Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2021/00552

 

 

 

 

 

            2021        02          23

                                 101/ШШ2021/00552

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Э

 

Нэхэмжлэгч: Э.Д,

 

Хариуцагч: *******,

 

Дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, Э.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга З.А нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нараас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Ц.Э-ы өмчлөлийн *******ны тоотод байрлах 360 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, тус хаягт байрлах 700 м.кв эзэмшлийн газар,

 

Э.Д-ын өмчлөлийн *******ны тоотод байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 176 м.кв талбайтай гахайн байр, гараж, ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 120 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Төвийн 10 айлын, 2 дугаар гудамжны 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 78 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц,

 

Мөн тухайн газартаа худаг гаргуулж, хүүхдийн тоглоомын байр, гахайн байр, хашаа дотроо засмал зам тавьж, хашаагаа блокоор барьж, хашааны гол баганыг туул голын гөлгөр чулуу шигтгэж, гадна болон дотор талыг нь шавардаж өнгөлж тохижуулсан.

 

Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 550,000,000.00 сая төгрөгөөр үнэлж *******-т үнийн санал хүргүүлсэн.

 

Гэтэл *******-аас 300,000,000.00 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдэл ирүүлсэн. Тухайн байшинг барьж байгуулахад маш их зардал гарсан. Гэтэл *******ын дунд буудлын зам дагуу 2 давхар ганц машин орж зогсох хэмжээний жижиг хашааг 500,000,000.00 төгрөгийн үнэтэй байдаг. Мөн хоосон 2 айлын хашаа 180,000,000.00 төгрөгийн үнэтэй байгаа. Яагаад ийм үнэтэй байгаа вэ гэхээр зам дагуу эхний хашаа учраас ийм үнэтэй байгаа гэж хариулдаг.

 

Тэгэхэд 3 айлын газар 3 ширхэг байшин үүнээс бага үнэтэй байгаа нь үнэлгээ буруу гарсан гэж үзэх үндэслэлтэй. Миний байшинг 300,000,000.00 төгрөгөөр үнэлээд эхний дуудлага худалдаанд эхний удаа 70 хувиар дараагийн удаа 50 хувийн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулах боломжтой. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзвэл миний хөрөнгийн үнэгүйдэх нөхцөл байдал үүссэн.

 

Миний эхнэр 69 настай, би өөрөө 68 настай бидний хөрөнгийг ийм бага үнээр үнэлж худалдан борлуулахад хоёр хөгшин хаана амьдрах вэ. Тиймээс үл хөдлөх хөрөнгөд тогтоосон үнийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн захирамжаар Н.Б, Э.Д, Ц.Э нараас 190.287.484 төгрөгийг гаргуулж “А” банкинд олгохоор шийдвэрлэсэн.

 

Төлбөр төлөгч Э.Д-ын өмчлөлийн *******ны 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 176 м.кв талбайтай гахайн байр, гараж, ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 120 м.кв талбайтай хувийн сууц, *******ны 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 78 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц,

 

Ц.Э-ы өмчлөлийн *******ны 360 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, тус хаягт байрлах 700 м.кв эзэмшлийн газрын хамт битүүмжлэн хурааж, 177 дугаар зүйлийн 177.1-д заасны талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 9/479 дүгээр хөндлөнгийн шинжээч томилоход 350,342,000.00 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

 

Эд хөрөнгийн үнэлгээг талуудад 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.7-д заасан хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад   

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э, Э.Д нараас хариуцагч *******-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариуцагчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаар “А банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Б, Э.Д, Ц.Э нарт холбогдох 190,287,484.40 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэжээ.

 

Тодруулбал, тус захирамжаар нэхэмжлэгч “А банк” ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 132,278,194.77 төгрөг, зээлийн хүү 58,009,289.63 төгрөг, нийт 190,287,484.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хариуцагч Н.Б, Э.Д, Ц.Э хүлээн зөвшөөрч, зээлийг хүүгийн хамт 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр зохигчид эвлэрсэн байна.

