Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 212/МА2018/00078

 

А.Ж-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2018/00314 дүгээр шийдвэртэй, А.Ж-н нэхэмжлэлтэй, Х.Жан-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, түүний өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, орчуулагч Ж.Ахмарал нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч Х.Жанад холбогдуулан (1) 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны хүү Ж.А-д олгох 9200000.00 төгрөгийн тэтгэлгийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагын хэмжээг ихэсгэж (2) хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхэд төлсөн хураамж 300000.00 төгрөг, (3) замын зардал 981000.00 төгрөг, нийт 10481000.00 төгрөг гаргуулах” тухай.

 

Нэхэмжлэлд: “1. Иргэн А.Ж би Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 130/ШШ2018/00004 дугаартай шийдвэрээр 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Ж.А-ы эцэг Х.Жан мөн болохыг тогтоолгоод, Х.Жанаар хүүхдийн тэтгэлгийг төлүүлэхээр болсон. 

2. Тус шүүхэд нэхэмжлэгч би хүү Ж.А бид хоёр биеийн эрүүл мэндийн талаас болон мөнгө төгрөгийн бололцоогүй байдал, мөн үйл явдал болсон газар нь Баян-Өлгий аймаг зэргийг харгалзан үзэж нэхэмжлэгч миний оршин суугаа тус шүүхээр шалган шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлт гаргаснаар шүүх миний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

3. Х.Жан нь одоо гар утсаа авахгүй байгаа бөгөөд ямар ч газар ажил эрхлэхгүй байна. Түүнээс гадна Улаанбаатар хотод байгаа байраа худалдсан байна. Гэр орныхоо доторх эд хөрөнгийг нь Өлгийд авч ирж өөрийн эцэг С.Х, хадам нь болох Х.А нарын гэрт нь хураасан байна. Х.Жанын энэ байдал нь Улаанбаатар хотод амьдрахгүй байгаа, тэнд оршин суухгүй гэдгийг нотолж байна. Энэ байдлууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 15 дугаар зүйлийн 15.4-д заасныг баримтлан хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн харьяаллаар шийдвэрлэх боломжтой тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсэж нэхэмжлэлд зориуд энэ байдлыг тусгаж байгаа билээ.

4. Нэхэмжлэгч А.Ж би хүү Ж.Аы эцгийг тогтоолгохыг анхнаасаа хүсээгүй байсан. Гэтэл Х.Жанын эцэг С.Х, эх нь н.Б нарын элдэв дарамт шахалтад орж, аргагүйн улмаас шүүхэд хүүхдийн эцэг тогтоолгохоор хандсан. Би жирэмсэн болж хүүхдээ төрүүлэх хугацаа дөхсөн үед Х.Жан нь надыг хууран мэхэлж, эцэг эхийнхээ үгэнд орж А-ын охин С-тай гэрлэж миний итгэл найдварыг хөсөрдүүлж, түүнд зориулсан хайр сэтгэлийг минь гишгэж, нулиман доромжлоод гарал үүсэл, баян тансгаараа гайхуулаад явсан. Түүний энэ үйлдлийг би насан туршдаа уучлахгүй болсон. Миний амьдралыг орвонгоор эргүүлж, ах дүү, төрөл садан, найз нөхөд, олон түмний дунд намайг нэр нүүргүй болгон тавлуулж, сайхан эрүүл чийрэг төрсөн хүү Ж.А-ыг өнчрүүлж, намайг сэтгэл санааны асар их дарамт, доромжлолд үлдээсэн бөгөөд энэ байдлаас болж би зожиг, бүрэг болсноос гадна өвчтэй болсон. Ийм байдалтай байхад тэдний эцэг эх, Х.Жан нарын утсаар болон ил далд бусад байдлаар надад халдаж дарамталж байсан үйлдлүүдийг тэвчин байж хөрөнгө мөнгөөр гачигдаж байсан ч хүү Ж.А-ыг асарч, хүмүүжүүлж өдий зэрэгт хүргэсэн.

