Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 118/ШШ2022/0012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******гийн *******

Хариуцагч: 1. Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл

2. Завхан аймгийн ******* сумын Засаг дарга

нарын хоорондын төрийн үйлчилгээний албаны төсвийн шууд захирагчийн албан тушаалд нэр дэвшүүлж, томилохгүй байгаа тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч ******* сумын Засаг дарга С.*******, Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч П.*******, хариуцагч нарын өмгөөлөгч Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.******* нь Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдуулан 2022 оны 02 сарын 25-ны өдрийн "Нэр дэвшүүлсэн шийдвэр хүчингүй болгох тухай 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан Г.*******г ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Г.*******г ******* сумын сургуулийн захирлын албан тушаалд томилохыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл: Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар Б.*******ийг ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаас халсан байх ба захирлын албан тушаалын сонгон шалгаруулалт зохион байгуулагдан дүн гарах хүртэл хугацаанд тус сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд нэр бүхий багш нарт захирлын албан үүргийг хавсран гүйцэтгүүлж байжээ.

Нэхэмжлэгч Г.*******гийн тухайд ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 10 сарын 28 -ны өдрийн Б/26 дугаар тушаалаар насан туршийн боловсролын багшаар томилогдон ажиллаж байгаад сумын Засаг даргын 2020 оны 07 сарын 09-ны өдрийн "Ажил хавсран гүйцэтгэх тухай Б/02 дугаартай захирамжаар үндсэн ажлынхаа зэрэгцээ сургуулийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсний дагуу сумын Засаг даргатай 2020 оны 07 сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байх ба тийнхүү хавсран гүйцэтгэх хугацааг Хөдөлмөрийн гэрээний 3.1-т ...Удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлагдаж, сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэлх хугацаанд гэж харилцан тохиролцсон байна.

Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр ******* сумын Засаг даргаар томилогдсон С.******* нь сургуулийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаагүй байх үед буюу 2020 оны 12 сарын 30-ны өдрийн Б/08 дугаартай захирамжаар Г.*******г сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэгчээс чөлөөлж, биеийн тамирын багш *******ыг уг үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн тул Г.******* уг албан тушаалын сонгон шалгаруулалт явагдаж, дүн гарах хүртэл захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчээр ажиллах ёстой хэмээн үзэж иргэний шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн байх ба Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 сарын 14-ний өдрийн 197 тоот шийдвэрээр түүнийг ******* сумын сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр тогтоожээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 сарын 03-ны өдрийн 17 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Уг магадлалын үндэслэх хэсэгт ...зохигчид ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг үндсэн ажлын зэрэгцээ хавсран гүйцэтгэхээр хөдөлмөрийн гэрээгээр тохирсон байх ба гэрээний хугацааг "удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлагдаж, сонгон шалгаруулалтын үр дүн гартал гэж тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23 2.2 дахь хэсэгт нийцсэн..." гэж дүгнэсэн байна.

Дээрх маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/187 дугаар албан бичгээр ******* сумын Засаг даргаас сургуулийн захирлын албан тушаалын сул орон тооны захиалга хүргүүлсний дагуу Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Г.******* болон биеийн тамирын багш Б.******* нар нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 10 сарын 12-ны өдрийн "Нэр дэвшүүлж санал болгох тухай 06 дугаар тогтоолоор Г.*******г ******* сумын сургуулийн захирлын албан тушаалд томилуулахаар санал болгож, 2021 оны 10 сарын 13-ны өдрийн 64 дугаартай албан бичгээр сумын Засаг даргад хүргүүлсэн боловч томилох эсэх талаар шийдвэрлээгүй байна.

Мөн Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл нь 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолоор ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан нь хууль бус гэх үндэслэлээр урьд гаргасан 2021 оны 10 сарын 12-ны өдрийн "Нэр дэвшүүлж санал болгох тухай 06 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч уг нэхэмжлэлийг гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нь ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилохгүй байгаа тус сумын Засаг даргын эс үйлдэхүй болон нэр дэвшүүлж томилуулах талаарх Салбар зөвлөлийн 2021 оны 06 дугаар тогтоол хэрэгжихгүй байгаа талаар дээд шатны албан тушаалтан болох Завхан аймгийн Засаг даргад гомдлоо гарган 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/212 дугаар албан бичгээр, мөн Төрийн албаны зөвлөлд гомдлоо гарган 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/367 дугаар албан бичгээр тус тус татгалзсан хариу авснаар 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/367 дугаар албан бичгээр хариу өгөхдөө Салбар зөвлөлөөс 2021 оны 10 дугаар сард зохион байгуулсан сонгон шалгаруулалтыг хууль бус хэмээн үзэж, Г.*******г томилуулахаар нэр дэвшүүлсэн 06 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үндэслэлгүй талаар дурджээ. Тиймээс нэхэмжлэгч Салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолын талаар дахин төрийн албаны зөвлөлд хандах шаардлагагүй, энэ тогтоолын тухайд дээд шатны байгууллагад гомдол гарган шийдвэрлүүлэх шаардлагагүй байна гэж шүүх үзсэн болно.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ маргаан бүхий захиргааны актыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзсэн. Үүнд:

1/ Төрийн албаны салбар зөвлөл нь өөрийн хууль ёсны гаргасан 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 06 тоот тогтоолыг Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01/366 тоот албан бичгийг үндэслэн 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 18 тоот тогтоолоор хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, нэг ч удаа тайлбар аваагүй, сургуулийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгчийн маргааны агуулгыг асууж тодруулалгүй, зөвхөн нэг талыг барьж шийдвэр гаргасан нь холбогдох хуулиудыг зөрчсөн бөгөөд миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэжээ.

2/ Урьд нь иргэний хэргийн шүүхэд хандсан маргаан нь ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг сонгон шалгаруулалт явагдах, дүн гарах хүртэл хавсран гүйцэтгэгчээр ажиллахтай холбоотой маргаан байсан болохоос сургуулийн захирал байсан, эсхүл захирлаар жинхлэн томилогдох ёстой гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргаж маргаагүй байхад Салбар зөвлөлийн 2021 оны 06 тоот тогтоолыг хүчингүй болгож байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д нийцээгүй.

Тодруулбал, иргэний хэргийн шүүхэд сургуулийн захирлын албан тушаалын үндсэн орон тоонд жинхлэн томилуулах талаар нэхэмжлэл гаргаагүй ба тухайн хэргийн хариуцагч Засаг дарга болон нэхэмжлэгч би сургуулийн захирлын үндсэн орон тооны ажил албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилогдох ёстой гэж хэн аль нь маргаагүй, зөвхөн сургуулийн захирлын сонгон шалгаруулалт явагдах, дүн гарах хүртэл захирлын үүргийг хэн нь хавсран гүйцэтгэх ёстой талаар маргаан үүсгэж, шийдвэрлүүлсэн... Анхан болон давж заалдах шатны шүүх ...сонгон шалгаруулалт явагдаж, дүн гарах хүртэл намайг сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэгчээр ажиллах эрхтэй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн.

