Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2021/00108

 

 

 

 

  2021        01           11                                        101/ШШ2021/00108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: НТ.С ХХК

Хариуцагч: М.Д ХХК

43,410,456 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Гомбодорж, хариуцагч Мэргэн девелопмент ХХК-ийн захирал Ж.Алтанбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Лхагвадэмбэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч НТ Системс ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Р.Гомбодорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Мэргэн Девелопмент” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Бараа материал бэлтгэн нийлүүлэх” гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нийт 28,940,304 төгрөгийн бараа материалыг 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд бараа материалаа нийлүүлж дуусгасан боловч гэрээ байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаанд энэ мөнгийг төлөөгүй. Гэрээний 4.2.4-т заасны дагуу алданги 14,470,152 төгрөг нийт 43,410,456 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Мэргэн девелопмент ХХК-ийн захирал Ж.Алтанбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 28,940,304 төгрөгийн бараа материалыг манай байгууллага авсан боловч чанарын шаардлага хангахгүй бараа материал гэж үзэж байна. Учир нь хөөсийг угсрах үед хөөсний нягтрал муу, гулзайгаад унаад байснаас болж манай байгууллага угсарч чадахгүй 3 жил болсон. Манай байгууллагаас нийлүүлэгч компаниас гэрээний дагалдах бичиг баримт болох барааны чанар, сорилгын гэрчилгээ болон тохирлын гэрчилгээг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан боловч гаргаж өгөөгүй. Тухайн хөөсийг эрх бүхий байгууллагын дүгнэлтийн дагуу гаргасан тухайн барааны чанар болон тохирлын гэрчилгээг үндэслэн нарийн технологийн дагуу угсрах байтал гэрчилгээнүүдийг гаргаж өгөөгүйн дээр материалыг бэлтгэн нийлүүлэгчийн хувьд угсралтын ажиллагаа дээр манай байгууллагад тусламж үзүүлж болохоор байсан. Энэ хөөс нь Солонгос улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд Монгол хүн энэ хөөсийг угсарч чадахгүй юм байна лээ учир нь нарийн технологи шаарддаг болох нь харагдаж байна. Манай компанийн зүгээс олон удаа угсрах гээд болохгүй байсан учраас нийлүүлэгч компаниас өөрсдөө угсарч өгөөч гэж удаа дараа гуйж байсан. Тэгээд цаг хугацаа их алдсан боловч шавардах ажиллагаа хийгдсэн боловч шавар дээр нь тогтохгүй барааны чанар болон тохирлын гэрчилгээ байхгүйгээс маш их хүндрэл гарч бид нар хохирч байна. Мөн тухайн хөөсөнцөр нь дуу чимээ хаахгүйн дээр угсралтын явцад цууралт үүсэж хагарч байсан бөгөөд хавтангийн хөөсөнцөр нь гулзайж угсралт хийх боломжгүй болж байсан учраас чанаргүй бараа нийлүүлсэн гэж үзэж байна. Мөн хавтангууд цана цохиж дээр нь мөөгөнцөртөх хүндрэлүүд гарч байгаагаас гадна мөөгөнцөртсөн тохиолдолд улсын комисс хүлээж авахгүй байдалд хүрнэ. Манай компани хөөс хавтангуудыг угсарч чадахгүй байгаа учраас буцааж буулгах дээрээ хүрч байна. Бид хөөсөн хавтангийн чанарын талаар лабораторид дүгнэлт хүргүүлсэн байдаг. Манай байгууллага ч гэсэн хорилтой байна. Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн үүргийн алданги 14,470,152 төгрөг нийт 43,410,456 төгрөгийг нэхэмжлэгч тал ямар аргаар яаж бодож нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн дээрээс нь гэрээний үүргээ хариуцагч компани биелүүлэхгүй байсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч НТ Системс ХХК, хариуцагч Мэргэн девелопмент ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 43,410,456 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч гэрээний үнэ 28,940,304 төгрөгийг зөвшөөрч, алданги 14,470,152 төгрөгийн шаардлагаас татгалзжээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зохигч 2017 оны 08 дугаар сарын 20-ний өдөр Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч конкреволл хавтанг чанар, стандартын шаардлага хангасан байдлаар нийлүүлэх, хариуцагч гэрээний хугацаанд үнийг төлөхөөр тохиролцжээ. Энэхүү тохиролцоо нь зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлтэй байна.

Гэрээний 3.2-т зааснаар гэрээний үнийг тодорхойлсон байх ба хэрэгт 28,940,304 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар зохигч тооцоо нийлэн баталгаажуулсныг тодруулахад хариуцагч, нэхэмжлэгчээс 28,940,304 төгрөгийн үнэ бүхий конкреволл хавтан хүлээн авсан талаар маргаагүй байна. Хариуцагч худалдан авсан конкреволл хавтангийн үнийг төлөөгүй тухай нэхэмжлэгч тайлбарлан барааны үнийг алдангийн хамт нэхэмжилсэн, хариуцагч барааны үнэд 5,800,000 төгрөг төлсөн тухай тайлбарласан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа баримтаар нотлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө шүүхэд гаргаагүй байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн хариуцагчид бэлтгэн нийлүүлсэн конкреволл хавтанг хариуцагч угсрах боломжгүй байсан, нэхэмжлэгч барилгад угсрах ажиллагааг хийгээгүй тухай, хавтанг барилгад ашиглаагүй удсанаас чанар нь алдагдсан, чанарын шаардлага хангахгүй хавтан нийлүүлсэн тухай нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ илэрхийлсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Зохигчийн хооронд байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь хавтанг худалдах, зөвхөн бэлтгэн нийлүүлэх үүрэг хүлээсэн тул хариуцагч хавтанг угсрах ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэх байсан, ийнхүү угсраагүйгээс хавтангийн чанар алдагдсан гэх тайлбар нь нэхэмжлэлийг үгүйсгэх бодит шалтгаан болохгүй, нэхэмжлэгчээс худалдан авсан конкревол хавтанг хариуцагч барилгадаа ашиглаагүй нь нэхэмжлэгчийн гэрээний үүргээ дутуу биелүүлээгүйтэй холбоотой гэж үзэхгүй.

Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 28,940,456 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Гэрээний 3.3, 4.2.4-т зааснаар хариуцагч төлбөрөө хугацаандаа төлөөгүй нь алданги төлөх үндэслэлийг бий болгосон ба хэрэгт нэхэмжлэгч тал 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 031/18 тоот албан бичгээр төлбөрийг мөн оны 08 дугаар сарын 31-ны өдрийн дотор төлөхийг мэдэгджээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар анзын гэрээг бичгээр байгуулж, алдангийн хэмжээг тохирсон нь нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болжээ. Хариуцагч дээрх хугацаанаас хойш нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх 740 хоногийн хугацаанд төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр алдангид 14,470,152 төгрөг /28,940х740=21,415,600/ нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцсэн, хариуцагч алданги төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Мэргэн девелопмент ХХК-иас 43,410,456 төгрөг гаргуулан нэхэмжлэгч НТ Системс ХХК-д олгож шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Мэргэн девелопмент ХХК-иас 43,410,456 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “НТ Системс” ХХК-д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,002 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч “Мэргэн девелопмент” ХХК-иас 375,002 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “НТ Системс” ХХК-д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЭНЭБИШ