Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02384

 

МАГАДЛАЛ

2020.12.18 Дугаар 2384

 

 

 

 

 

 

Э.Б-гын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02582 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Б-гын нэхэмжлэлтэй, хариуцагч Б М ХХК-д холбогдох, тээврийн хэрэгслийн эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Э.Б Эко-Алт ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 113/16 дугаар эрх шилжүүлэх гэрээ байгуулж, 18 сарын хугацаанд тус компанид тасралтгүй ажилласан тохиолдолд Ниссан патрол маркийн 42-57 УНО улсын дугаартай автомашиныг шилжүүлэн авахаар тохиролцсон. Гэрээний дагуу 18 сар ажилласан боловч дахин 6 сараар сунгахыг шаардсаны дагуу 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 109/18 дугаар гэрээгээр хугацааг сунгасан. Э.Б нь Эко-Алт ХХК болон Алтайн хүдэр ХХК-д гэрээ байгуулснаас хойш нийт 26 сар ажиллаж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Дээрх автомашин Э.Б-гын эзэмшил ашиглалтад байгаа. Эко-Алт ХХК 2019 онд оноосон нэрээ Б М ХХК болгож өөрчилсөн. Хариуцагч хамгийн сүүлд 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр сахилгын арга хэмжээ авсан боловч гэрээний дагуу хугацаа 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дуусч болзол хангагдсан. Иймд Ниссан патрол маркийн 42-57 УНО улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Б М ХХК 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Эко-Алт ХХК оноосон нэртэй байхдаа тус компанийн баяжуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Баттулгатай 113/16 тоот эрх шилжүүлэх гэрээ байгуулж гэрээнд заасан болзол бүрэн хангагдсан нөхцөлд ниссан патрол маркийн 42-57 УНО улсын дугаартай автомашиныг Э.Б-гын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож түүний эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн. Тус гэрээний дагуу Э.Б гэрээ байгуулснаас хойш компанид тасралтгүй 18 сар ажиллаж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэх, гэрээнд өөрийн хариуцахаар заасан зардал, төлбөрийг хугацаандаа төлсөн байхаас гадна автомашиныг ажлын хэрэгцээнд ариг гамтай эзэмшиж, ашиглан хэвийн элэгдэл хорогдлоос илүүтэйгээр муутгахгүй байх, аливаа эвдрэл гэмтэл гаргахгүй байх, гэрээний хугацаанд хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргахгүй байх, сахилгын шийтгэлийг 2-оос дээш удаа хүлээгээгүй байх шаардлагыг бүрэн хангах болзол тавьсан. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 109/18 тоот нэмэлт гэрээ байгуулж эрх шилжүүлэх гэрээний хугацааг 6 сараар буюу 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. Э.Б 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хугацаанд манай компанид ажиллаж байгаад 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Алтайн хүдэр ХХК-д үргэлжлүүлэн ажилласан хугацааг манай компанид ажилласанд тооцсон. Өөрөөр хэлбэл, Э.Б Алтайн хүдэр ХХК-д ажиллах хугацаандаа мөн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, үр бүтээлтэй ажиллахаас гадна хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргалгүй, сахилгын шийтгэлийг 2-оос дээш удаа хүлээгээгүй байх болзол, шаардлагыг бүрэн хангасан нөхцөлд гэрээний зүйл болох автомашины өмчлөх эрхийг Б М ХХК-аас Э.Б-гын нэр дээр шилжүүлэх үүрэг хүлээсэн. Э.Б нь Алтайн хүдэр ХХК-д 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд 3 удаа зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээсэн. Эдгээр нь бүгд хөдөлмөрийн гэрээг цуцлах хэмжээний ноцтой зөрчил байна. Э.Б хамгийн сүүлд сахилгын арга хэмжээ авагдсаны дараа 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай компанид мэдэгдэлгүйгээр өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Эрх шилжүүлэх гэрээний 1.3-т заасны дагуу хүлээн авагч тал буюу Э.