байсныг би төлсөн. Эдгээр үндсэн гэрээний заалтыг хөлслөгч тал зөрчсөн нь нэмэлт гэрээний 10 дугаар зүйлд зааснаар барьцаа төлбөр дээр 1 сарын түрээс торгуульд төлөх нөхцөл бүрдсэн тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.1.2, 288.1.4, 238 дугаар зүйлийн 238.1-т заасныг баримтлан хариуцагч Б.О ээс 981 436 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М ад олгон, хариуцагч Б.О ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 410 000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-т зааснаар хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болох тул нэхэмжлэгч Б.М-ын 1 521 436,17 төгрөгийн шаардлагаас хариуцагч Б.О-т төлөх 540 000 төгрөгийг тооцон хариуцагч Б.О ээс 981 436 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М ад олгосон болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дгаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.М-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39 300 төгрөгийг болон хариуцагч Б.О ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О ээс 150 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Б.М аас 16 850 төгрөг гаргуулан хариуцагч Б.О-т, хариуцагч Б.О ээс 39 292 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М ад тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Тус шүүх хуралдаанаар хариуцагч миний бие орон сууц түрээсэлж байх үеийн фото зургаа нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тавилга тавьсан зураг нотлох баримтаар үнэлээгүй, шинжээч томилоогүй нэхэмжлэгчийн зургийг үндэслэн шийдвэр гаргасан. Би тус орон сууцыг анх 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Осмо ХХК-иар дамжуулан орон сууц хөлслөх гэрээг байгуулж байсан боловч Б.М нь Осмо ХХК-иар дамжуулахаар мөнгө төлөх нь их байна гээд надтай шууд гэрээ байгуулъя би яг Осмо ХХК-тай адил гэрээний загвар олоод ирсэн гэж хэлээд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан, гэрээг улсын бүртгэлд огт бүртгүүлээгүй нотариатаар батлуулахгүй хүчин төгөлдөр бус гэрээ байсан. Талуудын гаргаж өгсөн фото зургуудыг шинжээч томилж нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй байсан. Мөн улсын бүртгэлээс тус түрээсийн гэрээг байгуулсан, бүртгүүлсэн эсэх тэмдэглэлийг огт гаргуулж аваагүй. Иймд Б.О ээс 981 436 төгрөг гаргуулж Б.М ад олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Б.О-т холбогдуулан орон сууц бохирдуулсныг зассантай холбоотой хохирол болон орон суцны ашиглалтын зардалд нийт 1 521 436 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч барьцаа 300 000 төгрөг, орон сууцны хөлсөнд төлсөн төлбөрөөс дутуу өгсөн 300 000 төгрөг, гэрээ цуцалснаас учирсан хохиролд 750 000 төгрөг, торгуульд 600 000 төгрөг, нийт 1 950 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Талууд Осмо ХХК-иар зуучлуулан 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр хөлслүүлэгч нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхон, 430 дугаар байрны 35 тоотын 50 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатай хөлслөх, хөлслөгч нь сар бүр 450 000 төгрөгийн хөлсийг сар бүрийн орон сууцны ашиглалтын зардлын хамт төлөхөөр тохиролцсон байна. /хх-9-10/

 

Дээрх гэрээнд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр талууд өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл сунгаж, сар бүр төлөх хөлсийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 600 000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд энэ талаар зохигчдын хэн аль нь маргаагүй. /хх-13-15/

 

Нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээг хугацаанаас өмнө 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр цуцалж, хариуцагчид төлсөн 4 сарын хөлс 2 400 000 төгрөгийг буцаан өгсөн, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр орон сууцаа хүлээн авсан үйл баримт талуудын тайлбар болон хэргийн 12, 16, 60 дах хуудасны ар талд авагдсан Б.О ийн мөнгө хүлээн авсан тухай гар бичмэл гэх бичгийн баримтуудаар тогтоогдсон байна. Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хөлслөсөн орон сууцыг хөлслөгч ердийн элэгдлээс илүү муутгасан эсэх үйл баримтын талаар зохигчид маргасан байна.

 

Хариуцагч нь орон сууцыг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр чөлөөлсөн гэж тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна. Нэхэмжлэгч Б.М-ын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Б.О ийн дүү Б.О-р дамжуулж орон сууцны түлхүүрийг авсан гэх тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй тул Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар хөлслөгч тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгсөн гэж үзнэ.

 

Хэргийн 17-46 дах талд авагдсан барилгын материал худалдан авсан зарлагын баримт, ажлын хөлс төлсөн Голомт банкны мемориалын баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Б.О ээс орон сууцны бохирдуулсан ханын цаас солих, наалгасан зардалд 500 000 төгрөг, угаалгын өрөөний шарласан тааз солиход 102 500 төгрөг, цэвэрлэгээний компаниар иж бүрэн цэвэрлэгээ хийлгэхэд 180 000 төгрөг, орон сууцны гадна хаалганы цоожны голыг солиулахад 30 000 төгрөг, орон сууц түрээслэхээс өмнөх болон хүлээн авсны дараах гэрэл зургийг угаалгахад 7 200 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлээгүй байна.

 

Талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээний 5.2.4-т гэрээ дуусгавар болмогц хэвийн элэгдэл хорогдлыг тооцон бүрэн бүтэн байдлаар эд хөрөнгийг буцаан өгнө гэж заасан боловч хариуцагч Б.О нь орон сууцыг нэхэмжлэгч Б.М ад хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь хөлслөсөн орон сууцны тухайн үеийн нөхцөл байдлыг зургаар баталгаажуулж фото зургийг хэрэгт баримтаар өгснийг үндэслэн орон сууцны элэгдэл хорогдлын байдлыг тодорхойлох боломжтой байна. Уг фото зурагт орон сууцны бохирдлын байдал харагдаж байх тул цэвэрлэгээний компаниар иж бүрэн цэвэрлэгээ хийлгэж 180 000 төгрөг төлснийг хариуцагч Б.О ээс нэхэмжлэгч Б.М ад гаргуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Мөн хариуцагч Б.О нь 2018 оны 10 сараас 2019 оны 7 сар дуустал хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, 2019 оны 6, 7 сарын орон сууцны мөнгө 528 451,26 төгрөг, 2019 оны 3, 5, 6, 7 саруудын цахилгааны төлбөр 173 284,91 төгрөгийг төлөх гэрээнд тохирсны дагуу төлөх үүрэгтэй байсан боловч тэрээр төлөөгүй болох нь хэргийн 28-30, 33-35 дах талд авагдсан орон сууцны ашиглалтын зардал төлсөн Төрийн банкны баримт, Титан грид ХХК-ийн төлбөрийн баримт зэргээр тогтоогдсон тул нэхэмжлэгч Б.М хариуцагч Б.О ээс Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар уг зардлыг шаардах эрхтэй.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчид 2018 оны 10 сараас 2019 оны 7 сар дуустал хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, 2019 оны 6, 7 сарын орон сууцны мөнгө 528 451,26 төгрөг, 2019 оны 3, 5, 6, 7 саруудын цахилгааны төлбөр 173 284,91 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Харин хариуцагч нь орон сууцны ханын цаасыг ердийн элэгдлээс илүү муутгасан, зохих ёсоор ашиглаагүй гэх байдлыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан фото зургаас үзвэл ханын цаас хуучирсан нь хөө тортог болсон шинжтэй, угаалгын өрөөний шарласан тааз нь дээд айлаас ус алдсан үйлдэлтэй холбоотой болохоос хариуцагчийн үйлдэлтэй холбоогүй байх тул хариуцагчийг хөлсөлсөн орон сууцыг ердийн элэгдлээс илүү муутгасан гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т заасан шаардах эрх үүсэхгүй. Мөн нэхэмжлэгч өөрөө орон сууцны цоожийг сольсон, орон сууцны фото зургийг угаалгасан зардал гарсанд хариуцагч буруутай гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд бохирдуулсан ханын цаас солих, наалгах зардалд 500 000 төгрөг, угаалгын өрөөний шарласан тааз солиход 102 500 төгрөг, цоожны голыг солиулсан зардал 30 000 төгрөг, орон сууц түрээслэхээс өмнөх болон хүлээн авсны дараах гэрэл зургийг угаалгасан 7 200 төгрөгийг тус тус хариуцагчаас шүүх гаргуулсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангасан нь алдаатай болсныг зөвтгөж нэхэмжлэлийн шаардлагаас 639 700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

 

Хариуцагч Б.О нь нэхэмжлэгч Б.М ад холбогдуулан барьцаа 300 000 төгрөг, түрээсийн төлбөрийн дутуу 300 000 төгрөг, өндөр үнэтэй орон сууцанд нүүн орсон зөрүү 750 000 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчсөн тул торгууль 600 000 төгрөг, нийт 1 950 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчдын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээний 1.4-т хөлслөгч нь гэрээний үүргийн баталгаанд 300 000 төгрөгийг Осмо ХХК-д байршуулж, гэрээний хугацаа дуусахад гэрээний үүргийн зөрчилгүй тохиолдолд барьцаанд байршуулсан уг мөнгийг буцаан олгохоор тохиролцсоноор хариуцагч Б.О нь Осмо ХХК-д 300 000 төгрөгийг байршуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна. Талууд гэрээнд барьцаа гэж нэрлэж дэнчинд 300 000 төгрөг тавьсан, гэрээг хугацаанаас өмнө талууд цуцалж дуусгавар болгосон тул хариуцагч Б.О-т нэхэмжлэгч Б.М аас 300 000 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дах хэсэгт заасныг зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож орон сууцыг хариуцагчаас 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан тул хариуцагч нь орон сууцыг эзэмшиж, ашиглаагүй хугацааны үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байна. Учир нь хэргийн 16 дугаар талд баримтаас үзвэл талууд гэрээг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр цуцалж, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр орон сууцыг хүлээн авахаар тохиролцож 2019 оны 9, 10, 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөрийн урьдчилж авсан 2 400 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид буцаан төлсөн байна. Иймд анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сард амьдраагүй хугацааны хөлсийг нэхэмжлэгчээс хариуцагчид 240 000 төгрөгийг гаргуулсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Хариуцагч Б.О нь гэнэт өндөр үнэтэй байранд нүүн орсон гэж зөрүү 750 000 төгрөгийг нэхэмжилсэн ба тэрээр тухайн орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр чөлөөлж өгөхийг нэхэмжлэгч Б.М ад 2019 оны 7 дугаар сарын 19-ний бичгээр мэдэгдэн, Б.М нь түрээсийн төлбөрийн тодорхой хэсгийг түүнд буцаан өгснөөс гадна түрээслэгч Б.О өндөр үнэ бүхий байр дахин өөр этгээдтэй харилцан тохиролцон түрээсэлсэн нь өмнөх түрээслүүлэгч болох Б.М тай шууд хамааралтай биш байна. Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчээс илүү үнэ бүхий орон сууц түрээсэлсэн зөрүү төлбөр 750 000 төгрөг нэхэмжлэх үндэслэл Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасны дагуу тогтоогдоогүй тул энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Мөн талууд орон сууц хөлслөх гэрээг хугацаанаас нь өмнө харилцан тохиролцож дуусгавар болгосон буюу талуудын хоорондын үндсэн үүрэг дуусгавар болсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс торгуульд 600 000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тооцож шийдвэрлэх шаардлагагүй. Учир нь шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд хоорондын тооцоог харилцан тооцох боломжтой тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дугаарлалтын өөрчлөлт оруулав.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрх нь нээлттэй байсан боловч тэрээр шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргаагүй тул хариуцагч миний бие орон сууц түрээсэлж байх үеийн фото зургаа нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тавилга тавьсан зураг нотлох баримтаар үнэлээгүй, шинжээч томилоогүй нэхэмжлэгчийн зургийг үндэслэн шийдвэр гаргасан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Мөн хариуцагчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, нотариатаар батлуулаагүй хүчин төгөлдөр бус гэрээ байсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно. Хэргийн 13-115 дах талд талуудын байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн түрээсийн гэрээ гэх нэртэй гэрээ нь хэргийн 9-10 дугаар тал дах 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр талуудын байгуулсан орон сууц хөлслөх гэрээг сунгасан нэмэлт гэрээ байна. Түүнчлэн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн түрээсийн гэрээ гэх нэртэй гэрээний агуулга нь аж ахуйн үйл ажиллагаатай холбоогүй байх тул талуудын байгуулсан орон сууц хөлслөх гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх шаардлагагүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.О ээс 881 736 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.М ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 639 700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.М аас 540 000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.О-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 410 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/00193 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг нэгтгэж 1 гэж, тогтоох хэсгийн 3 дах заалтыг 2, 4 дэх заалтыг 3 гэж тус тус дугаарлан,

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.1.2, 496 дугаар зүйлийн 496.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.О ээс 881 736 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.М ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 639 700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.М аас 540 000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.О-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 410 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын 39 292 гэснийг 25 712 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.О ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 105 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