Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 531

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар “Т******* м*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн д******* холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: “Т******* м*******” ХХК

Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: 

“1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, “Т******* м*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0, ашиглалтын MV-00, MV-0 тоот тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээлгэх,

2. “Т******* м*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0 тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн д******* даалгуулах,

3. Ашигт малтмалын MV-00, MV-0 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг нөхөн тооцох шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Т******* м*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т******* м*******” ХХК-ийн захирал Б.Б******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

““Т*******-М*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0, ашигт малтмалын MV-00, MV-0 тоот тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой маргаан 2011 оноос 2015 он хүртэл үргэлжилж, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 5-р сарын 11-ний өдрийн 118 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн юм.

... Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх ердийн журмаар хянан хэлэлцээд 2014 оны 12-р сарын 01-ний өдрийн 568 дугаар шийдвэрээр “Х******* ******* *******” ТББ–ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс маргаан бүхий ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг “Т*******-М*******” ХХК-д хуулийн дагуу олгосон болохыг тогтоож өгсөн юм. 

Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 2-р сарын 5-ны өдрийн 78 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 05-р сарын 11-ний өдрийн 118 дугаар тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэж  ашигт малтмалын хайгуулын XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0, ашигт малтмалын MV-00, MV-0 тоот тусгай зөвшөөрлүүдийг “Т*******-М*******” ХХК нь хуулийн дагуу авсан болохыг тогтоож өгсөн билээ.

Манай компанийн тусгай зөвшөөрлүүдийн эрхийг хүчингүй болгох үндэслэл болсон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 6-р сарын 24-ний өдрийн 117 дугаар тогтоолыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 6-р сарын 30-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн тэр үеэс буцаж тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээх ёстой гэж бид үзэн тухайн үедээ /амаар/ Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хандсан боловч хэргийг шүүх удахгүй эцэслэн шийдвэрлэх байх түр хүлээчих гэж тайлбар тавьж ирсэн бөгөөд эрх сэргээсэн тухай ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй өнөөдрийг хүрсэн болно.

Ашигт малтмалын газрын зүгээс аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу сайн дураараа биелүүлж хүчингүй болгосон мэдэгдэл хүргүүлэх нь зүйд нийцэх боловч эрхийг нь сэргээсэн шүүхийн шийдвэрийг яагаад сайн дураараа биелүүлдэггүй, ямар нэг арга хэмжээ авахгүй таг чимээгүй байгааг бид ойлгохгүй байгаа билээ. 

Хэдийгээр манай компанийн дээр дурьдсан тусгай зөвшөөрлүүд нь хуулийн дагуу олгогдсоныг тогтоосон шат шатны шүүхийн шийдвэрүүд байгаа ч гэсэн хүчингүй болсон шүүхийн шийдвэрийг үндэслэн гарсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2013 оны 8-р сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд хүчингүй  болгосон тухай ямар ч мэдэгдэл байхгүй  байгаа нь асуудлыг тодорхойгүй байдалд хүргээд байна.

Тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдэгдэхийг хүсч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандаж 2015 оны 8-р сарын 28-ны өдрийн А06/15-1 тоот албан бичиг,  дээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяад 2015 оны 10-р сарын 19-ний өдрийн А07-15/1 тоот албан бичгээр гомдол гаргасан боловч ямар ч хариу өгөхгүй байсан билээ. 

...Манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацаа 2013 оны  8-р сарын 14-ний өдөр дуусах байсан бөгөөд сунгуулах өргөдлөө хуулийн дагуу өгөхөд бэлдэн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3, 22.1.4 дэх заалтуудад заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг холбогдох сумын Засаг даргаар батлуулсан байсан бөгөөд тусгай зөвшөөрлийг цуцалсанаар бид Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалтад заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхээ эдлэх боломжгүй болсон болно. 

... Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2013 оны 8-р сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр манай хайгуулын тусгай зөвшөөрлүүд, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа асуудлууд шийдвэрлэгдэхгүй юм.

