Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2021/00073

 
 
 
 
 
    2021 о        01 с         07 ө Дугаар         101/ШШ2021/00073 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
*******,*******,*******,*******,*******-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг,*******,*******,*******, 1 тоотод байрлах “Хаан уул өргөө” ХХК /РД:6073042/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүргийн 3-р хороо, Энгельсийн гудамж-36, Нарны гүүрний зүүн талд байрлах “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК /РД:2688476/,
“5,756,100 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат, хариуцагчийн төлөөлөгч Д.Дарьсүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Галбаатар, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Пүрэвсүрэн би өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, Лувсанцэвээний гудамж 6-1 тоотод байрлах амины орон сууцныхаа ус, дулааны төлбөрийг 2012.09.04-ний өдрөөс 2019.04.25-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр хариуцагч “Хаан Уул өргөө” ХХК /захирал Данзанжамцын Дарьсүрэн/-ний төл гэсэн дансанд хийж төлж ирсэн. Гэтэл 2019 оны 04-р сард Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас хүмүүс ирж “танайх, ус дулааны мөнгөө төлдөггүй айл, дулааныг чинь тастана” гэж хэлээд тастаад явсан. Би “Хаан уул өргөө ХХК-тай гэрээ хийж сар бүр ус, дулааны төлбөрөө төлж байгаа” гэхэд “тэр компани чинь манайд төлдөггүй, ямар ч хамаа байхгүй, манай нэрийн өмнөөс олон газраас мөнгө авсан байна лээ, манайх тэднийхтэй шүүх дээр хэрэг маргаантай байгаа” гэж хэлсэн. Хариуцагч Хаан уул ХХК-ийг хайж эрэл сурал болсон, захирал нь Д.Дарьсүрэн дээрх хаягаар байдгийг олж мэдсэн. “Хаан Уул өргөө” ХХК /захирал Данзанжамцын Дарьсүрэн/-тай надаас ус, дулааны төлбөр гэж авсан мөнгөө төрийн өмчит төвийн дулаанаар жинхэнэ хангагч байгууллага болох Улаанбаатар дулааны сүлжээнд өгөхгүй надад нийт 5,756,100 төгрөгийн хохирол учруулчихлаа. Уг гэм хорыг арилгаж өгөхийг шаардаж байна. Удахгүй өвөл боллоо. Дулаанаа тавиулах шаардлагатай байна. Гомдолтой байна. 2019 оны өвөл тень тавьж орсон. Маш их хохирч байна. 2012.09.04-ний өдөр 1,000,000 төгрөг, 2012.09.07-ний өдөр 100,000 төгрөг, 2015.04.12-ний өдөр 103,000 төгрөг, 2015.06.24-ний өдөр 130,000 төгрөг, 2015.08.19-ний өдөр 300,000 төгрөг, 2016.02.05-ны өдөр 206,000 төгрөг, 2016.06.09-ний өдөр 100,000 төгрөг, 2016.06.26-ний өдөр 200,000 төгрөг, 2016.06.30-ны өдөр 200,000 төгрөг, 2016.08.30-ны өдөр 100,000 төгрөг, 2016.09.07-ны өдөр 105,000 төгрөг, 2016.10.13-ны өдөр 50,000 төгрөг, 2016.10.24-ны өдөр 100,000 төгрөг, 2016.11.23-ны өдөр 100,000 төгрөг, 2016.12.14-ны өдөр 100,000 төгрөг, 2016.12.26-нд 51,000 төгрөг, 2017.01.25-ны өдөр 100,000 төгрөг, 2017.01.30-ны өдөр 20,000 төгрөг 2017.02.24-ний өдөр 100,000 төгрөг 2017.03.28-ны өдөр 150,000 төгрөг, 2017.05.08-ны өдөр 100,000 төгрөг, 2017.05.23-ны өдөр 50,000 төгрөг,2017.06.09-ний өдөр 40,000 төгрөг 2017.06.16-ны өдөр 40,000 төгрөг, 2017.07.18-ны өдөр 20,000 төгрөг, 2017.09.20-ны өдөр 80,000 төгрөг, 2017.10.20-ны өдөр 120,000 төгрөг, 2017.11.22-ны өдөр 100,000 төгрөг, 2017.12.20-ны өдөр 135,000 төгрөг, 2018.01.19-ний өдөр 100,000 төгрөг, 2018.01.19-ний өдөр 100,000 төгрөг,  2018.02.26-ны өдөр 100,000 төгрөг, 2018.04.02-ны өдөр 200,000 төгрөг, 2018.05.01-ний өдөр 100,000 төгрөг, 2018.05.24-ны өдөр 70,000 төгрөг, 2018.07.02-ны өдөр 50,000 төгрөг, 2018.09.03-ны өдөр 53,000 төгрөг, 2018.09.24-ны өдөр 73,100 төгрөг, 2018.10.24-ны өдөр 100,000 төгрөг, 2018.02.24-ны өдөр 170,000 төгрөг,  2019.01.25-ны өдөр 100,000 төгрөг, 2019.02.02-ны өдөр 37,000 төгрөг, 2019.03.01-ний өдөр 135,000 төгрөг, 2019.03.28-ны өдөр 134,000 төгрөг, 2019.04.25-ны өдөр 134,000 төгрөг, нийт 5,756,100 төгрөгийн хохирол учирсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Гэрээний улмаас учирсан хохирол гэж үзэж нэхэмжилж байгаа.