Б гэрээний хугацаа дуусмагц буюу 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэрээг дүгнүүлэх хүсэлт гаргах үүрэгтэй байсан бөгөөд тэрхүү хүсэлтийн дагуу манай компаниас гэрээг дүгнэх албан ёсны комисс томилогдон ажиллаж автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх болзол бүрэн хангагдсан эсэхийг тогтоох ёстой. Эрх шилжүүлэх гэрээний 1.2.1-д заасны дагуу нэхэмжлэгч талын компанид тасралтгүй ажиллах хугацаа хангагдсан байгаа ч гэрээний бусад болзол, шаардлага хангагдаагүй байна. Нэхэмжлэгч гэрээний 1.3-т заасны дагуу гэрээг дүгнүүлэх хүсэлт гаргаагүй, автомашины чанар байдлыг шалгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, компанийн өмчлөлийн 42-57 УНО улсын дугаартай ниссан патрол маркийн автомашиныг Б М ХХК-ийн эзэмшил ашиглалтад шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан 42-57 УНО улсын дугаартай ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Э.Б-гыг тогтоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Э.Б-д холбогдуулан гаргасан тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Б М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 357 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Э.Ваттулга нь "Бүрдэл майнинг" ХХК хуучнаар "Эко Алт" ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 113/16 дугаартай "Эрх шилжүүлэх гэрээг компанид тасралтгүй үр бүтээлтэй 18 сар ажиллах, тус хугацаанд хөдөлмөрийн ноцтой зөрчлийг 2-оос дээш удаа гаргахгүй байх болзолтойгоор байгуулсан. Улмаар талууд 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 109/18 тоот нэмэлт гэрээгээр гэрээний хугацааг 6 сараар буюу 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. Э.Б нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хугацаанд "Эко Алт ХХК-д ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Алтайн хүдэр" ХХК-д үргэлжлүүлэн ажилласан хугацааг манай компанид ажилласанд тооцсон. Э.Б нь гэрээний 1.2.5-т заасан дээрх үндсэн болзлыг хангаагүй. Сахилгын шийтгэл 3 удаа хүлээсэн болохыг нотолсон сахилгын шийтгэл хүлээлгэх тухай тушаалуудыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бодитоор үнэлээгүй. Э.Б нь "Алтайн хүдэр" ХХК-д 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нийт гурван удаа зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээсэн байх бөгөөд эдгээр нь бүгд хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах хэмжээний ноцтой зөрчил гаргасан талаар нотлох баримтууд хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч нь сүүлчийн сахилгын арга хэмжээ авагдсанаас сарын дараа 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай компанид мэдэгдэлгүйгээр ажлаасаа гарсан. Эрх шилжүүлэх гэрээний 1.3-т заасны дагуу хүлээн авагч тал буюу нэхэмжлэгч Э.Б нь гэрээний хугацаа дуусмагц буюу 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэрээг дүгнүүлэх хүсэлт гаргах үүрэгтэй байсан бөгөөд тэрхүү хүсэлтийн дагуу компаниас гэрээг дүгнэх албан ёсны комисс томилогдон ажиллаж автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх болзол бүрэн хангагдсан эсэхийг тогтоох байсан. 42-57 УНО улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашиныг "Бүрдэл майнинг" ХХК нь өөрийн хууль ёсны эзэмшил ашиглалтад шилжүүлэн авах тухай сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн боловч талуудын маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Б М ХХК-д холбогдуулан Ниссан патрол маркийн 42-57 УНО улсын дугаартай автомашины эзэмшигчээр тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хууль бус эзэмшлээс автомашин чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Талууд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эрх шилжүүлэх гэрээг байгуулж, эрх шилжүүлэгч Эко алт ХХК нь хүлээн авагч Э.Б-д энэхүү гэрээнд заасан болзол хангагдсан нөхцөлд өөрийн өмчлөлийн Ниссан патрол маркийн 42-57 УНО улсын дугаартай автомашиныг өмчлөлд нь шилжүүлэхээр тохиролцож, уг автомашиныг түүний эзэмшилд шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ. /хх-5-8/