3/ ******* сумын Засаг дарга нь сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн сургуулийн захирлын албан тушаалд томилох үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж холбогдох хууль, журмыг зөрчсөн гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Маргаан бүхий 18 дугаар тогтоолтой холбоотой гомдлоо нэхэмжлэгч 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Төрийн албаны зөвлөлд цахимаар явуулсан болов ч хариу нь одоо болтол ирээгүй байгаа учраас шүүхэд хандсан. Маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон шалтгаанаа дээд шатны байгууллагаас чиглэл ирсний дагуу гаргасан хэмээн Салбар зөвлөл тайлбарлаж байна. Тухайн чиглэлийг ямар нэгэн байдлаар Төрийн албаны зөвлөлөөс гаргасан албан ёсны захиргааны акт гэж үзэх боломжгүй. Захиргааны акт бол тухайн захиргааны байгууллагын үндсэн чиг үүрэг болон бүрэн эрхэд хандсан байдлаар гарах ёстой. Өөрөөр хэлбэл тогтоолын хэлбэртэй шийдвэр гарах ёстой. Ийм шийдвэр байхгүй учраас Төрийн албаны зөвлөлийн 01/366 дугаар албан бичгийн талаар эхлээд заавал шүүхэд хандах ёстой байсан гэж үзэхгүй. Энэ хүний хөдөлмөрлөх эрх ашиг болон нэр дэвшүүлэх асуудал Төрийн албаны тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмаар зохицуулагдаж байгаа. Энэ дүрэм журмын дагуу Салбар зөвлөлөөс 2021 оны 06 дугаар тогтоолыг гаргаж, томилуулахаар нэр дэвшүүлж, санал болгосон байгаа. Энэ тогтоолоо үндэслэлгүйгээр хүчингүй болгож байгаа нөхцөл байдал байгаа учраас тэр тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан юм. Салбар зөвлөл 06 дугаар тогтоолоо шүүхийн маргаантай асуудал байгаа гэдэг үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-аар нэр сонгон шалгаруулалт зарлаж нэр дэвшүүлж, томилгоо хийх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* сумын сургуулийн захирлын орон тоо 2018 оноос хойш одоог хүртэл сул, нөхөгдөөгүй асуудал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Тухайн сургуулийн хэвийн үйл ажиллагаа тасралтгүй явагдахын тулд хавсран болон түр орлон гүйцэтгэгчээр хэдэн удаа хүмүүсийг томилсон байгаа. Яагаад энэ сул орон тоог нөхөхгүй одоо хүртэл яваад байгаа юм бэ. Энэ байгууллага нь төрийн сургалтын байгууллага, үйл ажиллагаа нь тасралтгүй хэвийн явагдах ёстой тул уг ажиллагааг тасалдуулахгүйн тулд Г.*******г хавсран гүйцэтгэгчээр томилжээ. Сонгон шалгаруулалт зарлагдаж дүн гарах хүртэл хугацаагаар. Нэхэмжлэгчийн тухайд үндсэн ажлын орон тоон дээр маргасан зүйл байхгүй байгаа, энэ талаар шүүхийн маргаан явагдаагүй. Энэ тохиолдолд дээд шатны байгууллага болох Төрийн албаны зөвлөлийн чиглэл хууль бус. Энэ хүнийг төсвийн шууд захирагчийн сул орон тоон дээр өрсөлдөж шалгалт өгөөд тэнцсэн өдрөөс хойш нэг хоногийн дараа ч юм уу томилохгүй гээд шүүхэд хандсан бол энэ асуудлаар шүүхийн маргаан үүссэн гэж үзнэ. Гэтэл захирлын албан тушаалд жинхлэн томилогдсонтой огт холбоогүй маргаан иргэний шүүхээр шийдвэрлүүлсэн. Зөвхөн хөдөлмөрийн гэрээгээр тохиролцоод сонгон шалгаруулалт хүртэл хавсран гүйцэтгэгчээр томилсон байхад ямар ч сонгон шалгаруулалт зарлагдаагүй, дүн гарсан зүйлгүй байхад уг хугацааг зөрчсөн гэдэг асуудлаар Г.******* иргэний шүүхэд маргаан үүсгэсэн. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан гурван шатны шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа. Г.*******г захирал биш, хавсран гүйцэтгэгч гэдэг дээр хариуцагчаас маргаагүйг шүүхийн шийдвэрт дүгнэсэн. Түүнийг хавсран гүйцэтгэх ажлаас 2020 оны 12 сард чөлөөлөхөд ******* гэдэг хүн томилогдсон байдаг. Сонгон шалгаруулалт явагдах хүртэл ******* гэдэг хүн хавсран гүйцэтгэгчээр ажилласан. ******* нь сургуулийн захирлын албан тушаалыг сул орон тоо байсныг мэдэж байсан, мэдээд сонгон шалгаруулалтад хамт орсон. Гэтэл энэ хүн Г.*******г томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоолын талаар маргаагүй. Хэрэв маргасан бол Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тогтоол дээр маргах ёстой гэтэл ******* огт маргаагүй. Гэтэл сонгон шалгаруулалтын дүнгээр өөрөө тэнцэхгүй болоод ирэхээрээ Г.*******г хуурамч баримт бүрдүүлсэн гэж Төрийн албаны зөвлөлд хандсан байна. Хэрэв хуурамч баримт бүрдүүлсэн гэж үнэхээр үзэж байсан бол сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийг бүртгэх үед маргаан үүсгэж болох байсан. Гэтэл тэгээгүй. Төрийн албаны зөвлөл салбар байгууллагаас нь гаргасан захиргааны актын талаар иргэд маргаж байхад нотлох баримт цуглуулах үүргээ хангалтгүй биелүүлээгүй байна. Шүүхийн маргаантай гэж дээрээс ямар нэгэн чиглэл ирсэн байж болно түүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ гагцхүү энэ хүчингүй болгосон тогтоолыг гаргахдаа хуралдахаасаа өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх журмуудыг огт хэрэгжүүлээгүй. Шийдвэрлэх гэж байгаа асуудал буюу яг захирлын үндсэн албан тушаал дээр шүүхийн маргаан байсан уу үгүй юу гэдгийг тогтоох ёстой байсан. Хэрэв тухайн үед тухайн хүнээс сонсох ажиллагаа явуулсан бол юу болсон талаар хэлээд өгөх байсан. Тийм учраас уг тогтоол нь хууль бус байх тул хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа. Хоёр дахь шаардлага болох сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, томилохыг даалгуулах шаардлагын тухайд: Салбар зөвлөлөөс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг журмын дагуу гаргасан ба хэдийгээр Авилагтай тэмцэх газраас энэ хүн ямар нэгэн зөрчилгүй гэсэн нь тогтоогдсон шийдвэр 2021 оны 11 дүгээр сард ирсэн боловч хариуцагч Засаг дарга ямар нэгэн байдлаар Г.*******г томилохгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан байгаа. Зөвхөн сонгон шалгаруулалтын үр дүн гарах хүртэл хавсран гүйцэтгэгчийн ажлыг хэн нь хийх вэ? гэдэг маргаан шүүхээр явсан. Үүнийг хариуцагч буюу сумын Засаг дарга ямар нэгэн байдлаар үгүйсгэхгүй байна. Тийм учраас 2 удаагийн сонгон шалгаруулалтын захиалга өгсөн байна. Холбогдох сонгон шалгаруулалтын журамд зааснаар хариуцагч сумын Засаг дарга Салбар зөвлөлийн 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолыг 30 хоногийн дотор биелүүлж Г.*******г томилох ёстой боловч томилоогүй эс үйлдэхүй гаргасан. Сүүлд нь Салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар 25-ны өдрийн 18 дугаар тогтоолоор дээрх 06 дугаар тогтоолыг хүчингүй болгосон ч гэсэн энэ эс үйлдэхүй үргэлжлээд шүүхийн шатанд явж байна. Өөрөө сонгон шалгаруулалтын захиалга удаа дараа өгсөн боловч сонгон шалгаруулалтын дүнг үндэслээд Г.*******г томилуулахаар нэр дэвшүүлсэн байхад Салбар зөвлөлийн тогтоолыг огт биелүүлээгүй... одоо хүртэл энэ хүнийг хавсран гүйцэтгэгчээс чөлөөлчихсөн байгаа. Энэ асуудлаар иргэний хэргийн шүүх дээр маргаан одоо үүсчихсэн. Энэ хэрэг хэзээ шийдвэрлэгдэж дуусах нь мэдэгдэхгүй. Магадгүй 2024 он дуустал энэ хавсран гүйцэтгэгчийн маргаан үргэлжлэх юм бол энэ ажлын сул орон тоо нөхөгдөхгүй байгаад л байх юм уу? Шүүхийн маргаантай гээд л сонгон шалгаруулалт хийгдэхгүй яваад байх уу? Үүний цаана төрийн албаны үндсэн чиг үүрэг нь хангагдахгүй, шийдвэр нь хэрэгжихгүй үргэлжлэхээр байна. Тиймээс үндсэн албан тушаалын талаар шүүхийн маргаан байна уу, хавсран гүйцэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн маргаан байна уу гэдгийг ялгаж салгах шаардлагатай. Төрийн албаны зөвлөлийн 01/366 дугаар албан бичгээр сонгон шалгаруулалтыг хууль бус гэх үндэслэлээр Салбар зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгоод ирсэн гэж тайлбарлаад байна, ингэх боломжгүй. Уг 01/366 дугаар албан бичгийг захиргааны акт гэж үзэж уг албан бичгийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагагүй, энэ талаар эхлээд шийдвэрлүүлэх ёстой байсан гэдгийг хүлээж авах боломжгүй. Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 06 дугаар тогтоолыг хүчингүй болгох талаар даалгаснаас биш шууд хүчингүй болгож ирүүлсэн зүйл байхгүй. Салбар зөвлөл өөрөө 2022 оны 18 дугаар тогтоолоор 2021 оны 06 дугаартай тогтоолоо хүчингүй болгосон учраас шүүхэд хандсан. Мөн сургуулийн захирлын орон тоон дээр жинхлэн томилсон захирамж сумын Засаг даргаас огт гаргаагүй. Хэрэв захирлаар жинхлэн томилсон захирамж гаргаж, нэг өдөр ч болтугай ажиллуулаад чөлөөлсөн бол, тэр захирамжтай нь маргаан үүсгэсэн бол шүүхийн маргаантай гэж үзнэ. Гэтэл зөвхөн хавсран гүйцэтгэх үүргийн талаар иргэний шүүхэд хандсан учраас Төрийн албаны тухай хуулийн 39.1.15-д заасан хориглолт энэ тохиолдолд хэрэглэгдэхээргүй байна. Иймд ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байранд Г.*******г томилохыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

6. Хариуцагч ******* сумын Засаг дарга С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор Г.*******г тус аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн боловч Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Мөн Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 31 дүгээр албан бичгээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахыг үүрэг болгосон. Иймд Г.*******г тус сумын сургуулийн захирлын албан тушаалд дэвшүүлсэн тогтоолыг нэгэнт хүчингүй болгосон учир уг албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй гаргасан зүйлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... Мөн сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэх талаарх маргааныг иргэний хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байсан, түүнчлэн сонгон шалгаруулалтад оролцсон Б.Ууганбаяр бичгээр өргөдөл, хүсэлт надад өгч байгаагүй ч гомдол гаргана гэдгээ хэлж ярьж байсан тул дээрх албан тушаалд томилгоо хийх боломжгүй байсан... Мөн Дээд шүүхийн шийдвэр гарах, Авлигатай тэмцэх газарт ХОМ хянуулах гээд хугацаа шаардагдаж байсан. 2021 оны 12 сард шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дараа Г.******* багш өөрөө надад захирлын албан тушаалын хавсран гүйцэтгэгчээр томилуулъя гэдэг хүсэлтээ өгсөн. Үүний хүрээнд шүүхийн шийдвэрийн дагуу хавсран гүйцэтгэгчээр томилогдсоноос хойш энэ багш Хүний эрхийн Үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар гээд бусад газруудад гомдол гаргаж, тэднээс тайлбар, хариу авах гээд гомдол нь эцэслэн шийдвэрлэгдэхгүй явсан. Ингээд мөн 2022 оны гаргаад ******* гомдол гаргаснаар сонгон шалгаруулалтыг хууль бус гэж үзэж, Төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу Салбар зөвлөл 2021 оны 06 дугаар тогтоолоо хүчингүй болгосноор миний хувьд томилгоо хийх боломжгүй байсан... Манай сургуулийн захирлын сул орон тоо 2018 онд бий болсон. Миний чин хүсэл бол сургуулийн захирлыг хууль ёсны дагуу сонгон шалгаруулалтыг зарлуулж томилуулах хүсэлтэй бөгөөд үүн дээр ямар нэгэн нам, улс төрийн зорилго байхгүй. Г.******* багш нь зохион байгуулалттай намайг ажиллуулахгүй байна гэж ойлгоод байдаг. Энэ хүн нь үндсэн ажил болох насан туршийн боловсролын ажлаа хийж байгаа бөгөөд миний зүгээс үндсэн ажлынх нь хөдөлмөрлөх эрхэд халдаагүй ба хавсран гүйцэтгэх ажилтай холбоотой хуулийн хүрээнд шаардлагуудыг тавьдаг... Иймд өмнө гаргасан тайлбар, мэдүүлгээ дэмжиж байна гэв.

7. Хариуцагч Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч П.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гээд бүрэлдэхүүнийг Төрийн албаны зөвлөлөөс томилдог байгаа. Өөрөөр хэлбэл салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн байгууллага юм. Завхан аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөр уг ажлын байрны сул орон тоо үүссэн байсан... томилох эрхий бүхий албан тушаалтны захиалгыг үндэслэж сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Үүн дээр хавсран гүйцэтгэгчээс шүүхийн маргаан үүсгэсэн гэдгийг бид нар мэдэх боломжгүй. Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын газарт захиалгаа өгөөд тухайн сул орон тоо гарсан шийдвэрийг татаж үздэг. Сул орон тоо гарсан шийдвэр дээр 2018 оны Засаг даргын захирамжийг өгч байсан. Төрийн албаны сайтад сонгон шалгаруулалтын зар нээлттэй байршиж байх энэ хугацаанд Г.******* дээд шүүхийн маргаантай байгаа гэдгээ мэдэж байсан учраас сонгон шалгаруулалтыг хойшлуулах хүсэлт гаргах боломжтой байсан гэж үзэж байна. Энэ үед ямар нэгэн хүсэлт гаргаагүй, өөрөө бүртгүүлээд шалгалтад орсон байгаа. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 57 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг журмын дагуу ...2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж Г.*******г томилуулахаар 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Нэр дэвшүүлж, санал болгох тухай 06 дугаар тогтоолыг гаргаж хүргүүлсэн. Гэтэл Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс сургуулийн захирлын ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тухай шүүхэд гаргасан Г.*******гийн нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлээгүй маргаантай байхад дээрх сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д заасныг зөрчсөн байна гэж үзэж Г.*******г томилуулахаар нэр дэвшүүлсэн өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон юм. Иймд Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс иргэний өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тул салбар зөвлөлөөс сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэн... Төрийн албаны зөвлөлд *******, ******* нар өргөдөл гаргасан. Түүний дагуу Төрийн албаны зөвлөл нотлох баримт цуглуулж зөрчил гэдгийг нь тогтоож, ******* болон ******* нартай утсаар холбогдож сонсох ажиллагааг хийсэн гэж үзэж байна. Төрийн албаны зөвлөлөөс өгсөн үүрэг, чиглэлийг хэрэгжүүлж ажиллах үүргийн дагуу маргаан бүхий тогтоолыг гаргасан. Салбар зөвлөлийн тухайд нэгэнт дээд шатны байгууллагаас өгсөн чиг үүрэг, даалгаврыг биелүүлэх үүрэгтэй тул 2022 оны 18 дугаар тогтоолоор Г.*******г нэр дэвшүүлсэн 2021 оны 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль, журамд нийцсэн ...Сонгон шалгаруулалтын баримт, материалыг хуурамчаар үйлдсэн асуудлаар хуулийн байгууллагуудаас шалгаж тогтоосон зүйл байхгүй...гэв.

8. Хариуцагч нарын өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс сонсох ажиллагаа явуулж зөрчил шалгах ажиллагаа явуулаагүй, нотлох баримт бүрдүүлэх, нөхцөл байдлыг тогтоох, Захиргааны ерөнхий хуульд заасан хэд хэдэн нөхцөл байдлыг бүрдүүлээгүй гэж үзээд байна. Миний хувьд нэхэмжлэгч тал маргаан бүхий 2022 оны 18 дугаар тогтоолын талаар Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд биш Төрийн албаны зөвлөлд буюу төрийн албаны төв байгууллагатай холбогдож сонсох ажиллагаа явуулсан, чиглэл хүргүүлсэн буюу 2022 оны 01/366 дугаар албан бичиг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгохоор хандах нь зүйтэй байсан гэж үзэж байна. Яагаад гэвэл Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд захиргааны акт болох захиргааны үйл ажиллагаа буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь захиргааны актын хэмжээнд үнэлэгдэхээр байгаа. Энэ хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс гаргаж байгаа чиглэл өгсөн захиргааны актын талаар эхлээд урьдчилан шийдвэрлүүлж хандах ёстой байсан гэж үзэж байна. Төрийн албаны зөвлөлийн 01/366 дугаар албан бичгээр Салбар зөвлөлд сонгон шалгаруулалт хууль бус учраас өмнөх шийдвэрээ хүчингүй болго гэсэн захирамжилсан, үүрэг болгосон чиглэл өгөгдсөн. Төрийн албаны тухай хуульд зааснаар Салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлөөс тусдаа бие дааж үйл ажиллагаа явуулах боломжгүй тул төв байгууллагаасаа зөрөөд та нарын гаргасан энэ шийдвэрийг биелүүлэхгүй гэх боломж 2019 оны 59 дүгээр тогтоолоор баталсан журам болон бусад хуулиар байхгүй. Тийм учраас салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаан дээр зөвлөлийн гишүүд дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэлгүй гэдгийг хэлэлцэж тогтоолыг гаргасан тул хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй, 18 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийх шаардлагагүй байсан. *******, ******* нарын өргөдлийг Төрийн албаны зөвлөл хүлээж авч шийдвэрлэхдээ сонсох ажиллагаа явуулж өргөдлийг шийдвэрлэчихсэн учраас Салбар зөвлөл дахин сонсох ажиллагаа явуулах үндэслэлгүй. Дараагийн асуудал бол Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д зааснаар шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй тохиолдолд сонгон шалгаруулалт явагдах боломжгүй тул үүнийг зөрчиж явагдсан хууль бус сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж томилгоо хийх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч сонгон шалгаруулалтад оролцоод өөрөө нэгээр гарч ирсэн учраас ямар нэг байдлаар зөрчилгүй харагдаад, шийдвэрийг биелүүлэхгүй байгаа мэт санагдаж байгаа. Хэрэв ******* нэгээр гарч ирсэн тохиолдолд зөрчил байсан бол танд шүүхэд хандах боломж бас л бий болно, өөрөө шүүхэд хандах ийм давуу байдал үүснэ. Тиймээс зөвхөн өөртөө ашигтай байдлаар харж болохгүй. 39.1.15-д ажлаас халсан, чөлөөлсөн маргаан үүссэн бол томилгоо хийгдэхгүй гэсэн л агуулга байгаа. Сургуулийн захирлын ажилтай холбоотой маргаан үүссэн үү гэвэл үүссэн байгаа. Өөрөөр хэлбэл хавсран гүйцэтгэгч маргасан бол томилгоо хийхгүй гэсэн зохицуулалт хамаарахгүй гэсэн заалт байхгүй байна. Хавсран гүйцэтгээгүй үүргийн цалин хөлс гаргуулж, эргүүлэн томилох шүүхийн шийдвэр гүйцэтгэгдэх ажиллагаа хийгдэх тул шүүхийн маргаангүй байсан гэж үзэх үндэслэлгүй. Сонгон шалгаруулалт зарлагдах үед энэ шүүхийн маргаан дуусаагүй байсан нь харагдаж байна. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох сумын Засаг даргад холбогдох эс үйлдэхүйтэй холбоотой маргаан нь захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах маргаан мөн эсэх дээр анхаарах ёстой. Нэхэмжлэгчээс үйлчилгээний албан тушаалд ажиллахтай холбоотой хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргаан үүсгэж байна. Хавсран гүйцэтгэх ажилтай холбоотой нэхэмжлэлээ иргэний шүүхэд гаргаад явж байгаа мөртлөө томилуулах асуудлаа захиргааны хэргийн шүүхэд гаргаад явж байгаа нь хууль бус. Ажилд томилохгүй байгаа маргаан бас л хөдөлмөрлөх эрхийн маргаан тул иргэний шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хариуцагчаас иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлж 2021 оны 12 сард буцаан томилсон нөхцөл байдал харагдаж байгаа. Энэ хугацаанд аймгийн Засаг дарга, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл гээд гурван байгууллагад ******* гомдлоо гарган шийдвэрлүүлсэн, мөн *******ын гомдлын дагуу шалгах ажиллагаа хийгдээд байсан тул томилгоо хийх боломжгүй байсаар 2021 оны 06 дугаар тогтоол хүчингүй болж ирсэн учраас ******* сумын Засаг дарга *******г хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Ямар нэгэн үйлдэл хийхгүй байхыг эс үйлдэхүй гэж үзнэ. Гэтэл ******* *******гийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байгаа. Хэрэв томилгоо хийхгүй гэж бодсон бол энэ ажиллагааг хийхгүй байсан, гэтэл энэ үйлдлийг хийсэн байна. Үүний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байдаг. Хариуцагчаас өөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас томилгоо хийх боломжгүй байсан нь тогтоогдож байгаа тул дан ганц энэ хүнийг буруутгах боломжгүй... Г.*******г томилохгүй гэж хариу өгөөгүй, тухайн үед иргэний шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явагдсан, хөрөнгө оруулгын мэдүүлэг хянуулах ажиллагаа хийгдсэн, гомдол нь Төрийн албаны зөвлөлөөр шалгагдсан зэрэг тодорхой шалтгаануудаар томилгоо хийх боломжгүй байсан тул эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан Завхан аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилохгүй байгаа тус сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг албан тушаалд томилохыг ******* сумын Засаг даргад даалгуулах, Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн "Нэр дэвшүүлсэн шийдвэр хүчингүй болгох тухай 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагууд бүхий иргэн Г.*******гийн нэхэмжлэлийг дараах эрх зүйн үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл /цаашид Салбар зөвлөл гэх/-ийн 2022 оны 02 сарын 25-ны өдрийн "Нэр дэвшүүлсэн шийдвэр хүчингүй болгох тухай 18 дугаар тогтоолоор Завхан аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд Нэр дэвшүүлж, санал болгох тухай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Дээрх 18 дугаар тогтоол /хэргийн 81, 106-р хуудсанд/-д баримталсан эрх зүйн үндэслэлийг тодруулж үзвэл тодорхой хуулийн зүйл, заалт дурдаагүй ба Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 59 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам-ын 3.9 дэх хэсэг, Салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны тэмдэглэл /хэргийн 140-р хуудсанд/, Төрийн албаны зөвлөлийн Зөрчил арилгуулах тухай 01/366 дугаар албан бичиг /хэргийн 82-р хуудсанд/-ийг үндэслэсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам-ын 3 дэх хэсэгт Салбар зөвлөлийн хэрэгжүүлэх чиг үүргийг тусгасан ба 3.9-д Зөвлөлөөс үүрэг чиглэл болгосон бусад арга хэмжээг хэрэгжүүлэх гэж заажээ.

Салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай 01/366 дугаар албан бичгийн дагуу холбогдох шийдвэр гаргах эсэх асуудлыг хэлэлцэн Г.*******г нэр дэвшүүлж, томилуулахаар урьд гаргасан 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай шийдвэр гаргахаар тогтоожээ.

Төрийн албаны зөвлөлийн Зөрчил арилгуулах тухай 01/366 дугаар албан бичгээр ...Г.*******г ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэх талаарх маргаан иргэний хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад уг албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Г.*******г нэр дэвшүүлж томилуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д заасан ...төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийх-ийг хориглох гэсэнтэй нийцээгүй тул уг тогтоолыг хүчингүй болгож, хариу ирүүлэх-ийг мэдэгдсэн байна.

3. Маргаан бүхий захиргааны актын талаар нэхэмжлэгч тал:

1/ ******* сумын Засаг дарга нь сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн сургуулийн захирлын албан тушаалд томилох үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж холбогдох хууль, журмыг зөрчсөн.

2/ Салбар зөвлөл нь хууль, тогтоомжид заасны дагуу зохион байгуулсан сонгон шалгаруулалтын үнэлгээг үндэслэн нэр дэвшүүлж, томилуулах асуудлаар урьд гаргасан өөрийн шийдвэрээ хүчингүй болгохдоо сонсох ажиллагаа явуулалгүй нэг талыг барьж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуульд нийцээгүй.

3/ ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлыг төрийн албанаас бүрмөсөн халсан, чөлөөлсөн, эсхүл жинхлэн томилохтой холбоотой маргаан бус зөвхөн уг албан тушаалын үүргийг хавсран гүйцэтгэхтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гарган иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн байхад Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д заасныг буруу хэрэглэж, шүүхээр маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад сонгон шалгаруулалт зохион байгуулсан нь хууль бус гэх Төрийн албаны зөвлөлийн албан бичгийг үндэслэн шийдвэрээ хүчингүй болгосон нь буруу хэмээн тайлбарлан маргаж байна.

4. Нэхэмжлэлийн шаардлагын талаар хариуцагч тал:

1/ Салбар зөвлөл нь дээд шатны байгууллага болох Төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэл, шаардлагыг биелүүлж, урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон нь үндэслэлтэй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам-д нийцсэн.

2/ Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтын материалыг татаж хянаад чиглэл өгсөн тул маргаан бүхий 2022 оны 18 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн асуудлын тухайд сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй байсан.

3/ ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байгаа тул үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой буюу уг албан тушаалд томилохгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэх маргаанд хамаарахгүй.

4/ Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт болох 2022 оны 18 дугаар тогтоолын талаар Төрийн албаны зөвлөлд гомдол гарган урьдчилан шийдвэрлүүлээгүй.

5/ ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэх талаарх маргааныг иргэний хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байсан, түүнчлэн сонгон шалгаруулалтад оролцсон Б.Ууганбаяр гомдол гаргана гэдгээ хэлж, ярьж байсан тул дээрх албан тушаалд Г.*******г томилох боломжгүй байсан гэх зэргээр тайлбарлаж байна.

5. Энэ хэрэгт маргаж буй ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д заасан боловсролын үйлчилгээг нийтэд хүргэх чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалд хамаарч байна.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д "төсвийн шууд захирагч" гэж төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон ба 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар төсвийн байгууллагын дарга (захирал, эрхлэгч) нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна.

Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11-д ...төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах гэж заасны дагуу Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам-ыг баталсан байна.

Энэ журмын 1.4.2-д зааснаар аймаг, сумд харьяалагдах төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг тухайн аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл зохион байгуулахаар нарийвчлан зохицуулсан байх ба журмын 2.2-д Эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарснаас хойш 21 хоногт багтаан сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлд харьяаллын дагуу ирүүлэх..., 7.2-д ...салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан оролцогчийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ гэж тус тус заажээ.

Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-д зааснаар сумын Засаг дарга нь сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймгийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх эрх хэмжээтэй байна.

6. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх бүрэн эрх тухайн сумын Засаг даргад олгогдсон байх бөгөөд сургуулийн захирлын ажлын байрны сул орон тооны сонгон шалгаруулалтын захиалгыг Салбар зөвлөлд хүргүүлэх бөгөөд уг захиалгын дагуу зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн нэр дэвшүүлсэн этгээдийг сургуулийн захирлаар томилохоор байна.

7. Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/10 дугаар захирамж /хэргийн 11, 167-р хуудсанд/-аар Ц.*******ийг ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаас халснаар дээрх ажлын байрны сул орон тоо бий болж, түүнийг нөхөх хэрэгцээ, шаардлага үүссэн байна.

Төрийн албан хаагчийг албан тушаалаас нь халсан, чөлөөлсний улмаас тухайн ажлын байр суларсан байхыг сул орон тоо гэж ойлгоно.

8. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заасан байх ба уг хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.8-д зааснаар төрийн албан хаагчийг ажлаас халсан тохиолдолд уг албан тушаалын үүргийг өөр албан хаагчаар үндсэн ажлынх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлэхээр, мөн 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэж болохоор заажээ.

Энэ зохицуулалтын дагуу дээрх сургуулийн захирлын албан тушаалын албан үүргийг удаа дараа нэр бүхий багш нараар түр хавсран гүйцэтгүүлж байсан байх ба ******* сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/02 дугаар захирамж /хэргийн 16-р хуудсанд/-аар насан туршийн боловсролын багш Г.*******д уг үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр анх шийдвэрлэж, хөдөлмөрийн гэрээ /хэргийн 18-р хуудсанд/ байгуулсан байна.

Хөдөлмөрийн гэрээнд Удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлагдаж, сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэл хэмээн тодорхой заасан боловч ******* сумын Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар Г.*******гээс захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэх хугацааг мөн өдрөөр дуусгавар болгосон байна.

9. Г.******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаа дуусгавар болох нөхцөл байдал үүсээгүй, сонгон шалгаруулалт явагдаагүй тул захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэмээн үзэж, ******* сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/08 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн байна.

10. Завхан аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 140/ШШ2021/00197 дугаар шийдвэр /хавтаст хэргийн 24-р тал/-ээр Г.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 205/МА2021/00017 дугаар магадлал /хавтаст хэргийн 43-р тал/-аар уг шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Дээрх магадлалыг эс зөвшөөрч гаргасан хариуцагч талын гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ШХТ2021/00672 дугаар тогтоол /хавтаст хэргийн 69-р тал/-оор хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэснээр Г.*******гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

11. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны үр дүнд ******* сумын Засаг дарга нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/28 дугаар захирамж /хавтаст хэргийн 77-р тал/-аар насан туршийн боловсролын багш Г.*******д сургуулийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр дахин шийдвэрлэсэн байна.

12. ******* сумын Засаг даргаас дээрх маргааныг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж байх үед буюу 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/187 дугаар албан бичиг /хавтаст хэргийн 166-р тал/-ээр сул орон тооны сонгон шалгаруулалтын захиалгыг хүргүүлснээр Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаар тогтоол /хавтаст хэргийн 126-р тал/-оор комиссын бүрэлдэхүүнийг томилж, сонгон шалгаруулалтыг явуулсан байна.

Сонгон шалгаруулалтын баримт, материалаас харахад уг албан тушаалын сонгон шалгаруулалтад Г.*******, Б.******* нар нэрээ дэвшүүлэн оролцжээ.

13. Шалгалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан Г.*******г нэр дэвшүүлж, томилуулахаар Салбар зөвлөлөөс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоол /хавтаст хэргийн 71-р тал/-оор шийдвэрлэж, уг тогтоолыг ******* сумын Засаг даргад 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 64 дүгээр албан бичиг /хавтаст хэргийн 72-р тал/-ээр хүргүүлсэн байх бөгөөд уг тогтоолыг хэрэгжүүлэхийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар албан бичиг /хавтаст хэргийн 79-р тал/-ээр дахин шаардсан боловч хариуцагч биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Уг эс үйлдэхүй нь Салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Нэр дэвшүүлсэн шийдвэр хүчингүй болгох тухай 18 дугаар тогтоолыг гарах хүртэл буюу гурван сар гаруй хугацаанд үргэлжилсэн байна.

14. Мөн Авлигатай тэмцэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 05/12171 дугаар албан бичиг /хавтаст хэргийн 73-р тал/-ээр Г.*******г сургуулийн захирлын албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар мэдэгдсээр байхад томилоогүй байна.

15. Хариуцагч ******* сумын Засаг дарга С.******* нь Салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолын дагуу Г.*******г тийнхүү гурван сар гаруй хугацаанд сургуулийн захирлаар томилоогүй үндэслэлээ ...Б.******* сонгон шалгаруулалттай холбогдуулан гомдол гаргахаар байсан, мөн Г.*******гээс Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс гэх зэрэг байгууллагуудад гаргасан гомдол эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан, түүнийг сургуулийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоосон иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан зэрэг сумын Засаг даргаас үл хамаарах нөхцөл байдлын улмаас томилгоо хийх боломжгүй байсан хэмээн тайлбарлаж байгааг зөвтгөх боломжгүй.

Салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолын биелэлтийг эрх бүхий байгууллагуудаас биелэлтийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаагүй бөгөөд Б.*******аас уг тогтоолтой холбогдуулан хэзээ гомдол гаргах эсэх нь тодорхойгүй, бодитой биш байхад хариуцагч уг шалтгаанаар дээрх 06 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

Түүнчлэн Б.******* нь Төрийн албаны зөвлөлд бичгээр гаргасан гомдол /хэргийн 194-р хуудсанд/-доо 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэж огноог тэмдэглэсэн байгаагаас харахад Салбар зөвлөлийн 2021 оны 06 дугаар тогтоолыг гарснаас хойш гурван сарын дараа гомдлоо бичсэн байгааг дурдах нь зүйтэй.

Харин Салбар зөвлөлөөс урьд гаргасан 2021 оны 06 дугаар тогтоолыг маргаан бүхий 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолоор хүчингүй болгосон цаг үеэс эхлэн Г.*******г сургуулийн захирлын албан тушаалд томилох асуудлаар шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх хариуцагч ******* сумын Засаг даргын тайлбар үндэстэй.

16. Хариуцагч ******* сумын Засаг даргаас урьд нь 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1/87 албан бичиг /хавтаст хэргийн 70-р тал/-ээр сургуулийн захирлын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтын захиалгыг мөн хүргүүлж байсан боловч уг албан тушаалд нэр дэвшүүлэх шаардлагыг хангасан нэр дэвшигч бүртгэгдээгүйн улмаас сонгон шалгаруулалт зохион байгуулагдаж байгаагүй талаар хэргийн оролцогчдын хэн аль нь тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй.

17. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д зааснаар төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийхийг хориглосон.

18. Энэ заалтыг хариуцагч Салбар зөвлөлөөс буруу хэрэглэж, маргаан бүхий захиргааны акт болох 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолоор хууль, журмын дагуу явагдсан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Г.*******г нэр дэвшүүлж, томилуулахаар урьд гаргасан 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолоо хүчингүй болгосон нь хууль бус байна.

Тодруулбал, хариуцагч Салбар зөвлөл 2022 оны 18 дугаар тогтоолыг гаргахдаа ...Г.*******г ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэх талаарх маргаан иргэний хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Г.*******г нэр дэвшүүлж томилуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д заасныг зөрчсөн тул 2022 оны 18 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хариу мэдэгдэх гэсэн Төрийн албаны зөвлөлийн Зөрчил арилгуулах тухай 01/366 дугаар албан бичгийг үндэслэсэн нь хууль бус байна.

19. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам-ын 1.4-д Төрийн албаны зөвлөл нь Салбар зөвлөлд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч удирдах-аар, 3.9-д Салбар зөвлөл нь Зөвлөлөөс үүрэг чиглэл болгосон арга хэмжээг хэрэгжүүлэх-ээр заасан ба энэ чиг үүрэг нь хуулийн хүрээнд байх ёстой.

Энэ агуулгаар Салбар зөвлөл дээд шатны байгууллагынхаа хуульд нийцсэн шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлэх нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шударга ёсны болон хууль дээдлэх зарчимд нийцэхээр байна.

Иймд дээд шатны байгууллагын хуульд нийцээгүй үүрэг чиглэлийг биелүүлэхээр хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргасныг доорх үндэслэлээр зөвтгөх боломжгүй юм.

20. Хэрэгт авагдсан иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдээс харахад нэхэмжлэгч Г.******* нь ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэх талаарх хөдөлмөрийн гэрээнд заасан сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэл гэх хугацаа зөрчигдсөн маргаан бүхий нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гарган 2019 онд шийдвэрлүүлжээ.

Өөрөөр хэлбэл, Г.******* нь сургуулийн захирлын үндсэн албан тушаалд томилогдон ажиллах ёстой гэж маргаагүй, төрийн албанаас бүрмөсөн чөлөөлөх, халах, албан тушаал бууруулах асуудлаар гарсан захиргааны шийдвэртэй маргаагүй, зөвхөн хавсран гүйцэтгэх үүргээс чөлөөлсөнтэй холбоотой маргаанаа иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлж байсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 39.1.15-д заасан томилгоо хийх хориглолт энэ нөхцөлд хэрэглэгдэхээргүй байна.

Маргаан бүхий албан тушаалын албан үүргийг хавсран гүйцэтгүүлэх тухай асуудал нь тухайн албан тушаалын сул орон тоог нөхөж, жинхлэн томилох асуудлаас дээгүүр тавигдах боломжгүйн дээр уг хавсран гүйцэтгэх үүрэгтэй холбоотой асуудал нь албан тушаалын сул орон тоог нөхөх ажиллагааг хязгаарлах боломжгүй тул маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн төрийн албан тушаалд томилогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

21. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт гаргахын өмнө... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-д Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж заажээ.

Хариуцагч Салбар зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч П.******* ...Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтын баримт, материалуудыг татаж хянаад 2021 оны 06 дугаар тогтоолыг хүчингүй болгох чиглэл өгсөн учраас 2022 оны 18 дугаар тогтоолыг гаргахдаа Г.*******г сонсох ажиллагааг явуулах шаардлагагүй гэж үзсэн хэмээн маргаан бүхий 2022 оны 18 дугаар тогтоолыг гаргахаас өмнө уг шийдвэр чиглэгдэж буй Г.*******д тайлбар, санал гаргах боломж олгож, сонсох ажиллагааг явуулаагүй, энэ талаар баримт байхгүй гэдгийг хүлээн тайлбарлаж байна.

Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулах талаарх дээрх хуулийн заалтыг ийнхүү зөрчсөн байх ба энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэстэй байна.

22. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15 дахь хэсэгт заасантай нийцээгүй бөгөөд уг хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу батлагдсан Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам-ын дагуу нэр дэвшиж, сургуулийн захирлын албан тушаалд томилогдох нөхцөлийг хангасан нэхэмжлэгч Г.*******гийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагч нараас зөрчсөн байх тул Салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Нэр дэвшүүлсэн шийдвэр хүчингүй болгох тухай 18 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Г.*******г ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилохгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Г.*******г сургуулийн захирлын албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

23. Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, даалгах нэхэмжлэлийн шаардлага захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргааны харьяаллыг зааж өгсөн ба 13.1-д ...Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ гэжээ.

Энэ хэрэгт нэхэмжлэгч Г.******* болон хариуцагч ******* сумын Засаг дарга нар нь тус сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үүргийг жинхлэн гүйцэтгэх талаар байгуулсан ямар нэгэн иргэний эрх зүйн гэрээ /хөдөлмөрийн гэрээ гэх мэт/-ний талаар буюу хувийн эрх зүйн хүрээнд маргаагүй.

Харин Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагад хамаарах захиргааны албан тушаалтан болох сумын Засаг даргаас холбогдох сонгон шалгаруулалтын үр дүнг үндэслэн төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч буюу сургуулийн захирлын албан тушаалд жинхлэн томилох талаар захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй /нийтийн эрх зүйн хүрээн дэх гадагш чиглэсэн/-тэй холбоотой маргаан хэлэлцэгдэж байгаа учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэстэй тул хариуцагчийн өмгөөлөгчийн дээрх тайлбар эрх зүйн үндэслэлгүй байна.

24. Салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Нэр дэвшүүлсэн шийдвэр хүчингүй болгох тухай 18 дугаар тогтоолын талаар нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлээгүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж заажээ.

Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.3-д Төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөл нь салбар зөвлөл-тэй байхаар заасан тул Салбар зөвлөлийн шийдвэрийн талаар түүний дээд шатны байгууллага буюу Төрийн албаны зөвлөлд гомдол гарган урьдчилан шийдвэрлүүлэхээр байна.

Нэхэмжлэгч Г.******* нь Салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Нэр дэвшүүлж, санал болгох тухай 06 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахтай холбогдуулан Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж байсан байх ба Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/367 дугаар албан бичиг /хэргийн 80-р хуудсанд/-ээр ...Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д заасан томилгоо хийх хориглолтыг зөрчиж зохион байгуулсан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргасан 2021 оны 06 дугаар тогтоолыг хууль бус, хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй... гэх агуулга бүхий хариу өгсөн байна.

Уг албан бичгээр маргаан бүхий захиргааны акт буюу Салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Нэр дэвшүүлсэн шийдвэр хүчингүй болгох тухай 18 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн асуудал буюу Г.*******г ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд нэр дэвшүүлж, томилуулах тухай 2021 оны 06 дугаар тогтоолыг хуульд нийцээгүй, хүчингүй болгох үндэслэлийн талаар Төрийн албаны зөвлөлөөс баримталж буй байр суурь Г.*******д нэгэнт илэрхийлэгджээ.

Мөн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Нэр дэвшүүлж санал болгох тухай 06 дугаар тогтоолыг хүчингүй болгох чиглэлийг Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/366 дугаар албан бичгээр Салбар зөвлөлд хүргүүлсэн байна.

Салбар зөвлөл нь 2021 оны 06 дугаар тогтоолыг хууль бус гэж үзэж хүчингүй болгох тухай Төрийн албаны зөвлөлийн үүрэг чиглэл, шаардлагаар маргаан бүхий 18 дугаар тогтоолыг гаргасан байх тул нэхэмжлэгчийн тухайд уг тогтоолын талаар Төрийн албаны зөвлөлд гомдол гарган урьдчилан шийдвэрлүүлээгүйг буруутгах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн дээрх шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй, энэ журмыг хэрэглэх боломжтой гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэсгүй байна гэж үзлээ.

25. Хариуцагч талаас шүүх хуралдаан дээр ******* сумын сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад Г.*******гийн хамт нэр дэвшин өрсөлдсөн Б.*******аас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн албаны зөвлөлд бичгээр гаргасан гомдлыг шинэ баримтаар гаргаж өгсөн.

Энэ баримт нь дээрх албан тушаалын сонгон шалгаруулалтын талаар маргаан гарч, нэр дэвшигч Б.******* Төрийн албаны зөвлөлд хандаж байсныг нотолно хэмээн тайлбарлаж байна.

Уг баримтад ...******* сумын сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалт нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д заасныг зөрчиж явагдсан тул хууль бус бөгөөд нэр дэвшигч Г.******* сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ хуурамч баримт бүрдүүлж өгсөн, Салбар зөвлөл тэдгээр баримтыг нягталж шалгаагүй гэх агуулга бүхий гомдол тусгагджээ.

Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтын материалыг татаж хянаад, 2021 оны 06 дугаар тогтоолыг хүчингүй болгох чиглэл өгсөн, харин нэр дэвшигч хуурамч баримт бүрдүүлсэн үндэслэлээр сонгон шалгаруулалтыг хууль бусд тооцох талаар Төрийн албаны зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр гаргаагүй, хуурамч баримт бүрдүүлсэн эсэх талаар хуулийн байгууллагаас шалгаж байгаагүй талаар хариуцагч Салбар зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч П.******* тайлбарлаж байгаа ба энэ талаар оролцогчдын хэн аль нь маргаагүй тул Б.*******ын гомдлыг Төрийн албаны зөвлөлөөс хэрхэн шийдвэрлэж, хариу өгсөн талаар баримт цуглуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж шүүх үзсэн болно.

26. Мөн хариуцагч талаас ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дугаар албан бичгийг гаргаж өгсөн ба уг баримт нь маргаан бүхий захиргааны актыг гарснаас хойш үйлдэгдсэн хэрэгт хамааралгүй баримт байх бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн хөдөлмөрийн гэрээг шинэчлэхдээ сургуулийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэх гэрээний хугацааг дордуулахгүй байх тухай саналыг сумын Засаг даргад хүргүүлж буй агуулга бүхий хэрэгт ач холбогдолгүй баримт байх тул шүүхээс үнэлэх шаардлагагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11, 39 дүгээр зүйлийн 39.1.15 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Нэр дэвшүүлсэн шийдвэр хүчингүй болгох тухай 18 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Г.*******г Завхан аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилохгүй байгаа тус сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Г.*******г Завхан аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилохыг тус сумын Засаг даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргаас 35 100 төгрөгийг, Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 35 100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