Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/01273

 

 гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                        

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/02142 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 64 дүгээр магадлалтай,

Ц гийн нэхэмжлэлтэй

“Б ” ХХК, “В ” ХХК-д холбогдох

37,234,386 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг         

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхцэцэг /танхимаар/, хариуцагч “В ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамир /танхимаар/, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Отгондорж /цахимаар/, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц  нь хариуцагч “Б ” ХХК, “В ” ХХК-д холбогдуулан 37,234,386 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/02142 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “В ” ХХК-аас гэм хорын хохиролд 17,180,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,054,386 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч “Б ” ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,931 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “В ” ХХК-аас 243,850 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 64 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/02142 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “В ” ХХК-аас гэм хорын хохиролд 13,590,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.Алтантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,644,386 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч “Б ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “243,850” гэснийг “225,900” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.04-ний өдрийн 64 тоот магадлалыг эс зөвшөөрч, хариуцагч “В ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сумъяа би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасны дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэг. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Нэхэмжлэгч Ц  нь бодитоор 30,054,386 төгрөгийн хохирол учирсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар бүрэн нотолж чадаагүй байна” гэж дүгнэсэн атлаа 10,000,000 төгрөгийг гэм хорын хохиролд тооцож гаргуулсан” анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу. Хариуцагч талаас шүүх хуралдааны явцад Велл март худалдааны төвд гал гарч хохирол учирсантай холбоотойгоор лангуу түрээслэгч 38 иргэний 32-33 иргэнд лангуу тус бүрт 2-5 сая төгрөг хүртэл дэмжлэг үзүүлж байсан хэдий ч энэ нь аливаа байдлаар гэм буруугаа зөвшөөрсөн хэрэг биш бөгөөд гагцхүү дэмжлэг үзүүлж буй хэлбэр юм. Уг дэмжлэг нь хариуцагчид аливаа байдлаар үүрэг үүсгээгүй болно. Дээрх дэмжлэг нь нэг талаар түрээслэгч болон түрээслүүлэгч нарын цаашдын хамтын ажиллагааг хэвээр үргэлжлүүлэх зорилготой байсан болно. Гэтэл анхан шатны шүүхээс ямар шалгуураар түрээслэгч нарт 5 сая хүртэлх дэмжлэг үзүүлсэн талаарх нөхцөл байдлыг тодруулаагүй хэрнээ түрээсэлж байсан лангууны тоогоор нэхэмжлэгч Ц гийн нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй шийдвэр боллоо. Тус иргэний хэрэгт Велл март худалдааны төвийн түрээслэгч нарт дэмжлэг үзүүлсэн талаарх баримт огт авагдаагүй. Нөгөө талаас нэхэмжлэгч Ц  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу 37,234,386 төгрөгийн хохирол учирсан гэдгээ нотлох үүрэгтэй. Гэтэл хэрэгт уг хохирлыг нотолсон, хуулийн шаардлага хангасан баримт авагдаагүй байтал анхан шатны шүүхээс баримтаар нотлогдоогүй 10,000,000 төгрөгийг гэм хорын хохиролд тооцож Велл март худалдааны төвийн өмчлөгч “В ” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хоёр. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч Ц гийн 7,180,000 төгрөгийн үнэ бүхий хаш чулуун ор гал гарсны улмаас шатаж, нэхэмжлэгчид дээрх хэмжээний хохирол учирсан болох нь “К ” ХХК-аас худалдаж авсан хаш чулуун орны төлбөрийн баримтаар болон бусад баримтаар тогтоогдож байна" гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс өөрчилж, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан тул хохирлын хэмжээг 50 хувиар бууруулж, “В ” ХХК-иас 3,590,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ” хэмээн дүгнэжээ. Хэрэгт “К ” ХХК-аас худалдаж авсан хаш чулуун орны төлбөрийн баримт байх боловч хэн худалдаж авсан нь тодорхойгүй баримт байдаг бөгөөд тус ор Ц гийн түрээсэлж байсан талбайд байсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй болно. Мөн түүнчлэн түрээслэгч Ц гийн тайлбараас харахад тус хаш чулуун орыг худалдан борлуулах зорилгоор бус харин үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглаж байсан гэдэг боловч үүнийгээ нотолж гэрч асуулгаагүй. Өөрөөр хэлбэл, Ц  нь гэрээний үүрэг зөрчиж зөвшөөрөлгүй тоног төхөөрөмжийг түрээсийн талбайд байрлуулж ашиг олж байсан байна. Гэтэл анхан шатны шүүх бусад гэж ямар баримтаар тус хаш чулуун ор нэхэмжлэгч Ц гийн түрээсийн талбайд байсан гэдэг нь нотлогдож байгааг шүүхийн шийдвэртээ тодорхой дурдаагүй, баримтаар бүрэн нотлогдоогүй хохирлыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.04-ний өдрийн 64 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч Ц  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч “Б ” ХХК-тай 2016.07.01-ний өдөр Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Велл март худалдааны төвийн 2 давхарт, нийт 18 м.кв хэмжээтэй 2-21, 2-32 талбайд гэр ахуйн болон цахилгаан бараа, кино худалдаалах зориулалтаар, нэг сарын түрээсийн төлбөр 1 м.кв-ийг 17,000 төгрөгөөр тооцон, нийт 306,000 төгрөгөөр, 2016.07.01-ний өдрөөс 2016.12.31-ний өдөр хүртэл хугацаанд түрээсийн байрны ашиглалтын болон үйл ажиллагааны зардалд тооцогдох менежментийн төлбөрт сар бүр тогтмол 20,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон, ...түрээсийн гэрээний хугацаанд буюу 2017.02.06-наас 07-ны өдөр гал гарч 2-21, 2-32 дугаар лангуунд байсан 530 нэр төрлийн бараа шатаж нийт 37,234,386 төгрөгийн хохирол учирсан.

...Велл март худалдааны төв нь галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу цахилгаан байгууламжийн дүрэм зөрчсөний улмаас гэрлийн цахилгаан утсанд богино холболт үүсэж улмаар гал гарч хохирол учирсан болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн тул гэм буруутай этгээдээс 37,234,386 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилнэ...” гэж тайлбарласан.

Хариуцагч “Б ” ХХК “...Велл март худалдааны төвд гал гарсан хэдий ч тухайн асуудалд “Б ” ХХК буруутай гэсэн хууль хяналтын байгууллагын хүчин төгөлдөр шийдвэр тогтоол гараагүй буюу тус компанийг буруутай гэж үзээгүй. ...камерын бичлэгээс үзэхэд уг гал нь түрээслэгчийн лангуунаас эхэлж гарсан болох нь харагдах бөгөөд одоогоор тус гал түймрийг гаргасан буруутай этгээдийг олж тогтоогоогүй байгаа болно. Хөрөнгийн үнэлгээгээр 2-21, 2-32 тоот 18 м.кв лангуунд 530 нэр төрлийн 37,234,386 төгрөгийн бараа бүтээгдэхүүн байсан гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй, ...Велл март худалдааны төвийн өмчлөгч нь “Б ” ХХК биш бөгөөд тус худалдааны төвийн менежментийг хариуцан ажилладаг компани тул уг хэргийн хариуцагч биш болно...” гэж,

хариуцагч “В ” ХХК “... Велл март худалдааны төвд гал гарсан хэдий ч тухайн асуудалд “В ” ХХК буруутай гэсэн хууль хяналтын байгууллагын хүчин төгөлдөр шийдвэр тогтоол гараагүй буюу тус компанийг буруутай гэж үзээгүй, ...камерын бичлэгээс үзэхэд уг гал нь түрээслэгчийн лангуунаас эхэлж гарсан болох нь харагдах бөгөөд одоогоор тус гал түймрийг гаргасан буруутай этгээдийг олж тогтоогоогүй байгаа, ...нэхэмжлэгчийн 2-21, 2-32 тоот 18 м.кв лангуунд нийт 530 нэр төрлийн 37,234,386 төгрөгийн бараа бүтээгдэхүүн байсан гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тус тус маргажээ.

7. Анхан шатны шүүх “...Велл март худалдааны төвийн 2 дугаар давхрын таазны гэрлийн утасны холболтын цахилгаан дамжуулагчийн гадна бүрээс шатсанаас гал гарсан, Велл март худалдааны төв “В ” ХХК-ийн өмчлөлийн объект, тэрээр Галын аюулгүй байдлын хуульд заасан галын аюулгүй байдлыг хангаж ажиллуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдад учирсан хохирлыг арилгах үүрэгтэй, ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар бүрэн гүйцэт нотлоогүй тул баримтаар тогтоогдсон хашчулуун орны үнэ 7,180,000 төгрөг, мөн түрээслүүлэгчээс лангуу тус бүрт үзүүлсэн санхүүгийн дэмжлэг 5,000,000 төгрөг буюу хоёр лангууны үнэ 10,000,000 төгрөг, нийт  17,180,000 төгрөгөөр хохирлыг тогтоох үндэслэлтэй...” гэж дүгнэн, хариуцагч “В ” ХХК-аас 17,180,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон хариуцагч “Б ” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад “...анхан шатны шүүх хариуцагчийг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, харин нэхэмжлэгч нь худалдааны түрээсийн талбайд буюу лангуунд эмчилгээний зориулалттай хашчулуун орыг байрлуулахдаа түрээслүүлэгчтэй харилцан тохиролцсон болох нь баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэх үндэслэлээр Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар гэм хорын хэмжээг багасгаж, хашчулуун орны үнийг 50 хувиар бууруулж, 3,590,000 төгрөгөөр тооцож, хариуцагчаас нийт 13,590,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулах...”-аар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

8. Хэрэгт цугларсан баримтаар 2017.02.06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Велл март худалдааны төвийн 2 дугаар давхарт гал гарсан, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн эрүүгийн хэрэгт гаргасан шинжээчийн 2017.05.17-ны өдрийн 225/362 дугаар дүгнэлт, Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын байцаагчийн 2018.08.29-ний өдрийн тогтоолоор Велл март худалдааны төв галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, цахилгаан байгууламжийн БД43-101-03 дүрмийн 2.1.8, БНбД-ийн 3.05.06.90-д заасныг биелүүлээгүй, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс хоёрдугаар давхрын таазны гэрлийн утасны холболтын цахилгаан дамжуулагчийн гадна бүрээс шатаж, шатах материал, бараан дээр унаж, галын голомт үүсгэн гал түймэр гарах нөхцөл бүрдсэн, галын улмаас түрээслэгчдийн эд хөрөнгө шатаж, нэр бүхий 39 түрээслэгчид 800,000,000 төгрөгийн хохирол учирсан гэх ба нэхэмжлэгч нь тухайн худалдааны төвийн 2-21, 2-32 дугаарын лангууг түрээслэн ажиллуулж байсан, эд хөрөнгө нь шатаж, хохирол учирсан үйл баримт тогтоогдсон, ...мөн Велл март худалдааны төв нь “В ” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй объект болох нь баримтаар нотлогдсон байна.

9. Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл \эс үйлдэхүй\-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө, ...уг гэм хорыг арилгахдаа гэм хорыг учруулахаас өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зохицуулсан.

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.6-д гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангах нь аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг гэж тодорхойлсон, ...Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, цахилгааны галын аюулгүй байдал Ерөнхий шаардлага MNS5390:2004 Монгол Улсын стандартын 5.1-д “богино холбоо, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл, аянгын үйлчлэлийн улмаас гал түймэр гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх”-ийг тухайн объектын өмчлөгчид үүрэг болгож стандартчилсан байна.

Хариуцагч “В ” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс \эс үйлдэхүй\ гал гарч, бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан, ...тэрээр гэм буруугүй болохоо нотлоогүй тул гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т заасан зохицуулалтад нийцсэн, хохирлын хэмжээг хэрэгт цугларсан баримтад тулгуурлан, хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг үндэслэн тогтоосон нь хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, шүүх хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлнэ гэж хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зохицуулсан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч өөрийн түрээсэлж байсан 2 лангуунд 530 нэр төрлийн 37,234,386 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн байсан гэх тайлбараа эргэлзээгүй баримтаар нотлоогүй гэж дүгнэн, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан хариуцагч “В ” ХХК-аас 17,180,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

11. Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх заалтыг үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч нь Велл март худалдааны төвийн 2 давхарт гэр ахуйн болон цахилгаан бараа, кино худалдаалах зориулалтаар 18 м.кв хэмжээтэй талбайг түрээслэн ажиллуулж \гэрээний 1.3 дахь заалт\ байсан ба хохиролд нэхэмжилсэн, галд өртөж шатсан гэх хашчулуун орыг эмчилгээний зориулалтаар ашиглаж байсан, түрээсийн менежерээс зөвшөөрөл авсан гэж тайлбарласан байна.

Давж заалдах шатны шүүхээс “...худалдааны зориулалттай түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулсан нь нотлогдоогүй, ...түрээслэгч түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүй түрээсийн талбайд хашчулуун орыг байршуулсан нь нэхэмжлэгчийн түймэрт шатсан эд зүйлийн хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн...” гэж дүгнэн, тухайн орны үнийг багасгаж гэм хорын хохирлыг тогтоохдоо Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн энэ шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

12. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2018.06.13-ны өдрийн 1474 дугаартай Прокурорын тогтоолоор “2017.02.06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Велл март худалдааны төвд гал гарч, их хэмжээний эд зүйлс шатаж, нэр бүхий 39 хохирогчид нийтдээ 800,000,000 төгрөгийн хохирол учирсан” гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгасан боловч 2002 оны Эрүүгийн хуулийн 189 дүгээр зүйлд заасан Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийг 2017.07.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон, 2017.05.11-ний өдөр батлагдсан Зөрчлийн тухай хуульд хамаарахаар тусгагдсан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар хэргийг хаасан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7-д зааснаар зөрчлийн хэрэг нээсэн боловч хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-т заасан Зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээр дурдсан үндэслэлээр Велл март худалдааны төвд гал гарсан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хариуцагч “В ” ХХК-ийг гэм буруугүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд хоёр шатны шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэн гэм хорыг хариуцуулахаар шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгч Ц гийн овгийн үсгийг “У” гэж ташаа бичиж, техникийн алдаа гаргасан байх тул алдааг залруулж, энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 64 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...У.Алтантуяад...” гэснийг “...Ц д...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 225,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                     

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.БАНЗРАГЧ

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД