Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00499

 

 

 

 

 

 

 

 

 

Бдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/00268 дугаар шийдвэртэй,

 Бдын нэхэмжлэлтэй Ляад холбогдуулан гаргасан

 зээлийн гэрээний үүрэгт 92 166 666 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Бд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баялагмаа, Э.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надаас Ляа болон түүний нөхөр Н.Бат-Уул нар 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 15 хоногийн 5 хувийн хүүтэй, 35 000 000 төгрөгийг зээлж, гэрээ байгуулж, дүү Дярын эзэмшлийн “А” ХХК дахь 475024865 тоот данснаас Ляагийн эзэмшлийн “Ы” ХХК дахь 5022552199 тоот дансанд шилжүүлж өгсөн. Гэрээ ёсоор 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээл болох 35 000 000 төгрөг, 15 хоногийн хүү болох 1 750 000 төгрөг, нийт 36 750 000   төгрөгийг буцаан төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй болно.

Иймд үндсэн зээл 35 000 000 төгрөг, 15 хоногийн зээлийн хүү 1 750 000 төгрөг, алданги 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нийт 475 хоногийн 55 416 666 төгрөг, нийт 92 166 666 төгрөгийг Ляагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбар ирүүлээгүй байна.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ляагаас зээлийн гэрээний үүрэгт 55 125 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бдод олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 37 041 666 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618 784 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ляагаас нэхэмжлэлийн хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 433 575 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бдод олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

Коронавирус цар тахлын үед үүссэн нөхцөл байдлын улмаас Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 2020 оны 12 дугаа сарын 23-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоосны улмаас хуульд заасан хугацаанд хариу тайлбар өгч чадаагүй. Үүнээс гадна 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн өвчилсөн иргэдийн тоо нэмэгдэж, тус дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр нь кластер голомт болох нь тогтоогдсоноор гэрээс гарах боломжгүй болсон. Уг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тайлбар өгөөгүйгээс гадна хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байдалд орсон.

Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрээр Бдод зээлд 35 000 000 төгрөг, түүний хүүд 1 750 000 төгрөг, алдангид 18 375 000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бд нь надтай 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийн мөнгөн төлбөр болох 35 000 000 төгрөгийг Дяр миний данс руу шилжүүлсэн.

Миний бие Дяраас зээлийн мөнгөн хөрөнгийг авсан учир түүнд буцаан шилжүүлэхийг зөвшөөрч байгаа. Харин Бд зээлийн мөнгөн хөрөнгийг надад шилжүүлээгүй атлаа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэх эрхгүй. Мөн хүүгийн төлбөрөөс хэт өндөр алдангийг Бдод төлөх нь хуулийн үндэслэлгүй.

Ийнхүү, Бдыг зээлийн төлбөрийг шаардах эрхгүй, мөн шүүх Коронавирус цар тахлын үеийн нөхцөл байдал, төлбөрийн чадварыг харгалзалгүй хэргийг шийдсэнд гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийг тодруулахаар анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Бд нь хариуцагч Ляад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 92 166 666 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Бд, Ляа нар 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Бд нь 35 000 000 төгрөгийг зээлдэгч Ляад шилжүүлэх, зээлдэгч нь уг мөнгөн хөрөнгийн буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Талууд зээлийн гэрээний 3.4-т “бэлэн бусаар Бдын дүү Дярын 475024865 тоот данснаас Ляагийн 5022552199 тоот дансанд мөнгийг шилжүүлнэ” гэж тохиролцсны дагуу “А” ХХК дахь Дярын эзэмшлийн 475024865 тоот данснаас 2019 оны 07 дүгээр сарын 05-ны өдөр “Ы” ХХК дахь Ляагийн эзэмшлийн 5022552199 тоот дансанд 3 000 000 төгрөгөөр 11 удаа, 2 000 000 төгрөгөөр 1 удаа, нийт 35 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх дээрх дансны хуулгыг үнэлж зөв тогтоожээ.

 

Иймд анхан шатны шүүх Бд болон Ляа нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа 35 000 000 төгрөгийн хэмжээнд үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Гэрээнд зааснаар гуравдагч этгээд болох Дяраар үүргийг гүйцэтгүүлсэн нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт нийцсэн тул зээлийн гэрээний үүргийг Бд нэхэмжлэх эрхгүй гэх Ляагийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.

 

Талууд зээлийн гэрээний 3.3-т “15 хоног 5 хувийн хүүтэй” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоосон, мөн зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тохиролцсон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасантай нийцжээ.

 

Мөн гэрээний 3.7-д “гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэсэн талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолттой нийцжээ.

 

Зээлдэгч зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй байх тул зээлдүүлэгч үндсэн зээл 35 000 000 төгрөг, зээлийн хүү 1 750 000 төгрөг, алданги 18 375 000 төгрөгийг шаардах эрхтэй. Бд нь алдангид 55 416 666 төгрөг шаардсан боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул анхан шатны шүүх хуульд зааснаар алдангийг хязгаарлаж 18 375 000 /36 750 000 төгрөгийн 50 хувь/ төгрөгөөр тооцсон нь зөв болжээ.

 

Хариуцагч Ляа нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, мөн өдөр шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулсан байх бөгөөд анхан шатны шүүх уг хугацаанаас хойш 1 сар 8 хоногийн дараа буюу шүүх хуралдааныг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хэлэлцүүлэхээр товлож, талуудад 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдааныг товыг мэдэгдэхэд Ляа нь “за ойлголоо” гэсэн хариу өгсөн болохыг шүүгчийн туслах тэмдэглэж, бичгийн баримт үйлдэжээ. /хх15, 16/

 

Тэрээр шүүхээс тогтоосон хугацаанд тайлбараа биечлэн болон цахимаар шүүхэд ирүүлэх боломжтой. Учир нь Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт” шилжүүлэх үед шүүхийн ажиллагааг хязгаарлаагүйгээс гадна уг бэлэн байдлын зэргийг бууруулахад хариуцагч шүүхэд тайлбар гаргах, шүүх хуралдаанд оролцох боломжтой байжээ.

 

Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан 1 сар 8 хоногийн хугацаанд хэргийн материалтай танилцах, тайлбар өгөх, мэтгэлцэх эрхээ хариуцагч хэрэгжүүлэх боломжтой бөгөөд шүүхээс болон бусад нөхцөл байдлаас хамаарч түүний эрхийг нь хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, түүнчлэн хариуцагч Ляа нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна. Иймд энэ талаар гаргасан түүний давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/00268 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433 575 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА