Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00064

 

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00064

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     Ц.Агийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/02142 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Агийн хариуцагч БИЭК ХХК, БП ХХК-д холбогдуулан гаргасан 37 234 386 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхцэцэг, хариуцагч талын өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгондорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ц.А нь “Б” ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл түрээсийн гэрээ байгуулж, тус компанийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Велл март худалдааны төвд гэр ахуйн бараа болон цахилгаан барааны лангуу ажиллуулж байсан. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдрийн шилжих шөнө тус худалдааны төвд гал гарч 2-21, 2-32 дугаар лангууны гэр ахуйн болон цахилгаан бараа, хаш чулуун ор зэрэг 530 нэр төрлийн бараа шатаж нийт 37 234 386 төгрөгийн хохирол учирсан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс уг хэргийг шалгаж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2018 оны 06 сарын 13-ны өдрийн 1474 дугаар тогтоолоор” ...Велл март худалдааны төв нь галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу Цахилгаан байгууламжийн дүрэм БД 43-101-03 дүрмийн 2.1.8 дахь заалт зэрэг галын аюулгүй байдлын дүрэм зөрчсөний улмаас гэрлийн цахилгаан утсанд богино холболт үүсэж улмаар гал гарч нэр бүхий 39 хохирогчийн эд зүйл галд шатаж 800 000 000 гаруй төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн. 2018 оны 06 сарын 14-ний өдрийн 88 тоот прокурорын тогтоолоор уг хэргийг зөрчлийн шинжтэй гэж үзэж зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий газарт харьяаллын дагуу шилжүүлж хэргийг Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтэс шалгаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан гэх үндэслэлээр 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хэрэгсэхгүй болгосон. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2017 оны 05 сарын 17-ны өдрийн 225/362 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Дээрх баримтуудаар Велл март худалдааны төв нь галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу цахилгаан байгууламжийн дүрэм БД 43-101-103 дүрмийн 2.1.8, Цахилгаан техникийн ажил БНбд 3, 05, 06, 90-ийн дагуу гүйцэтгэх тухай галын аюулгүй байдлын дүрэм зөрчсөний улмаас богино холболт үүсэж улмаар гал түймэр гарсан нь тогтоогдсон. Мөн түрээсийн гэрээний 4.2.4 дэх заалт зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд БИЭК ХХКнь түрээслэгч нарын хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлж чадаагүй, БП ХХК нь өөрийн өмчлөлийн объектын галын аюулгүй байдлыг хангаагүйгээс 2-21, 2-32 дугаар лангуунд байсан 37 234 386 төгрөгийн үнэ бүхий бараа материал шатаж гэм хор учирсан тул тус компаниудаас 37 234 386 төгрөг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас барьцааны төлбөр 360 000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч БИЭК ХХК-ийн хариу тайлбарт: 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 02 дугаар сарын 07-ны өдрийн шилжих шөнө Велл март худалдааны төвд гал гарсан хэдий ч тухайн асуудалд БИЭК ХХКбуруутай гэсэн хууль хяналтын байгууллагын хүчин төгөлдөр шийдвэр гараагүй. Камерын бичлэгээс үзэхэд уг гал нь түрээслэгчийн лангуунаас эхэлж гарсан болох нь тогтоогддог бөгөөд одоогоор уг гал түймрийг гаргасан буруутай этгээдийг олж тогтоогоогүй байгаа. Хөрөнгийн үнэлгээний тайлангаар Ц.Агийн түрээсэлж байсан Велл март худалдааны төвийн 2-21, 2-32 тоот 18 м.кв лангуунд нийт 530 нэр төрлийн 37 234 386 төгрөгийн бараа бүтээгдэхүүн байсан гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй. Велл март худалдааны төвийн өмчлөгч нь БИЭК ХХКбиш бөгөөд тус худалдааны төвийн менежментийг хариуцан ажилладаг компани тул уг хэргийн хариуцагч биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч БП ХХК-ийн хариу тайлбарт: Уг гал гарсан хэрэгт БП ХХК-ийг буруутай гэсэн хууль хяналтын байгууллагын хүчин төгөлдөр шийдвэр гараагүй буюу тус компанийг буруутай гэж үзээгүй. Ц.Агийн хувьд БП ХХК-ийн өмчлөлд дэх “Велл март” худалдааны төвд БИЭК ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Гал гарсны улмаас нийт 38 түрээслэгчийн эд хөрөнгө шатсан. 800 орчим сая төгрөгийн хохирол учирсан. Үүнээс БП ХХК-ийн 500 орчим сая төгрөгийн эд хөрөнгө шатсан бөгөөд БП ХХК өөрийн эд хөрөнгөөр хохирсон. БП ХХК, БИЭК ХХК-ийг гэм буруутай гэж үзэх үндэслэл байхгүй. Хохирол учирсан 38 иргэнтэй БП ХХК, гэрээ байгуулсан зарим иргэнтэй БИЭК ХХК-аас уулзалт хийсэн. 32-33 түрээслэгч өөрт учирсан хохирлоо бодитоор мэдүүлсэн учраас 2 000 000-5 000 000 төгрөгийн төлбөр төлсөн. Адилхан зүйл зардаг байж хэт өндөр хохирол нэхэмжилсэн. н.Сарангэрэл 17 000 000 төгрөг нэхэмжлээд давж заалдах шатны шүүхээс 5 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ц.Агийн хувьд учирсан хохирлоо нотлох баримтаар нотолсон тохиолдолд тухайн хэсгийг олгоход татгалзахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан хөрөнгийн үнэлгээний тайланг нэхэмжлэгч гол үндэслэлээ болгож байна. Хөрөнгийн үнэлгээний тайланг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, уг тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчиж гарсан. Тухайлбал хөрөнгийн үнэлгээний тайлан 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гарсан. Үнэлгээг гаргахдаа 530 нэр төрлийн хөрөнгө устсан гэж тайлан гарсан. Үүнээс 2 сарын өмнө буюу 2 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ц.Аг хохирогчоор байцааж мэдүүлэг авсан. Уг мэдүүлэгтээ бүх материал лангуу дотор байсан. Өөр нотлох баримт байхгүй гэсэн. Мөн нийт 530 төрлийн бараа бүтээгдэхүүн байсан гэх баримтгүйгээр хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан. Түүнчлэн уг тайланд тухайн эд хөрөнгийн тус бүрийн үнээр зах зээлийн үнэлгээг гаргасан нь ойлгомжгүй. Үнэлгээчин шатсан эд хөрөнгөтэй танилцах боломжгүй байсан. Хамааралгүй зүйлүүдийг бүгдийг нь оруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч БП ХХК-аас гэм хорын хохиролд 17 180 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 054 386 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч БИЭК ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.Агаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345 931 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч БП ХХК-аас 243 850 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сумъяагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийн эс зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэгч нь бодитоор 30 054 386 төгрөгийн хохирол учирсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар бүрэн нотолж чадаагүй гэж дүгнэсэн атлаа 10 000 000 төгрөгийг гэм хорын хохиролд тооцож гаргуулсан нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Хариуцагч талаас Велл март худалдааны төвд гал гарч хохирол учирсантай холбоотойгоор лангуу түрээслэгч 38 иргэний 32-33 иргэнд лангуу тус бүрт 2.0-5.0 сая төгрөг хүртэл дэмжлэг үзүүлж байсан хэдий ч энэ нь аливаа байдлаар гэм буруугаа зөвшөөрсөн хэрэг биш бөгөөд гагцхүү дэмжлэг үзүүлж буй хэлбэр юм. Уг дэмжлэг нь хариуцагчид аливаа байдлаар үүрэг үүсгээгүй, дэмжлэг нь нэг талаар түрээслэгч болон түрээслүүлэг нарын цаашдын хамтын ажиллагааг хэвээр үргэлжлүүлэх зорилготой байсан. Гэтэл шүүхээс ямар шалгуураар түрээслэгч нарт 5.0 сая хүртэлх дэмжлэг үзүүлсэн талаарх нөхцөл байдлыг тодруулаагүй атлаа түрээсэлж байсан лангууны тоогоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 10 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй шийдвэр болсон. Тус хэрэгт Вэлл март худалдааны төвийн түрээслэгч нарт дэмжлэг үзүүлсэн талаарх баримт авагдаагүй. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу 37 234 386 төгрөгийн хохирол учирсан гэдгээ нотлох үүрэгтэй. Гэтэл хэрэгт уг хохирлыг нотолсон, хуулийн шаардлага хангасан баримт авагдаагүй байтал шүүхээс баримтаар нотлогдоогүй 10 000 000 төгрөгийг гэм хорын хохиролд тооцож Вэлл март худалдааны төвийн өмчлөгч БП ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн хэрэгт “Кореасержам” ХХК-аас худалдаж авсан хашчулуун орны төлбөрийн баримт байх боловч хэн худалдаж авсан нь тодорхойгүй байдаг. Уг ор нь Ц.Агийн түрээсэлж байсан талбайд байсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй. Мөн түрээслэгчийн тайлбараас харахад хашчулуун орыг худалдан борлуулах зорилгоор бус харин үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглаж байсан гэдэг боловч үүнийгээ нотлоогүй. Ц.А нь гэрээний үүрэг зөрчиж зөвшөөрөлгүй тоног төхөөрөмжийг түрээсийн талбайд байрлуулж ашиг олж байсан байна. Гэтэл шүүх бусад гэж ямар баримтаар уг хашчулуун ор нэхэмжлэгчийн түрээсийн талбайд байсан гэдэг нь нотлогдож байгааг шийдвэртээ тодорхой дурдаагүй, баримтаар бүрэн нотлогдоогүй хохирлыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч БИЭК ХХК, БП ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 37 234 386 төгрөг, барьцаа 360 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 дах шаардлагаасаа татгалзсан байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдсон. 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөрт шилжих шөнийн 02 цаг 50 минутад Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вэлл март худалдааны төвийн 2 дугаар давхарт гал гарснаар түрээслэгчдийн эд хөрөнгө шатаж, нэр бүхий 39 түрээслэгчид 800 000 000 төгрөгийн хохирол учирсан байна. Үүний дотор нэхэмжлэгч Ц.Агийн түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан 2-21, 2-32 дугаар лангуу шатаж эд хөрөнгийн хохирол учирчээ.

Хариуцагч БП ХХК-ийн өмчлөлийн Вэлл март худалдааны төв галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, цахилгаан байгууламжийн БД43-101-03 дүрмийн 2.1.8, БНбД 3.05.06.90-д заасныг биелүүлээгүйн улмаас Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1474 дүгээр тогтоол, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор тогтоогджээ. /хх7-13/

Өөрөөр хэлбэл, хариуцагч БП ХХК нь түрээсийн зүйлийн өмчлөгчийн хувьд тухайн объектод гал гарахаас урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүйгээс гал түймэр гарсан байна. Иймд хариуцагч БП ХХК-ийн “гэм буруугүй” гэх татгалзал үндэслэлгүй.

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.6-д “гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангах” талаар аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүргийг журамласан байхын зэрэгцээ Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй цахилгааны галын аюулгүй байдал Ерөнхий шаардлага MNS5390:2004 Монгол улсын стандартын 5.1-д “богино холбоо, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл, аянгын үйлчлэлийн улмаас гал түймэр гарахгүй байх нөхцлийг бүрдүүлэх”-ийг тухайн объектын өмчлөгчид үүрэг болгож стандартчилсан байна.

Маргаан бүхий худалдааны төвийн өмчлөгч нь хариуцагч БП ХХК болох нь хэргийн 174 дүгээр талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон. Харин хариуцагч БИЭК ХХКнь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах жинхэнэ этгээд биш бөгөөд уг объектийн өмчлөгчийн зөвшөөрлөөр нэхэмжлэгчтэй ажлын байрны түрээсийн гэрээг байгуулжээ. Тус компани нь дээрх хуульд заасан үүргийг хүлээсэн этгээд биш, хуулиар хүлээсэн гэм хорын хохирлыг хариуцахгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

Нэхэмжлэгч гал гарах үед өөрийнх нь түрээсэлж байсан 2 лангуунд 530 нэр төрлийн, 37 234 386 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн байсан гэж тайлбарлан “бараа худалдаж авсан зарлагын баримт”, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад гаргасан “Хөрөнгийн үнэлгээний тайлан” зэргийг нотлох баримтаар ирүүлсэн боловч эдгээр баримтууд нь дээр дурдсан хэмжээний бараа бүтээгдэхүүн гал түймэр гарах үед шатаж устсан гэдгийг эргэлзээгүй нотлохгүй байна.

 Хэргийн 143-147 дугаар тал дахь нэхэмжлэгчийн гал гарахын өмнө авахуулсан гэр ахуйн болон цахилгаан бараа өрж тавьсан 2 лангууны 5 ширхэг гэрэл зургийг хариуцагч баримтаар няцаагаагүй, хариуцагч нь “түрээслэгч тус бүрт 5 000 000 төгрөг хүртэл хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан” гэх тайлбарыг гаргасан. Нэхэмжлэгч нь уг лангуун дээр бараа бүтээгдэхүүн худалдаалан үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон бөгөөд бүтээгдэхүүний нийт хэмжээ, үнэ тодорхой бус байх тул бусад түрээслэгч нарт олгосон 5 000 000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэгчид 2 лангуугаар тооцоолон гэм хорын хохиролд хариуцагчаас 10 000 000 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсгийг зөрчөөгүй байна.

Харин нэхэмжлэгч лангуунд эмчилгээний зориулалттай хаш чулуун орыг  түрээсийн талбайд зориулалтаар нь байрлуулах, ашиглах талаар хариуцагч компанитай зөвшилцсөн буюу тохиролцсон гэдэг нь нотлох баримтаар нотлогдоогүй. Зохигчид энэ талаар худалдааны зориулалттай түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулсан баримтгүй байна. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасан.

Нэхэмжлэгчийн түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр түрээсийн талбайд хаш чулуун орыг байрлуулсан үйлдэл нь гал түймэрт шатсан эд зүйлийн хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлнө. Мөн уг орыг нэхэмжлэгч 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр худалдан авч, эмчилгээний зориулалтаар ашиглаж байсан гэж тайлбарладаг тул элэгдэл хорогдол тооцогдох учиртай. Шүүх дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж хохирлын хэмжээг хаш чулуун орны үнэ 7 180 000 төгрөгийн 50 хувиар буруулж, хариуцагчаас нийт 13 590 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/02142 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч БП ХХК-аас  гэм хорын хохиролд 13 590 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.Алтантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23 644 386 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч БИЭК ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “243 850” гэснийг “225 900” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                                    

   

 

 

                        ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

    ШҮҮГЧИД                               Н.БАТЗОРИГ

 

                                                      А.МӨНХЗУЛ