Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2020/01244

 

 

 

 

 

  2020         09             10                                      151/ШШ2020/01244

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...... тоотод оршин суух ........ овогт Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......... байрлах ТХ-т холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Б нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс тус хэлтэст жолоочоор ажиллаж байгаад З.А дарга ажилд томилогдож ирээд 2018 оны 5 дугаар сараас жижүүрээр ажиллуулсан. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хэлтсийн дарга З.А жижүүр хийж байхад 17:30 цагийн үед чамайг ажлаас чөлөөлж байна гээд дараагийн жижүүрийг дуудан ажил авсан. Миний хувьд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 151/ШШ2019/00069 дугаартай шийдвэр, Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 223/МА2019/00007 дугаартай магадлал, Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2020/00069 дугаартай тогтоолоор Б.Б намайг ТХ-ийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1,514,030 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагчаас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар 1,514,030 төгрөгийг гаргуулж, 3 сарын хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх ажиллагаа хийгдэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс Аймгийн Стандарт хэмжил зүйн газарт жолоочоор ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Иймд Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 9 сарын цалин хөлсийг нэг өдрийн дундаж цалинг 23,656 төгрөгөөр бодож, ажилгүй хугацааны 189 ажлын өдрөөр тооцож 4,470,984 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс  Тх-т жолоочоор ажиллаж байгаад З.А дарга ажилд томилогдож ирээд 2018 оны 05 дугаар сараас жижүүрээр ажиллуулсан. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хэлтсийн дарга 3.А жижүүр хийж байхад нь 17 цаг 30 минутын үед чамайг ажлаас чөлөөлж байна гээд дараагийн жижүүрийг дуудан ажилд авсан. Б.Б-ын хувьд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 151/ШШ2019/00069 дугаартай шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 223/MA2019/00007 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 001/XT2020/00069 дугаартай тогтоолоор Б.Б-ыг Татварын хэлтсийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1,514,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагчаас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар 1,514,000 төгрөгийг гаргуулж аваад, энэ хугацаанд өөр ажилд орсон учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон.

Хариуцагч тал 3 үндэслэлээр татгалзаж байгаа гэдгийг тайлбарлаж байна. Нэгдүгээрт, хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж байна. Одоо шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан учраас хуулийн дагуу ажлаас халсан гэдэг нь үндэслэлгүй байна. Хоёрдугаарт, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 3 сарын хугацааг хэтрүүлсэн гэж. Хариуцагч нь Улсын дээд шүүхийн тогтоолыг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр, нэхэмжлэгч нь 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тус тус гардаж авсан. Энэ нь шүүхийн буруутай ажиллагаа гэхээс илүүтэй Улсын дээд шүүхээс ирээд анхан шатны шүүх дээр гардуулсан учраас нэхэмжлэлийг хуулийн хугацаандаа гаргасан. Мөн өдрийг сайн тооцсон байна. 188, 189 хоног аль нь ч байсан гэсэн. Бид нар 189 хоног гэж үзэж байгаа. Ажилгүйдлийн тэтгэмжийг яаж тооцоод байгаа юм бэ, ажилгүйдлийн тэтгэмжийг ажлаас халагдсан хүн бүр авдаг. Ажилгүй байсан 3 сарын хугацаанд ажилд орох юм бол буцаан олгодог хуулийн зохицуулалттай. Мөн гэрээт харуул хамгаалалтын компани авч ажиллуулсан гээд байгаа. Тэр бол тухайн байгууллагын дотоод ажил. Шүүх дээр маргаан явж байхад бүтэц өөрчлөгдсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон. Харин азаар энэ хүн ажилд орчихсон. Өнөөдрийг хүртэл ажилд ороогүй байсан бол цалин хөлсийг олгосоор л байх байсан.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх 9 сарын цалин хөлсийг нэг өдрийн дундаж цалинг 23,656 төгрөгөөр бодож ажилгүй хугацааны 189 ажлын өдрөөр тооцож 4,470,984 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Э.М нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Манай хэлтэст Б.Б нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс жолоочоор ажиллаж байсан бөгөөд даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэний үндсэн дээр түүнтэй 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, Б/11 дугаар тушаалаар 3 сарын хугацаатай жижүүрээр томилсон. Гэтэл тэрээр жижүүрээр ажиллуулсныг өөр ажилд буруу шилжүүлсэн гэж Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд харьяалах газарт гомдол гаргаж шийдвэрлүүлж байгаагүй мөртөө гэнэт ажиллуулсан, гэрээ огт байгуулж байгаагүй мэтээр шүүхэд тайлбарладаг нь үндэслэлгүй юм. Ийнхүү Б.Б нь жижүүрийн ажил, албан тушаалыг эрхэлж байхдаа 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ажлын цагаар ажлын байраа сул орхиж явсан зөрчил гаргасан бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээний 22.17-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болсон...

Ингээд Б.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б/39 дугаар тушаалыг гаргасан. Энэхүү тушаалд хэдийгээр “ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж, чанар, үр дагаврыг зайлшгүй бичих шаардлагатай” гэх байдлыг тусгаагүй ч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахаар тусгасан сахилгын зөрчлийг гаргасан нь тогтоогдсон. Мөн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь заалтуудыг үндэслэн тушаал гаргасан.

Гомдол гаргах хугацааны хувьд Б.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй”. Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн тогтоол 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гарсан бөгөөд Б.Б нь энэ нэхэмжлэлийн шаардлагаараа 3 шатны шүүхээр явсан тул эрхээ зөрчигдсөн гэдгийг аль хэдийнээ мэдэж байсан.

Бүр нарийвчилбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна”, 119.4-т “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна” гэж заасан байх тул шийдвэр бэлэн болох 7 хоног дээр гардаж авах 14 хоногийг нэмээд тогтоол гарсан 02 дугаар сарын 06-ны өдрөөс нийт 21 хоногийн дараа гомдол гаргах 3 сарын хугацаа тоологдохоор байна. Үүний дагуу тоолж үзэхэд Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 27-ноос 3 сар буюу 90 хоногийг тоолж 2020 оны 5 дугаар сарын 27-нд багтаж шүүхэд гомдол гаргах ёстой байсан байна.

Гэтэл Б.Б нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасан нь гомдол гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн хойно гаргасан гэж үзэхээр байна.

Татварын ерөнхий газрын хэмжээнд орон тооны илүүдэлтэй байгаа учир орон тооны жижүүр ажиллуулж байгаа 12 албаны 40 орон тооны жижүүрийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс чөлөөлж, гэрээт харуулаар гүйцэтгүүлэх чиглэл ирсний дагуу татварын хэлтэст жижүүрийн орон тоо байхгүй, гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллуулсан болохоор ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй, цалин байхгүй.

Нэхэмжлэгчийн шаардаж буй хугацаанаас амралтын болон нийтээр амрах баяр ёслолын өдрүүдийг хасаж нарийвчлан тоолоход ажлын 189 хоног биш, 188 хоног болж байгаа юм.

Иймд манай хэлтэс нь Б.Б-ыг дээрх хууль, журам, гэрээний зүйл заалтаа зөрчсөнөөс үүдэн хуулийн дагуу ажлаас нь чөлөөлсөн, ажилгүйдлийн даатгалын тэтгэмжээс 4 сарын мөнгөө авчихсан. Ажилгүйдлийн тэтгэмж болон буцааж олгох тэтгэмж хоёр нь давхардаж авах боломжгүй. 76 хоногоор тооцоод ажилгүйдлийн тэтгэмж авчихсан байхад манайхаас тэтгэмж авах юм бол давхардуулж авах болчхоод байгаа. Энэ дээр 2 хоногийн зөрүү гарч байгаа.

Манайхаас ажилгүй байсан хугацааны тэтгэмж авсан, гэрээт харуул хамгаалалтыг авсан хугацаагаар тооцоход 2 хоногийн илүү төлөлттэй харагдана. 

Иймд нэхэмжилсэн цалин хөлс гэх 4,470,984 төгрөгийг олгохгүй учраас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Тх-т холбогдуулан гаргажээ.

Нэхэмжлэгч нь хэргийг эцэслэн шийдвэрлэснээс хойш өөр байгууллагад ажилд орсон хугацааг хүртэлх ажлын 189 хоногийн цалин хөлсний олговорт 4,470,984 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шаардаж, хариуцагч ******* нь гомдол гаргах хугацаа өнгөрсөн, жижүүрийн орон тоо байхгүй болсон, ажилгүйдлийн тэтгэмж авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг, хариуцагч нь татгалзлын үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд зохигч талуудад эрхийг тайлбарлаж, үүргийг танилцуулж, мэтгэлцэх эрхээр хангасан болно.

Шүүхэд гомдол гаргасан хугацааны тухайд:

Нэхэмжлэгч тал шүүхэд мэдүүлэх эрхтэй, тус эрхээ эдэлж тогтоолыг гардан авснаас хойш хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргасан гэж, хариуцагч тал Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т зааснаар 21 хоног өнгөрснөөс хойш тоолох учраас гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж тус тус маргажээ.

Хянавал, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан Б.Б-ын нэхэмжлэлтэй Тх-т холбогдох ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай маргааныг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эцэслэн шийдвэрлэж, тогтоолыг анхан шатны шүүхээс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч талд, 3 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч талд гардуулсан байна. /хх-64-65/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар Б.Б-ын ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх тухай 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэл нь шүүхээр хянан шийдвэрлэх гомдлоор авч хэлэлцэх иргэний маргаанд хамаарах бөгөөд нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш олгогдох ёстой байсан цалин хөлс болох 4,470,984 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч Б.Б нь Тх-ийн жижүүрийн албыг эрхэлж байгаад ТХ-ийн даргын  2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/39 дүгээр тогтоолоор ажлаас халагдсан байна. /хх-5-10/

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2020/00069 дугаар тогтоолоор “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ыг ТХ-н жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ТХ-ээс ажилгүй байсан хугацааны олговорт 1,514,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгосугай” гэж Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 151/ШШ2019/00069 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулсан Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 223/МА2019/00007 дугаартай магадлалыг хэвээр үлдээж, уг тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-7-18/

Иймд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, ТХ-ээс цалин олговорт гаргуулах 1,514,030 төгрөгийг Б.Б-т олгож, түүний хүсэлтээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болгожээ. /хх-60-63/

Нэхэмжлэгч Б.Б нь Улсын дээд шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэж дуусахаас өмнө буюу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б/17 дугаартай тушаалаар Төв аймгийн Стандарт хэмжил зүйн газарт жолоочоор ажилд оржээ. /хх-66/

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 151/ШШ2019/00069 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Төв аймгийн Стандарт хэмжил зүйн газарт жолоочоор ажилд орсон 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан хөдөлмөрийг эрхлэх, түүнд тохирсон цалин хөлс авах эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-14-18, хх-66-68/

Нэхэмжлэгч Б.Б-т жижүүрийн ажлаас чөлөөлсөн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх /ажлын нийт 76 хоног/ хугацаанд ажилгүйдлийн тэтгэмжид 1,193,299 төгрөг /ажлын нэг хоногт 15,702 төгрөг/-ийг олгосон болох нь Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 461 дугаартай албан тоот, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтээр нотлогдож байна. /хх-68-69/

Иймд Б.Б-ын ажилгүй байсан хугацааг тооцохдоо Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс өөр байгууллагад ажилд орсон 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон тооцох үндэслэлтэй хэдий ч нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл шаардсан учир тухайн хугацаагаар хязгаарлан тооцох үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгчийн шаардсан хугацааг ажлын хоногоор буюу амралтын хоногийг хасч тооцоход нийт 188 ажлын хоног байгаа нь нэхэмжлэгчийн хариу тайлбартай тохирч байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо, ... буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, ... хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр”, 5-д “ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэр дүнг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг, гарсан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг ... тус тус тодорхойлно” гэж заажээ.

Нэхэмжлэгч Б.Б нь ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нэхэмжлэхдээ нэхэмжлэлийн шаардлагадаа холбогдуулан урьд авч байсан цалин хөлсний бичилт бүхий нийгмийн даатгалын дэвтрийг нотлох баримтаар гарган өгч, хариуцагч нь нэхэмжлэгчийн сарын цалин хөлсийг нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд энэ талаар шүүхэд маргаагүй болно. /хх-66-68/

Б.Б-ын шүүхэд өгсөн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингаар бодоход: 2018 оны 8 дугаар сарын ажлын 23 хоногт 555,017 төгрөг; 9 дүгээр сарын ажлын 20 хоногт 665,308 төгрөг, 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажлын 13 хоногт 341,019 төгрөгийг тус тус олгосон байна. Үүнийг “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасан сүүлийн 3 сард олгосон цалин хөлсийг тухайн хугацааны ажлын хоногт хуваавал, ажлын нэг өдрийн дундаж цалин хөлс нь (555,017+665,308+341,019 төгрөг)/(23+20+13)=27,882 төгрөг байжээ. /хх-5-6/

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох үүрэгтэй бөгөөд ийнхүү шаардахдаа ажлын нэг хоногийн цалин хөлсийг 23,656 төгрөгөөр тооцсоныг хариуцагч тал маргаагүй, шүүх хуралдааны үеэр зохигчдоос тодруулахад шаардлагаа дэмжсэн учир ажлын нэг хоногийн цалин хөлсний олговрыг 23,656 төгрөгөөр тооцон олгох нь зүйтэй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс ажилгүйдлийн тэтгэмж олгож дуусах хүртэл буюу 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажлын 22 хоногийн хугацаанд нэг хоногт 15,702 төгрөг, нийт 345,444 төгрөгийг ажилгүйдлийн даатгалын сангаас авсан байх тул олговол зохих цалин хөлсний олговор, Б.Б-ын ажилгүйдлийн даатгалын сангаас авсан тэтгэмжийн зөрүүгээр тооцон олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлд нийцнэ. 

Үүнд үндэслэн олговрыг тооцвол:

  • ажлын 22 хоног (анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс ажилгүйдлийн тэтгэмж олгож дууссан 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд) х 7,954 төгрөг (ажилгүйдлийн тэтгэмж, ажлын нэг хоногийн цалин хөлсний зөрүү) =174,988 төгрөг,
  • ажлын 166 хоног (ажилгүйдлийн тэтгэмж олгож дууссан 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс өөр байгууллагад ажилд орсон гэж шаардсан 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд) х 23,656 төгрөг (ажлын нэг хоногийн цалин хөлс) = 3,926,896 төгрөг,

нийт 188 ажлын хоногт ногдох цалин хөлсний олговор 4,101,884 төгрөг болно.

Иймд хариуцагч ТХ-ээс цалин хөлсний олговорт 4,101,884 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгож, илүү нэхэмжилсэн 369,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага:

Нэхэмжлэгч Б.Б нь ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг шаарджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Б.Батбаярыг ТХ-ийн жижүүрийн ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас өөр байгууллагад жолоочоор ажилд орох хүртэл  ажилгүй байсан бүх хугацааны цалин олговрыг олгож шийдвэрлэж байх тул нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 46.2-т “ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Иймд нэхэмжлэгч Б.Б-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу тооцож, зохих санд шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж, баталгаажуулахыг ажил олгогчийн санхүүд даалгах нь зүйтэй.

Ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ТХ-ээс ажилгүй байсан хугацааны олговорт 4,101,884 /дөрвөн сая нэг зуун нэгэн мянга найман зуун наян дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 369,100 /гурван зуун жаран есөн мянга нэг зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу тооцож, зохих санд шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж, баталгаажуулахыг ТХ /санхүү/-д даалгасугай.
  3. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНХБҮРЭН