Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00490

 

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00490

 

 

 

ТХ-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/00109 дугаар шийдвэртэй, хүсэлт гаргагч П Х ХХК-ийг дампуурсанд тооцуулах тухай хүсэлттэй, ТХ-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батцэцэг, Б.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Хүсэлт гаргагч П Х ХХК шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгч Б.Бадамжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П Х ХХК-ийг 2011 онд байгуулсан байна. Миний бие 2016 онд тендерийн ажил авахаар төлөвлөж тус компанийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр худалдаж авсан. Компанийг шилжүүлэн авч байх үед харьяа Чингэлтэй дүүргийн татварын дансанд өр төлбөртэй гэдгээ хэлж байсан ч тендерийн ажилд материал бүрдүүлж өгөх хугацаа бага байсан тул өр төлбөрийн асуудалд анхаараагүй. Гэтэл тендерийн ажлын материал бүрдүүлж өгөхөд зөвлөж, материал боловсруулж өгч байсан хүний хариуцлагагүй үйлдлээс болж сонгон шалгаруулалтад манай компани материалаа заасан хугацаанд хүргүүлж чадаагүйгээс сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болсон. Ийнхүү зорьж байсан ажил бүтэх боломжгүй болж компанийн үйл ажиллагааг явуулах хөрөнгөгүй, өртэй болсон. Тус компани нь өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст 69 439 465 төгрөгийн татварын өр төлбөртэй, 2012 онд үйл ажиллагаа зогсож 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй тухай Х тайлан гаргаж байгаа бөгөөд одоогоор компанийн нэр дээрх дансанд хөрөнгө байхгүй төлбөрийн чадваргүй болсон. Компанийн санхүүгийн тайлангаар тайлагнасан эргэлтийн 196 366 906 төгрөгийн хөрөнгө, эргэлтийн бус 157 938 төгрөг гэж заасан нь ойлгомжгүй, бодит байдалд нийцэхгүй хийсвэр тоон дүн байна. Мөн бусдаас авах авлага байхгүй. Иймд Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрийн чадваргүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П Х ХХК нь барилга угсралт төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. П Х ХХК нь 2015 оны нэмэгдсэн өртөгийн албан татварын тайлангийн өр 55 424 800,1 төгрөг, 2016 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн 14 014 665,2 төгрөг, нийт 69 439 465,3 төгрөгийн татварыг одоог хүртэл барагдуулаагүй. П Х ХХК-ийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй тул татварын алба Татварын тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авах боломжгүй байна. Мөн П Х ХХК-ийг Өдрийн сонины 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дугаарт дампуурсанд тооцох тухай зарласныг үндэслэн нэхэмжлэл гаргасан. Иймд татварын өр 69 439 465,3 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П Х ХХК-ийн 2014, 2015, 2016 оны санхүүгийн тайланд жилийн ашиг алдагдал ба бусад дэлгэрэнгүй орлогын тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, нягтлан бодох бүртгэлийн гол бодлогуудын товчоо болон бусад тайлбар тодруулгуудаас бүрдсэн санхүүгийн тайланд аудит хийж гүйцэтгэлээ. Бидний дүгнэлтээр хязгаарлалттай дүгнэлтийн үндэслэлд дурдсанаас бусдаар санхүүгийн тайлангууд нь 2014, 2015, 2016 онуудын 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар компанийн санхүүгийн байдал хийгээд тухайн өдрөөр дуусгавар болсон санхүүгийн жилийн үйл ажиллагааны үр дүн, мөнгөн гүйлгээг санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв толилуулсан байна. Компанийн санхүүгийн байдлын тайланд илэрхийлсэн мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийн үлдэгдэл 2014, 2015, 2016 онуудын 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 196 366 906 төгрөг гэж тайлагнасан байна. Энэ нь бидний гүйцэтгэсэн аудитын горимоор Голомт банк ХХК дахь П Х ХХК-ийн эзэмшдэг 1165008699 дугаар харилцах дансанд 94 300 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хязгаарлалттай дүгнэлтийн үндэслэлд дурдсан мөнгөн хөрөнгийн үлдэгдэл буруу илэрхийлэгдэж байгаа ба компанийн 2014, 2015, 2016 онуудын 12 дугаар сарын 31-ний өдрийн НӨАТ-ын өр 55 424 800,10 төгрөг, ААНОАТ-ын өр 14 014 665,20 төгрөг, нийт 69 439 565,30 төгрөгийн татварын өртэй нь компанийн хөрөнгө, өр төлбөрийн харьцаа зохист түвшинг давсан байна. Эдгээр үйл явдал, нөхцөл байдал болон бусад асуудлын хамт Компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн хийх чадвартай болоход ихээхэн эргэлзээ төрүүлж болохуйц тодорхой бус байгааг харуулж байна. Санхүүгийн тайлангуудыг СТОУС-ын дагуу бэлтгэх, үнэн зөв толилуулах ба залилан, алдааны улмаас үүсч болох материаллаг дүнг буруу илэрхийлэлгүй санхүүгийн тайлангуудыг бэлтгэх боломжийг бий болгоход шаардлагатай гэж удирдлагын тодорхойлсон дотоод хяналтуудад удирдлага хариуцлага хүлээнэ. Компанийн удирдлага нь санхүүгийн тайлангуудыг бэлтгэхдээ Компанийн үйл ажиллагааг зогсоох эсвэл татан буулгахаар төлөвлөсөн эсвэл эдгээрээс өөр бодит сонголт байхгүйгээс бусад тохиолдолд санхүүгийн тайлангуудыг гаргахдаа удирдлага нь тасралтгүй байх зарчмын дагуу компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах чадварыг үнэлэх, боломжтой бол тасралтгүй байх зарчимтай холбоотой асуудлуудыг тодруулах, нягтлан бодох бүртгэлийн тасралтгүй байх суурийг хэрэглэх үүрэгтэй. Засаглал хариуцсан этгээдүүд нь компанийн санхүүгийн тайлагналын үйл явцад хяналт тавих үүрэгтэй. Залилан эсвэл алдаанаас үүссэн материаллаг буруу тайлагналуудаас санхүүгийн тайлан нь бүхэлдээ ангид эсэх талаарх үндэслэлтэй баталгаа олж авах, дүгнэлт бүхий аудиторын тайлан гаргах нь бидний зорилго юм. Зохистой баталгаажуулалт гэдэг нь өндөр түвшиний баталгаажуулалт боловч АОУС-ын дагуу хийгдсэн аудит нь оршин байгаа материаллаг буруу тайлагналуудыг байнга илрүүлнэ гэсэн баталгаа биш юм. Буруу тайлагналууд нь залилан эсвэл алдаанаас үүсч болох ба хэрэв тэдгээр нь дангаараа эсвэл нийтдээ санхүүгийн тайланд үндэслэн гаргасан хэрэглэгчдийн эдийн засгийн шийдвэрт нөлөөлөх магадлалтай бол материаллагт тооцогдоно. АОУС-ын дагуу хийх аудитын үед бид мэргэжлийн үнэлэмж, мэргэжлийн үл итгэх зарчмыг баримтлан ажилладаг. Энэхүү тайланг өөр ямар нэгэн зорилгоор биш, Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлд заасны дагуу хувь эзэмшигчийн захиалгаар аудитыг гүйцэтгэн компанийн хувьцаа эзэмшигчид зориулан гаргасан гэжээ.

 

Шүүх: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1-д заасныг баримтлан П Х ХХК /регистрийн дугаар 5501334/-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж,

Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 18, 34, 35, 36-д тус тус заасныг баримтлан П Х ХХК-ийг татан буулгах /эд хөрөнгийг захиран зарцуулах, хуваарилах, худалдан борлуулах/ ажиллагааг дуусгавар болгон холбогдох байгууллагад мэдэгдэх, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд даалгаж,

Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П Х ХХК-аас 93 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст олгож, хариуцагч П Х ХХК нэхэмжлэлийн хангагдаагүй 69 346 065 төгрөгийн үүргээс чөлөөлөгдөж, ТХ-ийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдаж,

Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батцэцэг, Б.Оюунтуяа нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хэрэг гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтээр П Х ХХК-ийн 2014 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт хөрөнгө 196 524 844 төгрөг гэж тайлагнасан. Гэвч энэхүү хөрөнгийг бүрэн дүүрэн тогтоох ажиллагаа хийгдсэн эсэх нь эргэлзээтэй. Хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр томилогдсон Эйч Эл Би Монголиа Аудит ХХК-ийн дүгнэлтээр компанийн санхүүгийн байдлын тайланд илэрхийлсэн мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийн үлдэгдэл 2014, 2015, 2016 онуудын 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 196 366 906 төгрөг гэж тайлагнасан байна. Энэ нь бидний гүйцэтгэсэн аудитын горимоор П Х ХХК түүний эзэмшдэг Голомт банк ХХК дахь 1165008699 төгрөгийн харилцах дансанд үлдэгдэлтэй байгаа нь мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө дансны үлдэгдэл материаллаг дүнгээр буруу илэрхийлэгдсэн байгаа нь санхүүгийн тайлангийн үнэн зөв бодитой байх гэсэн батламж мэдэгдэлүүдийг хангахгүй байна. Энэхүү дүгнэлтэд дурдсан 196 366 906 төгрөгийн хөрөнгийн үлдэгдэл гэдгийг үнэн бодитоор тогтоож уг хөрөнгөөс нэхэмжлэл гаргагч талд татварын 69 439 465 төгрөгийн өрийг төлүүлэх бүрэн хүрэлцээтэй байтал Голомт банк ХХК дахь дансны үлдэгдэл, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Автотээврийн үндэсний төвийн албан бичгээр энэхүү хөрөнгийг тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь буруу. Энэхүү хэрэг нь шүүхийн шатанд 2 жил, үргэлжилсэн боловч компанийн хөрөнгийг тогтоох хэрэг гүйцэтгэгчийн ажиллагаа хангалтгүй явагдсан. Мөн сүүлд шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батцэцэгт хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч П Х ХХК нь дампуурлын хэрэг үүсгэн дампуурсанд тооцож, татан буулгуулах хүсэлт гаргажээ.

Мөн дампуурлын хэрэг үүсгэн шалгах ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс П Х ХХК-аас татварын өр 69 439 465 төгрөг гаргуулах тухай нэхэмжилжээ.

 

Шүүх нэхэмжлэгч ТХ-ийн хүсэлтийг үндэслэн шүүх Д.Буянжаргалыг хэрэг гүйцэтгэгчээр, Эйч Эл Би Монголиа Аудит ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх-122-123,175-176/

 

Шүүх иргэний хэрэг үүсгэсний дараа заавал хийвэл зохих ажиллагааны нэг нь хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгөх ёстой бөгөөд Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д зааснаар нэхэмжлэгчдийн хурлаар хэрэг гүйцэтгэгчийн мэдээлэл дүгнэлттэй танилцах буюу дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг танилцуулаагүй, зөвхөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Эйч Эл Би Монголиа Аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасантай нийцээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх баримттай танилцаж, үүнтэй холбоотой няцаасан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлэх боломж олгохгүй хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ. Энэ ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Иймд хэргийн оролцогчид хэргийн материалыг бүрэн танилцуулаагүй гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан хэрэг гүйцэтгэгчийн гаргасан тайлан түүнчлэн аудитын дүгнэлт нь хоорондоо утга агуулгын хувь зөрүүтэй байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эдгээр тайлан дүгнэлттэй танилцсан эсэх, үүний талаар зохих шаардлагаа тавих боломжоор хангасан эсэх нөхцөл байдал тодорхойгүй байна.

 

2014 оны 4 дүгээр улирлын байдлаар П Х ХХК-ийн нийт хөрөнгө 196 524 844 төгрөг гэж хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд тайлагнасан боловч Голомт банк ХХК дахь дансны үлдэгдэл, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Автотээврийн үндэсний төвийн албан бичгийг үндэслэн энэхүү хөрөнгийг тогтоогдохгүй байна гэж дүгнэснээс үзэхэд хөрөнгийг тогтоох ажиллагаа бүрэн хийгдсэн эсэх нь эргэлзээтэй талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/00109 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар

нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.БАЙГАЛМАА