Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 212/МА2018/00081

 

Т.Д-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00273 дугаар шийдвэртэй, Т.Д-ы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн “Ш” Өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагчийн өмгөөлөгч Т.Байгонак нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: (1) “Ш” Өрхийн эрүүл мэндийн төв, ажилтан Т.Д нарын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн цалинг тогтоосон нөхцөлийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан болохыг тогтоож, (2) шүүхийн шийдвэрийн дагуу ажилтан Т.Д-тай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагч “Ш” Өрхийн эрүүл мэндийн төвд үүрэг болгож, (3) 2018 оны 01, 02 дугаар сарын цалингийн зөрүү 448000.00 төгрөгийг гаргуулах тухай. /хэргийн 61 дүгээр тал/

Нэхэмжлэлд: “Миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар шийдвэрээр “Ш” Өрхийн эрүүл мэндийн төвийн галчийн ажилд эгүүлэн тогтоогдсон. Гэвч М.А нь намайг шүүхээс эгүүлэн тогтоогдсон хэмээн өс хонзон санаж, шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлсэн болж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж нэг тушаал гаргаж, дараагаар нь дахин өөр түр тушаал гаргаж, миний хөдөлмөрлөх эрхээр минь тоглож галчийн орон тоонд авч ажиллуулахгүй байна. Миний ажиллаж байсан галчийн орон тоо нь ээлжээр гардаг. 7 хоногийн 40 цагаар ажилладаг байсан ба сарын цалин хөлс маань 350000 /гурван зуун тавин мянга/ төгрөг байсан. Хариуцагч нь шүүхээс шийдвэр гарсны дараа намайг 350000 төгрөгийн цалинтай, галчийн ажилд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эгүүлэн томилж тушаал гаргаж байсан боловч 2017 оны 12 дугаар сарын сүүлээр намайг ээлжийн галчаас дахин чөлөөлж, цагийн ажилтан болгож түр томилсон тушаал гаргасныг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хамт олны хуралдаан дээр мэдэж шүүхэд гомдол гаргаж байна. Тухайн тушаал шийдвэрийг надад олгохгүй байгаа болно. Иймд урьд эрхэлж байсан галчийн ажилд эгүүлэн тогтоож, намайг ээлжийн галчаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг зохих журмын дагуу биелүүлж өгнө үү.” гэжээ.

            Нэмэгдүүлж, тодруулсан нэхэмжлэлийн шаардлагад: “Хөдөлмөрийн гэрээний цалин хөлс тогтоосон хэсэг буюу шалтгаангүйгээр цалин хөлс бууруулсныг хууль бус болохыг тогтоож, шүүхийн шийдвэрийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгаж, 2018 оны 01, 02 дугаар саруудын цалингийн зөрүү болох 448000.00 төгрөгийг гаргуулах тухай.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн "Ш" Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл надад урьд авч байсан цалин хөлс болох 350000 төгрөгөөр цалинжуулж ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд 23.2.1-т зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж хуульчилсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т " ..Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно", мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,-т "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуулиар тогтооно." гэж заасан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,-т "Ажилтныг хөдөлмөрийн ...гэрээгээр ажиллуулж байгаа ажил олгогч нь түүнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс багагүй үндсэн цалин /хөлс/-г олгох үүрэг хүлээх бөгөөд ажил олгогч нь энэ хуулийн 5.3-т заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хамаарах бол түүнээс багагүй үндсэн цалин /хөлс/-г өмчийн төрөл, хэлбэр болон тухайн салбарын ажил олгогч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагад гишүүнчлэлтэй эсэхээс үл хамааран олгоно" гэж заасан. Иймд Хөдөлмөрийн гэрээний цалин хөлс тогтоосон хэсэг хууль бус болохыг тогтоож, шүүхийн шийдвэрийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгаж, 2018 оны цалингийн зөрүү болох 448000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Хариуцагч миний хувьд түүнд өс хонзон санах ямар ч үндэслэлгүй, бид хоёрын хооронд өс хонзон санахаар асуудал байгаагүй. Т.Д-ыг бид 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр улирлын чанартай ээлжийн галчаар авч ажиллуулах тушаал гаргаж, Т.Д гуай өнөөдөр хүртэл урьд ажиллаж байсан галчийн ажлыг хийж байна. Т.Д нь сүүлийн 2 жилд намайг болон хамт олныг энэ мэтээр гүтгэн гүжирдэж, хамт олны дунд бидний ажил хэргийн нэр хүндийг алдагдуулах талаар янз бүрээр оролдож дарамталж байна. Бид удирдлагын зүгээс ажлын шаардлага тавихад тэрээр үргэлж эсэргүүцэж биелүүлдэггүй хүн. Манай эмнэлэгт 2015, 2016 оны өвлийн улиралд 2 галч ажилладаг байсан ба тэр үед галч нар өдөрт 8 цаг ажилладаг байсан бол 2017 оноос 3 галч өдөрт 4 цаг ээлжээр ажилладаг болоод цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 233 дугаар зүйлд /хуучин хуулийн 49.1-р зүйл/ зааснаар тохирсон цалинг олгож байгаа болно. Манайд өдөр бүр орой ажил тарснаас хойш маргаашийн 8 цаг хүртэл галч ажилладаггүй. Энэ талаар мөн хуулийн шаардлагын дагуу Т.Д болон бусад 2 галчтай хөдөлмөрийн гэрээ хийж ажиллаж байна. Энэ гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хийсэн бөгөөд гэрээ хийгдсэнээс хойш 4 сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд бусад галч нар энэ талаар гомдол гаргаагүй. Тус эмнэлэгт улирлын чанартай 3 галч өдөрт 4 цагаар ээлжээр ажилладаг болсон тул тус аймагт байгаа манайх шиг улирлаар галлагаатай байгууллага, аж ахуйн нэгжийн зууханд галчаар ажилладаг хүмүүст олгож байгаа цалин хөлсний жишиг, ажлын шаардлага, батлагдсан төсвийн хэмжээ, галч нарын ажиллах цаг, халаадаг объектын хэмжээг /10x12 хэмжээтэй, энгийн халаалттай/ тус тус харгалзан хүн бүр ажилдаа хариуцлагатай байж, хариуцсан ажилд эзэн ёсоор хоёрдмол сэтгэлгүй хандуулах үүднээс 2018 оны 01 сарын 19-ний өдрийн 5 тоот дугаар хамт олны хурал болж хэн ямар ажил хийх талаар яригдсан ба Т.Д-тай холбогдолтой 2017 оны 11 сарын 01-ний 32 тоот тушаалаас өөр ямар нэгэн эрх зүйн акт тушаал гаргаагүй. Т.Д өөрийн биеэр сууж хурлын шийдвэрийг зөвшөөрч байсан атлаа хурлын тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан болно. Бидний тайлбар болон хүргүүлсэн нотлох баримтыг сайтар судалж Т.Д-ы үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэв.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00273 дугаар шийдвэрээр  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-д заасныг баримтлан ажил олгогч “Ш” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга болон ажилтан Т.Д нарын байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний үндсэн цалин тогтоосон нөхцөл нь хууль тогтоомжид зааснаас дордуулсан болохыг тогтоож, “Ш” өрхийн эрүүл мэндийн төвөөс цалингийн зөрүү 228000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Д-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 220000 төгрөгийг болон хөдөлмөрийн гэрээг шүүхийн шийдвэрийн дагуу байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Т.Д нь 2005 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн “Ш” Өрхийн эрүүл мэндийн төвд манаач, галчийн ажилд орж 12 дахь жилдээ ажиллаж байхад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хууль бусаар ажлаас халж, нэхэмжлэгч гомдол гаргаснаар шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар шийдвэрээр Т.Д-ыг хуучин ажиллаж байсан галчийн ажилд эгүүлэн тогтоосон. Хариуцагч М.А нь Улсын Дээд шүүх хүртэл гомдол гаргаж маргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Энэ хугацаандаа Т.Д нь нэг жил гаруй хугацаанд ажилгүй байсан ба шүүхийн шийдвэрийн дагуу урьд ажиллаж байсан галчийн ажилд эгүүлэн тогтоогдсон боловч түүний оронд авсан ажилтнуудыг ажлаас гаргахгүйгээр түүнийг давхар ажиллуулж Т.Д-д өгөх ёстой цалин хөлсийг 2-т хувааж өгөх болсон байна. Өөрөөр хэлбэл шүүхийн даалгасан шийдвэрийг биелүүлэхгүйгээр өөр гэрээ байгуулан, урьд эрхэлж байгаа ажилд нь эгүүлэн тогтоохоос татгалзаж, шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлсэн байна. Иймээс Хөдөлмөрийн гэрээний цалин хөлс тогтоосон хэсэг буюу шалтгаангүйгээр цалин хөлс бууруулсныг хууль бус болохыг тогтоож, Шүүхийн шийдвэрийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгаж, 2018 оны 01, 02 дугаар саруудын цалингийн зөрүү болох 448000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байсан боловч анхан шатны шүүх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосонд нь гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

            Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Манай “Ш” Өрхийн эрүүл мэндийн төв нь нэхэмжлэгч Т.Д-тай цагаар ажиллах хөдөлмөрийн гэрээ хийснийг шүүгч шүүх хуралдаанаар түүнийг буруу ойлгож хөдөлмөрийн гэрээг цагаар биш өдрөөр хийсэн мэтээр дүгнэлт хийсэн байна. Урьд жилүүдэд манай эмнэлэгт улирлын чанартай галчаар 2 хүн ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан нэг өдөрт 8 цагаас илүүгүй ажиллах шаардлагыг зөрчиж байсныг бид залруулан ажлын шаардлага, онцлогийн үүднээс 2017 оны 10 дугаар сарын 01-ээс 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 7 сарын хугацаанд 3 галч болох Т.Д, Т.Х, Х.С нарын тус бүртэй өдөрт 4 цаг ажиллахаар хөдөлмөрийн гэрээ хийж тохирсон хөлсөө гэрээнд заасан хэмжээгээр олгож байгаа. Гэтэл нэхэмжлэгч Т.Д нь үүнийг мэддэг хэр нь хөдөлмөрийн гэрээнд заасан хөлснөөс илүү хөлс авна гэж хуулийн заалтгүй мухар шаардлага тавин эсэргүүцэж байгаа асуудлыг хариуцагч бид шүүхэд нотлох баримтаар нь тайлбарласаар байхад анхан шатны шүүх Т.Д нь сард хөдөлмөрийн доод хэмжээнд заасан цалин авах ёстой гэж дүгнэсэн нь буруу байна. Хөдөлмөрийн хуульд ажил олгогч ажилтантай цагаар, өдрөөр, сараар хугацаатай буюу хугацаагүй хөдөлмөрийн гэрээний аль нэг хэлбэрээр хийж болохыг шүүгч ойлгохгүй байна гэдэгт эргэлзэж байна. Хэрэв Т.Д нь бидний санал болгосон өдөрт 4 цагаар ажиллах саналыг зөвшөөрөөгүй бол тухай үед татгалзаж гарын үсэг зурахгүй байхаас гадна тухайн асуудал хэлэлцсэн хамт олны хуралдан дээр юу ч хэлээгүй бөгөөд толгой дохиж зөвшөөрч байсан. /хөдөлмөрийн гэрээ болон хамт олны хурлын тэмдэглэл хавтас хэрэгт байгаа/ Иймд мэргэн шүүгч та бүхэн Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг үндэслэн Т.Д-ы “Ш” эмнэлэгт холбогдох иргэний хэргийг сайтар судалж Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийг анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 00273 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт Т.Д-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож зөв шийдвэр гаргахыг хүсэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

            Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч “Ш” Өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан “2017 оны 12 дугаар сарын сүүлээр ажлаас чөлөөлж, түр ажилтан болгосон ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгож, тус төвийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг өөрчилж, дараах гурван шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1. Нэхэмжлэгчийн “Ш” Өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан ажил олгогч болон ажилтан Т.Д нарын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн цалинг тогтоосон нөхцөлийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан болохыг тогтоох тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар шийдвэрээс үзвэл, ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар тушаалаар Т.Д нь тус төвийн галчийн үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн нь тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэрээр түүнийг Баян-Өлгий аймгийн “Ш” Өрхийн эрүүл мэндийн төвийн галчийн ажилд эгүүлэн тогтоожээ.

Ажил олгогч уг шийдвэрийг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 32 дугаартай тушаал гаргаж, мөн өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохдоо Т.Д-ыг “ээлжийн галчаар” ажиллуулахаар шийдвэрлэжээ. Ажил олгогчоос дээрх тушаалын дагуу ажилтантай 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 11 дүгээр зүйлд “Ажилтанд галчийн үндсэн цалин хөлс 1 цаг нь 3000 төгрөгөөр бодож тооцож олгоно.” гэж заасан нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн  гурван талт Үндэсний хорооны 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолд тус тус нийцээгүй байна.

Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж, талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн цалинг тогтоосон нөхцөлийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан болохыг тогтоож шийдвэрлэх нь хууль тогтоомжид нийцнэ гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгчийн “шүүхийн шийдвэрийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчийн тайлбарын хүрээнд судалж, тодруулж үзвэл, тэрээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар шийдвэрийн дагуу ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг ажил олгогчид үүрэг болгохыг хүссэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй. Түүнчлэн ажилтан Т.Д-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.2.-т зааснаар ажилтны ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас хөдөлмөрлөхтэй холбоотой зөрчигдсөн эрхүүд ажил олгогчийн хууль бус шийдвэр гарахаас /2016 ооны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар тушаалаар гарахаас өмнөх байдал/ өмнөх байдалд сэргэх учиртай.[1] Ажилтан, ажил олгогчийн хооронд, ажилтан ажлаас үндэслэлгүй халагдахаас өмнө 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж байсан ба уг гэрээний 21.1.3 дахь заалтад ажилтны үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээг 350000.00 төгрөгөөр тогтоосон байна.

 

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар шийдвэрийг үндэслэн, ажилтан ажлаас халагдахаас өмнө талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нөхцөлөөр ажилтан Т.Д-тай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагч “Ш” Өрхийн эрүүл мэндийн төвд үүрэг болгож, хөдөлмөрлөхтэй холбоотой ажилтны зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар шийдвэрээр хөдөлмөрийн гэрээ байгуулахтай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүхээс дахин тогтоох хууль зүйн үндэслэлгүй...” гэж эрх зүйн хувьд алдаатай хийгээд тухайн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй орхигдуулжээ.

 

3. Нэхэмжлэгчийн 2018 оны 01, 02 дугаар сарын цалингийн зөрүү 448000.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Ажилтан Т.Д нь хариуцагч Баян-Өлгий аймгийн “Ш” Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдахаас өмнө түүний сарын үндсэн цалин 350000.00 төгрөг байсан нь зохигчийн тайлбар, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр тогтоогджээ.

 

Ажилтны үндсэн цалинг 2017 оны 11, 12 дугаар сард бүтнээр олгосон атлаа 2018 оны 01, 02 дугаар сард ажилтны үндсэн цалинг илт үндэслэлгүйгээр /2 сард нийт 480000.00 төгрөгөөр/  бууруулж олгосон нь (700000.00-132000.00-120000.00) хэргийн 47 дугаар талд авагдсан санхүүгийн тодорхойлолт, талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр тус тус нотлогдож байна. Иймээс ажилтны цалин хөлс авах зөрчигдсөн эрхийг сэргээж, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 47 дугаар зүйлийн 47.1.-т зааснаар хариуцагчаас 480000.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх ажил олгогч “Ш” Өрхийн эрүүл мэндийн төв, ажилтан Т.Д нарын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн цалинг тогтоосон нөхцөлийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан болохыг тогтоож шийдвэрлэсэн атлаа ажилтанд олгох цалин хөлсний хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон нь учир дутагдалтай болжээ. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар шийдвэрээр ажилтан Т.Д-ыг урьд эрхэлж байсан галчийн ажилд эгүүлэн тогтоосон учир тэрээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажлаас үндэслэлгүй халагдахаас өмнө авч байсан цалин хөлсийг авах эрхтэй.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7250.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж Т.Дд буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

                

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00273 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8, 128.1.11.-т заасныг баримтлан ажил олгогч “Ш” Өрхийн эрүүл мэндийн төв, ажилтан Т.Д нарын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн цалинг тогтоосон нөхцөлийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан болохыг тогтоож,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар шийдвэрийг үндэслэн, ажилтан ажлаас халагдахаас өмнө талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нөхцөлөөр ажилтан Т.Д-тай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагч “Ш” Өрхийн эрүүл мэндийн төвд үүрэг болгож,

хариуцагчаас ажилтан Т.Д-ы 2018 оны 01, 02 дугаар сарын цалингийн зөрүү 448000.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Д-д олгосугай.” гэж, 2 дахь заалтыг:

 

“2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Д-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14100.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, түүнээс 950.00 /есөн зуун тавь/ төгрөг, хариуцагч “Ш” Өрхийн эрүүл мэндийн төвөөс 70200.00 /далан мянга хоёр зуу/ төгрөг тус тус гаргуулан төрийн сангийн дансанд нөхөн төлүүлж, хариуцагч “Ш” Өрхийн эрүүл мэндийн төвөөс 15050.00 /арван таван мянга тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Д-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7250.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                            С.ӨМИРБЕК

 

 


[1]Давж заалдах шатны шүүхийн уг дүгнэлт нь нэхэмжлэгчийн эхний шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлд мөн хамаарахыг тэмдэглэж байна.