5. Х.Жан нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1993 дугаартай захирамжаар эцэг тогтоолгох зорилгоор аймгийн Шүүхийн шинжилгээний төвд цус, биологийн дээжийг өгөхдөө аймаг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8843 дугаартай шинжээчийн дүгнэлтэд өөрөө нөлөөлж, эсвэл бусдаар нөлөөлүүлж, хүү Ж.А-ы эцэг Х.Жан биш гэж дүгнэлт гаргуулсан. Дашрамд хэлэхэд Х.Жан нь өөрөө болон бусдаар ямар ч хууль хяналтын байгууллагад нөлөөлж болзошгүй этгээд юм. Би тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Ж.А-ы эцэг Х.Жан мөн эсэхийг дахин шинжилгээ хийж тогтоож өгөхийг хүсэж хүсэлт гаргасан тул шүүх хүлээн авч 2017 оны 10 дугаар сард дахин шинжилгээ хийлгэхээр захирамж гаргасан. 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс Ж.А-ы биологийн эцэг хариуцагч Х.Жан болох нь 99.9 хувийн магадлалтай гэсэн 10749 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн. Энэ дүгнэлтэд өмнөх 8843 дугаартай шинжээчийн дүгнэлтэд өгсөн Х.Жанын гэх цус нь огт өөр эрэгтэй хүний цус байна гэж тэмдэглэсэн байсан. Шинжээчийн дүгнэлт тодорхой, үнэн зөв гарсны дараа шүүх түдгэлзсэн энэ хэргийг сэргээн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 шийдвэрээр миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул би тус шүүхэд энэхүү нэхэмжлэлээ гаргах эрх нээгдсэн гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна.

Иймд 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Ж.Аы төрсөн өдрөөс эхлэн тус шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дугаартай шийдвэр гарсан өдөр хүртэлх 2 жил 9 сарын хугацаагаар нийт 9200000 төгрөгийг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцож хүү Ж.Аы эцэг Х.Жанаас гаргуулж өгөхийг хүснэ. Нэгэнт хүү Ж.Аы эцэг Жан мөн болж шүүхээр тогтоогдсон болохоор Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар Х.Жан хүү нь болох Ж.А-д тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийж байсан гэж үзэж дээрх хугацааны тэтгэлгийг нөхөн гаргуулж өгнө үү.

А.Ж би хүүхдийн эцэг тогтоолгох шүүхийн ДНК-гийн шинжилгээ хийлгэхэд шинжилгээний зардал гэж 300.000 төгрөг төлсөн. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч д/ч Б.Гантуяагийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8843 дугаартай ДНК-гийн шинжилгээний дүгнэлтийг эс зөвшөөрч биеэр очиж шинжилгээ өгөх зорилгоор А.Ж би хүү Ж.А, өмгөөлөгч С.Алтай, эцэг Х.А нарын хамт 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр онгоцоор Улаанбаатар хотод очиж хүү Ж.А бид хоёр Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд цус, шүлсний биологийн эсийн дээжийг өгсөн. Үүнд: Өлгийгээс Улаанбаатар хот очих 3 том, 1 хүүхдийн онгоцны тийзийн үнэ 579.900 төгрөг, Улаанбаатар хотоос Өлгий рүү буцах 2 том хүн 1 хүүхдийн онгоцны тийзийн үнэ 401.100 төгрөг болсон. Эдгээр зардлуудыг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарт: “1. Нэхэмжлэгч А.Ж нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Ж.А-ы төрсөн өдрөөс эхлэн шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дугаартай шийдвэр гарах өдөр хүртэлх 2 жил 9 сарын хугацаагаар нийт 9200000 төгрөгийг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцож хүү Ж.А-ы эцэг Х.Жанаас гаргуулж өгөхийг хүснэ гэжээ. Х.Жан нь зөвхөн шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш гарсан хүүхдийн тэтгэлгийг төлөх ёстой ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 9200000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр А.Ж-гийн нэхэмжлэлтэй, Х.Жанад холбогдох иргэний хэргийг хянан шалгах ажиллагаа явагдаж байгаа үед Х.Жан нь нэхэмжлэгч А.Ж-д хүүхдийн тэтгэлэгт 10,0 сая төгрөг, бусад зардалд 1,200,000 төгрөг нийт 11,200,000 төгрөг төлсөн. Тухайлбал, нэхэмжлэгч А.Ж-ийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үйлдсэн баримтад “Миний бие А.Ж нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод Х.Жантай уулзаж бид хоёрын дунд асуудалтай явж байгаа Ж овогтой А-д өгсөн тэтгэлгийн мөнгө болон арван сая төгрөг (10,000,000) авсан үнэн болно.” гэжээ. Иймд уг А.Ж-гийн Х.Жанаас авсан 10,000,000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт урьдчилан төлсөн болохыг анхаарч үзэхийг хүсэж байна. Энэ асуудал нь 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр болсон шүүх хуралдааны үед ч яригдаж байсан юм. Иймд А.Ж-гийн нэхэмжлэлийн шаардлагыг зохих хууль тогтоомжийн хүрээнд шүүх хуралдаанаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2018/00314 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан Х.Жанаас 1059200 төгрөгийг гаргуулан А.Ж-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 9421800 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжлэгч А.Ж-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2018/00314 дугаар шийдвэрийг хэсэгчлэн эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс гадна Гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс болж гаргасан шийдвэр нь үндэслэлтэй буюу хууль ёсны байж чадаагүй юм. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт А.Ж-гийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн баримтыг "шийдвэр гарахаас өмнөх хүүхдийн тэтгэлгийг төлсөн гэж тооцох боломжтой" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.    1. Анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дугаартай шийдвэр гарах хүртэлх хугацаанд хариуцагч Х.Жан нь өөрийнхөө хүүхэд Ж.А-ыг өөрийнхөө хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Энэ нь эцэг тогтоосон шүүхийн шийдвэрт тодорхой бичигдсэн байсан. Тус нэхэмжлэлтэй хэрэг дотор хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбарт маш тодорхой бичсэн байсан. Гэтэл нэхэмжлэгч А.Ж-д өгсөн 10 сая төгрөгийг хүүхдийн тэтгэлэг болгон өгсөн байна гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Х.Жан нь Ж.А-ыг шүүхийн шинжилгээний албанаас ДНК-гийн шинжилгээ хийлгэж, шүүхийн шийдвэр гарсны дараа л өөрийнхөө хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Үүнээс өмнө Ж.А-д зориулж тэтгэлэг өгөх байтугай эцэг нь мөн гэдгээ ч зөвшөөрөхгүй байсан хүнийг хүүхдэд зориулан тэтгэлэг өгсөн байна гэж дүгнэж болохгүй. Цаг хугацааны хувьд маш их зөрүүтэй байгааг шүүх анзаараагүй. Х.Жан нь миний хүүхэд болох А.Ж-г эхнэр болгож авна гэж хууран мэхэлж, амьдралаар нь тоглож сэтгэл санааны гүн цохилтод оруулсан. Үүнээс болж хүүхэд маань эрүүл мэндээ алдаж, 1 хүүхэдтэй, өөрөө өвчтэй болж үлдсэн. Х.Жан нь өөрийнхөө буруугаа ухамсарлаж, өөр хүнтэй гэр бүл болсон гэдгээ хэлж "шүүхэд гаргасан гомдлоо татаж аваач ээ, эхнэр маань өөр эмэгтэйтэй холбоотой байсан гэдгийг мэдэж болохгүй" гэж хичээнгүйлэн гуйж 10 сая төгрөг өгсөн байсан. Энэхүү өгсөн мөнгө нь миний охины сэтгэл санаа, бие эрхтний хувьд амссан хохирлын хажууд юу ч болохгүй. Х.Жан энэхүү мөнгийг өөрөө хүчээр өгсөн учраас хүлээн авч байсан байна. Гэхдээ тухайн үед өгсөн нэг удаагийн мөнгийг хүү Ж.А-ы өнгөрсөн болон ирээдүйн тэтгэмжид тооцуулахаар тохиролцоогүй. Хүүхдийн тэтгэмжийг сар болгон өөрт нь зориулан олгож байх ёстой. Нөгөөтээгүүр, А.Ж-гийн бичсэн баримтыг шууд утга нь хүүхдийн тэтгэлэгт бичсэн гэх боловч, энэ нь өөрөө хоёрдмол утгатай. А.Ж нь хариуцагч Х.Жанын хүүхдийг гаргасны төлөө түүнээс нэг удаагийн тэтгэлэг авч болох бөгөөд үүнийг хүүхдийн асаргааны мөнгө гэж үзэж болохгүй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т "Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно" гэж заасан эрхийнхээ дагуу урьд нь төлөөгүй хүүхдийн тэтгэмжийг нөхөн төлүүлэхээр А.Ж нэхэмжлэл гаргасан ба энэхүү шаардах эрхээ хэрэгжүүлэхэд 10 сая төгрөг саад болохгүй. Уг хуулийн урьдчилсан нөхцөл болох "Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн" байх ёстой гэсэн шаардлага нь хангагдаж байгаа. Энэ нь эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд гаргасан хариуцагч Х.Жанын тайлбараар хангалттай тогтоогдож байгаа.

3. Анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаарт "2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн Ж.А-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцож хүү Ж.А-ы эцэг Х.Жанаас тэжээн тэтгүүлсүгэй" гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасан байдаг. Анхан шатны шүүхийн энэхүү 00004 дүгээр шийдвэрээр Ж.А-ыг төрсөн өдрөөс нь эхлэн тэжээн тэтгүүлэхээр тогтоосон болох нь харагдаж байгаа. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг нөхөн төлүүлэх ёстой байсан.

4. Анхан шатны шүүх хэргийг будилаантуулж, зөвхөн нэг талын эрх ашгийн үүднээс шийдвэр гаргасан. 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн өглөө шүүхийн тамгын газарт хүсэлт гаргаж анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахаар очсон боловч хэрэг дотроос шүүх хуралдааны тэмдэглэлийг олж чадаагүй. Тэгээд шүүхийн Тамгын газрын ажилтнуудаас тодруулахад, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй байгаагаа хэлж, үдээс хойш 15 цагаас хойш тэмдэглэлийг гаргаж өгье гэж байх юм. Анхан шатны шүүхийн бодит дүр төрх ийм болсон байна. Шүүх хуралдааны тэмдэглэл 3 хоногийн дотор гарах ёстой атлаа нэг сар өнгөрсөн ч гэсэн бичигдээгүй байсан. 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Ж.А-ы 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх 2 жил 9 сарын хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаар болон Үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар тогтоосон хэмжээгээр тооцоход 2015 оны 6 дугаар сараас 2016 оны 1 дүгээр сар хүртэл 656800  төгрөг /164200:2=82100 төгрөг х 8 сар=656800 төгрөг/, 2016 оны 2 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сар хүртэл 988800 төгрөг /164800:2=82400 төгрөг х12 сар=988800 төгрөг/, 2017 оны 2 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл 915750 төгрөг /166500:2=83250 төгрөг х11 сар=915750 төгрөг/ нийт 2561350 төгрөг болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Ж.А- 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх 2 жил 9 сарын хугацааны хүүхдийн тэтгэлэг болох 2561350 төгрөгийг нэмж ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч Х.Жанад холбогдуулан (1) 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны хүү Ж.А-д олгох 9200000.00 төгрөгийн тэтгэлгийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагын хэмжээг ихэсгэж (2) хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхэд төлсөн хураамж 300000.00 төгрөг, (3) замын зардал 981000.00 төгрөг, нийт 10481000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч уг шаардлагуудыг эс зөвшөөрч маргасан байна.

 

            Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаар Ж.А нь 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн[1], шүүхийн шийдвэрээр[2] хүү Алиханы эцэг хариуцагч Х.Жан мөн болох нь тогтоогдсон, А.Ж нь хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээний хураамжид 300000.00 төгрөг[3], Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Улаанбаатар, Улаанбаатараас Өлгий сум хүртэл А.Ж /2 талын/, түүний эцэг Х.А /2 талын/, өмгөөлөгч С.Алтай /1 талын/, хүү А /2 талын/ нарын онгоцоор явсан замын зардалд 981000.00 төгрөг[4] тус тус төлсөн болох нь баримтаар тогтоогдсон байна. Харин хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн баримтаар нэхэмжлэгч А.Ж нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Х.Жанаас хүү А-гийн тэтгэлэгт зориулж 10000000.00 төгрөг авсан[5], хариуцагч Х.Жан нь нэхэмжлэгч А.Ж-гийн эцэг Х.А-ийн ХААН банк дахь дансанд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1200000.00 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн[6] үйл баримт тус тус тогтоогджээ.

 

            Нэхэмжлэгчээс 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны хүүхдийн тэтгэлгийн хэмжээг алдаатай тооцсон хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5.-д зааснаар эцэг Х.Жан нь хүүхдээ төрсөн цагаас нь эхлээд тэжээн тэтгэх үүрэгтэй, харин хүү Ж.А нь тэжээн тэтгүүлэх эрхтэй тул түүний эх А.Ж нь хүүхэд төрсөн цагаас нь эхлээд тэтгэлэг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүүхдийн тэтгэлгийг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэв. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.1.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл, 11 нас хүрээгүй хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг анхан шатны шүүх 2561350.00 төгрөг гэж нарийвчлан зөв тогтоосон бөгөөд хариуцагч Х.Жанаас хүү А-ны тэтгэлэгт зориулж 10000000.00 төгрөгийг А.Ж-д өгсөн нь зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэсний хураамж 300000.00 төгрөг, А.Ж, Х.А нарын замын зардалд 759200.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзвэл, нэхэмжлэгчээс хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээний хураамжид төлсөн 300000.00 төгрөгийг замын зардал 981000.00 төгрөгийн хамт нэхэмжилсэн үндэслэлээ “Х.Жан нь шинжээчийн дүгнэлтэд өөрөө нөлөөлж, эсхүл бусдаар нөлөөлүүлж хүү А-ын эцэг нь Х.Жан биш гэж дүгнэлт гаргуулсан. Х.Ж нь шүүхэд 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдөр дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, дахин шинжилгээ хийлгэснээр 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр А-ын эцэг Х.Жан мөн болох нь тогтоогдсон” гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч Х.Жанын гэм буруутай хууль бус үйл ажиллагааны улмаас хүүхдийн эцэг тогтоолгох тухай эхний шинжилгээ буруу гарсан, эсхүл тэрээр шинжээчээр худал дүгнэлт гаргуулсан талаар үйл баримт нотлогдохгүй байна. Тиймээс хариуцагч Х.Жанын хувьд бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан нь тогтоогдоогүй буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-т заасан үндэслэлгүй байх тул А.Ж-гийн шаардсан хүүхдийн эцэг тогтоолгох /дахин/ шинжилгээний хураамж 300000.00 төгрөг, замын зардал 981000.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээхгүй. Иймээс нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Гэвч хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ХААН банкны орлогын мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс дүгнэвэл, хариуцагч Х.Жан нь А.Ж-гаас гарсан дээрх зардлыг сайн дураараа төлж, 1200000.00 төгрөгийг А.Ж-гийн эцэг Х.А-ийн дансанд бэлэн бусаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсоныг тэмдэглэх нь зүйтэй. Энэ талаар анхан шатны шүүх зохигчдын тайлбарыг хуульд заасан журмаар үнэлээгүйгээс “...энэхүү мөнгийг ямар зорилгоор шилжүүлсэн, Х.А, Х.Жан нарын хооронд ямар эрх үүрэг үүссэн болох нь тодорхой бус байх тул энэхүү баримтыг үндэслэн А.Ж-гийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгох боломжгүй ...” гэж буруу дүгнэлт хийжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т заасныг хэрэгжүүлээгүйгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлд хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлүүлээгүй нь хууль ёсны байх зарчимд нийцээгүй тул нэхэмжлэгчээс нөхөн гаргуулах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчээс нөхөн гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтмол хугацаанд төлүүлэх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 83250.00 төгрөгийг[7] 12 сараар үржүүлсэн үнийн дүнгээс тооцоолсон болно.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Хуульд зааснаар нэхэмжлэгч талаас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55950.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2018/00314 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

 

“1. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Ж-гийн хариуцагч Х.Жанад холбогдуулан гаргасан 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны хүү Ж.А-д олгох 9200000.00 төгрөгийн тэтгэлгийг нөхөн төлүүлэх, хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхэд төлсөн хураамж 300000.00 төгрөг, замын зардал 981000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг:

 

“2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35292.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Ж-гаас улсын тэмдэгтийн хураамжид 28526.00 /хорин найман мянга таван зуун хорин зургаа/ төгрөг гаргуулан төрийн сангийн 0000100020000957 дугаартай дансанд нөхөн төлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55950.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

С.ӨМИРБЕК

 

 

 

 

 

           

 

 

 


[1] Хэргийн 5 дугаар тал. Хүүхдийн төрсний гэрчилгээ.

[2] Хэргийн 6 дугаар тал. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дугаар шийдвэр.

[3] Хэргийн 37 дугаар тал. Мөнгөн шилжүүлгийн баримт.

[4] Хэргийн 39-46 дугаар тал. Тодорхойлолтууд.

[5] Хэргийн 28 дугаар тал. Баримт.

[6] Хэргийн 27 дугаар тал. Орлогын мэдүүлэг.

[7] Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны даргын 2017 оны А/13 дугаар тушаалаар баруун бүст амьжиргааны доод түвшингийн хэмжээг сарын 166500.00 төгрөгөөр тогтоосон бөгөөд нэхэмжлэгч нь 11 нас хүртэл хүүхдийн тэтгэлгийг шаардсан байх тул уг үнийн дүнгийн тавин хувийг 12 сараар үржүүлэн тооцов.