Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2021/00008/И |
Дугаар | 134/ШШ2021/00044 |
Огноо | 2021-02-23 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 134/ШШ2021/00044
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд Ц.Наранчимэг, П.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1980 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хувийн байр 8-01 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Хөх мандир овогт З-ын Б, /РД:ЕЙ80102214, утас 99841129/-ы нэхэмжлэлтэй,
хууль зүйн туслалцаа авахдаа төлсөн 7 000 000 төгрөгийг төрөөс гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Батсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, прокурор Ш.Батсүх, иргэдийн төлөөлөгч Ч.Сонгууль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Батсайхан намайг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 1917001880067 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Алсын худаг гэх газар 13-97 ГСА улсын дугаартай Соната 7 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч Д.Төмөрбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзсэн. Миний бие зам тээврийн осол гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан тул 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байсан. Гэтэл Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Прокурорын дүгнэлтийг хянан үзэх тухай 2020/ДШМ/09 дугаартай магадлалаар хуулийн хүчин төгөлдөр байсан 2019/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, надад холбогдох хэргийг Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт буцаасан болно. Үүний дараа буюу 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 1917001880067 дугаартай прокурорын тогтоолоор зүйлчлэлийг хүндрүүлэн миний эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасанаар яллагдагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирол учирсан. Хяналтын прокурорын зүгээс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 79 тоот яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолоор Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас З.Батсайхан надад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Одоо 2020/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон. Ингээд З.Батсайхан намайг шүүхээс 1 удаа гэмт хэрэг үйлдсэний төлөө 2 удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Би 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, зүйлчлэлийг хүндрүүлэн яллагдагчаар татан эрх зүйн байдал минь дордсон үеэс эхлэн шүүхэд төлөөлөх эрхийн 1019 дугаартай өмгөөлөгч Ц.Гансүхтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөллийн хөлс төлж эрх ашгаа хамгаалуулсан. Өөрөөр хэлбэл З.Батсайхан намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хилсээр гүтгэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор шүүхээр шалгасны эцэст мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг дахин нотолсон. 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгоогүй, зүйлчлэлийг хүндрүүлэн миний эрх зүйн байдлыг дордуулаагүй бол өмгөөлөгч Ц.Гансүхтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахгүй, өмгөөллийн хөлс төлөхгүй эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол амсахгүй байх байсан гэж үзэж байна. Өмгөөлөгч Ц.Гансүхтэй 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нийт 7 000 000 төгрөгийн хөлс төлөхөөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу гэрээ байгуулахад 4 000 000 төгрөг, анхан шатны шүүх хурлын дараа үлдэгдэл 3 000 000 төгрөгийг өмгөөлөгч Ц.Гансүхэд өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэхээр зохицуулсан байдаг. Мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад Хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг эд хөрөнгийн хохиролд тооцон нөхөн төлөхөөр зохицуулжээ. Тиймээс энэхүү 7 000 000 төгрөгийг өөрт учирсан хохиролд тооцон, холбогдох байгууллага албан тушаалтнаас нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй тул 7 000 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж өгнө үү. Би шүүхийн тогтоол, магадлалыг албан ёсоор гардаж авсан, гомдол гаргаагүй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.3-т заасан тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Учир нь З.Батсайханыг нэг гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө хоёр удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Прокурор хоёр өөр дугаараар хоёр удаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад эцэст нь 2 хэргээ нэгтгэсэн. Хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас сэргээгээгүй, зүйлчлэлийг хүндрүүлж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаагүй байсан бол намайг өмгөөлөгчөөр авч, хууль зүйн туслалцаа авсныхаа төлөө 7 000 000 төгрөгийн хөлс төлөх шаардлагагүй, хохирол учрахгүй байсан. Хүний амь нас хохироосон гэсэн яллагдагчаар татах тогтоол хууль бус, үндэслэлгүй байсан гэдгийг шүүх тогтоосон гэж үзэж байна гэв.
Прокурор Ш.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Батсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутагт дэвсгэрт Алсын худаг гэх газар 13-97 ГСА улсын дугаартай автомашин жолоодож яваад осол гаргаж, хохирогч Д.Төмөрбаатарын биед хүндэвтэр хохирол учруулсан. Шүүх хэргийг хянан хэлэлцээд З.Батсайханыг зам тээврийн осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. Гэтэл үүнээс хойш хохирогч нь тухайн нуруундаа авсан бэртэл гэмтлийн улмаас 3 удаа хагалгаанд орж, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тухайн шарх нь халдварлагдаж нас барсан үйл баримт болсон. Тээврийн прокурорын газраас 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр албан бичгээр, хохирогч нас барсан талаар гомдол мэдээллийг ирүүлснийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан. Ингэхэд талийгаач нь бүсэлхий нурууны халдварлагдсан шархны улмаас хордлогод орж, олон эрхтнүүдийн дутагдалд орж нас барсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Иймээс прокурор давж заалдах шатны шүүхэд хандаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс З.Батсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн прокурорын зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Энэ нь эргэлзээтэй нөхцөл байдлын улмаас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж хөнгөрүүлэн зүйлчилсэн болохоос биш З.Батсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаагүй. Энэ зам тээврийн осол гаргаагүй байсан бол Д.Төмөрбаатар гэдэг хүн хагалгаанд орж, эмчилгээ хийлгэхгүй амьд байх байсан. Өмгөөлөгч болон З.Батсайханы зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан боловч гомдол гаргаагүй. Шийтгэх тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсон. З.Батсайхан Монгол Улсын Үндсэн хуулийн 14, 16 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд заасан эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч авч хөлсийг төлсөн гэж үзэж байгаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-д Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана.
2.Хохирол нөхөн төлүүлэх эрх дараах тохиолдолд үүснэ:
2.1.хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн нь тогтоогдсон;
2.2.тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан;
2.3.тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон;
2.4.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон;
2.5.яллагдагчийг эрүүдэн шүүсэн болох нь нотлогдсон гэж тус тус заасан бөгөөд хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж заасан байгаа. Тэгэхлээр З.Батсайханы гаргаад байгаа нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, прокурорын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Батсайхан нь хууль зүйн туслалцаа авахдаа төлсөн 7 000 000 төгрөгийг төрөөс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй., 45.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг хүн, хуулийн этгээд өөрөө, түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл тухайн хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болно., 6 дах хэсэгт заасан Хохирогч нэхэмжлэлийг оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд гаргана. гэсэн журмын дагуу өөрийн оршин суугаа харъяаллын шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх, мөн хуулийн 45.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ. гэсний дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь:
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч З.Батсайханыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.
Шийтгэх тогтоолд давж заалдах, хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичигдээгүй бөгөөд тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дараа Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Тээврийн прокурорын газраас 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1/1805 дугаартай албан бичгээр эрүүгийн 191700690055 дугаартай хэргийн хохирогч Д.Төмөрбаатар нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг тус прокурорын газарт ирүүлснийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Төмөрбаатар нь зам тээврийн ослоос авсан гэмтэл нь хүндэрсний улмаас нас барсан болох нь тогтоогдсон бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан шүүхийн шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал шинээр илэрсэн үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлт гаргаж, улмаар Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ДШТ/09 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Батсайханд холбогдох 191700188 дугаартай хэргийг Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт буцаасан байна.
Ийнхүү Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1917001880067 дугаар прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолоор дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолоор Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас З.Батсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны эрх зүйн хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1,3, 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар З.Батсайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 04 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан байна.
Уг шийтгэх тогтоолд давж заалдах, хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичигдээгүй бөгөөд тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байхад, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянах дүгнэлт гаргаж, улмаар 2 дахь шүүх хуралдаанаар өмнөх зүйлчлэлийг хэвээр үлдээж, ял шийтгэл оногдуулсан. Энэ нь хүнийг нэг хэрэг үйлдсэнийх нь төлөө хоёр удаа гэм буруутайд тооцож, эрх зүйн байдлыг нь дордуулсан. Мөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг хохироосон гэж хилсээр гүтгэсэн нь шийтгэх тогтоолоор тогтоогдсон тул прокурорын тогтоол хууль бус байсныг нотолно. Өөрөөр хэлбэл прокурор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээгээгүй байсан бол дахин өмгөөлөгч авч, эд хөрөнгийн хохирол учрахгүй байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй.,
45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана.,
2 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлүүлэх эрх дараах тохиолдолд үүснэ:
...2.3 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон,
45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дараах эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө:,
...1.6 дахь хэсэгт зааснаар хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс. гэж зохицуулжээ.
Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсантай холбоотойгоор прокурор энэ хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх тухай дүгнэлтээ давж заалдах шатны шүүхэд гаргасан, давж заалдах шатны шүүх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн процесс ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна.
Тухайлбал, хуульд заасны дагуу уг ажиллагааг явуулсан учир нэхэмжлэгч З.Батсайханд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлд заасан хохирол нөхөн төлүүлэх үндэслэл, эрх үүсээгүй байна. Өөрөөр хэлбэл эд хөрөнгийн нөхөн төлөх хохирлын төрөлд хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс орох боловч прокурор хууль бус, хууль зөрчсөн ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д заасан хууль бусаар ял шийтгэсэн, эрүүгийн хариуцлагад татсан, таслан шийтгэх арга хэмжээ болгож цагдан хорьсон, баривчилсан, түр саатуулах арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлыг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан энэ бүлэгт заасан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргагч шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөгдөнө гэснээр энэхүү нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч З.Батсайханы, хууль зүйн туслалцаа авахдаа төлсөн 7 000 000 төгрөгийг төрөөс гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, прокурор эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ц.НАРАНЧИМЭГ
П.ЦОГЗОЛМАА