Иймд шат шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол байхад хүчингүй болсон шүүхийн тогтоолыг үндэслэн гарсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2013 оны 8-р сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Т*******-М*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0, ашигт малтмалын MV-00, MV-0 тоот тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээх, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн алдагдсан хугацааг нөхөн тооцох арга хэмжээ авахыг тус тус Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж өгөх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Т******* м*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“... манай 6 тусгай зөвшөөрлийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улсын Дээд шүүхийн 117 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Дээд шүүхийн тогтоол нь гарсан өдрөөсөө хойш хүчин төгөлдөр болдог. Тиймээс бид 07 дугаар сарын 14-ний өдөр хүчинтэй байсан гэж үзэх юм. Хариуцагч байгууллага  Дээд шүүхийн тогтоолыг 50 хоногийн дараа л биелүүлсэн. Ашигт малтмалын газрын Геологи уурхайн кадастрын хэлтсийн даргын 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрт Улсын Дээд шүүхийн 117 дугаар шийдвэрийг үндэслэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн 06 дугаар сарын 24-ний өдөр 117 дугаар шийдвэр гарснаараа нэхэмжлэгч талаас сунгуулах тухай өргөдөлдөө өгөх боломжгүй болсон. Тийм учраас хариуцагчаас хэлж байгаа тусгай зөвшөөрлөө сунгуулах тухай өргөдөлдөө өгөөгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Хүчингүй болгохгүй байгаа 338 дугаар шийдвэр нь өөрөө дээд шүүхийн хүчингүй болсон 117 дугаар тогтоолыг үндэслэлээ болгосон байдаг. Гэхдээ кадастрын хэлтэс 117 дугаар тогтоолыг гарахаас өмнөх шүүх хуралдаан дээр “Т******* м*******” ХХК-д олгосон шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр гэж шүүхэд м*******аг. 117 дугаар тогтоолоор танайх хууль зөрчсөн байна гэхэд үүнийг үндэслээд 338 тоот шийдвэрийг гаргасан. Тэрнээс хойш нэгэнт 338 тоот шийдвэрээр цуцалсан учраас дахин сэргээхгүй гэдэг байдлаар 2 жил үргэлжилж байна. 2015 оны 05 дугаар сарын 11-ний 118 дугаар тогтоолоор хариуцагч байгууллагыг хуулийн дагуу олгосон гэж шийдвэрлэсэн, хүчингүй болсон тогтоолыг үндэслэсэн эрх зүйн үндэслэлгүй шийдвэр баримталж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хууль бус шийдвэрүүд хүчингүй болж байж хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүд сэргээгдэх учиртай. 2013 оны тасалдсан хугацааны төлөвлөгөөгөөр өргөдөл авахыг кадастрын хэлтэст даалгаж өгөөч гэсэн хүсэлттэй байна” гэв. 

 

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Т******* м******* ХХК-д олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0, ашигт малтмалын ашиглалтын MV-008, MV-0 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн эрхийг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн үндэслэл болсон Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаар тогтоолыг Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон.

Т******* м******* ХХК-д олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0, ашигт малтмалын ашиглалтын MV-008, MV-0 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн эрхийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг Х******* ******* ******* ТББ болон нэр бүхий иргэдээс 2012 онд анх Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. 

Улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 36 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 138 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаар тогтоол гарч, дээрх тусгай зөвшөөрлүүдийг олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүй болгохоор даалгасан байна.

Уг шийдвэрүүдийн дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр “Т******* м*******” ХХК-д олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0, ашигт малтмалын ашиглалтын MV-00, MV-0 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Кадастрын хэлтсийн даргын энэхүү 338 дугаар шийдвэр нь шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан, хууль ёсны үндэслэлтэй шийдвэр байна.

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 69 дүгээр тогтоолын ТОГТООХ хэсэгт зааснаар, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд буцаасан байна.