 

Хариуцагч Гэрээний хугацаанд нэхэмжлэгч гэрээний болзлыг хангаагүй буюу 3 удаа сахилгын шийтгэл хүлээсэн, гэрээг дүгнүүлэх хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр тээврийн хэрэгслийг эзэмшилдээ байлгаж байсан боловч гэрээний үндсэн дээр түүнийг өмчлөх эрх үүссэн гэж үзэх тул уг тээврийн хэрэгслийн эзэмшигчээр тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан өмчлөгчийн гаргах шаардлагатай холбоогүй боловч эд хөрөнгийг эзэмшихээс бусад байдлаар өмчлөгчийн ашиг сонирол буюу ашиглах, захиран зарцуулах зэргээр саад болж буй тодорхой үйлдлийг арилгуулах шаардлага гэж үзэхээр байна.

 

Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Эко-Алт ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 52/17 тоот, Алтайн хүдэр ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны Б-923/18 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээгээр Э.Б нь 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Эко-Алт ХХК-ийн баяжуулах үйлдвэрт үйлдвэрийн даргаар, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Алтайн хүдэр ХХК-ийн баяжуулах үйлдвэрт баяжуулахын төлөвлөлтийн инженерээр тус тус ажилласан болох нь тогтоогджээ. /хх 11, 39-43, 51, 56-60, 68, 69/

 

Талууд эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх агуулга бүхий эрх шилжүүлэх гэрээг 2016 оны 8 дугаар сарын 30-наас 18 сарын хугацаатай байгуулан, улмаар 6 сарын хугацаагаар сунгаж, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болжээ. Гэрээнд зааснаар Э.Б нь Эко-Алт ХХК-д тасралтгүй 18 сар ажиллах, энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэлийг 2-оос дээш удаа хүлээгээгүй байх зэрэг нөхцлийг тохиролцсон байна. /хх-101/

 

Эко-Алт ХХК оноосон нэрээ 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Эко алтан заамар ХХК гэж, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б М ХХК гэж тус тус өөрчилсөн ба Э.Б-гыг Алтайн хүдэр ХХК-д ажилласан хугацааг эрх шилжүүлэх гэрээний хугацаанд оруулан тооцсон талаар талууд маргаагүй. /хх-109/

 

Нэхэмжлэгч Э.Б-д Алтайн хүдэр ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б-582/17 дугаар тушаал, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/160 дугаар тушаал, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б-830/18 тушаалаар тус тус сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх 52-55/

 

Эрх шилжүүлэх гэрээний 1.2.5-д сахилгын шийтгэлийг 2-оос дээш удаа хүлээгээгүй байхаар тохиролцсон, энэ хугацаанд нэхэмжлэгчид хоёр удаа сахилгын шийтгэл ногдуулсан, харин гурав дахь удаагийн сахилгын шийтгэлийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр буюу гэрээгээр тохиролцсон автомашины өмчлөх эрх шилжүүлэх үүрэг гүйцэтгэх хугацаа дууссаны дараа ногдуулсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээний хугацаанд 2-оос дээш удаа сахилгын шийтгэл хүлээгээгүй тул түүнийг автомашиныг шилжүүлэх авах эрхээ алдсан гэж үзэхгүй. Иймд автомашиныг гэрээний дагуу шилжүүлэн өгөх үүрэг хариуцагчид үүснэ.

 

Гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч Б М ХХК нь нэхэмжлэгч Э.Б-гыг цаашид тухайн автомашиныг эзэмших эрхгүй талаар мэдэгдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул Э.Б автомашиныг үргэлжүүлэн эзэмшихээр гэрээний дагуу өмчлөх эрх шилжсэн гэж үзэхээр байна.

 

Маргааны зүйл болсон автомашин гэрээний хугацаа дууссанаас өнөөг хүртэл Э.Б-гын эзэмшилд байгаа болох нь талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж зааснаар уг хөдлөх хөрөнгө болох автомашины өмчлөгч нь Э.Б гэж үзнэ. Тээврийн хэрэгслийн эзэмшлийн гэрчилгээ нь өмчлөгч бус Б М ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа нь өмчлөгчийн эд хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах, ашиглах эрхэд саад учруулах нөхцөл байдал юм.

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Э.Б нь Ниссан патрол маркийн 42-57 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэхэд учирч буй саадыг арилгуулахаар хариуцагч Б М ХХК-аас шаардах эрхтэй.

 

Хариуцагч Б М ХХК нь тухайн автомашины өмчлөх эрхээ гэрээний үүргийн хүрээнд нэхэмжлэгчид шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 106 дүгээр зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Э.Б-гын эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Харин шүүх талуудын хооронд үүссэн маргааныг гэрээний үүргийн шаардах эрхийг тайлбарлаж Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлд хамааруулан хэрэглэсэн нь буруу байгааг залруулан өөрчлөх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02582 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг гэснийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдусгай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.БАЙГАЛМАА