Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2021/00445

 

 

 

 

                                               2021        02          03

                     101/ШШ2021/00445

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 5

 Голомт банкны төв байранд байрлах, “Г бк” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29 дүгээр гудамж, 777 тоотод оршин байрлах, “Ч т” ХХК-д  холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 194,625,757 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ч т” ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 0 тоот зээлийн гэрээг Голомт банктай байгуулж 200,000,000 төгрөгийн зээлийг жилийн 7 хувийн хүүтэй, 45 сарын хугацаатайгаар зээлж авсан. 0 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 0 тоот ипотекийн гэрээгээр Ү-0 тоот улсын бүртгэлийн дугаартай Ч Т ХХК-н өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 0 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 0 тоот ипотекийн гэрээгээр Г-0 тоот улсын бүрггэлийн дугаартай Ч.Б, М.О, Б.А, Ч.Б, Б.А нарын өмчлөлийн 0 нэгж талбарын дугаартай 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг барьцаалсан.

Мөн “Ч т” ХХК нь 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 0 тоот зээлийн гэрээг Голомт банктай байгуулж 100,000,000 төгрөгийн зээлийг жилийн 7 хувийн хүүтэй (хувьсах хүүтэй), 60 сарын хугацаатайгаар зээлж авсан. 0 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож БГ3005103228А тоот ипотекийн гэрээгээр Ү-0 тоот улсын бүртгэлийн дугаартай Ч.Б, Ч.Б, Ч.Ч нарын өмчлөлийн У0м.кв талбайтай 4 өрөө орон сууц, БГ3005103228Б тоот ипотекийн гэрээгээр Ү-0 тоот улсын бүртгэлийн дугаартай Ч.Б, Ч.Б, Ч.Ч нарын өмчлөлийн 0 гаражийн зориулалттай талбай зэргийг барьцаалсан.

0 тоот зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр дууссан боловч “Ч т” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний  үндсэн төлбөр            50,494,068.57 төгрөг, зээлийн хүү 30,980,664.07 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 7,079,696.22 төгрөг, нийт 88,554,428.87 төгрөгийг төлөөгүй, зээлийн хугацаа 1,132 хоног хэтэрч банкны эрх ашгийг хохироож байна.

0 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг буюу зээлийн гэрээний хавсралт 1-т болох зээл эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн. “Ч т” ХХК нь ЗГ3005103228 зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн  үндсэн төлбөр         73,172,525.44 төгрөг, зээлийн хүү          29,699,730.46 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 3,199,073.02 төгрөг, нийт         106,071,328.92 төгрөгийг төлөөгүй зээлийн хугацаа            1,112 хоног хэтэрч банкны эрх ашгийг хохироож байна.

Иймд “Ч т” ХХК-иас 04 тоот зээлийн гэрээний үүрэгт 88,554,428.87 төгрөг, 0 тоот зээлийн гэрээний үүрэгт 106,071,328.92 нийт 194,625,757.79 төгрөгийг гаргуулж,  үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа:

“Ч т “ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 0 тоот зээлийн гэрээг Голомт банктай байгуулж, 200,000,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 45 сарын хугацаатай зээлж авсан. Энэхүү зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон. Банк нь энэхүү зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотойгоор 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөр тооцон 88,554,428.87 мөнгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэвэл энэхүү зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дууссан. Гэрээний хугацаа дууссанаар банк нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд нэн даруй гаргах боломжтой төдийгүй эрхтэй. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш бүхэл бүтэн 2 жил 9 сарын өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, энэхүү хугацааны хүү нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд банк нь зээлдэгчийг зээлээ эргэн төлөхийг шаардах нөхцөлийг тодорхой зааж өгсөн байна. Энэхүү шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй 2 жил 9 cap болсноос үүдэн зээлийн хүү нэмэгдсэн нь банкны хариуцлага юм. Талууд хэн аль нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй. Түүнчлэн энэхүү зээлийн гэрээний хүү нь жилийн 7 хувь. Гэтэл банк нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш буюу зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш жилийн 26.4 хувийн хүүгээр тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ талаар “Ч т” ХХК-д  мэдэгдээгүй, тухайн үеийн Голомт банкны зээлийн нөхцөлийн талаар танилцуулаагүй, зээлийн эргэн төлөлтийн графикийг шинэчилж мэдэгдээгүй. Гэрээний нэг талд огт мэдэгдэлгүй дур мэдэн шийдсэн асуудал юм.

Мөн “Ч т” ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ЗГ3005103228 тоот зээлийн гэрээг Голомт банктай байгуулж, 100,000,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Банк нь энэхүү зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотойгоор 106,071,328.92 мөнгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь банк 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн  зээлийн хүүг 26.4 хувийн хүүтэйгээр тооцсон байх ба энэ талаар “Ч т” ХХК-д мэдэгдээгүй. Тухайн үеийн Голомт банкны зээлийн нөхцөлийн талаар танилцуулаагүй, зээлийн эргэн төлөлтийн графикийг шинэчилж мэдэгдээгүй. Гэрээний нэг талд огт мэдэгдэлгүй дур мэдэн шийдсэн асуудал юм.

0 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэгт 50,494,068 төгрөг, зээлийн хүүд 2,923,013 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 584,602 төгрөг, нийт 54,001,683 төгрөг, ЗГ3005103228 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэгт 73,172,525 төгрөг, зээлийн хүүд 18,669,675 төгрөг, нийт 91,842,200 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Ингээд нийт 2 гэрээний нийт дүн 145,843,883 төгрөгийг төлнө. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар шүүхэд гаргасан тайлбар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бидний зүгээс хариуцагчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Зээлийн гэрээний дагуу барьцааны гэрээ байгуулагдсан эсэх талаар ямар нэгэн маргаан байхгүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрнө гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч “Ч т” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 194,625,757 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцсон.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч “Ч т” ХХК-тай  2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тоот зээлийн гэрээг байгуулж, 200,000,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 45 сарын хугацаатай,

Мөн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийн зээлийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай тус тус зээлдүүлэх, зээлдэгч “Ч т” ХХК нь тохирсон хугацаанд графикийн дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Талууд 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 0 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 0 тоот 576,6 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 0 нэгж талбарын дугаартай 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

0 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 0 өрөө орон сууц, 0 тоот хаягтай 36 м.кв гараашийн зориулалттай талбай зэргийг  тус тус барьцаалсан байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт тус тус зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа, мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүсжээ.

 

Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Зээлдэгч “Ч т” ХХК нь зээлийн гэрээний зээл төлөлтийн хуваарийг  зөрчиж, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 0 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэгт  50,494,068 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр тоот зээлийн гэрээний үндсэн үүрэгт 73,172,525 төгрөг тус тус үлдсэн үйл баримтад маргаагүй.

 

Харин хариуцагч нь зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээнд маргаж, зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулаагүй атлаа гэрээгээр тохирсон хүүгийн хэмжээг 26.4 хувиар тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,

 

Банк, эрхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны журмын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хүүг 26.4 хувиар тооцож нэхэмжилж буй үндэслэлээ 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний 5.1-т “...эргэн төлөлтийг хугацаа хэтрүүлсэн зэрэг зээлдэгчийн буруутай бусад шалтгааны улмаас төсөл санхүүжүүлэгч буюу эцсийн  зээлдүүлэгч  банкны зээлийн эх үүсвэрийг эргүүлэн татсан тохиолдолд энэ гэрээний 2.1-т заасан нөхцөл нь  банкны тухайн үеийн ерөнхий нөхцөлд шилжинэ” гэж заасныг үндэслэж шаардсан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...банкны тухайн үеийн ерөнхий нөхцөл гэдэг нь тухайн жилд банк нийтэд зарласан зээлийн хүүгийн хэмжээ байдаг. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт тул үүнтэй холбоотой буюу 26.4 хувийн хүү тогтоосон баримтыг хэрэгт цуглуулж өгөх шаардлагагүй” гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь зээлийн ерөнхий нөхцөлтэй холбоотой бичгийн нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх тус банкны зээлийн хүүгийн ерөнхий хэмжээ нь 26.4 хувь гэж үзэх боломжгүй юм.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг стандарт нөхцөл гэнэ” гэж заасан.

 

Талууд 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 0 тоот зээлийн гэрээгээр зээлийн хүүг жилийн 7 хувь байхаар тогтоож, урьдчилан тохиролцсон, уг гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах замаар зээлийн хүүгийн хэмжээг өөрчлөөгүй атлаа нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь зээлийг хүүг 26.4 хувь руу шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд уг гэрээний 5.1-т заасныг Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгчид ашигтайгаар тайлбарлаж, хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээ тодорхойгүй буюу ойлгомжгүй тул нэхэмжлэгчийг хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй гэж үзлээ.

 

Нөгөө талаар, зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дууссан, хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэвээр байхад нэхэмжлэгч нь  гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан зээлийг төлүүлэх арга хэмжээг аваагүйгээс улбаалан нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдэж, үргэлжлүүлэн тооцож явсаар 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлдэгчид их хэмжээний хүү төлөх үүрэг ногдож буй нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

 

Иймд хариуцагч нь 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн тоот зээлийн гэрээний дагуу 45 сарын хүүд 53,200,000 төгрөг /200,000,000 х 7хувь = жилийн 14,000,000 төгрөг, 14,000,000 х 45 сар = 53,200,000 төгрөг/ төлөх үүрэгтэй байна. Үүнээс гэрээний хугацаанд төлсөн хүүгийн төлбөр 34,312,336 төгрөгийг хасч, үлдэх 18,887,664 төгрөгийг үндсэн хүүд төлөх үүрэгтэй байна. Уг үндсэн хүүнээс нэмэгдүүлсэн хүү тооцвол 3,777,532 төгрөг байна. Уг гэрээний үүрэгт нийт төлбөл зохих үүрэг нь үндсэн төлбөр 50,494,068 төгрөг, хүү 18,887,664 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,777,532 төгрөг, нийт 73,159,264 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Талуудын байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн  0 тоот зээлийн гэрээний хугацаа 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дуусч байх ба шүүх хариуцагчийг гэрээний хугацааны хүү, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, зээл төлөх хуваарийг зөрчсөн тул нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүрэгтэй. Харин уг гэрээний хугацаа нь тухайн зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэх үед дуусч байх тул банк хэтэрсэн хугацааны хүү шаардах эрх үүсээгүй гэж дүгнэв.

Иймд хариуцагч нь уг зээлийн гэрээний дагуу 60 сарын хүүд 35,000,000 төгрөг /100,000,000 х 7 хувь =жилийн 7,000,000 төгрөг, 7,000,000 х 60 сар =35,000,000 төгрөг/ төлөх үүрэгтэй байна. Үүнээс хүүгийн төлбөрт төлсөн 9,382,795 төгрөгийг хасч, үлдэх 25,617,205 төгрөгийг үндсэн хүүд төлөх үүрэгтэй. Уг үндсэн хүүнээс нэмэгдүүлсэн хүү тооцвол 5,123,441 төгрөг байна. Уг гэрээний үүрэгт нийт төлбөл зохих үүрэг нь үндсэн төлбөр 73,172,525 төгрөг, хүү 25,617,205 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,123,441 төгрөг, нийт 103,913,171 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Дээрх хоёр зээлийн гэрээний үүргийг нэгтгэн нийт зээлийн гэрээний үүрэгт 177,072,435 төгрөгийг хариуцагч “Ч т” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгөнүүд нь зээлдэгч “Ч т” ХХК  болон зээлийн гэрээгээр үүрэг хүлээгээгүй буюу гуравдагч этгээд Ч.Б, Ч.Б, М.О, Б.А, Б.А, Ч.Ч нарын өмчлөлийн эд хөрөнгөнүүд бөгөөд энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасантай нийцэж байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй бөгөөд үл биелүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан тул барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.  Мөн хариуцагч болон гуравдагч этгээдүүд уг үйл баримтад маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Ч т” ХХК-иас 177,072,435 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 17,553,322 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ч т” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч “Ч т” ХХК-ийн өмчлөлийн  0 тоот улсын бүртгэлийн дугаартай 576 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон мөн хаягт байрлах Ч.Б, М.О, Б.А, Ч.Б, Б.А нарын өмчлөлийн                    0 улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын 0 тоот дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газар, 0 тоот хаягт байрлах Ч.Б, Ч.Б, Ч.Ч нарын өмчлөлийн                        Ү-0 тоот улсын бүртгэлийн дугаартай 88.6 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 0 тоот хаягт байрлах Ч.Б, Ч.Б, Ч.Ч нарын өмчлөлийн 36 м.кв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,201,278 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,113,512 /1,0433,12+70,200/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Г.БЯМБАЖАРГАЛ