Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2021/00114

 

 

 

 

                        2021         01          12

    101/ШШ2021/00114

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ-т холбогдох

 

 “Ф э” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц нар цахимаар, гэрч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамханд нар шүүх хуралдааны танхимаас оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.09.25-ны өдрийн 3037 дугаартай захирамжаар миний бие Д.А-аас 25,000,000 төгрөг гаргуулж Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрийг барагдуулахаар миний өмчлөлийн 0 дугаартай 39 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шинжээч томилох тухай тогтоолын дагуу “Ф ф” ХХК-ийн үнэлгээчин Н.Ц нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг маань 85,000,000 төгрөгөөр үнэлсэн байна. Уг үнэлгээний тайланг миний бие 2020.10.14-ний өдөр хүлээн авч танилцаад дээрх шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааны дотор энэхүү гомдлоо гаргаж байна. Дээр дурьдсан Д.Ам миний өмчлөлийн 3 өрөө орон сууц нь өмчлөх эрхийн гэрчилгээн дээр 39 мкв тайлбайтай гэж хуучнаар бичигдсэн боловч үнэн хэрэгтээ 72.15 мкв талбай бүхий орон сууц юм. Гэвч шинжээчийн дүгнэлтээр 69,35 мкв гэж дутуу хэмжиж 2,8 мкв хасаж дүгнэсэн. Мөн манай байр нь 2 тал руугаа харсан цонхтой, паркетан шал, вакум цонхтой, засвар хийгдсэн байр ба жишиг үнийн ханш нь 1мкв=1,500,000 төгрөгөөс 1,700,000 төгрөгийн ханштай. Гэтэл үнэлгээчин зах зээлийн жишиг үнийн ханшаас хэт доогуур үнэлж 1,228,323 төгрөгөөр үнэлж, мөн орон сууцны нийт мкв-ийг дутуу хэмжиж нийт 85,000,000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Орон сууцны талбайг үнэн бодитоор хэмжиж зах зээлийн жишиг үнийн багаар тооцож бодоход 108,000,000 төгрөгийн орон сууц юм. Гэтэл зах зээлийн ханшийн бодит үнэтэй .ялдуулж үнэлэлгүй, илт зөрүүтэй дүгнэлт гаргаж бүхэл бүтэн 20 сая орчим төгрөгөөр хасаж үнэлсэнд төлбөр төлөгчийн зүгээс гомдолтой байна. Иймд “Ф э” ХХК-ийн 2020.10.09-ний өдрийн Үнэлгээний тайлангаар миний өмчлөлийн Улаанбаатар хот, 0 дугаартай 39 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нийт 85,000,000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Д.А-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/03037 дугаар захирамжаар Д.А-аас 25.000.000 төгрөгийг гаргуулж Б.Б-д олгохоор хэрэв төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 19070123 дугаар топгоолоор үүсгэж төлбөр төлөгч Д.А-д шүүхийн шийдбэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлэхэд төлбөр төлөгдөөгүй тул түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй 0 тоот 39 мкв 3 өрөө орон сууцыг 2020 оны 1 дүгээр сарын 7- ны өдрийн 19070123/10 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 19070123/12 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр хураагдсан хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Д.А төлбөр авагч Б.Б нар нь шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10/508 дугаар “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Ф э” ХХКомпанийг томилоход 85.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4-227/36909 дүгээр албан бичгээр мэдэгдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанд оролцсон гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 0 дугаартай 39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үнэлсэн “Ф э” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25ы өдрийн 101/ШШ2018/03037 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Д.А нь 25,000,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Б.Б-д төлж барагдуулах, тохирсон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 0 дугаарт бүртгэлтэй, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсоныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

           

            Энэхүү шийдвэрийн дагуу шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 10ы өдрийн 20802 дугаартай 1843 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 01843 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас” тус тус бичигджээ.

 

Шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 19070123 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төлбөр төлөгч Д.А-д эрх үүрэг тайлбарлаж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулсан ба 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол”ын дагуу барьцаа хөрөнгийг битүүмжилж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн, холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байна.

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасныг тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00987 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1038 дугаар магадлалаар шийдвэрлэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-89-93 тал/

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалаас үзэхэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 70 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор С э ХХК-ийг шинжээчээр томилсон байхад хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан шинжээч Г.О-ыг тухайн байгууллага ямар гэрээний үндсэн дээр оролцуулсан, шинжээч нь шинэ, хуучин орон сууцны талбайн хэмжээг харьцуулж үнэлсэн зэрэг нь тодорхой бус гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзжээ.