ЖМБО ХХК-ийн захирал Жаргалсайхантай уулзаж, дулаан авах зөвшөөрөл авсан. Баянзүрх дүүргийн 5-р хорооны оршин суугч Долгормаагийн барилгын доогуур явж байгаа 82-р байрны халаалт, халуун усны шугамын транс өөрчлөгдөх, тус шугамд гэмтэл гарсан тохиолдолд эвдрэл гэмтлийг засах, ашиглалтын үйл ажиллагааг гэрээний дагуу хариуцан гүйцэтгэх нь үнэн болно гэсэн бичгийг ЖМБО ХХК-ийн захирал Жаргалсайхан бичиж, тамга тэмдгээ дарж тухайн үед надад хийж өгч байсан юм. Нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учир хэрэгт өгөөгүй. Үл хөдлөх эд хөрөнгө 2015 онд баригдсан. 2015-01-20-ны үеэс 2020-01-27-ны өдрийг хүртэл дулаан ашигласан. 2012-09-04-ний өдөр ээж маань “ЖМБО” компанитай гэрээ байгуулаад би очиж мөнгө төлсөн. 2015 онд барилга ашиглалтад орсноос хойш “ЖМБО” компани дампуурсан гэсэн тул “Хаан-Уул өргөө” компанид мөнгө төлж эхэлсэн. Д.Дарьсүрэн 2016 оноос манайх зөвшөөрөлтэйгөөр мөнгө авсан гэж яриад байгаа боловч 2015-04-12-ны өдрөөс эхэлж намайг хуурч мөнгө авсан байна. 2020 оны 1 сарын 27-ны өдрийг хүртэл ЖМБО ХХК болон Хаан уул өргөө ХХК-д мөнгөө төлж байсан ба хуулийн дагуу явж байгаа гэж ойлгож байсан. Хууль бус гэдгийг 2020.01.27-ны үед мэдсэн. 2020-03-06-ны өдөр техникийн нөхцөлөө авсан, үүнээс өмнө техникийн нөхцөл авч байгаагүй. Хаан уул өргөө ХХК-иас мөнгөө авч УБДС ТӨХК-д төлнө гэж бодож байна” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Дарьсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хаан-Уул өргөө ХХК нь 2016 оны 6 сараас эхлэн ЖМБО ХХК-ийн хариуцдаг байсан 9 байрыг аж ахуйн нэгж байгууллагуудын хамтаар хүлээн авч үйл ажиллагаа явуулж ирсэн билээ. Гэвч тусгай зөвшөөрөл авч чадаагүйн улмаас анх үйл ажиллагаа явуулж байсан 9 байрнаас шилжсээр 6 байртай үлдсэн ба цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй алдагдалтай ажиллаж байгаа тул 2019 оны 8 сард арга буюу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүсэлт гарган төрийн өмчтэй конторуудад шилжүүлэх болсон билээ. Байрууд 2019 оны 9 сард шилжсэн бөгөөд бид УБДС ТӨХК-тай өрийн асуудлаар 2 тал харилцан зөвшилцөж улмаар иргэний шүүхээр хялбаршуулсан журмаар өрийг төлөх шийдвэр 2020 оны 08 сарын 04-нд гарсан байдаг юм. Гэтэл манайхтай дамжин хэрэглэгчийн журмаар гэрээтэй байсан иргэн Л.Пүрэвсүрэн нь манайхаас дулааны төлбөр аваад УБДС ТӨХК-д өгөөгүй гэж ор үндэсгүй зүйл ярьж байна. Манай байгууллагын хувьд дулаан ус цахилгааны төлбөрийг шилжүүлэхдээ энэ мөнгө тийм аж ахуй нэгжийн мөнгө гэж зааж шилжүүлдэггүй. Ер нь ганц манайх ч биш тухайн албан байгууллагууд нь нийт дүнгээр шилжүүлж явдаг нягтлан бодох бүртгэлийн тогтолцоо байдаг гэж би боддог. Манай байгууллага нь 2016 оны 05-р сарын 1-нээс 2019 оны 08-р сарын 1-нийг хүртэлх хугацаанд нийт 227,788,762.68 төгрөгийн нэхэмжлэл авч 138,941,265.56 төгрөгийг төлсөн ба бид тооцоо нийлж манай компанийн үлдэх өр 58,708,997 төгрөгийг тохиролцон төлөхөөр болсон тул энэ аж ахуй нэгжийн нэхэмжилж байгаа мөнгө бол дулааны нийт төлбөрт тооцогдоод явж байгаа гэж үзэж байна. Иргэн Л.Пүрэвсүрэнтэй “Хаан уул өргөө” ХХК гэрээтэй ажиллаж байсан. Гэхдээ манай компани 2016 оны 5 сард Орон сууц нийтийн аж ахуйн “ЖМБО” компаниас 9 байрыг хүлээн авч үйл ажиллагааг явуулж эхлэхэд 82-р байрны дамжин хэрэглэгч гэдэг утгаараа иргэн Л.Пүрэвсүрэнгийн амины орон сууц манайд ирсэн. Ашиглалт дулааны төлбөрийг дамжин хэрэглэгч гэдэг утгаараа төлдөг байсан. 2012 онд “Хаан-Уул өргөө” ХХК хариуцаж ажиллаж байгаагүй. 2012 онд “ЖМБО” компани хариуцан ажиллаж байгаад 2016 оны 5 сард “ЖМБО” ХХК-ийн захирал Жаргалсайхан намайг хариуцан ажиллаач гэж гуйсны дагуу би “Хаан уул өргөө” ХХК байгуулж, 2 компани ажил хүлээлцсэн. 2012-2016 оны төлбөр манайд хамаарахгүй. 2016 оноос хойш “ЖМБО” компаниас шилжиж ирсэн байруудын айл өрх аж ахуй нэгжүүд манайд төлбөрөө төлөөд манайх Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай байгуулсан гэрээний дагуу дамжуулж, засвар үйлчилгээ, арчлалтыг хийж ирсэн. Нэхэмжилж байгаа 5,756,100 төгрөгөөс заримыг манай компани авсан гэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Тоолуурын гаднаас дулааны хэрэглээг авсан талаар би мэдээгүй. 2019 оны 9 сард хамтарсан комисс байруудыг хүлээлцэхэд л мэдсэн. Тоолуурын гаднаас дулааны хэрэглээг холбосон хүн нь хуулийн этгээд үү, хувь хүн үү гэдгийг нэхэмжлэгч мэдэж байгаа байх, манай байгууллагад “ЖМБО” компаниас эдгээр байрууд шилжиж ирсэн тул эдгээр байрууд хууль дүрмийн дагуу манай дулааны шугамд холбогдож байгаа гэсэн ойлголттой байсан. Тиймээс төлбөр мөнгийг нь авч байсан. Манай байгууллага нэхэмжлэгчээс 2016 оны 6 сараас хойших мөнгийг авсан нь үнэн боловч сар бүр инкассын дагуу дулааны төлбөрийг төлж, цалин, засвар үйлчилгээ гэх зэрэг компанийн үйл ажиллагаанд хэрэглэж байсан. Төлбөр төлдөг данс нь миний хувийн данс биш компанийн данс . Нэхэмжлэгч тал зуучлагч буюу завшигч гэж хэлж байна. Манайх эдний мөнгийг завшаагүй. Тусгай зөвшөөрөлгүй байсан нь үнэн. 2016 онд үйл ажиллагаа явуулж эхлэхэд тусгай зөвшөөрөл авдаггүй байсан. 2017 оны 09 сараас Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авдаг болсон. Декар өгөхгүй байсан тул 14,000 төгрөгөөр бодуулдаг дулааныг 30,000 төгрөгөөр бодуулж үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Компани иргэн Л.Пүрэвсүрэнгийн мөнгө гэж тусдаа мөнгө тушаадаггүй. Бид нар хохироогоогүй. Мөнгө завшсан гэж хэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний данс бол 5419008757 гэсэн Данзандоржийн Дарьсүрэн гэдэг данс бий. Миний хувийн дансанд хийгээд би аваад хэрэглэсэн бол компаниас биш надаас нэхэмжлэх хэрэгтэй. Дулааны шугам сүлжээ компани дулааныг холбодог болохоос орон сууцны конторт дулааны шугам холбох эрх мэдэл байхгүй. Дамжин хэрэглэгчтэй хийсэн гэрээний дагуу дулааны төлбөрийг авч явсан. Тийм учраас хууль бусаар дулааны шугамд холбож дулааны эрчим хүч хууль бусаар ашигласан үйлдлүүдийг тогтоолгож, хууль бус үйлдэл хийсэн хүн нь хариуцлага хүлээх ёстой байх” гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Галбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Л.Пүрэвсүрэн нь Хаан-Уул Өргөө ХХК-ийн ашиглалтыг нь хариуцаж байсан 82 дугаар байр уруу явсан салаа шугамаас холбогдох техникийн нөхцөл, холболтын зөвшөөрөлгүйгээр Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйл мөн Засгийн Газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Дулааны эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 76 дугаар захирамжид заасан дулааны шугамын хамгаалалтын зурвасын зай хэмжээг зөрчиж, дулааны шугам дээр барилга барьж, улмаар хувийн компанитай гэрээ байгуулж дулааны эрчим хүчийг зөвшөөрөлгүйгээр хэрэглэж иржээ. Харин Хаан уул Өргөө ХХК болон манай байгууллага гэрээний дагуу худалдсан дулааны эрчим хүчний үнийг 82 дугаар байр уруу орсон шугамын төгсгөл буюу узельд байрлуулсан дулааны баталгаат тоолуурын заалтын дагуу төлбөр тооцоог гүйцэтгэдэг бөгөөд уг шугамын замаас нь иргэн Пүрэвсүрэнгийн хариуцагчтай үгсэн хуйвалдаж, зөвшөөрөлгүйгээр авч хэрэглэсэн дулааны эрчим хүчний тоо хэмжээ 82 дугаар байрны тоолуурт тоологдохгүй юм. Аливаа барилга байшинг дулааны эрчим хүчинд холбоход Эрчим хүчний тухай хууль, Засгийн газрын тогтоол, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан журам, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн дотооддоо баталж мөрддөг техникийн нөхцөл олгох журмын дагуу холбогдох ёстой. Гэтэл харамсалтай нь хамгаалалтын шугам зөрчиж дулааны эрчим хүчний шугам дээр барилга барьсан. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай огт харьцалгүй “ЖМБО” гэдэг компанийн захирал Жаргалсайхан гэдэг хүнтэй гэрээ байгуулсан. Дулааны эрчим хүчийг 2012 оны 9 сараас эхлээд өнөөдрийг хүртэл иргэн Л.Пүрэвсүрэн зөвшөөрөлгүй, хулгайгаар хэрэглэсэн. Анх удаа 2020-03-06-ны өдөр техникийн нөхцөлөө авснаа сая нотлох баримтаар гаргаж өгсөн. 2012 оноос 2019 оны 4 сар хүртэл Л.Пүрэвсүрэнг дулааны эрчим хүч зөвшөөрөлгүй хэрэглэсэн гэдгийг манай компанийн инженер техникийн ажилчид шалгалтын явцад илрүүлээд иргэн Л.Пүрэвсүрэн тэр үед мэдэж “Хаан уул өргөө” компани иргэн Л.Пүрэвсүрэн нарын хоорондын маргаан үүссэн. Иргэн Л.Пүрэвсүрэн нь тоолуурын гаднаас зөвшөөрөлгүй дулаан авч 8 жилийн хугацаанд хэрэглэсэн дулааны эрчим хүч нь 82-р байр руу орж байгаа дулааны шугамын орох баталгаажсан тоолуур дээр огт тусгагдаагүй эрчим хүч юм. Тийм учраас манай 58,000,000 төгрөгийн нэхэмжлэлд иргэн Л.Пүрэвсүрэнгийн дулааны төлбөрт төлсөн 5,756,100 төгрөг огт ороогүй. Д.Дарьсүрэн захирлын хэлсэн 58,000,000 төгрөгийн шүүхийн шийдвэрт тусгагдсан байгаа гэдэг тайлбар худлаа. 82-р байр руу дулааны эрчим хүчийг тээвэрлэж байгаа газар доорх шугам хоолой байгаа. Энэ шугамын орох талд баталгаажсан дулааны тоолуур байдаг. Манайх “Хаан-Уул өргөө” ХХК-иас шугамаар дамжиж тоолуур дээр тоологдож гарч байгаа айлуудын хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг инкасс гаргаж нэхэмжилсэн. Л.Пүрэвсүрэн гэдэг нэхэмжлэгчийн барилга бол дулааны шугам дээр баригдсан, тоолуурын гадуур гэдэг нь хэрэглэсэн эрчим хүч хэрэглээ тоолуурт ороогүй гэсэн үг. Зөвшөөрөлгүйгээр хууль дүрэм зөрчиж үл хөдлөх эд хөрөнгө барьсан. Дулааны эрчим хүчийг хулгайгаар, эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулалгүйгээр дураараа гэрээ байгуулж үгсэн хуйвалдаад хэрэглэсэн гэдэгтэй яаж ч маргаад нэмэргүй. Манай байгууллага бол хохирогч. Төрийн өмчит компани учраас юм юмны хойноос унжилгүй шүд зуугаад байж байгаа. Барилга объект барьж байгаа хэн боловч Монгол улсын Засгийн газраас тогтоосон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, дуусгах журамд нийцүүлж ажиллах ёстой. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан журам байгаа. Энэ журмын дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн зөвшөөрөл аваад, архитектур төлөвлөлтийн даалгавартаа эскиз зургаа батлуулаад үүний үндсэн дээр холбогдох материалаа бүрдүүлээд дулааны сүлжээ компаниас техникийн нөхцөл авах өргөдөл гаргаад тэр өргөдлийн дагуу дулааны сүлжээ компанийн холбогдох инженерүүд тооцооллыг хийж нягтлаад хурлаар шийдвэрлэдэг. 2020 оны 01 сар хүртэл нэхэмжлэгч талаас манайд хандаагүй. Дулааны эрчим хүчийг зүй бусаар хэрэглэж байгаа гэдгээ мэдээгүй явсан хүн өргөдөл гаргахгүй нь ойлгомжтой. Өмгөөлөгч манай байгууллагыг буруутгаж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Тусгай зөвшөөрөлгүй компаниудтай гэрээ хийсэн нь бидэнд гай боллоо гэж хэлж байна. Тусгай хэрэглэгч, орон сууцны контор гэж 2 хэрэглэгч байгаа. Тусгай хэрэглэгч нартай тийм зүйл ярих боломжгүй. “Хаан уул өргөө” компанийн хариуцдаг 10 орон сууцны хэдэн зуун өрх, хэдэн мянган хүн бий. Тэнд өвчтэй зовлонтой хүн бий, нялх нярай хүүхэд байгаа тиймээс хүний эрх ашгийг бодоод тусгай зөвшөөрөлгүй ч гэрээ байгуулахаас өөр аргагүй байсан. Одоо манай компани болон Эрчим хүчний зохицуулах хороо хүч гарган санаачилгатай хамтран ажиллаж, тусгай зөвшөөрөлгүй байгууллага байхгүй болсон” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад                                  
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэн хариуцагч “Хаан уул өргөө” ХХК-д холбогдуулан “гэрээний улмаас учирсан хохиролд 5,756,100 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал “дулааны төлбөрийг дамжуулан төлсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэн 2012-2015 оны хооронд Баянзүрх дүүрэг,*******, 15 дугаар хороолол, Лувсанцэвээний гудамж 6-1 тоот хаягт байрлах амины орон сууцыг барьж, 2015 оны 1 сарын 20-ны өдөр өмчлөгчөөр бүртгүүлэн, одоог хүртэл өмчилж, эзэмшиж байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэн 2015 оны 1 сард өөрийн өмчлөлийн амины орон сууцыг дулааны шугам сүлжээнд холбохдоо эрх бүхий байгууллага болох “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д хүсэлт гарган техникийн нөхцөл авалгүйгээр, зөвшөөрөл өгөх эрхгүй этгээд “ЖМБО” ХХК-ийн захирал н.Жаргалсайхантай тохиролцон хууль бусаар дулааны шугамд холбож, улмаар 2020 оны 1 сарын 27-ны өдрийг хүртэл дулаан хэрэглэсэн, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК шалгалтаар илрүүлж, 2020.01.27-ны өдрөөс дулааныг түдгэлзүүлсэн болох нь зохигчийн тайлбар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн мэдэгдэл зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэн дулаан авахын тулд “ЖМБО” ХХК-д 2012.09.04-нд 1,000,000 төгрөг, 2012.09.07-нд 100,000 төгрөг, дулааны төлбөрт 2015.04.12-нд 103,000 төгрөг, 2015.06.24-нд 130,000 төгрөг, 2015.08.19-нд 300,000 төгрөг, 2016.02.05-нд 206,000 төгрөг, нийт 1,839,000 төгрөгийг,
“Хаан уул өргөө” ХХК-д  дулааны төлбөрт 2016.06.09-нд 100,000 төгрөг, 2016.06.26-нд 200,000 төгрөг, 2016.06.30-нд 200,000 төгрөг, 2016.08.30-нд 100,000 төгрөг, 2016.09.07-нд өдөр 105,000 төгрөг, 2016.10.13-нд 50,000 төгрөг, 2016.10.24-нд 100,000 төгрөг, 2016.11.10-нд 100,000 төгрөг, 2016.11.23-нд 100,000 төгрөг, 2016.12.14-нд 80,000 төгрөг, 2016.12.26-нд 51,000 төгрөг, 2017.01.25-нд өдөр 100,000 төгрөг, 2017.01.30-нд 20,000 төгрөг 2017.02.24-нд 100,000 төгрөг 2017.03.28-д 150,000 төгрөг, 2017.05.08-нд 100,000 төгрөг, 2017.05.23-нд 50,000 төгрөг,2017.06.09-нд 40,000 төгрөг 2017.06.16-нд 40,000 төгрөг, 2017.07.18-нд 20,000 төгрөг, 2017.09.20-нд 80,000 төгрөг, 2017.10.20-нд 120,000 төгрөг, 2017.11.22-нд 100,000 төгрөг, 2017.12.20-нд 135,000 төгрөг, 2018.01.19-нд 100,000 төгрөг, 2018.02.26-нд 100,000 төгрөг, 2018.04.02-нд 200,000 төгрөг, 2018.05.01-нд 100,000 төгрөг, 2018.05.24-нд 70,000 төгрөг, 2018.07.02-нд 50,000 төгрөг, 2018.09.03-нд 53,000 төгрөг, 2018.09.24-нд 73,100 төгрөг, 2018.10.24-нд 100,000 төгрөг, 2018.12.24-нд 170,000 төгрөг,  2019.01.25-нд 100,000 төгрөг, 2019.02.02-нд 37,000 төгрөг, 2019.03.01-нд 135,000 төгрөг, 2019.03.28-нд 134,000 төгрөг, 2019.04.25-нд 134,000 төгрөг, нийт 3,797,100 төгрөг /39 ширхэг баримтаар/ төлсөн болох нь Улаанбаатар хотын банк, Төрийн банк, хас банкны орлогын баримтууд, бэлэн мөнгөний орлогын баримт зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “Хаан уул өргөө” ХХК-д 2018.01.19-нд 100,000 төгрөг, 2016.12.24-нд 20,000 төгрөг, нийт 120,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэн ...”ЖМБО” ХХК болон “Хаан уул өргөө” ХХК-тай гэрээ байгуулж дулаан худалдаж авсан, хууль бусаар дулаан авснаа 2020 оны 1 сард мэдсэн... гэж тайлбарлаж байх ба зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаас “ЖМБО” ХХК нь техникийн нөхцөл аваагүй Л.Пүрэвсүрэнгийн амины орон сууцыг холбогдох дүрэм, журам зөрчиж дулааны шугамд холбосон болох нь тогтоогдож байна.
Хариуцагчийн төлөөлөгчийн ...Л.Пүрэвсүрэнгээс авсан дулааны төлбөрийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК төлсөн ... гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байх ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хаан уул өргөө” ХХК болон манай байгууллага гэрээний дагуу худалдсан дулааны эрчим хүчний үнийг 82 дугаар байр уруу орсон шугамын төгсгөл буюу узельд байрлуулсан дулааны баталгаат тоолуурын заалтын дагуу төлбөр тооцоог гүйцэтгэдэг. Уг шугамын замаас нь иргэн Л.Пүрэвсүрэнгийн хариуцагчтай үгсэн хуйвалдаж, зөвшөөрөлгүйгээр авч хэрэглэсэн дулааны эрчим хүчний тоо хэмжээ 82 дугаар байрны тоолуурт тоологдохгүй учраас манай байгууллагад төлөх төлбөрт орж тооцогдоогүй” гэх тайлбар үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэн 2020 оны 3 сарын 6-ны өдөр техникийн нөхцөл авсан болох нь зохигчийн тайлбар, 29/2020 дугаартай техникийн нөхцөл зэргээр тогтоогдож байна.
“ЖМБО” ХХК, “Хаан уул өргөө” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй боловч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь “ЖМБО” ХХК болон “Хаан уул өргөө” ХХК-д дулаан худалдсан, “ЖМБО” ХХК болон “Хаан уул өргөө” ХХК нь Баянзүрх дүүргийн 4,5 дугаар хороонд харьяалагдах зарим аж ахуй нэгж байгууллага, айл өрхөд дулаан худалдаж, төлбөрийг тооцож авч байсан болох нь хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй тул “Хаан уул өргөө” ХХК-ийг хууль бусаар дулаан худалдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
“ЖМБО” ХХК-ийн хариуцан ажиллаж байсан Баянзүрх дүүргийн 4,5 дугаар хорооны аж ахуй нэгж, байгууллага, байруудыг “Хаан уул өргөө” ХХК 2016 оны 5 сараас 2019 оны 11 сарыг дуустал хариуцан ажиллаж байгаад тусгай зөвшөөрөлтэй компаниудад шилжүүлсэн болох нь хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, “Хаан уул өргөө” ХХК-ийн төлбөрийн түүх зэргээр тогтоогдож байна.
 Нэхэмжлэгч талын ....“ЖМБО” ХХК нь “Хаан уул өргөө” ХХК болсон, “ЖМБО” ХХК-ийг шилжүүлэн авсан тул өр төлбөрийг хариуцах үндэслэлтэй... гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байх ба хариуцагчийн төлөөлөгчийн ... миний бие “Хаан уул өргөө” ХХК-ийг 2016 онд шинээр байгуулж, “ЖМБО” ХХК-ийн хариуцдаг байруудыг хариуцан ажилласан... гэх тайлбар үндэслэлтэй, уг тайлбар нь “Хаан уул өргөө” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэнгийн “ЖМБО” ХХК-д төлсөн 1,839,000 төгрөгийг хариуцагч “Хаан уул өргөө” ХХК-д хариуцуулах үндэслэлгүй.
Хариуцагч тусгай зөвшөөрөлгүй байсан хэдий ч УБДС ТӨХК нь “Хаан уул өргөө” ХХК-тай дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, “Хаан уул өргөө” ХХК иргэн Л.Пүрэвсүрэнтэй гэрээ байгуулан дулаан худалдсан зэрэг нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн, нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэн 2015 оны 1 сараас 2020 оны 1 сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд бодит байдлаар дулаан хэрэглэж, төлбөрөө төлснийг нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК хохирсон ..... гэх боловч бие даасан шаардлага гаргаагүйг дурдав.
 Дээр дурдсанаас нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэнд “Хаан уул өргөө” ХХК-тай байгуулсан гэрээний улмаас хохирол учирсан болох нь тогтоогдоогүй гэж дүгнэн, хариуцагч “Хаан уул өргөө” ХХК-д холбогдох “5,756,100 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Хаан уул өргөө” ХХК-д холбогдох “5,756,100 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
 
 
ДАРГАЛАГЧ                                  Д.БАТЦЭЦЭГ