Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2021/00268

 

 

 

 

 

 

 

                                   2021           01           25  

   101/ШШ2021/00268

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                              

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.С холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 92,166,666 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Д.С болон түүний нөхөр Н.*******-Уул нар 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр миний бие Б.Боос 15 хоногийн 5 хувийн хүүтэй, 35,000,000 төгрөгийг зээлэх тухай гуйлт хүсэлтийг харилцан зөвшилцөж, гэрээ байгуулж нотариатчаар гэрчлүүлэн Б.Б миний дүү болох Т.*******ын Худалдаа хөгжлийн банкны ******* тоот данснаас Д.Сгийн Хаан банкны ******* тоот данс руу 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 35,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болно. Гэрээ ёсоор 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээл болох 35,000,000 төгрөг, 15 хоногийн хүү болох 1,750,000 төгрөг буюу нийт 36,750,000 төгрөгийг буцаан төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй болно. Д.Сгийн ******* дугаартай утас нь холбогдохгүй, ******* дугаартай утас нь маш олон удаагийн дуудлагаар дуудсаны эцэст хааяа хариу өгөхдөө элдэв шалтаг тоочин, худлаа хугацаа заан хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн.

Миний бие цаашид хүлээх боломжгүй болсон бөгөөд гэрээ ёсоор үндсэн зээл болох 35,000,000 төгрөг, 15 хоногийн зээлийн хүү болох 1,750,000 төгрөг, алданги 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нийт 475 хоногийн алданги болох 55,416,666 төгрөг, нийт 92,166,666 төгрөгийг Д.Сгаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.С шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 35,000,000 төгрөг, хүү 1,750,000 төгрөг, алданги 55,416,666 төгрөг, нийт 92,166,666 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Нэхэмжлэгч Б.Бын гаргасан нэхэмжлэлд шүүх 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар буюу шүүхийн мэдэгдэх хуудсаар, утсаар удаа дараа хариуцагч Д.Сг дуудсаны эцэст тэрээр 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, улмаар 14 хоногийн дотор буюу 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, эсхүл татгалзаж буй эсэхтэй холбоотой хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

            Түүнчлэн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16:30 цагт болох шүүх хуралдааны товыг 01 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч Д.Сгийн ******* дугаарын утсаар мэдэгдэхэд “За ойлголоо” гэсэн хариу өгсөн боловч тэрээр шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан болно. 

 

            Дээрх нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэсэн зохицууулалтад нийцнэ.

 

            Ийнхүү хуулийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэл бий болж, хариуцагч хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй боловч шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх учиртай.

 

            Б.Б, Д.С нар 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр №1482 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 15 хоногийн хугацаатайгаар, 15 хоногийн хүү 5 хувь байхаар, гэрээний 3.4-т зааснаар зээлдүүлэгч Б.Бын дүү Т.*******ын Худалдаа хөгжлийн банкны ******* тоот данснаас Д.Сгийн Хаан банкны ******* тоот дансанд мөнгийг шилжүүлэхээр, Т.*******ын уг данснаас 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөгөөр 11 удаа, 2,000,000 төгрөгөөр 1 удаа, нийт 35,000,000 төгрөгийг Д.Сгийн дансанд тус тус шилжүүлсэн, зээлдэгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцсон байх бөгөөд энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагджээ.

 

            Зохигчдын хооронд гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу мөнгийг шилжүүлснээс хойш хариуцагч Д.С нь үндсэн зээл болон хүүгийн төлбөрөөс төлөлт хийгээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж төлбөрөөс төлсөн эсэх талаарх хариу тайлбар болон холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

            Үүнээс үзвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус зааснаар зээлдэгч болох хариуцагч Д.С нь зээлдүүлэгч болох Б.Боос шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаандаа буцаан төлөх үүрэг, мөн гэрээгээр тохирсон хүү төлөх үүргээ биелүүлээгүй байх тул үндсэн зээл 35,000,000 төгрөг, хүү 1,750,000 төгрөгийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан ба зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.7-д алдангийн талаар тохирсоны дагуу нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссан 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 475 хоногоор хугацаа хэтрүүлсэн гэж үзэж 55,416,666 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заажээ.

 

            Хариуцагчийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь үндсэн зээл 35,000,000 төгрөг, хүү 1,750,000 төгрөг, нийт 36,750,000 төгрөг гэж үзнэ.

 

            Хууль болон зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцвол 1 өдрийн алданги нь 183,750 төгрөг ба үүнийг 475 хоногоор тооцвол 87,281,250 төгрөгийг алдангид хариуцагч нь төлөхөөр байх боловч энэ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан зохицуулалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алдангийг тооцож, 18,375,000 /36,750,000 : 2/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй юм. 

 

            Нэхэмжлэгч нь алдангийг дээрх хуулийн зохицуулалтын дагуу тооцоогүй, илүү тооцсон нь үндэслэлгүй байна.  

 

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Д.Сгаас үндсэн зээлийн үлдэгдэл 35,000,000 төгрөг, хүү 1,750,000 төгрөг, алданги 18,375,000 төгрөг, нийт 55,125,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бод олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд Т.*******ыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтээсээ татгалзсан болно.

        

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                              

ТОГТООХ нь:

    

            1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Сгаас зээлийн гэрээний үүрэгт 55,125,000 /тавин таван сая нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бод олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 37,041,666 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618,784 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Сгаас нэхэмжлэлийн хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 433,575 /дөрвөн зуун гучин гурван мянга таван зуун далан тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бод олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