Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2021/00400

 
 
 
 
 
   2021 о      02 с      01 ө Дугаар            101/ШШ2021/00400 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, Боржигон овогт Цогоогийн Болортоль /РД:ФМ78012708/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Батдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: “... Миний бие Д.Батдаваа нь эхнэр Ц.Болортольтой 2004 онд танилцаж, хамт амьдарч эхэлсэн бөгөөд 2008 онд гэрлэлтээ батлуулж албан ёсоор гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2005-08-02-нд охин Б.Ариунболор, 2009-05-31-нд хүү Б.Хосбаяр нар төрсөн. Бид 2011 оноос тусдаа амьдрах болсон бөгөөд цаашид дахин хамтран амьдрахгүй тул хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Охин Б.Ариунболор, хүү Б.Хосбаяр нар нь эхийн асрамжид байдаг ба бидний хооронд эд хөрөнгийн болон хүүхэд асран хамгаалах талаар ямар нэгэн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тус тусын амьдралтай тул эвлэрэх хугацаа авах шаардлагагүй...” гэжээ.
Хариуцагч Ц.Болортоль шүүхэд болон шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Бид өөр өөрийн амьдралтай болсон. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хоёр хүүхэд Б.Ариунболор, Б.Хосбаяр нар миний асрамжид үлдэж байгаа. 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хүүхдийн асрамжийн маргаан байхгүй. Д.Батдаваагаас хүүхдийн тэтгэмж гаргуулахгүй. Цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй тус тусдаа амьдралтай болоод олон жил болж байна.
Бид эвлэрэх хугацаа авах шаардлагагүй учраас бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй учир хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Батдаваа хариуцагч Ц.Болортольд холбогдуулан “гэрлэлт цуцлуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Хариуцагч “гэрлэлт цуцлуулах” шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаж байна. 
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 
Гэрлэгчид 2004 онд танилцаж, улмаар 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2005 оны 08 дугаар сарын 02-нд охин Батдаваагийн Ариунболор, 2009 оны 05 дугаар сарын 31-нд хүү Батдаваагийн Хосбаяр нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн тайлбараар тогтоогдож байна. 
Гэрлэгчид 2011 оноос хойш 10 жил тусдаа амьдарч байгаа ба нэхэмжлэгчийн ... Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тус тусын амьдралтай тул эвлэрэх хугацаа авах шаардлагагүй..., гэх, хариуцагчийн “... 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хүүхдийн асрамжийн маргаан байхгүй, цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй тус тусдаа амьдралтай болсон... гэх тайлбарууд болон цаашид хэн аль нь эвлэрэх боломжгүй болсон гэж тайлбарлан гэрлэлтээ цуцлуулах хүсэл зоригоо шүүхэд хангалттай илэрхийлж, зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлав.   
Гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэсэн тул хүүхдийн асрамжийг шүүх шийдвэрлэх нь зүйтэй ба гэрлэгчид хүүхдүүдийн асрамжийн тал дээр маргахгүй, эх Ц.Болортолийн асрамжид үлдээхийг хэн аль нь зөвшөөрч байх тул шүүх охин Б.Ариунболор, хүү Б.Хосбаяр нарыг эх Ц.Болортолийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаан үүсгээгүйг дурдах нь зүйтэй.
Охин Б.Ариунболор, хүү Б.Хосбаяр нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь Д.Батдаваагийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх Ц.Болортоль саад болох учиргүй юм. 
Д.Батдаваагийн хувьд охин Б.Ариунболор, хүү Б.Хосбаяр нарыг эх Ц.Болортолийн асрамжид үлдээн шийдвэрлэснээс хойш хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд хүүхдүүдийн асрамжийн талаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээж болохыг дурдъя.
Нэхэмжлэгч Д.Батдаваа, хариуцагч Ц.Болортоль нарын хүсэлтийг үндэслэн зохигчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар*******, Боржигон овогт Цогоогийн Болортоль /РД:ФМ78012708/ нарын гэрлэлтийг цуцалсугай.   
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 08 дугаар сарын 02-нд төрсөн охин Батдаваагийн Ариунболор /РД:УК05280247/, 2009 оны 05 дугаар сарын 31-нд төрсөн хүү Батдаваагийн Хосбаяр /РД:УК09253196/ нарыг эх Ц.Болортолийн асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаан үүсгээгүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Болортолиос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Батдаваад олгосугай.
6. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах М.Бишдарьд даалгасугай.        
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
 
 
ДАРГАЛАГЧ                                   Д.БАТЦЭЦЭГ