Өөрөөр хэлбэл, Кадастрын хэлтсийн даргын 338 дугаар шийдвэрийн үндэслэл болсон шүүхийн шийдвэр хүчингүй болсон хэдий ч хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул  Кадастрын хэлтсийн даргын 338 дугаар шийдвэрт заасан тусгай зөвшөөрлүүдийн эрх шууд сэргээгдэх үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбарыг дэмжиж байна.  Мөн Ашигт малтмалын газрын Уул уурхайн кадастрын хэлтсийн системд эдгээр 8 тусгай зөвшөөрлөөс хайгуулын 6 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл дуусгавар болгож шийдвэрлэсэн байдаг. 2013 оны 08 дугаар сард 14-ний өдөр эдгээр 6 тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон. Тийм учраас шүүх шийдвэр гаргахдаа энэ талаар анхаарч өгнө үү? Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хоёр дахь хэсэг дурдагдсан дээр тайлбар хэлэхэд уг хэрэг маргаан 2011 оноос эхлэлтэй боловч эцэслэн гарсан шүүхийн шийдвэр нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улсын Дээд  шүүхийн 117 дугаар тогтоол, 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 338 шийдвэр гарсан байдаг. 7 дугаар сарын 14-ний өдрөөс 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд шийдвэр гарах хүртэлх хугацаанд сунгах өргөдөлөө өгөөгүй учраас сунгах тухай өргөдлийг хүлээн авч даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр 6 дугаар сарын 30-ны өдөр гарсан учраас бид нар 7 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө өргөдөл өгөөгүй гэж. Гэтэл Кадастрын хэлтсийн даргын шийдвэр 8 дугаар сарын 12-ны өдөр гарсан. Сунгуулах өргөдлөө өгөх боломжтой байсан” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Т******* м*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... маргаан бүхий акт нь хүчингүй болсон шийдвэрийг үндэслэж гарсан ба манай хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүд нь хуулийн дагуу олгогдсон болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг цуцлахгүй байгаа нь хууль бус юм” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... маргаан бүхий захиргааны акт нь шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан хууль ёсны үндэслэлтэй шийдвэр бөгөөд нэхэмжлэгч байгууллагын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй байх хугацаанд нэхэмжлэгч байгууллагаас сунгуулах тухай хүсэлтээ ирүүлээгүй ба кадастрын мэдээллийн системд дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бүртгэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж тус тус маргажээ. 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаар тогтоолоор ““Т******* м*******” ХХК-д А, А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон хэсгийг илт хууль бусад тооцож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1996 дугаар шийдвэрийн “Т******* м*******” ХХК-д Х, Х, Х, Х, Х, Х дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон хэсгийг хүчингүй болгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж”  шийдвэрлэжээ. 

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаар тогтоолыг биелүүлж 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр “Т******* м*******” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын А, А, ашигт малтмалын ашиглалтын Х, Х, Х, Х, Х, Х тоот тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор дээрх 117 дугаар тогтоолыг хүчингүй болгож, ... хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Үүний дараа Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 568 дугаар шийдвэрээр “... “Т******* м*******” ХХК-д олгосон Х, Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, ... А, А тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг олгосон хэсгийг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах, ... хайгуулын Х, Х, Х, Х тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаар магадлалаар дээрх 568 дугаар шийдвэрийг, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 118 дугаар тогтоолоор дээрх 568 дугаар шийдвэр, 78 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, “Т******* м*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0, ашиглалтын MV-00, MV-0 тоот тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч байгууллагын ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэр хүчинтэй хэвээр байх нь нэхэмжлэгчийн “хууль ёсны ашиг сонирхол”-ыг зөрчиж байна гэж шүүх дүгнэлээ. 

Тодруулбал, Ашигт малтмалын  тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх”, 27 дугаар зүйлийн 27.1.1-д “тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах” гэж заасан байх ба маргаан бүхий шийдвэрээр нэхэмжлэгчийн дээрх эрх, мөн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргах эрх нь хязгаарлагдаж байна.

 

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж маргаан бүхий актыг гаргасан байх тул хариуцагчаас маргаж буй “шүүхийн шийдвэрийг биелүүлсэн” гэсэн тайлбар нь тухайн цаг хугацаандаа үндэслэлтэй байсан хэдий ч маргаан бүхий актыг гаргах үндэслэл болсон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 117 дугаар тогтоол нь хүчингүй болсон байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... 69 дүгээр тогтоол хүчин төгөлдөр болсноор манай байгууллагын тусгай зөвшөөрлийн эрх сэргээгдсэн” гэсэн тайлбар үндэслэлтэй.

Мөн ““Т******* м*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг даалгах...” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгч нь маргаан бүхий актаар хүчингүй болгосон ашигт малтмалын хайгуулын XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0 тоот, ашиглалтын MV-00, MV-0 тоот тусгай зөвшөөрлүүдийн хувьд шударга эзэмшигч байна. 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан байсан эрхийг нь сэргээсэн шүүхийн шийдвэр огт байхгүй” гэсэн тайлбарыг зөвтгөх боломжгүй. 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь ашигт малтмалын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагын бүтцийн нэгж байх бөгөөд үйл ажиллагаандаа Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “төрийн албаны ... шударга ёс”-ны зарчмыг баримтлах учиртай ба “шударга ёс”-ны зарчмын үүднээс авч үзвэл нэгэнт “хүчингүй болсон” тогтоолыг үндэслэж гарсан шийдвэр нь “хүчингүй байх” нь шударга ёсны зүй тогтолд нийцнэ. 

