Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0641

 

“Талст маргад” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 531 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Талст маргад” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 531 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 31 дүгээр зүйлийн 31.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Талст маргад ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-012633, XV-012634, XV-012635, XV-012636, XV-012637, XV-012638, ашиглалтын МV-003999, MV-011428 тоот тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасныг баримтлан “Талст маргад” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MV-003999, MV-011428 тоот тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс үргэлжлүүлэн тооцохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан ““Талст маргад” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-012633, XV-012634, XV-012635, XV-012636, XV-012637, XV-012638 тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Манай компанийн хайгуулын 6 тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацаа 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дуусах байсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө сунгуулах өргөдөл, хавсаргах ёстой баримт бичгийг бүрдүүлж бэлэн болгосон байсан боловч тухайн үед Улсын дээд шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаар тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байсан. Нэгэнт шүүхийн шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг хүчингүй болгосон тул 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс манай компани сунгуулах өргөдөл гаргах боломжгүй болсон юм. Улсын дээд шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаар тогтоолыг үндэслэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр хайгуулын 6 тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгосон. Улмаар шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулахаар Улсын дээд шүүхэд хандсанаар Улсын дээд шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Улсын дээд шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаар  тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд хэргийг ердийн журмаар хэлэлцүүлэхээр буцаасан болно. Уг хэрэг шат шатны шүүхээр хянагдаж Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 568 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 118 дугаар тогтоолоор тухайн хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдсэн юм. Гэтэл Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэр хүчинтэй хэвээрээ байгаад байдаг. Манай компани сунгуулах өргөдлөө гаргахын тулд Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологийн хэлтсээс хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай тодорхойлолтыг гаргаж өгдөг. Дээрх 338 дугаар шийдвэрээр манай хайгуулын тусгай зөвшөөрлүүд хүчингүй гэж тооцогдоод Геологийн хэлтсээс тодорхойлолт гаргаж өгдөггүй. Бид төрийн захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйгээс болж шүүхийн шийдвэр гарсан байхад тусгай зөвшөөрлүүдээ хууль ёсоор эзэмшиж, холбоотой эрхийг эдэлж чадахгүй ойлгомжгүй байдлыг арилгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. Гэтэл шүүх хоорондоо уялдаа холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг зөв дүгнэсэн мөртлөө шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсэг буюу “Талст маргад” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах гэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дээрх хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрх сэргэнгүүтээ буцаад дуусгавар болж байгаа мэт ойлгомжгүй байдал үүсээд байна. Учир нь Ашигт малтмалын хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас 1 сарын өмнө сунгуулах өргөдөл гаргадаг, гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 20-ны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэж хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 338 дугаар шийдвэр 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хүчингүй болгосон гэж тооцогдож байна. Шүүхийн шийдвэрийг бичмэл хэлбэрээр 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гардаж авсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах хугацааг тооцвол манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрх сэрэнгүүтээ 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “тусгай зөвшөөрлүүдийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон тул хугацаа сунгуулах өргөдөл гаргах боломжгүй болсон” гэсэн тайлбар үндэслэлтэй бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшигч гаргах эрх зүйн зохицуулалттай байна гэж дүгнэсэн мөртлөө хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй байна. Дээрх шүүхийн шийдвэрт зааснаар манай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрх сэргэсэн мөртлөө, сунгуулах өргөдөл гаргах эрхгүй болж байгаа мэт ойлгогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, “Талст маргад” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-012633, XV-012634, XV-012635, XV-012636, XV-012637, XV-012638 тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах шаардлагыг хангаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч болон хариуцагч талуудаас хэн аль нь гомдол гаргасан боловч хариуцагчийг төлөөлж гомдол гаргах эрхгүй этгээд гомдол гаргасан байх тул хариуцагчийн гомдлыг буцааж шийдвэрлэлээ.

Учир нь Улсын их хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, Засгийн Газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор хариуцагч байгууллагын нэр, бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэн өөрчлөгдсөн байх боловч 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр давж заалдах гомдол гаргах үед тус газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөнхтамир томилогдсон байжээ.

Гэтэл Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэрэгт Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гомдол гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.5-д зааснаар гомдлыг буцаах нь зүйтэй.

Харин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянах үндэстэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Нэхэмжлэгч “Талст маргад” ХХК нь “Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн ашигт малтмалын хайгуулын          XV-012633, XV-012634, XV-012635, XV-012636, XV-012637, XV-012638, ашиглалтын MV-003999, MV-011428 тоот тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээлгэх, “Талст маргад” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV 012633, XV-012634, XV-012635, XV-012636, XV-012637, XV-012638 тоот тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх, ашигт малтмалын ашиглалтын MV-003999, MV-011428 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг нөхөн тооцох шийдвэр гаргахыг тус тус Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтэст даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

 Шүүх “Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг хүчингүй болгож “Талст маргад” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын  болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн байна. Тодруулбал,

Маргаан бүхий Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэр гарах үндэслэл болсон Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаар тогтоолыг мөн Улсын дээд шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, хэргийг дахин  хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байх ба Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2014 оны 12  дугаар сарын 01-ний өдрийн 568 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 118 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Ийнхүү маргаан бүхий актын үндэслэл болсон шүүхийн шийдвэр хүчингүй болсноор тухайн актын хүчин төгөлдөр байдал үгүйсгэгдэж байх ба хариуцагчаас гаргасан “манай байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, “Талст маргад” ХХК-ийн эрхийг сэргээсэн шүүхийн шийдвэр байхгүй” гэх тайлбар үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1-д заасан “шударга ёс”-ны зарчим зөрчигдсөн тул хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгчийн “Талст маргад” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-012633, XV-012634, XV-012635, XV-012636, XV-012637, XV-012638 тоот тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг болон ашигт малтмалын ашиглалтын MV-003999, MV-011428 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг нөхөн тооцох шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтсийн даргад даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагад Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг хүчингүй болгон эрхээ сэргээлгэхийг хүсч хандсанаас бус хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг нөхөн тооцуулах хүсэлт гаргаж байгаагүй байна.

Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллага захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр гаргаагүй, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй бий болоогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн нийтийн эрх зүйн маргаан үүсээгүй байхад шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудад захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 55 дугаар зүйлийн 55.1-д “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэснийг зөрчжээ.

Зүй нь Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэр хүчингүй болж “Талст маргад” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн эрх сэргээгдсэний дараа хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа болон төлбөрийг хэрхэн тооцох нь хариуцагч төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал бөгөөд тухайн байгууллагаас гарах шийдвэр, үйл ажиллагаанд шүүхээс урьдчилан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй болно.

Харин нэхэмжлэгчийн эрх сэргээгдсэний дараа дээрх нөхцөл байдалтай холбоотой эрх зөрчигдсөн тохиолдолд дахин нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн  531 дүгээр шийдвэрийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Талст маргад” ХХК-ийн “ашигт малтмалын хайгуулын XV-012633, XV-012634, XV-012635, XV-012636, XV-012637, XV-012638 тоот тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг болон ашигт малтмалын ашиглалтын MV-003999, MV-011428 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг нөхөн тооцох шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтэст даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг хасч, 4 дэх заалтыг 3 болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                     ШҮҮГЧ                                                   С.МӨНХЖАРГАЛ  

                                     ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ    

                                     ШҮҮГЧ                                                   О.НОМУУЛИН