Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 223/МА2020/00022

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 151/ШШ2020/01244 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв аймгийн Татварын хэлтэст холбогдох,

“Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай  иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Энэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс тус хэлтэст жолоочоор ажиллаж байгаад З.Амгалан дарга ажилд томилогдож ирээд 2018 оны 5 дугаар сараас жижүүрээр ажиллуулсан. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хэлтсийн дарга З.Амгалан жижүүр хийж байхад 17:30 цагийн үед чамайг ажлаас чөлөөлж байна гээд дараагийн жижүүрийг дуудан ажил авсан. Миний хувьд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 151/ШШ2019/00069 дугаартай шийдвэр, Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 223/МА2019/00007 дугаартай магадлал, Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2020/00069 дугаартай тогтоолоор ******* намайг Татварын хэлтсийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1,514,030 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагчаас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар 1,514,030 төгрөгийг гаргуулж, 3 сарын хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх ажиллагаа хийгдэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс Аймгийн Стандарт хэмжил зүйн газарт жолоочоор ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Иймд Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 9 сарын цалин хөлсийг нэг өдрийн дундаж цалинг 23,656 төгрөгөөр бодож, ажилгүй хугацааны 189 ажлын өдрөөр тооцож 4,470,984 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс Төв аймгийн Татварын хэлтэст жолоочоор ажиллаж байгаад З.Амгалан дарга ажилд томилогдож ирээд 2018 оны 05 дугаар сараас жижүүрээр ажиллуулсан. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хэлтсийн дарга 3.Амгалан жижүүр хийж байхад нь 17 цаг 30 минутын үед чамайг ажлаас чөлөөлж байна гээд дараагийн жижүүрийг дуудан ажилд авсан. *******ын хувьд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 151/ШШ2019/00069 дугаартай шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 223/MA2019/00007 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 001/XT2020/00069 дугаартай тогтоолоор *******ыг Татварын хэлтсийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1,514,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагчаас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар 1,514,000 төгрөгийг гаргуулж аваад, энэ хугацаанд өөр ажилд орсон учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон. Хариуцагч тал 3 үндэслэлээр татгалзаж байгаа гэдгийг тайлбарлаж байна. Нэгдүгээрт, хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж байна. Одоо шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан учраас хуулийн дагуу ажлаас халсан гэдэг нь үндэслэлгүй байна. Хоёрдугаарт, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 3 сарын хугацааг хэтрүүлсэн гэж. Хариуцагч нь Улсын дээд шүүхийн тогтоолыг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр, нэхэмжлэгч нь 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тус тус гардаж авсан. Энэ нь шүүхийн буруутай ажиллагаа гэхээс илүүтэй Улсын дээд шүүхээс ирээд анхан шатны шүүх дээр гардуулсан учраас нэхэмжлэлийг хуулийн хугацаандаа гаргасан. Мөн өдрийг сайн тооцсон байна. 188, 189 хоног аль нь ч байсан гэсэн. Бид нар 189 хоног гэж үзэж байгаа. Ажилгүйдлийн тэтгэмжийг яаж тооцоод байгаа юм бэ, ажилгүйдлийн тэтгэмжийг ажлаас халагдсан хүн бүр авдаг. Ажилгүй байсан 3 сарын хугацаанд ажилд орох юм бол буцаан олгодог хуулийн зохицуулалттай. Мөн гэрээт харуул хамгаалалтын компани авч ажиллуулсан гээд байгаа. Тэр бол тухайн байгууллагын дотоод ажил. Шүүх дээр маргаан явж байхад бүтэц өөрчлөгдсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон. Харин азаар энэ хүн ажилд орчихсон. Өнөөдрийг хүртэл ажилд ороогүй байсан бол цалин хөлсийг олгосоор л байх байсан.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх 9 сарын цалин хөлсийг нэг өдрийн дундаж цалинг 23,656 төгрөгөөр бодож ажилгүй хугацааны 189 ажлын өдрөөр тооцож 4,470,984 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Энэрэл нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Манай хэлтэст ******* нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс жолоочоор ажиллаж байсан бөгөөд даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэний үндсэн дээр түүнтэй 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, Б/11 дугаар тушаалаар 3 сарын хугацаатай жижүүрээр томилсон. Гэтэл тэрээр жижүүрээр ажиллуулсныг өөр ажилд буруу шилжүүлсэн гэж Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд харьяалах газарт гомдол гаргаж шийдвэрлүүлж байгаагүй мөртөө гэнэт ажиллуулсан, гэрээ огт байгуулж байгаагүй мэтээр шүүхэд тайлбарладаг нь үндэслэлгүй юм. Ийнхүү ******* нь жижүүрийн ажил, албан тушаалыг эрхэлж байхдаа 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ажлын цагаар ажлын байраа сул орхиж явсан зөрчил гаргасан бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээний 22.17-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болсон...

Ингээд *******ыг ажлаас чөлөөлөх тухай 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б/39 дугаар тушаалыг гаргасан. Энэхүү тушаалд хэдийгээр ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж, чанар, үр дагаврыг зайлшгүй бичих шаардлагатай гэх байдлыг тусгаагүй ч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахаар тусгасан сахилгын зөрчлийг гаргасан нь тогтоогдсон. Мөн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь заалтуудыг үндэслэн тушаал гаргасан.

Гомдол гаргах хугацааны хувьд ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн тогтоол 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гарсан бөгөөд ******* нь энэ нэхэмжлэлийн шаардлагаараа 3 шатны шүүхээр явсан тул эрхээ зөрчигдсөн гэдгийг аль хэдийнээ мэдэж байсан.

Бүр нарийвчилбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна, 119.4-т Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна гэж заасан байх тул шийдвэр бэлэн болох 7 хоног дээр гардаж авах 14 хоногийг нэмээд тогтоол гарсан 02 дугаар сарын 06-ны өдрөөс нийт 21 хоногийн дараа гомдол гаргах 3 сарын хугацаа тоологдохоор байна. Үүний дагуу тоолж үзэхэд ******* нь 2020 оны 02 дугаар сарын 27-ноос 3 сар буюу 90 хоногийг тоолж 2020 оны 5 дугаар сарын 27-нд багтаж шүүхэд гомдол гаргах ёстой байсан байна.

Гэтэл ******* нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасан нь гомдол гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн хойно гаргасан гэж үзэхээр байна. Татварын ерөнхий газрын хэмжээнд орон тооны илүүдэлтэй байгаа учир орон тооны жижүүр ажиллуулж байгаа 12 албаны 40 орон тооны жижүүрийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс чөлөөлж, гэрээт харуулаар гүйцэтгүүлэх чиглэл ирсний дагуу татварын хэлтэст жижүүрийн орон тоо байхгүй, гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллуулсан болохоор ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй, цалин байхгүй. Нэхэмжлэгчийн шаардаж буй хугацаанаас амралтын болон нийтээр амрах баяр ёслолын өдрүүдийг хасаж нарийвчлан тоолоход ажлын 189 хоног биш, 188 хоног болж байгаа юм.

Иймд манай хэлтэс нь *******ыг дээрх хууль, журам, гэрээний зүйл заалтаа зөрчсөнөөс үүдэн хуулийн дагуу ажлаас нь чөлөөлсөн, ажилгүйдлийн даатгалын тэтгэмжээс 4 сарын мөнгөө авчихсан. Ажилгүйдлийн тэтгэмж болон буцааж олгох тэтгэмж хоёр нь давхардаж авах боломжгүй. 76 хоногоор тооцоод ажилгүйдлийн тэтгэмж авчихсан байхад манайхаас тэтгэмж авах юм бол давхардуулж авах болчхоод байгаа. Энэ дээр 2 хоногийн зөрүү гарч байгаа. Манайхаас ажилгүй байсан хугацааны тэтгэмж авсан, гэрээт харуул хамгаалалтыг авсан хугацаагаар тооцоход 2 хоногийн илүү төлөлттэй харагдана.

Иймд нэхэмжилсэн цалин хөлс гэх 4,470,984 төгрөгийг олгохгүй учраас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

            Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч*******ээс ажилгүй байсан хугацааны олговорт 4,101,884 /дөрвөн сая нэг зуун нэгэн мянга найман зуун наян дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 369,100 /гурван зуун жаран есөн мянга нэг зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу тооцож, зохих санд шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж, баталгаажуулахыг Төв аймгийн Татварын хэлтэс /санхүү/-д даалгаж,

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...1. *******ын ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18 хүртэлх 189 ажлын хоногийг 7 хоногийн болон бүх нийтийн амралтын хоногийг хасж нарийвчлан тоолж үзэхэд ажлын 188 хоног байна. Тэгэхээр нэг ажлын хоног илүү тооцож нэхэмжилсэн байна. 188 ажлын хоногийг нэг хоногийн цалин хөлсний олговор 23,656 төгрөгөөр үржүүлэн тооцоход 4,447,328 төгрөг болж байна. Мөн ******* нь ажилгүйдлийн тэтгэмж 2018 оны 10.31-ний өдрөөс 2019 оны 02.21-ний өдөр хүртэл 1,193,299 төгрөг авсан болох нь Төв аймгийн НийТмийн даатгалын хэлтсийн 2020.09.09-ний өдрийн 461 дүгээр албан бичгээр   нотлогдож  байна. Ажилгүйдлийн тэтгэмж авсан дээрх хугацааны ажлын өдрийг тооцож үзэхэд нийт 76 ажлын өдөр байна. Анхан шатны шүүх энэ ажилгүйдлийн тэтгэмж авсан 76 ажлын хоногийг бүхэлд нь тооцож цалин хөлсний олговроос хасах ёстой байтал зөвхөн өмнөх анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 01.18-ны өдрөөс ажилгүйдлийн тэтгэмж олгож дууссан 2019 оны 02.21-ний өдрийг хүртэлх  хугацааны  ажлын  22  хоногийг тооцож хассан  нь үндэслэлгүй байна. Хэдийгээр ажилгүйдлийн тэтгэмж авсан 76 ажлын хоногийн 54 нь өмнөх 1 514 030 төгрөгийн цалин хөлсний олговрыг гаргуулах нэхэмжлэлийн хугацаанд хамаарч давхцаж байгаа ч тухайн үед шүүх шийдэхдээ өмнөх цалин хөлсний олговроос ажилгүйдлийн тэтгэмжийг хасж тооцоогүй тул одоо энэ нэхэмжлэлийн цалин хөлсний олговрын хугацаанд хамаарах зөвхөн 22 ажлын хоногийг тооцож хасахгүйгээр ажилгүйдлийн тэтгэмж авсан нийт 76 ажлын хоногийг тооцож хасах нь зүйтэй юм. 76 ажлын хоногийн хугацаанд нэг хоногт 15 701 3 төгрөг гэхэд нийт 1 193 299  төгрөгийн ажилгүйдлийн ажилгүйдлийн тэтгэмжийг авсан. Үүнээс үндэслэн олговрыг тооцвол: ажлын 76 хоног /ажилгүйдлийн тэтгэмж авсан/-ийг 7 954 төгрөг /ажилгүйдлийн тэтгэмж, ажлын нэг хоногийн цалин хөлсний зөрүү/-өөр үржүүлэхэд 604 504 төгрөг болж байна.

Харин нийг ажлын 188 хоногоос ажилгүйдлийн тэтгэмж авсан 76 ажлынхоногииг хасахад үлдэх 112 ажлын хоногийг ажлын нэг хоногийн цалин хөлс болох 23 656 төгрөгөөр үржүүлэхэд 2 649 472 төгрөг болж байна. Ингээд нийт 188 ажлын хоногт ногдох цалин хөлснии олговор 2 649 472+604 504=3 253 976 төгрөг болно. Үүнээс үзэхэд ******* нь 4 470 984-3 253 976=1,217,008 төгрөгийг илүү нэхэмжилсэн байна.

2. Татварын ерөнхий газраас орон тооны илүүдэлтэй байгаа учраас жижүүрийн  орон тоог байхгүй болгож, харуул хамгаалалтын албаар жижүүрийн ажлыг гүйцэтгүүлэх чиглэл ирсний дагуу манай хэлтэс 2019 оны 05.08-ны өдөр "Төгс сансар" ХХК-тай харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, үүнээс хойш жижүүрийн ажлыг тус компанийн ажилчдаар гүйцэтгүүлж байгаа болно. Иймд гэрээ байгуулсан 2019 оны 05.08-ны өдрөөс эхлэн жижүүрийн орон тоо байхгүй болсон тул *******ыг эргүүлэн ажилд авах боломжгүй болсон бөгөөд 2019 оны 05.08-ны өдрөөс 2019 оны 10.18 хүртэл ажилгүй байсан 113 ажлын хоногт цалин хөлсний олговор олгох үндэслэлгүй байна. Үүнээс нийт 188 ажлын хоногоос 113 хоногийг хасаад 75 ажлын хоногт цалин хөлсний олговор олгох гэхээр ******* нь ажлын 76 хоногийн ажилгүйдлийн тэтгэмж авчихсан байгаа тул давхардуулан олгож болохгүй юм.

Гомдол гаргах хугацааны хувьд ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1–д зааснаар “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” байна. Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн тогтоол гарсан өдрөөс эхлэн “анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс өөр ажилд орох хүртэл хугацааныхаа цалин хөлсний олговрыг авах” эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн. Үүнээс хойш 1 сарын хугацааг тоолоход 2020 оны 05.10-ны өдөр гэхэд багтаж шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан байна. Гэтэл ******* нь 2020 оны 06.02-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь гомдол гаргах хуульд заасан 3 сарын хугацаа өнгөрсөн хойно гаргасан гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасныг Улсын дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор "28. Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан "хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт энэ  зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй." хэмээн тайлбарласан байдаг.

Иймд хугацааг гүйцэд оруулж, цалин хөлсний олговрыг зөв тооцоогүй, нэг талын эрх ашгийг баримтлан шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 151/ШШ2020/01244 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч Төв аймгийн татварын хэлтэст холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс өөр байгууллагад ажилд орсон өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны  ажлын 189 өдрийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4 470 984 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага зөвшөөрөхгүй татгалзжээ.

Нэхэмжлэгч *******ыг*******ийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1 514 030 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 151/ШШ2019/00069 дугаар шийдвэр, Төв аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 223/МА2019/00007 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2020/00069 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.

Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг ажлаас хууль бусаар халсан болох нь тогтоогдсон хариуцагч нь нэхэмжлэгчийг хуулийн дагуу ажлаас халсан гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно.

 Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан үндэслэлээр олгоно. Ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасан “ажилгүй байсан бүх хугацаа”-нд хамаарна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Хариуцагч нь *******ыг*******ийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгч  нь өөр байгууллагад ажилд орсон болох нь  тогтоогдсон байна.

*******ын ажлаас халагдсан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны буюу 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан 64 өдрийн 1 514 030 төгрөгийн олговрын асуудлыг анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 151/ШШ2019/00069 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн тул түүнээс хойших хугацааны олговрыг ******* шаардах эрхтэй.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан 3 сарын хугацааг хэтрүүлж нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэлийг татгалзах нэг үндэслэлээ болгосон байна. Хариуцагч Төв аймгийн Татварын хэлтэст холбогдох ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  дуусгавар болсон тухай Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 05/225 дугаар тогтоолоор тогтоогджээ.  

Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж дууссанаас хойш 10 хоногийн дараа  нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс өөр байгууллагад ажилд орсон өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд  ажлын 189 өдрийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4 470 984 төгрөгийг гаргуулахаар  2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаас үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хугацааг хэтрүүлээгүй байна.  

Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш 7 сарын дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр  Төв аймгийн Стандарт хэмжил зүйн газарт жолоочоор ажилд орсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр нотлогдож байх бөгөөд энэ хүртэл хугацаанд хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байсан буруутай  байна.

Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгох хугацааг 188 өдрөөр тооцсон нь зөв боловч нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг олговроос хасаж зөрүүг тооцсон нь хууль хэрэглээний хувьд буруу байх боловч нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу шийдвэрийг хөндөх шаардлагагүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 151/ШШ2020/01244 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага  давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ЭНХМАА

                  ШҮҮГЧИД                                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                  Ц.ӨРНӨНДЭЛГЭР