Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2021/00109

 

 

 

 

 2021         01           11                                          101/ШШ2021/00109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: П.Х ХХК

Нэхэмжлэгч: *******,*******, Нийслэлийн төр захиргааны * дугаар байранд оршин байх,******* ХХК-иас татварын өр 69,439,465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Лхагвадэмбэрэл нар оролцов.                                         

              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлт болон төлөөлөгч Б.Бадамжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанийг анх 2011 онд “*******” ХХК нэртэйгээр байгуулсан байна. ******* миний бие 2016 онд компани байгуулж тендерийн ажил авахаар төлөвлөж байсан ч байгуулагдаад удаагүй компани авч бизнес эрхлэх тэр дундаа тендер сонгон шалгаруулалтад өрсөлдөөд ялалт байгуулах боломж шаардлагатай гэж үзээд байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байсан компанийг боломжийн үнээр тохирч өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар танил хүмүүсээс асууж сурагласан юм. Танилаар дамжуулан дам дам яригдсаар “*******” ХХК-ийг 2016 оны 05 сарын 20-ны өдөр албан ёсоор өөрийн нэр дээр 100% шилжүүлэн авч компанийн Гүйцэтгэх захирлын бүртгэлд өөрийгөө бүртгүүлж тус компанийг шилжүүлж авсан юм. Компанийг шилжүүлэн авч байх үед харъяа Чингэлтэй дүүргийн татварын дансанд бага зэрэг өр төлбөртэй гэдгээ надад хэлж байсан ч тендерийн ажилд материал бүрдүүлж өгөх хугацаа тулчихсан байсан тул өр төлбөр дээр нэг их анхаарал хандуулаагүй. Гэтэл тендерийн ажлын материал бүрдүүлж өгөхөд зөвлөж, материал боловсруулж өгч байсан хүний хариуцлагагүй үйлдлээс болж сонгон шалгаруулалтад манай компани материалаа заасан хугацаанд хүргүүлж чадаагүйгээс сонгон шалгаруулалтанд оролцох боломжгүй байдал үүссэн юм. Ийнхүү миний эхлүүлэхээр зорьж байсан ажил талаар болж тус компанийн үйл ажиллагааг явуулах хөрөнгө мөнгө байхгүйн дээр өртэй компани шилжүүлэн авсан болж таарч байна. Тус компани нь өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст 69,439,465 төгрөгийн татварын өр төлбөртэй, 2012 онд үйл ажиллагаа зогсож 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл 6 дах жилдээ үйл ажиллагаа явуулаагүй тухай “Х„ тайлан гаргаж байгаа бөгөөд одоогоор компанийн нэр дээрх дансанд ямарваа нэгэн хөрөнгө байхгүй төлбөрийн чадваргүй болсон. Компанийн санхүүгийн тайлангаар тайлагнасан эргэлтийн 196,366,906 төгрөгийн хөрөнгө, эргэлтийн бус 157,938 төгрөг гэж заасан нь ойлгомжгүй, бодит байдалд нийцэхгүй хийсвэр тоон дүн байна. Энэ тоон дүн бүхий хөрөнгө компанийн дансанд байхгүй, мөн компанийн нэр дээр бүртгэлтэй болон үндсэн хөрөнгө байхгүй байна. Тэрчлэн бусдаас авах мөнгөн болоод хөрөнгийн авлага огт байхгүй. Манай компанид төлбөртэй этгээд байхгүй байна. Энэ компани нь өөрийн нэрээр аль нэг компани, аж ахуй нэгжийн хувьцаа, үнэт цаас эзэмшдэггүй байна. Иймд МУ-ын Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу төлбөрийн чадваргүйд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн татварын хэлтэстэй харилцагч тоот регистрийн дугаартай ******* ХХК нь барилга угсралт төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ******* ХХК нь 2015 оны нэмэгдсэн өртөгийн албан татварын тайлангийн өр 55,424,800.1 төгрөг, 2016 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн 14,014,665.2 нийт 69,439,465.3 төгрөгийг одоог хүртэл барагдуулаагүй байна. Энэ нь Монгол улсын татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 /татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх/ гэсэн заалтыг зөрчиж байна. Татварын алба татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 /Xугацаанд нь төлөөгүй татварын өрийг анз хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана/-т заасны дагуу арга хэмжээ авахаар тус хэлтсийн зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас эд хөрөнгийн лавлагаа гаргуулахаар хандсан боловч ******* ХХК-ийн өмчлөлд үл хөдлех эд хөрөнгө бүртгэгдээгүй тул татварын алба тус хуулийн 64 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авах боломжгүй байна. Мөн ******* ХХК-ныг 2018 оны 02 дугаар сарын 22-ны Өдрийн сонинд дампуурсанд тооцох тухай зарласныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа тул тус ХХК- аас татварын өр болох 69,439,465.3 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хэрэг гүйцэтгэгч шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Пирамид Хаус ХХК ("Компани")-ийн 2014, 2015, 2016 онуудын 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдлын тайлан, тухайн өдрөөр дуусгавар болсон санхүүгийн жилийн ашиг алдагдал ба бусад дэлгэрэнгүй орлогын тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, нягтлан бодох бүртгэлийн гол бодлогуудын товчоо болон бусад тайлбар тодруулгуудаас бүрдсэн санхүүгийн тайлангуудад аудит хийж гүйцэтгэлээ. Бидний дүгнэлтээр Хязгаарлалттай Дүгнэлтийн Үндэслэлд дурьдсанаас бусдаар санхүүгийн тайлангууд нь 2014, 2015, 2016 онуудын 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх Компанийн санхүүгийн байдал хийгээд тухайн өдрөөр дуусгавар болсон санхүүгийн жилийн үйл ажиллагааны үр дүн, мөнгөн гүйлгээг Санхүүгийн тайлагналын олон улсын стандартууд ("СТОУС")-ын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв толилуулсан байна. Компанийн санхүүгийн байдлын тайланд илэрхийлсэн мөнгө ба мөнгө түүнтэй адилтгах хөрөнгийн үлдэгдэл 2014, 2015, 2016 онуудын 12 дугаар сарын 31-ний байдлаар 196,366,906.00 төгрөг гэж тайлагнасан байна. Энэ нь бидний гүйцэтгэсэн аудитын горимоор Пирамид Хаус ХХК түүний эзэмшдэг Голомт банк дахь төгрөгийн харилцах дансанд 94,300 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь харилцах дансны хуулга болон 2018 оны 04 сарын 23 ны өдрийн шүүгчийн 101/Ш32018/07431 дугаартай захирамжийн дагуу ирүүлсэн банкны захидал зэргээр нотлогдож байна. Иймд эдгээр санхүүгийн тайлангуудын Мөнгө ба Мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө дансны үлдэгдэл материаллаг дүнгээр буруу илэрхийлэгдсэн байгаа нь санхүүгийн тайлангийн үнэн зөв, бодитой байх гэсэн батламж мэдэгдлүүдийг хангахгүй байна. Бид энэхүү аудитын ажлыг Аудитын олон улсын стандарт ("АОУС")-уудын дагуу хийж гүйцэтгэлээ. Уг стандартуудын дагуу хүлээсэн үүрэг хариуцлагуудыг энэхүү тайлангийн “Санхүүгийн тайлангийн аудитад хүлээх аудиторын үүрэг хариуцлага” хэсэгт харуулав. Бид санхүүгийн тайлангийн энэхүү аудитын ажилд хамаарах ёс зүйн шаардлагуудын дагуу Компаниас хараат бус ба эдгээр шаардлагуудын