Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00559

 

 

“НТ С” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/00108 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “НТ С” ХХК-ийн хариуцагч “МД” ХХК-д холбогдуулан гаргасан 43 410 456 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “МД” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу нийт                28 940 304 төгрөгийн бараа материалыг 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийлүүлж дуусгасан боловч хариуцагчаас төлөлт хийгдээгүй. Гэрээний 4.2.4-т заасны дагуу алданги 14 470 152 төгрөг, нийт 43 410 456 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 28 940 304 төгрөгийн бараа материалыг манай байгууллага хүлээн авсан боловч чанарын шаардлага хангаагүй. Учир нь хөөсийг угсрах үед хөөсний нягтрал муу, гулзайгаад унаад байснаас болж манай байгууллага угсарч чадахгүй 3 жил болсон. Манай байгууллагаас нийлүүлэгч компаниас гэрээний дагалдах бичиг баримт болох барааны чанар, сорилгын гэрчилгээ болон тохирлын гэрчилгээг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан боловч гаргаж өгөөгүй. Тухайн хөөсийг эрх бүхий байгууллагын дүгнэлтийн дагуу гаргасан тухайн барааны чанар болон тохирлын гэрчилгээг үндэслэн нарийн технологийн дагуу угсрах байтал гэрчилгээнүүдийг гаргаж өгөөгүйн дээр материалыг бэлтгэн нийлүүлэгчийн хувьд угсралтын ажиллагаа дээр манай байгууллагад тусламж үзүүлж болохоор байсан. Манай компанийн зүгээс олон удаа угсрах гээд болохгүй байсан учраас нийлүүлэгч компаниас өөрсдөө угсарч өгөөч гэж удаа дараа гуйж байсан. Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн үүргийн алданги 14 470 152 төгрөг, нийт                        43 410 456 төгрөгийг нэхэмжлэгч тал ямар аргаар яаж бодож нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн дээрээс нь гэрээний үүргээ хариуцагч компани биелүүлэхгүй байсан гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “МД” ХХК-аас 43 410 456 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “НТ С” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375 002 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч “МД” ХХК-иас 375 002 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “НТ С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...хавтан угсрах ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэх байсан, ийнхүү угсраагүйгээс хавтангийн чанар алдагдсан гэх тайлбар нь нэхэмжлэлийг үгүйсгэх бодит шалтгаан болохгүй...” гэжээ. Энэхүү хавтангийн чанарын асуудал нь гэрээний 2.2-д заасан барааны чанарын сорилын гэрчилгээ болон барааны тохирлын гэрчилгээг өгөөгүйтэй холбоотой нөхцөл байдал бөгөөд энэ нь гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байхад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.  Анхан шатны шүүхийн шийдвэрт “...гэрээний 3.3, 4.2.4-д зааснаар хариуцагч төлбөрөө хугацаандаа төлөөгүй нь алданги төлөх үндэслэлийг бий болгосон” гэжээ. Гэрээнд төлбөр төлөх хугацааг тодорхой заагаагүй бөгөөд манай компанийн хувьд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд төлбөрийг төлөхөөр хүлээж байсан болно. Нэхэмжлэгч тал гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй чанарын сорилын гэрчилгээ болон барааны тохирлын гзрчилгээг өгөөгүйтэй холбоотойгоор төлбөр төлөх асуудал хойшлогдсон. Мөн анхан шатны шүүх хэзээнээс хэзээний хооронд төлбөр төлөх хугацаа хэтэрсэн гэж үзсэн, хэдэн сарын хэдний өдрөөс эхлэн алданги тооцох үндэслэл бий болсон талаар дүгнэлт өгөөгүй болно гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “НТ С” ХХК нь хариуцагч “МД” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 43 410 456 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 28 940 304 төгрөгийн барилгын материал авсныг зөвшөөрч, биет байдлын доголдолтой ба алданги төлөхгүй гэж маргажээ.

            Талуудын хооронд 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр бараа материал бэлтгэн нийлүүлэх 17002 тоот гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч “НТ С” ХХК конкреволл хавтан нийлүүлэх, “МД ХХК барааны үнэ 23 736 348 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. Хариуцагч дээрх гэрээний дагуу 23 736 348 төгрөгийн болон нэмж  5 203 956 төгрөгийн, нийт 28 940 304 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчээс хүлээн авсан болох нь талуудын тайлбар, тооцооны үлдэгдлийн баталгааны баримтуудаар тогтоогдсон байна. /хэргийн 1, 7, 38 дугаар тал/

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн нь хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 4-6 дугаар тал/

            Хариуцагчаас “... хөөсний нягтрал муу, гулзайж унаад угсрах боломжгүй байсан, нэхэмжлэгчээс барааны чанарын сорилын гэрчилгээ болон тохирлын гэрчилгээг хүлээлгэж өгөөгүй гэрээний үүргээ зөрчсөн” гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байгаагаас үзвэл талууд барааны чанар, доголдлын талаар маргасан гэж үзнэ. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т “Нийлүүлэгч өөрийн нийлүүлсэн барааны чанарыг сорилын гэрчилгээ болон тохирлын гэрчилгээгээр батлан тодорхойлно” гэж заасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дах хэсэгт заасан худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн хэрэглээний шинж, чанарын талаарх мэдээллийг хариуцагчид өгөх үүрэгт хамаарч байна. Гэвч нэхэмжлэгч уг үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч хүлээн авсан барааны биет байдал, доголдолтой холбоотой гомдлын шаардлагаа Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд гаргасан гэдгээ баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагчаас худалдан авсан барааны үнийг төлөх үүрэгтэй.

            Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2.4-т “Захиалагч тал нь тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцно” гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ. Нэхэмжлэгч тал 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 031/18, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 035/18 дугаар албан бичгээр төлбөр төлөхийг шаардан, тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги тооцохоор мэдэгджээ. /хэргийн 9,10 дугаар тал/ Хариуцагч тал 2017 оны 10 дугаар 10-ны өдрийн 17/182, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18/67 дугаар албан бичгээр төлбөр төлөхийг зөвшөөрсөн боловч үүргээ биелүүлээгүй болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 9,11 дүгээр тал/

            Иймд хариуцагчид төлбөр төлөхийг мэдэгдсэн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны гүйцэтгээгүй үүрэгт алданги тооцон шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул төлбөр төлөх хугацааг гэрээгээр тохироогүй гэх гомдол үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч хариуцагчийн гүйцэтгээгүй үүргээс алдангийг 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний гүйцэтгээгүй үүргээс тооцоогүй нь алдаатай болжээ. Өөрөөр хэлбэл бичгээр байгуулсан гэрээний үнийн дүнгээс илүү өгсөн барааны үнэ 5 203 956 төгрөгийн үүрэгт алданги ногдуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзлээ.

            Иймд хариуцагч “МД” ХХК-аас нийлүүлсэн барааны үнэ 28 940 456 төгрөг, алданги 11 868 174 төгрөг, нийт 40 808 478 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “НТ С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 601 978 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/00108 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “МД” ХХК-аас 40 808 478 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “НТ С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 601 978 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дах заалтын “375 002 төгрөг гаргуулан” гэснийг “361 992 төгрөг гаргуулан” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ч.ЦЭНД                    

 

                                                  ШҮҮГЧИД                        А.ОТГОНЦЭЦЭГ

           

                                             С.ЭНХТӨР