Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
Хэргийн индекс | 181/2020/01064/И |
Дугаар | 001/ХТ2022/01039 |
Огноо | 2022-11-03 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2022/01039
2022 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 001/ХТ2022/01039 |
Д.Сэлэнгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02507 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2236 дугаар магадлалтай,
Д.Сэлэнгийн нэхэмжлэлтэй
М.Болортунгалагт холбогдох
Гэм хорын хохиролд 21,832,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч М.Болортунгалаг түүний өмгөөлөгч П.Итгэл нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, хариуцагчийн өмгөөлөгч П.Итгэл /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Д.Сэлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал нь хариуцагч М.Болортунгалагт холбогдуулан гэм хорын хохиролд 21,832,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02507 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Болортунгалагаас гэм хорын хохиролд 21,832,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Сэлэнгэд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Сэлэнгэ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.Болортунгалагаас 267,110 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2236 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02507 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 267,110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Хариуцагч М.Болортунгалаг түүний өмгөөлөгч П.Итгэл нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасан ... Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
4.1.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 сарын 04-ны өдрийн дугаар 2236 магадлалын хянавал хэсэгт Д.Сэлэнгэ, Г.Батнасан нарын хооронд 2015.08.08-ны өдөр 50,000,000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон үйл баримт хэргийн болон зохигчдын тайлбараар тогтоогджээ /xx-9/ гэжээ. Гэтэл Д.Сэлэнгэ Г.Батнасан нар нь 50,000,000 төгрөгийг хэдэн сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлсэн болох нь тодорхойгүй, зээлийн гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ эсэхийг тодорхойлохгүйгээр шийдсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шударга ёсны зарчимд нийцээгүй болно.
4.1.2. Магадлалын хянавал хэсэгт Хэргийн 10 дугаар талд авагдсан 2018.08.15-ны өдрийн баримтаар Д.Сэлэнгэ нь Г.Батнасанд бэлнээр 14,500,000 төгрөгийг, Хаан банк ХХК дахь Д.Сэлэнгийн эзэмшлийн 5133034884 тоот дансаар 57,332,000 төгрөг, нийт 71,832,000 төгрөг төлснийг дээрх зээлийн гэрээний төлбөрт төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Г.Батнасан, Д.Сэлэнгэ нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний оролцогч М.Болортунгалаг биш, Д.Сэлэнгэ нь М.Болортунгалагийн өмнөөс Г.Батнасанд зээлийн гэрээний дагуу зээлийн хүү төлсөн байх тул түүнд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч М.Болортунгалаг хариуцан арилгах үүрэгтэй. /хх 11-18/ гэжээ. Гэтэл Д.Сэлэнгэ Г.Батнасанд бэлнээр 14,500,000 төгрөгийг төлсөн баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байсан /банкны дансаар шилжүүлэх боломжтой/ бөгөөд гэрээний хугацаа гэрээнд байхгүй байхад 21,832,000 төгрөгний хүү нь хэдэн сарын хүү болохыг тооцолгүйгээр алданги тооцож хайхрамжгүй хандан бэлэн мөнгө өгөлцөж авалцсан баримтыг нөхөж хийсэн төдий баримт, дансаар гэрч орсон баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн. Д.Сэлэнгэ М.Болортунгалагийн өмнөөс Г.Батнасанд зээлийн гэрээний дагуу хүү төлсөн гэж шүүх магадлалынхаа хянавал хэсэгт дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4-т Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ. гэснийг зөрчиж магадлал гаргасан. Д.Сэлэнгийн ашиг олох зорилгоор хүүтэй мөнгө зээлсэн нь гэм хорын хохиролд учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй зээлсэн 50,000,000 төгрөгөө М.Болортунгалаг төлж барагдуулсан, эхнээсээ хүүтэй мөнгөө авах бол иргэний журмаар шийдүүлье гэж олон удаа хэлж байсан бөгөөд давхар давхар эрүү, иргэний журмаар хариуцлага хүлээж мөнгөний хүү төлөх нь шударга ёсонд нийцэхгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
4.2 Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, хэргийн үйл баримтыг зөрүүтэй тогтоосны улмаас шийдвэр, магадлалын холбогдох дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна. Хариуцагч М.Болортунгалаг, түүний өмгөөлөгч П.Итгэл нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
6. Нэхэмжлэгч Д.Сэлэнгэ нь хариуцагч М.Болортунгалагт холбогдуулан гэм хорын хохиролд 21,832,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган ...М.Болортунгалагийн хүсэлтээр 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ...3 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлэх нэрээр хуурч ... надад их хэмжээний хохирол учруулсан. ... энэ үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээсэн ... М.Болортунгалагт хууртаагүй бол би Г.Батнасангаас 4 хувийн хүүтэй зээл авахгүй байх байсан. ... Г.Батнасанд төлсөн хүүгийн төлбөр 21,832,000 төгрөг нь надад учирсан гэм хорын хохирол гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.
7. Хариуцагч М.Болортунгалаг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ... Д.Сэлэнгээс мөнгө зээлсэн,... иргэний харилцаа байсан. ... 50,000,000 төгрөгийг буцааж өгсөн. Гэм хорын хохирол гэж Н.Батнасангийн өмнөөс мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
8. Анхан шатны шүүх хариуцагч М.Болортунгалагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд гэм буруутайд тооцож торгох ялаар шийтгэн, хохирогч Д.Сэлэнгэ нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурдсан хуулийн хүчин төгөлдөр магадлал байгааг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 21,832,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлсэн гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
9. Нэхэмжлэгч Д.Сэлэнгэ нь хариуцагч М.Болортунгалагаас 50,000,000 төгрөг хүлээн авсан бөгөөд мөнгийг буцааж төлөөгүйн улмаас эрүүгийн журмаар шалгуулж, гэм буруутайд тооцогдон ял шийтгэл хүлээсэн, улмаар 50,000,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримтын тухайд талууд маргаагүй байх ба Д.Сэлэнгэ нь М.Болортунгалагт мөнгө зээлүүлэх зорилгоор бусдаас зээл авсан, М.Болортунгалаг хугацаандаа зээлээ төлөөгүйн улмаас Д.Сэлэнгэ гуравдагч этгээдэд хүүгийн төлбөрт 21,832,000 өртэй болсон нь М.Болортунгалагийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хор мөн эсэх талаар маргаан өрнөжээ.
10. Анхан шатны шүүх М.Болортунгалагийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.Сэлэнгэ иргэн Г.Батнасангаас зээлсэн 50,000,000 төгрөгийн зээлийн хүүд 21,832,000 төгрөг төлж хохирсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул ... гэж дүгнэн 21,832,000 төгрөгийг хариуцагч М.Болортунгалагаас гаргуулсныг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг зөв тогтоосон гэж үзжээ.
11. Хоёр шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан баримт болох нэхэмжлэгч Д.Сэлэнгэд мөнгө зээлдүүлсэн этгээд гэх Г.Батнасангийн мөнгөн дүн бичиж гарын үсгээ зурсан тодорхойлолтыг үндэслэл болгосон байна. Хэдийгээр хариуцагч М.Болортунгалаг нь 50,000,000 төгрөгийг хууль бус аргаар олж авч, буцаан төлөөгүй үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байх боловч уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар эргэлзээгүй тогтоох шаардлагатай. Өөрөөр хэлбэл Д.Сэлэнгэ, Г.Батнасан нарын байгуулсан зээлийн гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг нарийвчлан тодорхойлж, хариуцагч М.Болортунгалагийн үйлдсэн гэмт хэргийн улмаас энэ зээлийн харилцаатай холбоотойгоор Д.Сэлэнгэд учирсан хохиролд тооцогдох хэсгийг зөв тодорхойлох учиртай. Гэвч хоёр шатны шүүхээс энэ талаар оновчтой дүгнэлт хийгээгүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хэмжээг зөв тогтоогоогүй байна.
12. Он цагийн хувьд Д.Сэлэнгийн Г.Батнасангаас авсан 50,000,000 төгрөгийн зээлийн харилцаа Д.Сэлэнгэ ба М.Болортунгалагийн хооронд үүссэн мөнгөн хөрөнгийн харилцаатай холбоотой байж болохыг үгүйсгэхээргүй байх бөгөөд энэ талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Харин хавтаст хэрэгт авагдсан Д.Сэлэнгийн дансны хуулга, гэрчийн мэдүүлгээс үзвэл Г.Батнасан, Д.Сэлэнгэ нар 50,000,000 төгрөгийн зээлээс өөр мөнгөн хөрөнгийн харилцаатай байсан гэх боломжтой байх ба энэ тохиолдолд Г.Батнасанд бэлэн мөнгө шилжүүлсэн гэх тодорхойлолт, дансаар шилжүүлсэн мөнгөн дүнгийн нийлбэрийг гагцхүү маргаан бүхий 50,000,000 төгрөгийн харилцаанаас үүдэлтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Хавтаст хэргийн 44 дүгээр талд Г.Батнасангийн өгсөн гэрчийн мэдүүлэг нотлох баримтаар авагдсан байх ба ... Д.Сэлэнгэд 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлсэн ... тухай мэдүүлсэн нь Д.Сэлэнгэ болон Г.Батнасан хоёрын хооронд үүссэн маргаан бүхий зээлийн харилцааны хүү тооцогдвол зохих үндсэн нөхцөлийг илэрхийлсэн болохыг хоёр шатны шүүх анхаараагүй байна.
13. Дээр дурдсан баримтаас үзвэл Г.Батнасан нэхэмжлэгч Д.Сэлэнгэ нарын хооронд 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлдүүлэх үндсэн тохиролцоо байсан нь тогтоогдох ба энэ мөнгөн дүнг хариуцагч М.Болортунгалагт 50,000,000 төгрөг зээлдүүлэх зорилгоор Д.Сэлэнгэ бусдаас зээлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хэмжээг 6,000,000 (50,000,000*4%*3) төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.
14. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М.Болортунгалаг, түүний өмгөөлөгч П.Итгэл нарын хяналтын журмаар гаргасан ... гэрээний хугацаа гэрээнд байхгүй байхад 21,832,000 төгрөгийн хүү нь хэдэн сарын хүү болохыг тооцолгүйгээр хайхрамжгүй хандсан ... гэх агуулга бүхий гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах үндэстэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2236 дугаартай магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02507 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч М.Болортунгалагаас 6,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Сэлэнгэд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,832,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Сэлэнгэ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч М.Болортунгалагаас 110,950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээн, хариуцагч М.Болортунгалаг, хариуцагчийн өмгөөлөгч П.Итгэл нарын гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч М.Болортунгалагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 267,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
Б.МӨНХТУЯА
Х.ЭРДЭНЭСУВД