Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/01211

 

 

Э ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02582 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2384 дүгээр магадлалтай,                                                                                                                                   

Э ын нэхэмжлэлтэй

“Б ” ХХК-д холбогдох

Тээврийн хэрэгслийн эзэмшигчээр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэл,

Автомашиныг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түмэнбаяр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э а нь хариуцагч “Б ” ХХК-д холбогдуулан тээврийн хэрэгслийн эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02582 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан ... УНО улсын дугаартай Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Э ыг тогтоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул Э ад холбогдуулан гаргасан тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай “Б ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 357,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.   

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2384 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02582 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.19-ний өдрийн 181/ШШ2020/02582 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.18-ны өдрийн 2384 тоот магадлалыг эс зөвшөөрч, хуулийг буруу хэрэглэсэн, буруу тайлбарласан гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. 2016.08.30-ны өдөр иргэн Э а нь “Э ” ХХК-тай 113/16 дугаартай эрх шилжүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд зааснаар тус компанид 18 сар ажиллах, Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг 2-с дээш удаа гаргахгүй байх үүрэг хүлээсэн бөгөөд мөн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг осолдуулахгүй, эвдрэл гэмтэл гаргаагүй байх, хяналт шалгалтын комиссоос сайн үнэлгээ авсан байх, албан ёсоор “Э ” ХХК буюу одоогийн “Б ” ХХК-ээс Хяналт шалгалтын комисс томилогдож гэрээний хавсралтад заасан техник хүлээлцсэн актын дагуу дүгнэлт гаргасны дараа тээврийн хэрэгслийг шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч комиссоос дүгнэлт гараагүй байна. Иргэн Э ын ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан тул талууд 2018.02.28-нд харилцан тохиролцож ямар нэгэн маргаангүйгээр гэрээний хугацааг 6 сараар сунгасан. Учир нь Э а 2017.06.28-ны Б582/17 тоот, 2018.02.20-ны өдрийн Б160 тоот тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учир Э ад эрх шилжүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлэх, сахин биелүүлэх нэмэлт хугацаа зааж өгсөн. Тухайн эрх шилжүүлэх гэрээний хүчинтэй хугацаа нь 2018.08.28-нд дуусах байсан. Гэвч Э а нь 3 дахь удаагийн 1 сахилгын зөрчлийг гэрээний хүчинтэй хугацаа дуусахаас өмнө гаргасан бөгөөд арга хэмжээ авсан тушаал нь 2018.09.05-нд гарсан. Иймд Иргэний хуулийн 225.1. Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй учир тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг иргэн Э ад шилжүүлэх боломжгүй болсон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т заасны дагуу Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ноогдуулна гэж заасан байдаг. Мөн УДШ-ийн 2006 оны 33-р тогтоолын дагуу зөрчил гаргасан гэх хугацааг 6 сарын дотор гэж ойлгоно гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Э ын 3 дахь удаагийн сахилгын шийтгэл нь хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандаж технологийн хяналт тавиагүй шалтгааны улмаас баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүний төмрийн агууламж буурч компанид хохирол учирсан тул Хөдөлмөрийн гэрээний 18.15-д заасны дагуу ноцтой зөрчил гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулсан. Тушаал нь 2018.09.05-нд гарсан боловч зөрчлийг гаргасан хугацаа, түүнийг хянан үзэх хугацаа нь гэрээний хүчинтэй хугацаа дуусахаас өмнө болсон процесс юм. Э а нь “А ” ХХК-д 2017.02.01-ний өдрөөс ажилласан боловч үндсэн гэрээний эрх, үүргийнхээ дагуу гэрээний сунгалтыг 2018.02.28-ны өдөр манай компанитай хийсэн. Эрх шилжүүлэх гэрээний 1.3-т заасны дагуу зөвхөн манай компаниар гэрээг дүгнүүлэх хүсэлт гарган дүгнүүлэх ёстой байсан боловч гэнэт бидэнд мэдэгдэлгүй ажлаас гарсан. Гэрээний зүйл болсон тээврийн хэрэгслийн өмчлөх эрх зөвхөн “Б ” ХХК дээр байгаа бөгөөд “А ” ХХК-д шилжээгүй нь хэрэгт авагдсан баримтаар батлагдаж байна. 2020.12.18-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2384 тоот магадлалаар Иргэний хуулийн 91.1 дэх хэсэгт гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдох тул тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Э а гэж үзнэ гэсэн байна. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хуулийн 106.2-ыг үндэслэн хэргийг шийдвэрлэснийг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 91.1 нь заасан эд хөрөнгийн эзэмшигч нь тухайн хөрөнгийн өмчлөгч гэж үзэх үндэслэл нь 91.2-т заасан дараах нөхцөлөөр үгүйсгэгддэг. 91.2.1. Эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол; 91.2.2. мөнгө, мэдүүлгийн үнэт цааснаас бусад эд хөрөнгө нь өмнөх өмчлөгчийн хүсэл зоригоос үл хамаарах үндэслэлээр эзэмшлээс нь гарсан бол өмнөх өмчлөгчийн хувьд өмчлөх эрх хэвээр байдаг. Давж заалдах шатны шүүхээс гэрээний зүйл болсон тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн улсын бүртгэл “Э ” ХХК буюу одоогийн “Б ” ХХК-ийн нэр дээр байгааг хэрэгт авагдсан нотлох баримтаар мэдэж байсан. Мөн Иргэний хуулийн 91.2.2-т зааснаар эрх шилжүүлэх гэрээг “Б ” ХХК-аар дүгнүүлэхгүйгээр тээврийн хэрэгслийг өөрийн дураар эзэмшилдээ байлгаж байгаа нь хууль бус бөгөөд жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар эзэмшлээс нь гаргасан байна. Иймд Э а нь хуульд заасны дагуу шударга бус эзэмшигч болно. Ийм учир давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 91.2, 106.2-ыг үндэслэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, буруу тайлбарласан гэж үзэж байгаа тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч Э а нь хариуцагч “Б ” ХХК-д холбогдуулан тээврийн хэрэгслийн эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан байна.

7. Анхан шатны шүүх ... УНО улсын дугаартай Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Э ыг тогтоож, Э ад холбогдуулан гаргасан тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай “Б ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

8. Талууд 2016.08.30-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулж, эрх шилжүүлэгч “Э ” ХХК нь уг гэрээнд заасан болзол хангагдсан нөхцөлд өөрийн өмчлөлийн Ниссан патрол маркийн ... УНО улсын дугаартай автомашиныг Э ын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцжээ.   

Дээрх гэрээг 18 сарын хугацаатай байгуулан, улмаар 6 сарын хугацаагаар сунгаж, 2018.08.30-ны өдөр дуусгавар болжээ. Гэрээнд зааснаар Э а нь “Э ” ХХК-д тасралтгүй 18 сар ажиллах, энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэлийг 2-оос дээш удаа хүлээгээгүй байх зэрэг нөхцөлийг тохиролцсон байна.

9. “Э “ ХХК оноосон нэрээ 2017.05.02-ны өдөр “Э ” ХХК гэж, 2020.01.29-ний өдөр “Б ” ХХК гэж тус тус өөрчилсөн ба Э ыг “А ” ХХК-д ажилласан хугацааг эрх шилжүүлэх гэрээний хугацаанд оруулан тооцсон талаар талууд маргаагүй.

10. Э а нь 2016.05.20-ны өдрөөс 2017.02.01-ний өдрийг хүртэлх хугацаанд “Э ” ХХК-ийн баяжуулах үйлдвэрт үйлдвэрийн даргаар, 2017.02.01-ний өдрөөс 2018.10.11-ний өдрийг хүртэлх хугацаанд “А ” ХХК-ийн баяжуулах үйлдвэрт баяжуулахын төлөвлөлтийн инженерээр тус тус ажиллаж байхдаа маргааны зүйл болсон ... УНО улсын дугаартай автомашиныг эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгчөөр “Б ” ХХК бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй боловч тухайн маргаанд хэрэглэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв гэж үзнэ.   

11. Эрх шилжүүлэх гэрээний 1.2.5-д сахилгын шийтгэлийг 2-оос дээш удаа хүлээгээгүй байхаар тохиролцсон, энэ хугацаанд нэхэмжлэгчид хоёр удаа сахилгын шийтгэл ногдуулсан, харин гурав дахь удаагийн сахилгын шийтгэлийг 2018.09.05-ны өдөр буюу гэрээгээр тохиролцсон автомашины өмчлөх эрх шилжүүлэх үүрэг гүйцэтгэх хугацаа дууссаны дараа ногдуулсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээний хугацаанд 2-оос дээш удаа сахилгын шийтгэл хүлээгээгүй тул түүнийг автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхээ алдсан гэж үзэхгүй. Энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн.          

12. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Э а нь автомашин өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд учирч буй саадыг арилгуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй. Хариуцагч “Б ” ХХК тухайн автомашины өмчлөх эрхээ гэрээний үүргийн хүрээнд нэхэмжлэгчид шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 106 дүгээр зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Э ын эзэмшлээс уг автомашиныг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Иргэний хуулийн 91.2.2-т зааснаар эрх шилжүүлэх гэрээг “Б ” ХХК-аар дүгнүүлэхгүйгээр тээврийн хэрэгслийг өөрийн дураар эзэмшилдээ байлгаж байгаа нь хууль бус бөгөөд жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар эзэмшлээс нь гаргасан...” гэх гомдол үндэслэлгүй. Тодруулбал, талууд Эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээний хугацааг 6 сарын хугацаагаар сунгасан, Э а нь “Э ” ХХК-д тасралтгүй 18 сар ажиллах, энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэлийг 2-оос дээш удаа хүлээгээгүй байх зэрэг нөхцөл тохиролцсоноос үзэхэд өмчлөгчийн хүсэл зоригоос үл хамаарах үндэслэлээр тээврийн хэрэгсэл эзэмшлээс нь гарсан гэж үзэхээргүй байна.

14. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2384 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                               Н.БАЯРМАА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Д.ЦОЛМОН