 

Үүнээс хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө хураах тогтоолоор барьцаа хөрөнгийг хурааж, эд хөрөнгийг хадгалах хамгаалах үүргийг төлбөр төлөгчид оногдуулж, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөр тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиодолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг төлбөр төлөгч Д.А-д мэдэгдсэн байна. /хх-63, 65 тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зааснаар анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдэхэд өмчлөгч Д.А, төлбөр авагч Б.Б нар үнэлгээ хийлгэх хүсэлт гаргажээ. /хх-64-66 тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10/508 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгийн үнэлгээний “Ф э” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчид эрх үүргийг тайлбарласан баримт хэрэгт авагджээ. /хх-67-69 тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө талууд харилцан тохиролцож тогтоох боломжтой ба ийнхүү талууд үл хөдлөх хөрөнгийн үнийг ийнхүү тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т зааснаар шинжээчээр үнэлүүлсэн нь хуульд нийцэж байна гэж дүгнэв.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч томилох тогтоолдоо шинжилгээ хийх байгууллагыг зааж, шинжээчийн эрхлэх ажил, тухайн дүгнэлт гаргахад эзэмшсэн мэдлэг, шинжээчээр хэд дэх жилдээ ажиллаж байгаа байдал, татгалзан гарах шалтгаан байгаа эсэх, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэх зэргийг шинжээчээр ажиллах этгээдээс тодруулж, эрх, үүрэг тайлбарласан баримт үйлдсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна. Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.” гэсэнтэй нийцэж байна.

 

Ф э” ХХК нь үнэлгээ хийсэн тухай 2020 оны 10 дугаар сарын 09ий өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлснийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4-227/36909, 4-227/36910 албан бичиг, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-84-85 тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу төлбөр төлөгч Д.А нь тус шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буюу хуулийн хугацаанд гомдлын шаардлага гаргасан байна. /хх-1 тал/

 

Мөн нэхэмжлэгч нь гомдлын шаардлагын үндэслэлээ миний өмчлөлийн 3 өрөө орон сууц нь өмчлөх эрхийн гэрчилгээн дээр 39 мкв тайлбайтай гэж хуучнаар бичигдсэн боловч үнэн хэрэгтээ 72.15 мкв талбай бүхий орон сууц юм. Гэвч шинжээчийн дүгнэлтээр 69,35 мкв гэж дутуу хэмжиж 2,8 мкв хасаж дүгнэсэн. Мөн манай байр нь 2 тал руугаа харсан цонхтой, паркетан шал, вакум цонхтой, засвар хийгдсэн байр ба жишиг үнийн ханш нь 1мкв=1,500,000 төгрөгөөс 1,700,000 төгрөгийн ханштай. Гэтэл үнэлгээчин зах зээлийн жишиг үнийн ханшаас хэт доогуур үнэлж 1,228,323 төгрөгөөр үнэлж, мөн орон сууцны нийт мкв-ийг дутуу хэмжиж нийт 85,000,000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Орон сууцны талбайг үнэн бодитоор хэмжиж зах зээлийн жишиг үнийн багаар тооцож бодоход 108,000,000 төгрөгийн орон сууц юм. Гэтэл зах зээлийн ханшийн бодит үнэтэй уялдуулж үнэлэлгүй, илт зөрүүтэй дүгнэлт гаргаж бүхэл бүтэн 20 сая орчим төгрөгөөр хасаж үнэлсэнд төлбөр төлөгчийн зүгээс гомдолтой байна. гэж тайлбарлаж байгаа боловч түүний тайлбар дараах баримтаар үгүйсгэгдэж байна гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ф э ХХК-ийн шинжээч Н.Ц мэдүүлэхдээ:...0 тоот 39 м.кв 3 өрөө орон сууцанд үнэлгээ хийсэн. Тухайн орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн үнэ цэнийн суурийг баримталсан. Зах зээлийн үнэ цэнийн суурийг баримтлахад Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар зах зээлийн жишиг үнийн хандлага, өртгийн хандлага, орлогын хандлага гэсэн 3 аргыг авч үзэх ёстой байдаг. Зах зээлийн хандлага гэдэг нь ижил төстэй хөрөнгөтэй харьцуулж үнэ цэнийг нь тодорхойлдог арга. Орлогын хандлага гэдэг нь тухайн хөрөнгийн ашиглалтаас ирээдүйд орж ирэх орлогыг тооцоолж гаргах арга. Өртгийн арга гэдэг нь тухайн хөрөнгийг шинээр сэргээн босох өртгөөс ашиглалтын хугацааны элэгдлийг тооцдог арга юм. Тухайн үнэлгээ хийж байгаа зорилго нь хамгийн үнэ цэнэтэй буюу өндөр байх бөгөөд зорилгодоо нийцсэн хандлага гаргавал зах зээлийн жишиг үнийн хандлагын шууд харьцуулалтын арга болно. Тиймээс энэ аргыг авч үзсэн. Зах зээлийн үнэ цэнийг тодорхойлох, зах зээлийн үнэ цэнийн аргыг баримтална гэдэг нь зохих маркетинг, сурталчилгаа хийгдсэний дараа талууд зохих мэдлэгтэй, бодлого төлөвлөгөөтэйгөөр, албан шахалтгүйгээр арилжаанд оролцоход бэлэн байгаа талуудын ажил гүйлгээгээр зах зээлийн үнэ цэнийг тодорхойлно гэж байгаа. Зах зээлийн хандлага нь энэ аргад нийцэж байгаа. Тухайн байр нь хуучны угсармал 9 давхар байрны 9 давхарт байгаа 3 өрөө байр юм. Хуучнаар 35 м.кв талбайтай. Шинэчилж хэмжээг нь тооцоход 69,37 м.кв гэж гарсан. Гэхдээ орон сууцны баталгаат хэмжилтийг барилгын тусгай зөвшөөрөлтэй компани хийдэг. Гэхдээ бид тухайн байрны цэвэр хэмжилтийг тооцож үзэх үүднээс тухайн хэмжилтийг хийсэн. Зах зээлийн аргаар тооцохдоо 2 аргаар тооцно. Нэг нь хуучны 9 давхарт байрлалтай 3 өрөө байруудтай харьцуулж тооцсон. Нөгөө арга нь м.кв-аар нь тухайн байртай ойролцоо зарагдаж байгаа шинэ байруудтай харьцуулж үзсэн байгаа. Харьцуулахад 26-р байрны 8 давхарт яг ижил 3 өрөө байр, хажуугийн байранд нь мөн адил 3 өрөө байр зарах зар байсан. Тэдгээр заруудтай холбогдож зах зээлийн ханшийг нь тодруулахад 85,000,000 төгрөгөөр худалдана гэж байсан. Ойролцоо зарагдаж байгаа бүх байруудыг судалж үзсэн. Тухайн заруудын дагуу холбогдож дотор засал, бусад байдлыг авч үзсэний үндсэн дээр үнэлэгдэж байгаа хөрөнгөтэй ойролцоо байсан тул тухайн ханшаар үнэлгээ гаргасан. Мөн ойролцоо зарагдаж байгаа 3 байрыг судалсан. Хийц бүтээцийн тохируулга хийж үнэлгээ гаргахад 88,000,000 төгрөг гарсан. Эцсийн дүгнэлтдээ хуучин байр болон шинэ байруудтай харьцуулснаар 2 янзаар гарсан байна. Орон сууцны эцсийн үнэлгээг энэ байртай ижил хийц, бүтээцтэй, ижил байранд байгаа, адилхан 3 өрөө хуучин байртай харьцуулсан үнэ 85,000,000 төгрөгөөр эцсийн үнэлгээ тогтоосон. Метр квадратын үзүүлэлтийг суурь болгож үнэлгээ гаргаагүй, маргаан бүхий байр 9 давхарт байдаг. Яг энэ айлын доод айл буюу 8 давхарт нь байр зарна гэж байсан. Хажуу байранд нь бас адилхан байрны 8 давхарт байр зарна гэсэн байсан. Эдгээр байртай тохируулсан. Дээрх 2 байрны зарын дагуу холбогдоход байрны үнэ бууруулна гэж байсан. Гэхдээ би нэхэмжлэгчийн байрны үнэ цэнийг бууруулахгүй гэсэн үүднээс бууруулна гэсэн тохируулгыг авч үзээгүй гэх мэдүүлэг, Ф э ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээс үзэхэд шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ адил байрлалд, адил хэмжээтэй тодруулбал, хуучны угсармал байртай харьцуулж зах зээлийн үнийн судалгааг харьцуулан үнэлсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Орон сууцны талбайн хэмжээ улсын бүртгэлийн гэрчилгээнд 39 м.кв гэж бичигдсэн боловч шинжээч бодит хэмжилт хийж 69,37 м.кв гэж тодорхойлсныг нэхэмжлэгч 2 м.кв зөрүүтэй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч уг тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Дээр дурдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас үзэхэд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан арга, журмын дагуу явуулсан, үнэлгээг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 0 дугаартай 39 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үнэлсэн “Ф э” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.А-ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Д.А-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2020/20717 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ЦЭРЭНДУЛАМ