Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01813

 

Т ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар          Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00273 дугаар шийдвэр,

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2018/00081 дүгээр магадлалтай,

   Т ы нэхэмжлэлтэй,

            “Ш ” Өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох

            Ажилд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээний цалин хөлс тогтоосон хэсэг буюу шалтгаангүй цалин хөлс бууруулсныг хууль бус болохыг тогтоож, шүүхийн шийдвэрийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгаж, 2018 оны 1, 2 дугаар саруудын цалингийн зөрүү болох 448,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие нь 2005 оны 07 сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн "Ш " Өрхийн эрүүл мэндийн төвд манаач, галчийн ажилд орж 12 дахь жилдээ ажиллаж байхад 2016 оны 11 сарын 16-ны өдөр дарга маань хууль бусаар ажлаас халсан тул шүүхэд гомдол гаргаж байсан. Шүүхээс “Ш ” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 11 сарын 16-ны өдрийн 16 дугаар тушаалыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 86 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, намайг хуучин ажилд эгүүлэн тогтоосон. Дарга М.Алмагүл нь Улсын Дээд Шүүх хүртэл гомдол гаргаж маргасан боловч намайг томилсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэвч М.Алмагүл нь намайг шүүхээс эгүүлэн тогтоогдсон хэмээн өс хонзон санаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хууран мэхэлж гүйцэтгэх ажиллагааг хаасан боловч намайг галчийн ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг одоо хүртэл зүй ёсоор биелүүлэхгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлсэн болж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж нэг тушаал гаргаж, дараагаар нь дахин өөр түр тушаал гаргаж, миний хөдөлмөрлөх эрхээр минь тоглож галчийн орон тоонд авч ажиллуулахгүй байна. Миний ажиллаж байсан галчийн орон тоо нь ээлжээр гардаг. 7 хоногийн 40 цагаар ажилладаг байсан ба сарын цалин хөлс маань 350,000 төгрөг байсан. Хариуцагч нь шүүхээс шийдвэр гарсны дараа намайг 350,000 төгрөгийн цалинтай, галчийн ажилд 2017 оны 11 сарын 01-ний өдөр эгүүлэн томилж тушаал гаргасан боловч 2017 оны 12 сарын сүүлээр намайг ээлжийн галчаас дахин чөлөөлж, цагийн ажилтан болгож түр томилсон тушаал гаргасныг 2018 оны 01 сарын 18-ны өдрийн хамт олны хуралдаан дээр мэдэж шүүхэд гомдол гаргасан. Тухайн тушаал шийдвэрийг надад олгохгүй байгаа болно. Иймд урьд эрхэлж байсан галчийн ажилд эгүүлэн тогтоож, намайг ээлжийн галчаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг зохих журмын дагуу биелүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 86 дугаар шийдвэрээр галчийн ажил байнгын ажлын байр болохыг тогтоосон байдаг. Ажил олгогч "Ш " Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга дээрх шүүхийн шийдвэрийн дагуу намайг 2017 оны 11 сарын 01-ний өдөр ажилд томилсон. "Ш " Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга 2017 оны 11 сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл надад урьд авч байсан цалин хөлс болох 350,000 төгрөгөөр цалинжуулж ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж хуульчилсан.  Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно", мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуулиар тогтооно." гэж заасан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т "Ажилтныг хөдөлмөрийн ...гэрээгээр ажиллуулж байгаа ажил олгогч нь түүнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс багагүй үндсэн цалинг олгох үүрэг хүлээх бөгөөд ажил олгогч нь энэ хуулийн 5.3-т заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хамаарах бол түүнээс багагүй үндсэн цалин /хөлс/-г өмчийн төрөл, хэлбэр болон тухайн салбарын ажил олгогч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагад гишүүнчлэлтэй эсэхээс үл хамааран олгоно" гэж заасан. Иймд Хөдөлмөрийн гэрээний цалин хөлс тогтоосон хэсэг хууль бус болохыг тогтоож, шүүхийн шийдвэрийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгаж, 2018 оны цалингийн зөрүү болох 448,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие “Ш ” өрхийн эмнэлэгт манаач болон галчаар 12 жил ажилласан. Алмагүл дарга манаачийн орон тоог хасаж намайг галчаар ажиллуулсан. Цалин хөлс маань 350,000 төгрөг байсныг 120,000 төгрөг болгож бууруулсан. Миний нийгмийн даатгалын дэвтэрт түр галчаар ажиллуулах гэж бичсэн мөн 2017 оны 11 сарын 01-ний өдрийн тушаалд түр галчаар гэж бичсэн байна. Намайг ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад надад сануулах арга хэмжээ авсан. Үүнийг би ямар учиртай вэ гэдгийг ойлгохгүй байгаа. Тэгээд миний цалин хөлсийг бууруулсан байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн “Ш ” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.Алмагүлийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй учир доорх үндэслэлээр тайлбар хүргүүлж байна. Үүнд: Миний хувьд түүнд өс хонзон санах ямар ч үндэслэлгүй, бид хоёрын хооронд өс хонзон санахаар асуудал байгаагүй. Т ыг бид 2017 оны 11 сарын 01-ний өдрийн Баян-Өлгий аймгийн "Ш " ӨЭМТ-ийн даргын 32 тоот дугаартай тушаалаар тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.02-ны өдрийн 86 тоот дугаартай шийдвэрээр улирлын чанартай ээлжийн галчаар авч ажиллуулах тушаал гаргаж, Т  гуай өнөөдөр хүртэл урьд ажиллаж байсан галчийн ажлыг хийж байна. Шүүх түүнийг галчийн ажилд эгүүлэн томилсон, бид шүүхийн энэ шийдвэрийн заалтыг биелүүлж галчаар авсан тушаал гаргасан. Т  нь сүүлийн 2 жилд намайг болон хамт олныг энэ мэтээр гүтгэн гүжирдэж, хамт олны дунд бидний ажил хэргийн нэр хүндийг алдагдуулах талаар янз бүрээр оролдож дарамталж байна. Бид удирдлагын зүгээс ажлын шаардлага тавихад тэрээр үргэлж эсэргүүцэж биелүүлдэггүй. Намайг аймгийн хуулийн бүх байгууллагад өөрийн мэддэг муу муухай үгээр доромжлон гүтгэж өргөдөл, гомдол бичдэг боловч хуулийн байгууллагууд зохих хариуг нь өгч байгаа. Манай эмнэлэгт 2015, 2016 оны өвлийн улиралд 2 галч ажилладаг байсан ба тэр үед галч нар өдөрт 8 цаг ажилладаг байсан бол 2017 оноос 3 галч өдөрт 4 цаг ээлжээр ажилладаг болоод цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 233 дугаар зүйлд зааснаар тохирсон цалинг олгож байгаа болно. Манайд өдөр бүр орой ажил тарснаас хойш маргаашийн 8 цаг хүртэл галч ажилладаггүй. Энэ талаар мөн хуулийн шаардлагын дагуу Т  болон бусад 2 галчтай хөдөлмөрийн гэрээ хийж ажиллаж байна. Энэ гэрээг 2017 оны 11 сарын 01-ний өдөр хийсэн бөгөөд гэрээ хийгдсэнээс хойш 4 сарын хугацаа өнгөрч байгаа, бусад галч нар энэ талаар гомдол гаргаагүй. Тус эмнэлэгт улирлын чанартай 3 галч өдөрт 4 цагаар ээлжээр ажилладаг болсон тул тус аймагт байгаа манайх шиг улирлаар галлагаатай байгууллага, аж ахуйн нэгжийн зууханд галчаар ажилладаг хүмүүст олгож байгаа цалин хөлсний жишиг, ажлын шаардлага, батлагдсан төсвийн хэмжээ, галч нарын ажиллах цаг, халаадаг объектын хэмжээг тус тус харгалзан хүн бүр ажилдаа хариуцлагатай байж, хариуцсан ажилд эзэн ёсоор хоёрдмол сэтгэлгүй хандуулах үүднээс 2018 оны 01 сарын 19-ний өдөр хамт олны хурал болж хэн ямар ажил хийх талаар яригдсан ба Т тай холбогдолтой 2017 оны 11 сарын 01-ний 32 тоот тушаалаас өөр ямар нэгэн эрх зүйн акт тушаал гаргаагүй. Т  өөрийн биеэр сууж хурлын шийдвэрийг зөвшөөрч байсан мөртлөө хурлын тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан болно. Гэтэл тэрээр бидний тухайн өдөр хийсэн хурлын шийдвэрийг нууц тушаал гаргаж, тушаал шийдвэрийг надад олгохгүй байгаа гэсэн байна. Бидний тайлбар болон хүргүүлсэн нотлох баримтыг сайтар судалж Т ы үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Байгонак шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 он хүртэл “Ш ” өрхийн эмнэлгийн хажууд Өлгий сумын 6 дугаар багийн Засаг даргын контор байрлаж байсан. Тухайн үед уг конторыг харж хамгаалах, тэнд гал түлэх ажлыг давхар гүйцэтгэдэг байсан. 2016 оноос эхлэн Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас багийн Засаг дарга нарыг нэг доор суулгахаар болж тухайн өрхийн эмнэлгийн хажууд байрлах конторыг харж хамгаалах ажилд зарцуулах санхүүжилтийг зогсоосон байна. Улмаар “Ш ” өрхийн эмнэлэгт зөвхөн галчийн ажил үлдсэн. Өмнө нь хоёр байгууллагын ажил гүйцэтгэснийхээ төлөө “Ш ” өрхийн эмнэлгийн галч, нөгөө байгууллагын манаач галч гэж 350,000 төгрөгийн цалин авч байсан. Үүнээс биш галч гэдэг орон тоог “Ш ” өрхийн эмнэлэг огт хасаагүй юм. Нэхэмжлэгч анх ажиллаж байх үед тухайн газарт ганцхан галч ажиллаж байсан. 2016 оноос хоёр галч ажиллуулахаар болж хоёр галч ажиллаж эхэлсэн. 2017 оны 10 сараас эхлэн 3 галч ажиллах шаардлага гарч 3 галч ажиллаж байгаа. Уг нь тухайн байгууллагад эмч, сувилагч гэж хэдхэн хүн ажилладаг ба ер нь галч гэдэг орон тоо байхгүй юм. Жилд 7 сарын хугацаанд бага оврын зууханд галчаар ажиллаж зуны улиралд ажилладаггүй. Т  нь 2016 он хүртэл Өлгий сумын 6 дугаар багийн Засаг даргын конторын манаачаар ажиллаж, дундуур нь 6-хан мод усалдаг ажил хийгдэг, үүнээс биш нэг их ажил хийдэггүй юм. 2016 онд шүүхийн шийдвэр гарч нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн авсан. Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэх ажил нь улирлын чанартай учраас гэрээгээр ажилласан байдаг. Тухайн үед 3 галчтай тус бүрт нь гэрээ байгуулсан байдаг ба энэ талаар хурал хийж танилцуулсан байдаг. Энэ талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Тухайн хуралд Т  өөрөө суусан байдаг. Т  нь би 350,000 төгрөг авна гэж байдаг нөгөө хоёр галч нь хөдөлмөрийн гэрээ ёсоор цалингаа авдаг. Нэхэмжлэгч би хөдөлмөрийн гэрээг анзаараагүй гэж байна. Тэрээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан хуралд өөрөө суусан, гарын үсэг зурсан, одоо хүртэл цалингаа авч байж яагаад тэгж хэлж байгааг нь ойлгохгүй байна. Урьд 350,000 төгрөг байсан цалинг хасаж 120,000 төгрөг болгосон асуудал байхгүй. Яагаад 350,000 төгрөгийн асуудал яриад байгаа вэ гэхэд өмнө нь хоёр байгууллагад ажилласныхаа төлөө 350,000 төгрөг авдаг байсан. Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас олгох цалин хөлсийг “Ш ” өрхийн эмнэлэг нэмж олгож нийгмийн даатгалын шимтгэлийг нэг байгууллага төлж, бичилт нь хийгдэж байсан юм. Шүүхийн шийдвэр гарсан үед уурын зуух ажиллаж байсан учраас нэхэмжлэгчийг буцаагаад ажилд нь авсан. Энэ цалин хөлс тогтоох асуудлыг шүүхээр тогтоохгүй. Зуны цагт хөдөлмөрлөхийн тулд нэхэмжлэгч ажил хийдэг байсан. Жилийн жилд нэхэмжлэгч Т  Бүгд найрамдах Казахстан улсад явж ажил хийж байсан. Бүр ажлын байр байсан бол энэ хүн зуны цагт хөдөлмөр эрхлэхгүй байсан. Өрхийн эмнэлгийн галч хийгээд 5 сараас хойш хувиараа ажил хийдэг байсан. Нэхэмжлэгч зуны цагт ажил хийсэн хийгээгүй ч хамаагүй 350,000 төгрөг авна гэж байгаа. Улирлын чанартай ажил гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэхэмжлэгч уг байгууллагад 2013 оноос эхлэн ажил хийсэн байгаа. Галч усан санд ус дүүргэж, галаа түлээд 4 цаг ажиллаж явдаг. Эндээс өөр ажилгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хөдөлмөрийн доод түвшингөөс доогуур цалин тогтоож болохгүй гэсэн байна. Гэрээгээр ажиллаж байгаа хүнд хамаарахгүй. Хуульд хориглосон заалт байхгүй учраас зөвшөөрсөн гэсэн заалт байдаг. Шүүхийн шийдвэрийн дагуу 700,000 төгрөгөө авсан. Одоо үлдэгдэл мөнгөө авах ёстой. Гэтэл нэхэмжлэгч 700,000 төгрөг авсан мөртлөө шүүхэд буруу ойлголт төрүүлж, цалингүй мөнгө авна гэж хэлж байгаа. 10, 11 сард 350,000 төгрөг 700,000 төгрөг авсан байгаа. Хариуцагч байгууллагын эрхлэгчид хэлж тооцоо хийгээд үлдэгдэл шүүхийн шийдвэрээс хойш 500,000 төгрөг авах ёстой байсан. Гэтэл одоо 2,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл нь дээд шүүхэд хянагдаж байгаа. Энэ асуудалд цалин хассан асуудал байхгүй. Одоо хоёр манаач, галч нар гэрээний болон графикийн дагуу ажлаа хийгээд цалингаа авч байгаа. Бусад галч нар энэ талаар маргаан гаргаагүй байхад нэхэмжлэгч 3,500,000 төгрөг авна гэж нэхэмжлэл гаргаж байдаг. Цалин олгогч, ажилтан хоёр хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна. Нэхэмжлэгчтэй эвлэрч 700,000 төгрөгийг өгөхөд дараагаар нь дахин нэхэмжлэл гаргасан байсан. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00273 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-д заасныг баримтлан ажил олгогч “Ш ” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга болон ажилтан Т  нарын байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний үндсэн цалин тогтоосон нөхцөл нь хууль тогтоомжид зааснаас дордуулсан болохыг тогтоож, “Ш ” өрхийн эрүүл мэндийн төвөөс цалингийн зөрүү 228,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 220,000 төгрөгийг болон хөдөлмөрийн гэрээг шүүхийн шийдвэрийн дагуу байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,100 төгрөгийг, мөн “Ш ” Өрхийн эрүүл мэндийн төвөөс 70,200 төгрөг гаргуулан тус тус улсын орлого болгож, мөн хариуцагч “Ш ” өрхийн эрүүл мэндийн төвөөс 7490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т д олгож шийдвэрлэжээ.                    

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2018/00081 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00273 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8, 128.1.11-т заасныг баримтлан ажил олгогч “Ш ” Өрхийн эрүүл мэндийн төв, ажилтан Т  нарын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн цалинг тогтоосон нөхцөлийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан болохыг тогтоож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар шийдвэрийг үндэслэн, ажилтан ажлаас халагдахаас өмнө талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нөхцөлөөр ажилтан Т тай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагч “Ш ” Өрхийн эрүүл мэндийн төвд үүрэг болгож, хариуцагчаас ажилтан Т ы 2018 оны 1, 2 дугаар сарын цалингийн зөрүү 448,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т д олгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,100 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, түүнээс 950 төгрөг, хариуцагч “Ш ” Өрхийн эрүүл мэндийн төвөөс 70,200 төгрөг тус тус гаргуулан төрийн сангийн дансанд нөхөн төлүүлж, хариуцагч “Ш ” Өрхийн эрүүл мэндийн төвөөс 15,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.Алмагүл, өмгөөлөгч Т.Байгонак нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.27-ны өдрийн 212/МА2018/00081 дугаартай магадлал хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээр хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдлыг гаргаж байна. “Ш ” ӨЭМТөв нь нэхэмжлэгч Т ыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийг анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 86 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан галчийн ажилд эгүүлэн тогтоосон ба “Ш ” ӨЭМТөвийн галч нар жил бүрийн 10 дугаар сарын 01-нээс дараа оны 05 дугаар сарын 01-нийг хүртэл ажилладаг улирлын чанартай түр ажлын байр учраас тухайн жилд галч нарын орон тоо, цалинг Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу байгуулагдсан нөхөрлөлийн гишүүд бүх гишүүдийн хурлаар баталсан “Ш ” өрхийн эрүүл мэндийн төвийн “БГБХ” нөхөрлөлийн дүрмийн 5.2 дах хэсэгт зааснаар тус эмнэлэгт халаалт авах үйл ажиллагаа эхлэхээс өмнө баталж мөрдөн ажилладаг журамтай. Энэ журам болон зохих хууль тогтоомжийн дагуу манай ӨЭМТ-ийн 2017 оны 10 сарын 01-ээс 2018 оны 05 сарын 01 хүртэлх хугацаанд ажиллах галчийн орон тоог 3 хүнээр баталж, өдөрт нэг галч 4 цаг ажиллахаар тогтоосны дагуу бид Т , Т.Хуанышбек, Х.Серикбол нарыг галчаар авч хүн тус бүртэй хөдөлмөрийн гэрээ хийж авах цалин, ажиллах нөхцөлтэй тохиролцоод хамт олны хурлаар авч хэлэлцэн нөхөрлөлийн гишүүдийн тус бүрийн саналыг авсан болно. Ийнхүү галч нар байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээнд заасан ёсоор 1 өдөрт 4 цаг ажиллах ба 1 цагийн хөлс 3000 төгрөг авах, ажлын бус цагаар хувиараа ажил хөдөлмөр олж хийх боломжоор хангагдсан болно. Гэтэл нэхэмжлэгч Т  нь үүнийг өөрөө зөвшөөрч хөдөлмөрийн гэрээнд гарын үсгээ зурж, тохирсон хөлсөө авч байсан бөгөөд бодит нөхцөл байдлаа сайн мэддэг хэрнээ хөдөлмөрийн гэрээнд заасан хөлснөөс илүү хөлс авна гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг бид 2 шатны шүүхэд нотлох баримтаар тайлбарласаар байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээр хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүйгээр буруу шийдвэр гарсан тул бид энэхүү гомдлыг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч ажилтантай цагаар, өдрөөр, сараар, хугацаатай буюу хугацаагүй хөдөлмөрийн гэрээний аль нэг хэлбэрээр хийж болохыг шүүгч нар ойлгохгүй байна гэдэгт эргэлзэж байна. Хэрэв Т  нь бидний санал болгосон өдөрт 4 цагаар ажиллах саналыг тухайн үед зөвшөөрөөгүй байсан бол хөдөлмөрийн гэрээ байгуулсан үед татгалзаж гарын үсэг зурахгүй байхаас гадна тухайн асуудал хэлэлцсэн хамт олны хуралдан дээр тэрээр юу ч хэлээгүй бөгөөд толгойгоо дохиж зөвшөөрч байсан.

Магадлалд “галч Т ы цалинг 350,000 төгрөг байх ёстой” гэж заасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь бид галч нарын авдаг цалин, ажиллах цаг, нөхцөлийг Нөхөрлөлийн тухай хуульд заасан ёсоор байгуулагдсан нөхөрлөлийн гишүүд маань хуульд заасан эрх хэмжээгээр тогтоосон цалинг л олгож байгаа. Бид хуульд заасан хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэтэл манай ӨЭМТ-ийн галчийн цалин ийм байх ёстой гэж давж заалдах шатны шүүх Т ы авах цалинг дураараа тогтоож байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан, хуулийг буруу тайлбарласан хэрэг гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх “тус төвд 2 галч байх ёстой, гэтэл эмнэлгийн удирдлага 3 галч болгож Т ы авах цалинг 3 дахь галчид хувааж өгч байна” гэж магадлалд дурдсан нь үндэслэлгүйгээс гадна “Т  2016 онд сард 350,000 төгрөг авч байсан байна цаашид үүнээс буулгаж болохгүй” гэж заасан нь ямар ч хуульд байхгүй шаардлага гэж үзэж байна. Ажлын шаардлага, хийж гүйцэтгэх ажлын хэмжээ, нөхцөл, хийсэн хөдөлмөрийн гэрээнд уялдуулан галчийн цалинг өсгөж ч болно, буурч ч болно гэдгийг шүүгч ойлгохгүй байна гэдэгт бид харамсаж байгааг нух юун. Иймд шүүгч та бүхэн Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг үндэслэн Т ы “Ш ” эмнэлэгт холбогдох иргэний хэргийг сайтар судалж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 273 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 212/МА2018/00081 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, Т ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож зөв шийдвэр гаргахыг хүсэж байна гэжээ.

                                                                       ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн ганцаарчилсан маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна. Нэхэмжлэгч Т  нь хариуцагч “Ш ” Өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан “2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн цалинг тогтоосон нөхцөл хууль тогтоомжид зааснаас дордуулсан болохыг тогтоолгох, иргэний хэргийн шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар шийдвэрийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулахыг ажил олгогчид үүрэг болгох, 2018 оны 01, 02 дугаар сарын цалингийн зөрүү 448,000.00 төгрөгийг гаргуулах” шаардлага гаргажээ. 

Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, “...эрүүл мэндийн төв 2017 оны 10 дугаар сараас эхлэн 3 галч улирлын чанартай ажилладаг, ажил олгогчийн хувьд галч тус бүрт хөдөлмөрийн гэрээ байгуулж тэдний хийх ажил, цаг, өдөр, авах цалин хөлсийг харилцан тохиролцсон, гэрээний дагуу ажиллаж цалин хөлсийг авч байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх ажил олгогч “Ш ” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга болон ажилтан Т  нарын байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний үндсэн цалин тогтоосон нөхцөл нь хууль тогтоомжид зааснаас дордуулсан болохыг тогтоож, “Ш ” өрхийн эрүүл мэндийн төвөөс цалингийн зөрүү 228,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 220,000 төгрөгийг болон хөдөлмөрийн гэрээг шүүхийн шийдвэрийн дагуу байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Т ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар шийдвэрээр Т ыг Баян-Өлгий аймгийн “Ш ” Өрхийн эрүүл мэндийн төвийн галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажил олгогч шүүхийн шийдвэрийг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 32 дугаартай тушаал гаргаж, Т ыг ээлжийн галчаар ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Ажил олгогч ажилтны хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлд “Ажилтанд галчийн үндсэн цалин хөлс 1 цаг нь 3000 төгрөгөөр бодож тооцож олгоно” гэж заасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний дээрх заалтыг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолд тус тус нийцээгүй гэж дүгнэн, үндсэн цалинг тогтоосон нөхцөлийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэсний зэрэгцээ, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Ажил олгогч нэг ажлын байранд хэд хэдэн ажилтан ажиллуулах тохиолдолд ажилтан бүртэй хөдөлмөрийн гэрээ байгуулна” гэжээ.

Ажил олгогчоос нэхэмжлэгчтэй байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 10-т ажлын цагийн горимыг 2 хоногт 1 удаа гарах ээлжийн ажилтан, өдрийн ажлын цагийн үргэлжлэл 4 цаг байхаар тохиролцож, талууд гарын үсэг зурсан, түүнчлэн тухайн байгууллагад галчийн ажлын байранд Т аас гадна Т.Хуанышбек, Х.Серикбол нар ажилладаг тэдний хөдөлмөрийн гэрээний нөхцөл нь нэхэмжлэгчийнхтэй адил байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна./хх-26-37/ 

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1428 төгрөг 60 мөнгө буюу нэг сард 240,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоож 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн дагаж мөрджээ.

            Түүнчлэн галч нарын ажлын хуваарь, галч нарын гал галлах цагийн хуваарь, галч нарын сүүлийн 4 сарын цалингийн хүснэгт, ...нөхөрлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл, галч нарын өдрийн ажлын төлөвлөгөө гэсэн баримтууд хэрэгт авагдсанаас үзэхэд нэг галч сард нийт 40 цаг ажиллаж, нэг цагийн хөлсийг нь 3000 төгрөгөөр тооцохоор гэрээнд тохиролцсоныг Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 24 дүгээр зүйлийн 24.2, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй тул хөдөлмөрийн гэрээний үндсэн цалин тогтоосон нөхцөл нь хууль тогтоомжид зааснаас дордуулсан болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. /хх-38-51/

            Ажилтантай байгуулсан “...гэрээний цалин тогтоосон нөхцөл” хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн тул 2018 оны 01, 02 дугаар сарын цалингийн зөрүү 448,000.00 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлгүй, энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаартай шийдвэрээр Т ыг Баян-Өлгий аймгийн “Ш ” Өрхийн эрүүл мэндийн төвийн галчийн ажилд эгүүлэн тогтоосон ба “Ш ” Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаартай тушаалаар Т ыг ээлжийн галчаар авч ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг зөрчөөгүй байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байх тул “...шүүхийн шийдвэрийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага”-ыг хангах үндэслэлгүй юм.

        Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00273 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2018/00081 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8, 128.1.11-д заасныг баримтлан “Ш ” Өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох хөдөлмөрийн гэрээний цалин хөлс тогтоосон хэсгийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан болохыг тогтоолгох, шүүхийн шийдвэрийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, 2018 оны 1, 2 дугаар сарын цалингийн зөрүү 448,000.00 төгрөг гаргуулах тухай Т ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

                                     ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН