Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00516

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00516

 

 

Л.П-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/00073 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.П-гийн хариуцагч "ХӨ" ХХК-д холбогдуулан гаргасан 5 756 100 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.П-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 15 дугаар хороолол, Лувсанцэвээний гудамж 6-1 тоотод байрлах амины орон сууцныхаа ус, дулааны төлбөрийг 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр хариуцагч "ХӨ" ХХК-ийн төл гэсэн дансанд хийж төлж ирсэн. Гэтэл 2019 оны 4 дүгээр сард УБДС ТӨХК-аас хүмүүс ирж танайх, ус дулааны мөнгөө төлдөггүй айл, дулаан өгөхгүй гэж тасалсан. Би "ХӨ" ХХК-тай гэрээ хийж сар бүр ус, дулааны төлбөрөө төлж ирснээ хэлэхэд тэр компани манайд төлдөггүй, манай нэрийн өмнөөс олон газраас мөнгө авсан байсан гэж хэлсэн. Хариуцагч "ХӨ" ХХК-ийн захирал Д.Д нь миний төлсөн  ус, дулааны төлбөрийн мөнгийг Улаанбаатар дулааны сүлжээнд өгөлгүй надад нийт 5 756 100 төгрөгийн хохирол учруулсан. 2012 оны 9 дүгээр сараас  2019 оны 4 дүгээр сарыг дуустал нийт 5 756 100 төгрөгийн ус, дулааны төлбөрийг төлснийг цааш дамжуулан төлөөгүй завшсан байх тул хохирлыг гаргуулна. Үл хөдлөх эд хөрөнгө баригдсан үе болох 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл дулаан ашигласан. 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ээж маань Ж- ХХК-тай гэрээ байгуулж, би мөнгө төлсөн. 2015 онд барилга ашиглалтад орсноос хойш Ж- ХХК дампуурсан гэсэн тул "ХӨ" ХХК-д мөнгө төлж эхэлсэн. Д.Д 2016 оноос манайх зөвшөөрөлтэйгөөр мөнгө авсан гэж ярьдаг боловч 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхэлж намайг хуурч мөнгө авсан байна. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Ж- ХХК болон "ХӨ" ХХК-д мөнгөө төлж байснаа хуулийн дагуу явж байгаа гэж ойлгож байсан. Хууль бус гэдгийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны үед мэдсэн. 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр техникийн нөхцөлөө авсан, үүнээс өмнө техникийн нөхцөл авч байгаагүй. "ХӨ" ХХК-аас мөнгөө авч УБДС ТӨХК-д төлнө гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"ХӨ" ХХК нь 2016 оны 6 дугаар сараас эхлэн Ж- ХХК-ийн хариуцдаг байсан 9 байрыг аж ахуйн нэгж байгууллагуудын хамтаар хүлээн авч үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэвч тусгай зөвшөөрөл авч чадаагүйн улмаас анх үйл ажиллагаа явуулж байсан 9 байрнаас шилжсээр 6 байртай үлдсэн ба цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй алдагдалтай ажиллаж байгаа тул 2019 оны 8 сард арга буюу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүсэлт гарган төрийн өмчтэй конторуудад шилжүүлэх болсон. Байрууд 2019 оны 9 сард шилжсэн бөгөөд бид УБДС ТӨХК-тай өрийн асуудлаар 2 тал харилцан зөвшилцөж улмаар иргэний шүүхээр хялбаршуулсан журмаар өрийг төлөх шийдвэр 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гарсан. Манай компанитай дамжин хэрэглэгчийн журмаар гэрээтэй байсан иргэн Л.П- нь дулааны төлбөр аваад УБДС ТӨХК-д өгөөгүй гэж манай компанийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Манай байгууллагын хувьд дулаан ус цахилгааны төлбөрийг шилжүүлэхдээ энэ мөнгө тийм аж ахуйн нэгжийн мөнгө гэж зааж шилжүүлдэггүй. 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 227 788 762.68 төгрөгийн нэхэмжлэл авч 138 941 265.56 төгрөгийг төлсөн ба үлдэх өр 58 708 997 төгрөгийг тохиролцон төлөхөөр болсон тул энэ аж ахуй нэгжийн нэхэмжилж байгаа мөнгө бол дулааны нийт төлбөрт тооцогдоод явж байгаа гэж үзэж байна. Иргэн Л.П-тэй "ХӨ" ХХК гэрээтэй ажиллаж байсан. 2012 онд "ХӨ" ХХК хариуцаж ажиллаж байгаагүй. 2012 онд Ж- компани хариуцан ажиллаж байгаад 2016 оны 5 сард Ж- ХХК-ийн захирал н.Жаргалсайхан намайг хариуцан ажиллаач гэж гуйсны дагуу би "ХӨ" ХХК байгуулж, 2 компани ажил хүлээлцсэн. 2012-2016 оны төлбөр манайд хамаарахгүй. 2016 оноос хойш Ж- компаниас шилжиж ирсэн байруудын айл өрх аж ахуйн нэгжүүд манайд төлбөрөө төлөөд манайх УБДС ТӨХК-тай байгуулсан гэрээний дагуу дамжуулж, засвар үйлчилгээ хийж ирсэн. Тоолуурын гаднаас дулааны хэрэглээг авсан талаар би мэдээгүй. 2019 оны 9 сард хамтарсан комисс байруудыг хүлээлцэхэд л мэдсэн. Манай байгууллага нэхэмжлэгчээс 2016 оны 6 сараас хойших мөнгийг авсан нь үнэн боловч сар бүр инкассын дагуу дулааны төлбөрийг төлж, цалин, засвар үйлчилгээ гэх зэрэг компанийн үйл ажиллагаанд хэрэглэж байсан. Төлбөр төлдөг данс нь миний хувийн данс биш. Тусгай зөвшөөрөлгүй байсан нь үнэн. 2016 онд үйл ажиллагаа явуулж эхлэхэд тусгай зөвшөөрөл авдаггүй байсан. 2017 оны 9 дүгээр сараас Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авдаг болсон. Декар өгөхгүй байсан тул 14 000 төгрөгөөр бодуулдаг дулааныг 30 000 төгрөгөөр бодуулж үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Компани иргэн Л.П-гийн мөнгө гэж тусдаа мөнгө тушаадаггүй. Дулааны шугам сүлжээ компани дулааныг холбодог болохоос дулааны шугам холбох эрх мэдэл орон сууцны конторт байхгүй. Дамжин хэрэглэгчтэй хийсэн гэрээний дагуу дулааны төлбөрийг авч явсан. Тийм учраас хууль бусаар дулааны шугамд холбож дулааны эрчим хүч хууль бусаар ашигласан үйлдлүүдийг тогтоолгож, хууль бус үйлдэл хийсэн хүн нь хариуцлага хүлээх ёстой гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Л.П- нь "ХӨ" ХХК-ийн ашиглалтыг нь хариуцаж байсан 82 дугаар байр уруу явсан салаа шугамаас холбогдох техникийн нөхцөл, холболтын зөвшөөрөлгүйгээр Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйл мөн Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан Дулааны эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 76 дугаар захирамжид заасан дулааны шугамын хамгаалалтын зурвасын зай хэмжээг зөрчиж, дулааны шугам дээр барилга барьж, улмаар хувийн компанитай гэрээ байгуулж дулааны эрчим хүчийг зөвшөөрөлгүйгээр хэрэглэсэн. Анх удаа 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр техникийн нөхцөлөө авсан нотлох баримтаар гаргаж өгсөн. 2012 оноос 2019 оны 4 сар хүртэл Л.П-г дулааны эрчим хүч зөвшөөрөлгүй хэрэглэсэн гэдгийг манай компанийн инженер техникийн ажилчид шалгалтын явцад илрүүлсэн. Иргэн Л.П- нь тоолуурын гаднаас зөвшөөрөлгүй дулаан авч 8 жилийн хугацаанд хэрэглэсэн дулааны эрчим хүч нь 82 дугаар байр руу орж байгаа дулааны шугамын орох баталгаажсан тоолуур дээр огт тусгагдаагүй эрчим хүч юм. Иймд манай 58 000 000 төгрөгийн нэхэмжлэлд иргэн Л.П-гийн дулааны төлбөрт төлсөн 5 756 100 төгрөг ороогүй. Барилга объект барьж байгаа хэн боловч Монгол улсын Засгийн газраас тогтоосон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, дуусгах журамд нийцүүлж ажиллах ёстой. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан журмын дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн зөвшөөрөл аваад, архитектур төлөвлөлтийн даалгавартаа эскиз зургаа батлуулаад үүний үндсэн дээр холбогдох материалаа бүрдүүлээд дулааны сүлжээ компаниас техникийн нөхцөл авах өргөдөл гаргаад тэр өргөдлийн дагуу дулааны сүлжээ компанийн холбогдох инженерүүд тооцооллыг хийж нягтлаад хурлаар шийдвэрлэдэг. 2020 оны 01 сар хүртэл нэхэмжлэгч талаас манайд хандаагүй. Дулааны эрчим хүчийг зүй бусаар хэрэглэж байгаа гэдгээ мэдээгүй явсан хүн өргөдөл гаргахгүй нь ойлгомжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "ХӨ" ХХК-д холбогдох 5 756 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.П-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх иргэний хуулийг буруу хэрэглэсэн. Шийдвэрт зааснаар энэ хэрэг маргаан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний зүйл биш. Харин Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.7 дахь хэсэг /цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл/, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт /эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл/ гэж зааснаар байгуулсан гэрээний зөрчлөөс учирсан гэм хор гэж үзнэ. Нэхэмжлэгч хувийн орон сууцныхаа ус, дулааны төлбөрийг хариуцагч "ХӨ" ХХК-д цаг хугацаанд нь төлж байсан. Харин "ХӨ" ХХК төлсөн мөнгийг цааш нь гуравдагч этгээд буюу дулаан түгээгч УБДС ТӨХК-д дамжуулан өгөөгүй байгаа маргаантай хэрэг учраас дээрх хуулийн заалтаар зохицуулагдана гэж үзэж байна. Нэхэмжилсэн 5 756 100 төгрөгөөс хариуцагч "ХӨ" ХХК-д 2016 оны 01 дүгээр сараас хойших хэсэг буюу 4 123 100 төгрөг нь хамааралтай гэж үзнэ. Үлдсэн 1 633 000 төгрөг нь энэ компаниас өмнө ажиллаж байсан Ж- ХХК-д хамааралтай. Энэ мөнгийг тусад нь Ж- ХХК-аас нэхэмжилнэ. "ХӨ" ХХК 2016 онд байгуулагдсан гэж маргадаг боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй. Гуравдагч этгээд УБДС ТӨХК өөрийн түгээсэн дулааны төлбөрийг хурааж авахдаа “Хаан уул өргөө” хувийн компаниар дамжуулан авах үүрэг гүйцэтгүүлж байсан. Иргэдийн ус, дулаанд төлсөн мөнгийг "ХӨ" ХХК цааш нь дамжуулан өгдөггүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 4 123 100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Л.П- нь хариуцагч "ХӨ" ХХК-д холбогдуулан 5 756 100 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч марган, гэрээний дагуу төлсөн дулааны үйлчилгээний төлбөрийг УБДС ТӨХК-д дамжуулан төлсөн гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

 

            Талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Түрээс, дамжин хэрэглэгчийн гэрээ”-гээр "ХӨ" ХХК нь Л.П-гийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Лувсанцэвээний гудамж 6-1 тоот хаягт байрлах амины орон сууцыг дулаанаар хангаж, дулааны сүлжээ, тоноглолын угсралт, засвар үйлчилгээ, ашиглалтад өөрийн төлөөлөгчөөр хяналт тавиулах үүргийг, хэрэглэгч нь дулаанаар хангагдаж, үйлчлүүлснийхээ хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээжээ./хх-51-60/

 

Гэрээний дагуу хариуцагч Х ХХК нэхэмжлэгч Л.П-гийн амины орон сууцыг дулаанаар хангаж, нэхэмжлэгчээс дулааны үнийг хариуцагчид төлж байсан нь сар тутмын дулааны үнийн нэхэмжлэх, Л.П-гээс дулааны үнийг төлж байсан төлбөрийн баримтаар тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй.

 

Харин талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний хүчин төгөлдөр эсэхээр зохигчид маргаж байна.  

 

Нэхэмжлэгч Л.П- нь дээрх байдлаар дулааны эрчим хүч ашиглаж, төлбөрийг төлж байснаа хууль бус гэдгийг УБДС ТӨХК-ийн ажилчид 2019 оны 4 дүгээр сард ирж дулааныг хаахад мэдсэн гэж, хариуцагч "ХӨ" ХХК нь УБДС ТӨХК-тай гэрээтэйгээр ажилладаг гэж ойлгуулсан ч манай төлсөн мөнгийг цааш шилжүүлэлгүй завшиж хохироосон байна гэж 5 756 100 төгрөгийг буцаан гаргуулна гэж тус тус тайлбарлан шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

Хариуцагч "ХӨ" ХХК нь тоолуурын гаднаас хэрэглээг авсныг манайх мэдээгүй, 2019 оны 9 дүгээр сард хамтарсан комисс байруудыг хүлээлцэхэд л мэдсэн, дулаан дамжуулах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байсан” гэж,  нэхэмжлэгч Л.П- нь “холболтыг журмын дагуу хийж, гэрээ байгуулан төлбөрийг төлж байгаа гэж ойлгож байсан, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр журмын дагуу холбох хүртэл дулааны холболт тоолуурт холбогдоогүй байсныг мэдээгүй, техникийн нөхцөл, холболтын зөвшөөрлийг сүүлд 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр зохих журмын дагуу авсан гэж тус тус тайлбарласан.

 

УБДС ТӨХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож “иргэн Л.П- нь "ХӨ" ХХК-ийн ашиглалтыг нь хариуцаж байсан 82 дугаар байр руу явсан салаа шугамаас холбогдох техникийн нөхцөл, холболтын зөвшөөрөлгүйгээр, дулааны шугамын орох баталгаажсан тоолуурын гаднаас дулаан авч хэрэглэсэн гэдгийг манай инженер техникийн ажилчид илрүүлсэн, тоолуурт тусгагдаагүй эрчим хүч тул дулааны төлбөрт төлсөн гэх 5 756 100 төгрөг нь "ХӨ" ХХК-аар дамжуулан төлөгдөх компанийн төлбөрийн нэхэмжлэлд тусгагдаагүй” гэсэн тайлбарыг гаргаж, нэхэмжлэгч Л.П-гийн амины орон сууцны дулааны холболтыг Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.3 дахь заалтыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс түдгэлзүүлж мэдэгдэл өгснөө шүүхэд баримтаар гаргажээ. /хх-61/

 

Зохигчид, гуравдагч этгээдийн тайлбар, хэргийн дээрх баримтаас үзвэл хариуцагч "ХӨ" ХХК нь эрчим хүч дамжуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байснаас гадна амины орон сууцыг дулааны шугам сүлжээнд холбох техникийн нөхцөл, холболтын зөвшөөрлийг зохих журмын дагуу аваагүй хэрэглэгч Л.П-тэй гэрээг байгуулсан, эрчим хүчний баталгаат тоолуурт оруулалгүйгээр хэрэглээг холбосон нь тогтоогдсон байна.

 

Дулаан дамжуулах үйл ажиллагааг Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16, 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд эрхлэх хуулийн зохицуулалттай, мөн хуулийн  16 дугаар зүйлийн 16.3.7-д зааснаар “энэ хуулийн 9.1.13-т заасан холболтын журмын шаардлага хангасан хэрэглэгчтэй урьдчилан тохиролцсоны үндсэн дээр энэ хуулийн 17.3-т заасан гэрээг байгуулж, тухайн хэрэглэгчийн шугамаас бусад хэрэглэгчийг холбох” журамтай.

 

Хариуцагч "ХӨ" ХХК нь Л.П-тэй дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон тул 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан “Түрээс, дамжин хэрэглэгчийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэв.

 

Иймд дамжуулан хангагчтай хийсэн гэрээний үүргээ гүйцэтгэж байна гэж ойлгож шилжүүлсэн төлбөрийг мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар "ХӨ" ХХК-аас буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүснэ.

 

Анхан шатны шүүх “Л.П-гийн дулааны төлбөрт төлсөн төлбөрийг УБДС ТӨХК-д дамжуулан төлсөн гэх хариуцагчийн татгалзал баримтаар нотлогдоогүй” гэж, “82 дугаар байр руу орсон шугамын төгсгөл буюу узельд байрлуулсан дулааны баталгаат тоолуурт холбогдоогүй хэсгээс хариуцагчтай үгсэн хуйвалдаж, зөвшөөрөлгүйгээр авч хэрэглэсэн тул дулааны эрчим хүчний төлбөр тооцогдон төлөгдөөгүй, манай байгууллагад төлөх төлбөрт орж тооцогдоогүй” гэх гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлтэй гэж тус тус зөв дүгнэсэн атлаа хариуцагч компанийг Баянзүрх дүүргийн 4, 5 дугаар хороонд харьяалагдах зарим өрх, аж ахуйн нэгжид дулаан худалдаж, төлбөрийг авч байсан гэх үндэслэлээр зөвтгөж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь алдаатай болсныг дараах байдлаар залруулав.

 

"ХӨ" ХХК хэрэглэгч Л.П-д  хүргүүлж байсан сар бүрийн дулааны төлбөрийн нэхэмжлэх, төлбөрийн тооцооны хүснэгт /хх-104-165/, Л.П-гээс сар бүр халаалт, дулаан төлбөрийг нэхэмжлэхийн дагуу "ХӨ" ХХК-ийн Төрийн банк дахь 103800435841 тоот данс, Капитал банк дахь 2010034178 тоот дансанд төлсөн банкны орлогын мэдүүлэг, бэлнээр төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт /хх-5-49/ хэрэгт авагдсаныг нягтлан тооцож үзвэл  нэхэмжлэгч Л.П-гээс  2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд нийт 4 208 144 төгрөгийг "ХӨ" ХХК-д төлсөн нь тогтоогдож байх ба 2012-2015 онд хамаарах 1 839 000 төгрөгийн төлбөр нь Ж- ХХК-д төлөгдсөн, хариуцагчид хамааралгүй байна.

 

Нэгэнт нэхэмжлэгчийн хэрэглэсэн дулааны эрчим хүч нь баталгаат тоолуурт холбогдоогүй тул эрчим хүч хэрэглээний тоолуураар тооцон дамжуулан хангагч нараас төлбөр нэхэмжилсэн дулаан түгээгч буюу УБДС ТӨХК-ийн нэхэмжлэлд уг хэрэглээ багтах боломжгүй, төлбөрийг дамжуулан төлсөн гэх татгалзал нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн төлсөн мөнгөний хэмжээгээр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн үзнэ.

 

Нэхэмжлэгч Л.П-гийн хариуцагч компанид 4 208 144 төгрөгийг төлсөн нь баримтаар нотлогдсон боловч давж заалдах гомдолд заасан 4 123 100 төгрөгийн хэмжээнд хангах нь талуудын зарчимд нийцнэ.

 

            Дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 4 123 100 төгрөгөөр хангаж, үлдэх хэсэг буюу 1 633 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг хангасан дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, зохигчдоос хуульд заасны дагуу хуваарилан гаргуулсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/00073 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч "ХӨ" ХХК-аас 4 123 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.П-д олгосугай.” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хэвээр үлдээсүгэй” гэснийг “хэвээр үлдээж, хариуцагч "ХӨ" ХХК-аас 80 919 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Л.П-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 80 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

                                                        ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