 

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүргийг зөрчөөгүй тохиолдол “Тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах”-аар хуульчилжээ. Энэ тусгай зөвшөөрөл эзэмшигчийн “хууль ёсны ашиг сонирхол”-ыг хамгаалах зорилготой зохицуулалт бөгөөд хуульд зөвшөөрснөөс бусад үндэслэлээр “...тусгай зөвшөөрөл эзэмших эрх”-ийг цуцлахгүй байх, хадгалах үүргийг төрийн захиргааны байгууллагад, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид тус тус ногдуулсан агуулгатай.

Харин нэхэмжлэгч байгууллага нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар ногдуулсан үүргийг зөрчөөгүй, тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалж ирсэн болох нь тусгай зөвшөөрлүүдийн хавсралтад бичигдсэн “төлбөрийг төлөв. 2013 оны 08 дугаар сарын 14 хүртэл” , “12 дахь жилийн төлбөрийг төлөв. 2013 оны 12 дугаар сарын 26 хүртэл” , “8 дахь жилийн төлбөрийг төлөв. 2014 оны 02 дугаар сарын 23 хүртэл”  гэсэн бичиглэлүүдээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... манай байгууллагын эзэмшиж байсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүд нь хуулийн дагуу олгогдсон болохыг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 568 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхээс тогтоосон” хэмээн тайлбарлаж байх хэдий ч хариуцагчаас энэ асуудлаар ямар нэг тайлбар ирүүлээгүй ба мөн үгүйсгэж маргаагүй болно.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тусгай зөвшөөрлийн бүртгэлийн программд ... тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дууссанаар бүртгэсэн” гэж маргаж байх хэдий ч энэ нь маргаан бүхий актын үндэслэлд хамааралгүй байна.

 

Дээрхээс дүгнэн үзвэл маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн “ашигт малтмал эрэх, хайх, ашигт малтмалыг хуульд заасан нөхцөл журмын дагуу ашиглах”эрх болон “Тусгай зөвшөөрлийн эрхийг хадгалах” үүргийг хязгаарлаж байх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 12-ны 338 дугаар шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2. “Т******* м*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0 тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн д******* даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2-оос доошгүй жилийн өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж тус тус заасан байна. 

Нэхэмжлэгч байгууллагаас ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад шаардлагатай “хайгуулын ажлын тайлан”, “... хайгуулын ажлын үед байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө”  зэрэг баримт бичгүүдийг тусгай зөвшөөрлүүд хүчинтэй байх хугацаанд боловсруулж бэлдсэн байсан хэмээн тайлбарлаж байх хэдий ч хуульд заасан журмын дагуу хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл гаргаагүй байна. 

Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг холбогдох баримтын хамт төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүрэгтэй байх ба нэхэмжлэгчийн байгууллагын хувьд “тусгай зөвшөөрлүүдийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон тул хугацаа сунгуулах өргөдөл гаргах боломжгүй болсон” гэсэн тайлбар үндэслэлтэй бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшигч гаргах эрх зүйн зохицуулалттай байна.  

Иймд “Т******* м*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0 тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн д******* даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

3. Ашигт малтмалын ашиглалтын MV-00, MV-0 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг нөхөн тооцох шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь лиценз нөхөн сэргээгээд сэргээсэн өдрөөсөө төлбөр төлүүлэх гээд байдаг. Тийм учраас бид нар хуучин хугацааг нь тухайлбал, MV-00 дугаарт тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ямар нэгэн төлбөр төлүүлэхгүйгээр шийдвэрлэхдээ бичилт хийлгэх гэж байгаа” хэмээн тайлбарлаж байна.

Гэтэл маргаан бүхий акт гарснаар нэхэмжлэгч нь MV-00, MV-0 тоот тусгай зөвшөөрлүүдийн талбайгаас ашигт малтмал ашиглах эрхгүй болжээ. 

 Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж заасан байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.13-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 31 дүгээр зүйлийн 31.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх  хэсэгт заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Т******* м*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0, ашиглалтын MV-00, MV-0 тоот тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээсүгэй.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасныг баримтлан “Т******* м*******” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MV-00, MV-0 тоот тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс үргэлжлүүлэн тооцохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

3. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан ““Т******* м*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0, XV-0 тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн д******* даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