дагуух ёс зүйн бусад үүрэг хариуцлагаа бүрэн биелүүлсэн болно. Олж авсан аудитын баримт нотолгоо нь бидний гаргасан дүгнэлтийн үндэслэл болоход хангалттай, тохиромжтой гэж итгэж байна. Хязгаарлалттай дүгнэлтийн үндэслэлд дурьдсанчлан мөнгөн хөрөнгийн үлдэгдэл буруу илэрхийлэгдэж байгаа ба компанийн 2014, 2015, 2016 онуудын 12 дугаар сарын 31-нээрх НӨАТ-ын өр 55,424,800.10 төгрөг, ААНОАТ-ын өр 14,014,665.20 төгрөг нийт 69,439,565.30 төгрөгийн татварын өр төлбөр байгаа нь компанийн хөрөнгө, өр төлбөрийн харьцаа зохист түвшинг давжээ. Эдгээр үйл явдал, нөхцөл байдал болон бусад асуудлын хамт Компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн хийх чадвартай болоход ихээхэн эргэлзээ төрүүлж болохуйц тодорхой бус байдал байгааг харуулж байна. Энэ асуудлаар бидний санал дүгнэлт өөрчлөгдөөгүй болно. Санхүүгийн тайлангуудыг СТОУС-ын дагуу бэлтгэх, үнэн зөв толилуулах ба залилан, алдааны улмаас үүсч болох материаллаг дүнг буруу илэрхийлэлгүй санхүүгийн тайлангуудыг бэлтгэх боломжийг бий болгоход шаардлагатай гэж удирдлагын тодорхойлсон дотоод хяналтуудад удирдлага хариуцлага хүлээнэ Компанийн удирдлага нь санхүүгийн тайлангуудыг бэлтгэхдээ Компанийн үйл ажиллагааг зогсоох эсвэл татан буулгахаар төлөвлөсөн эсвэл эдгээрээс өөр бодит сонголт байхгүйгээс бусад тохиолдолд санхүүгийн тайлангуудыг гаргахдаа удирдлага нь тасралтгүй байх зарчмын дагуу Компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах чадварыг үнэлэх, боломжтой бол тасралтгүй байх зарчимтай холбоотой асуудлуудыг тодруулах, нягтлан бодох бүртгэлийн тасралтгүй байх суурийг хэрэглэх үүрэгтэй. Засаглал хариуцсан этгээдүүд нь Компанийн санхүүгийн тайлагналын үйл явцад хяналт тавих үүрэгтэй. Залилан эсвэл алдаанаас үүссэн материаллаг буруу тайлагналуудаас санхүүгийн тайлан нь бүхэлдээ ангид эсэх талаарх үндэслэлтэй баталгаа олж авах, дүгнэлт бүхий аудиторын тайлан гаргах нь бидний зорилго юм. Зохистой баталгаажуулалт гэдэг нь өндөр түвшиний баталгаажуулалт боловч АОУС-ын дагуу хийгдсэн аудит нь оршин байгаа материаллаг буруу тайлагналуудыг байнга илрүүлнэ гэсэн баталгаа биш юм. Буруу тайлагналууд нь залилан эсвэл алдаанаас үүсч болох ба хэрэв тэдгээр нь дангаараа эсвэл нийтдээ санхүүгийн тайланд үндэслэн гаргасан хэрэглэгчдийн эдийн засгийн шийдвэрт нөлөөлөх магадлалтай бол материаллагт тооцогдоно. АОУС-ын дагуу хийх аудитын үед бид мэргэжлийн үнэлэмж, мэргэжлийн үл итгэх зарчмыг баримтлан ажилладаг. Энэхүү тайланг өөр ямар нэгэн зорилгоор биш, Монгол улсын Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлд заасны дагуу хувь эзэмшигчийн захиалгаар аудитыг гүйцэтгэн Компанийн хувьцаа эзэмшигчид зориулан гаргалаа. Бид энэхүү тайлангийн агуулгын хүрээнд аливаа гуравдагч талын өмнө хариуцлага хүлээхгүй болно гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Хүсэлт гаргагч ******* ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурлын хэрэг үүсгэн, дампуурсанд тооцон татан буулгах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Тус компани нэг гишүүнтэй байх бөгөөд гадаад худалдаа, хүнсний дэлгүүр, аялал жуулчлал, барилгын засвар, засал чимэглэл, цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар үүсгэн байгуулагдаж 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ.

Шүүх хариуцагч /хүсэлт гаргагч/-ийн хүсэлтийг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1578 дугаартай захирамжаар дампуурлын хэрэг үүсгэж, 02 дугаар сарын 15-ний өдрийн 3429 дугаартай захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцсон. Хуульд заасны дагуу өдөр тутмын Өнөөдөр сонины 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дугаараар дамжуулан ******* ХХК төлбөрийн чадваргүй болсныг олон нийтэд зарлаж, нэхэмжлэгчдийн анхны хурлын тов, нэхэмжлэгчдээс нэхэмжлэл гаргах журам, хугацаа, нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүйгээс үүсэх үр дагавар зэргийг мэдээлсэн байна.

Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана” гэж зааснаар Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдөр хариуцагчид холбогдуулан татварын өр төлбөрт 69,439,465 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцсон ба хариуцагч энэ талаар маргаагүй.

Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу нэхэмжлэгч тал хэрэг гүйцэтгэгчээр ыг томилуулах хүсэлтийг шүүхэд ирүүлж, шүүх 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 5931 дугаартай захирамжаар хэрэг гүйцэтгэгч томилсон. Хэрэг гүйцэтгэгчийн зүгээс ******* ХХК-ийн банкин дахь дансны гүйлгээ, компанийн өмчлөл, эзэмшилд буй хөрөнгийн талаархи мэдээллийг холбогдох этгээдээс гаргуулах гаргуулах ажиллагааг шүүхээс дамжуулан явуулсан, мөн ажиллагааны явцад санхүүгийн тусгай мэдлэг шаардлагатай үндэслэлээр хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр шүүх санхүүгийн шинжээчээр ХХК-ийг 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 12630 дугаартай захирамжаар томилсон.

Санхүүгийн шинжээч 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд дүгнэлтээ ирүүлсэн. Хэрэг гүйцэтгэгч хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагчийн санхүү, татварын тайлангууд, санхүүгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гаргасан дүгнэлтээ мөн оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр ******* ХХК нь санхүү, төлбөр хариуцах чадварын хувьд 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, 2014 оны 4 дүгээр улирлын тайлангаар 196,524,844 төгрөгийн нийт хөрөнгөтэй гэж тайлагнасан нь холбогдох байгууллагуудаас ирүүлсэн бүртгэлийн мэдээллээр баталгаажаагүй, санхүүгийн шинжээчийн дүгнэлтээр “санхүүгийн тайлангийн үнэн зөв бодитой байх батламж мэдэгдлийг хангахгүй” буюу өөрийн хөрөнгөгүй гэж дүгнэн хүсэлт гаргагч Пирамид ХХК төлбөрийн чадваргүй, дампуурсан гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хариуцагчаас нэхэмжилсэн 69,439,465 төгрөгийн төлбөртэй талаар хариуцагч хүлээн зөвшөөрдөг ч өр төлбөрийг барагдуулах өөрийн хөрөнгөгүй болохыг тогтоожээ. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт Дампуурлын тухай хуулийн 13.3-т нийцсэн байна.

Мөн тус компанийн удирдлага, хувьцаа эзэмшигчийн зүгээс Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх саналыг, зохих төлөвлөгөөний хамт шүүхэд гаргаагүй бөгөөд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд мөн энэ талаар дурджээ.

Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т зааснаар хариуцагч, нэхэмжлэгчийн зүгээс ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх санал, төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй учир мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т зааснаар ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах нь зүйтэй.

Хариуцагчийг татан буулгахтай холбоотой бүхий л шаардлагатай ажиллагааг хийж дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалгаж, тухайн ажиллагаатай зайлшгүй зардлыг ******* ХХК, тус компанийн хувьцаа эзэмшигчээс гаргуулан зохих ажилалагаа явуулахыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн хариуцагчаас нэхэмжилсэн татварын өр төлбөр 69,439,465 төгрөгийн өрийг хариуцагч маргаагүй, хүлээн зөвшөөрсөн нь нэхэмжлэлийг хариуцагч хариуцах үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй. Санхүүгийн шинжээчийн дүгнэлт, хэрэг гүйцэтгэгчийн явуулсан ажиллагааны дагуу Голомт банк ХХК-ийн шүүхэд ирүүлсэн лавлагаагаар ******* ХХК тус банкин дахь тоот дансандаа 93,400 төгрөгийн мөнгөн хөрөнгөтэй нь тогтоогдсон байна. Иймд Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар хариуцагч ******* ХХК-иас /тус компанийн Голомт банк ХХК дахь тоот данснаас/ 93,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст олгож, хариуцагч 69,346,065 төгрөгийн үүргээс чөлөөлөгдөх болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1-д заасныг баримтлан ******* ХХК /регистрийн дугаар /-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 18, 34, 35, 36-д тус тус заасныг баримтлан ******* ХХК-ийг татан буулгах / эд хөрөнгийг захиран зарцуулах, хуваарилах, худалдан борлуулах/ ажиллагааг дуусгавар болгон холбогдох байгууллагад мэдэгдэх, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг *******д даалгасугай.

3. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 93,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст олгож, хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийн хангагдаагүй 69,346,065 төгрөгийн үүргээс чөлөөлөгдөж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдсугай.

4. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