 

Ингээд талууд шүүхийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгч Э.Д-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, 10 айл 2 дугаар гудамж, 120 м.кв талбайтай хувийн орон сууц, мөн тус хаягт байрлах 176 м.кв талбайтай гахайн байр, ажилчдын байр, түүнчлэн тус хаягт байрлах 700 м.кв талбайтай газар, нэхэмжлэгч Э.Дын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, төвийн 10 айл 2 дугаар гудамж, 78 м.кв талбайтай хувийн сууц болон тус хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газар, нэхэмжлэгч Ц.Э-ы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, 10 айл 2 дугаар гудамж, 360 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, 700 м.кв талбайтай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохирчээ.  

 

Гэвч нэхэмжлэгч Э.Д, Ц.Э уг захирамжийг сайн дураар биелүүлээгүй учраас тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай гүйцэтгэх хуудсыг олгосон байна.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өгсөн нотлох баримтыг үзвэл тус байгууллага нь төлбөр төлөгч нараас 190,287,484.00 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн дээрх захирамжийг албадан биелүүлэхээр 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 20380231 тоот тогтоол гаргаж, энэ талаар төлбөр төлөгч нарт мэдэгджээ.

 

Улмаар хариуцагч *******-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах тухай арга хэмжээ болох төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, тэдгээртэй уулзах, хөрөнгийн тухай лавлагааг бусад этгээдээс авах болон эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг хязгаарлах зэрэг ажиллагааг зохих ёсоор гүйцэтгэсэн талаарх холбогдох баримтыг шүүхэд өгсөн бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гээд 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” гэж заажээ.

 

Тайлбарлавал, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг уг худалдааг явуулахаас өмнө төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй тохиолдолд хариуцагч *******-аасхараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн ийнхүү хөрөнгийн үнэлгээг тогтоох үндэслэл бий болдог.

 

Энэ нь, төлбөр төлөгч, аль эсхүл өмчлөгч нарын санал болгосон буюу тэдгээрийн тогтоосон үнэлгээг төлбөр авагч этгээд хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд тийнхүү маргаж байгаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг мэргэжлийн хөндлөнгийн үнэлгээчин тогтоох ажиллагааг гүйцэтгэдэг байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч *******-аас төлбөр төлөгч Ц.Э-аас маргааны зүйл болсон дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнийн талаар саналыг нь авахад тэрээр 350,000,000.00 төгрөг гэсэн байх боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 500,000,000.0 төгрөгөөр үнэлсэн гэсэн, харин төлбөр авагч “А банк” ХХК-ийн зүгээс энэхүү үнэлгээг үл хүлээн зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргажээ.

 

Ингээд хариуцагч *******-ын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-ийг томилсон ба тус компанийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсанаар тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг бүхэлд нь нийт 350,342,000.00 төгрөгөөр үнэлжээ.

 

Энэ дүгнэлтэд тусгагдсанаар барьцаа хөрөнгө бүрийн үнийг зах зээлийн харьцуулалтын аргад тулгуурлаж, өнөөгийн зах зээлийн ханшийг тогтоосон, ийнхүү дүгнэлт гаргахдаа ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнийг судалсан байх тул нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгийн бодит байдлыг бүрэн үнэлээгүй буюу хэт багаар үнэлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, энэхүү үнэлгээг ямар эх сурвалжид үндэслэсэн, үнэлгээний ямар аргыг хэрэглэсэн, ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн ханш хэдэн төгрөг байсан, чухам ямар үндэслэлээр итгэлцүүр хэрэглэсэн гэх зэргийг тус тус судалж, дүгнэсэн тухайгаа тодорхой тайлбарлажээ.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ”үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ” гэж, мөн 4 дүгээр зүйлий 4.1.1-д “хараат бус байх” гэж, түүнчлэн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна” гэж тус тус заасан бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” гэж тус тус заасан.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар “В” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин О.Б тусгай зөвшөөрөлтэй, түүнд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байгаагаас гадна тус компани хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа явуулдаг ажээ.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд хөрөнгийн үнэлгээний тайланд тавих шаардлагын талаар зохицуулсан ба хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-ийн дүгнэлтийг үзвэл тухайн шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаж байгаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг бүрэн судлаагүй” гэсэн.

 

Гэвч дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар хөрөнгийн үнэлгээний суурийг тогтоохоор зах зээлийн үнийн талаарх судалгааг хийхдээ маргаж байгаа үл хөдлөх хөрөнгүүдтэй ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдсан үнэ, эсхүл худалдахаар бусдад санал болгож байсан үнийг суурь болгосон нь зөрчил болохгүй юм. Тодрулбал, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 195 дугаар зүйлийн 195.1, 195.4-т тус тус зааснаар гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд аливаа этгээд нийтэд саналын дуудлага гаргаж, улмаар түүнд санал гаргасан хүн, хуулийн этгээдтэй худалдах, худалдах авах гэрээ байгуулж, эд хөрөнгийг худалдсан болон худалдахаар санал болгож буй үнийн саналыг үндэслэсэн нь үнэлгээний суурь зарчимд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.Э, Э.Д нар шинжээч “В” ХХК-ийн үнэлгээг үл хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн ханшийг 350,342,000.00 төгрөгөөс “их байх ёстой” гэж маргаж буй тохиолдолд тийнхүү маргаан үүсгэсэн үеэс эхлэн татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй боловч тэд шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаар холбогдох баримтыг шүүхэд өгөөгүй.

 

Зүй нь, нэхэмжлэгч нараас үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 350,342,000.00 төгрөг биш, харин 500,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй байсан гэсэн тайлбараа нотолсон эргэлзээ төрүүлэхүйц хэмжээний баримтыг шүүхэд ирүүлэх учиртай боловч тийм тайлбар бүхий нотлох баримтыг өгсөнгүй.

 

Харин хариуцагч ******* нь хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн үнэлгээг үндэслэн төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1-д зааснаар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тооцсон нь хуульд нийцсэн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ”үйлчлүүлэгч гэж хөрөнгийн үнэлгээ хийлгэж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийг хэлнэ” гэж, мөн 5 дугаар зүйлийн 5.1-д Хөрөнгийн үнэлгээг дараахь үндэслэлээр хийнэ” гээд 5.1.1-д “үнэлгээчин болон үйлчлүүлэгч харилцан тохиролцсон”, түүнчлэн 5.1.2-д “хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, хөрөнгийн үнэлгээг зөвхөн үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн шүүхийн захирамж болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоолоор хийх ёстой гэж ойлгохгүй ба иргэн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хөрөнгийн үнэлгээчинд хүсэлт гаргаж, харилцан тохиролцон дүгнэлт гаргуулах боломжтой юм.

 

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгч нарыг нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэсэн боловч тус үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.Э, Э.Д нар “В” ХХК-ийн хөрөнгийн тайлантай 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр танилцаж, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан шүүхийн харъяалал зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзсан байна.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй. Гэвч нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохгүй байх тул шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ц.Э, Э.Д нарын гаргасан хариуцагч *******-т холбогдох нэхэмжлэгч Э.Д-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, 10 айл 2 дугаар гудамж, 120 м.кв талбайтай хувийн орон сууц, мөн тус хаягт байрлах 176 м.кв талбайтай гахайн байр, ажилчдын байр, түүнчлэн тус хаягт байрлах 700 м.кв талбайтай газар, нэхэмжлэгч Э.Д-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, төвийн 10 айл 2 дугаар гудамж, 78 м.кв талбайтай хувийн сууц болон тус хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газар, нэхэмжлэгч Ц.Э-ы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, 10 айл 2 дугаар гудамж, 360 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, 700 м.кв талбайтай газрыг тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШЗ2020/21207 тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг үүгээр дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР