Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00450

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00450

 

 

Д.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/00114 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Агийн хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 ны 09 сарын 25-ны өдрийн 3037 дугаартай захирамжаар миний бие 25 000 000 төгрөгийг гаргуулж Б.Батмагнайд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрийг барагдуулахаар миний өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, 26-69 тоотод байрлах байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-22204012297 дугаартай 39 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шинжээч томилох тухай тогтоолын дагуу Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Н.Цолмонгэрэл нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг маань 85 000 000 төгрөгөөр үнэлсэн байна. Уг үнэлгээний тайланг миний бие 2020 оны 10 сарын 14-ний өдөр хүлээн авч танилцаад дээрх шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааны дотор энэхүү гомдлоо гаргаж байна. Дээр дурьдсан Д.А миний өмчлөлийн 3 өрөө орон сууц нь өмчлөх эрхийн гэрчилгээн дээр 39 мкв тайлбайтай гэж хуучнаар бичигдсэн боловч үнэн хэрэгтээ 72.15 мкв талбай бүхий орон сууц юм. Гэвч шинжээчийн дүгнэлтээр 69,35 мкв гэж дутуу хэмжиж 2,8 мкв хасаж дүгнэсэн. Мөн манай байр нь 2 тал руугаа харсан цонхтой, паркетан шал, вакум цонхтой, засвар хийгдсэн байр ба жишиг үнийн ханш нь 1мкв=1 500 000 төгрөгөөс 1 700 000 төгрөгийн ханштай. Гэтэл үнэлгээчин зах зээлийн жишиг үнийн ханшаас хэт доогуур үнэлж 1 228 323 төгрөгөөр үнэлж, мөн орон сууцны нийт мкв-ийг дутуу хэмжиж нийт 85 000 000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Орон сууцны талбайг үнэн бодитоор хэмжиж зах зээлийн жишиг үнийн багаар тооцож бодоход 108 000 000 төгрөгийн орон сууц юм. Гэтэл зах зээлийн ханшийн бодит үнэтэй .ялдуулж үнэлэлгүй, илт зөрүүтэй дүгнэлт гаргаж бүхэл бүтэн 20 сая орчим төгрөгөөр хасаж үнэлсэнд төлбөр төлөгчийн зүгээс гомдолтой байна. Иймд Файн эстимэйт ХХК-ийн 2020 оны 10 сарын 09-ний өдрийн үнэлгээний тайлангаар миний өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, 26-69 тоотод байрлах байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-22204012297 дугаартай 39 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нийт 85 000 000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Агийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/03037 дугаар захирамжаар Д.Агаас 25 000 000 төгрөгийг гаргуулж Б.Батмагнайд олгохоор хэрэв төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 19070123 дугаар топгоолоор үүсгэж төлбөр төлөгч Д.Ад шүүхийн шийдбэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлэхэд төлбөр төлөгдөөгүй тул түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204012297 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо. 16 хороолол 26 байр 69 тоот 39 мкв 3 өрөө орон сууцыг 2020 оны 1 дүгээр сарын 7- ны өдрийн 19070123/10 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 19070123/12 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр хураагдсан хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Д.А. төлбөр авагч Б.Батмагнай нар нь шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10/508 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор Файн эстимейт ХХКомпанийг томилоход 85.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4-227/36909 дүгээр албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НШШГГт холбогдуулан гаргасан Д.Агийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2020/20717 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлэг буюу шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шинжээч харьцуулалтын арга хэрэглэж зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон гэх боловч энэ тухай баримт хэрэгт хавсаргагдаагүй. Д.А миний өмчлөлийн 3 өрөө орон сууц нь өмчлөх эрхийн гэрчилгээн дээр 39 м.кв талбайтай гэж хуучнаар бичигдсэн боловч үнэн хэрэгтээ 72 м.кв талбай бүхий орон сууц юм. Гэвч шинжээчийн дүгнэлтээр 69.2 м.кв гэж дутуу хэмжиж 2,8 м.кв хасаж дүгнэсэн. Шинжээч байрыг хэмжихдээ ямар нэгэн тооцоо алдаж м.кв хэмжээг буруу гаргасан. Мөн миний орон сууцыг 1 м.кв=1 228 323 төгрөгөөр үнэлж, жишиг үнээс доогуур үнэлснийг зөвшөөрөхгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн зараас үзэхэд миний байртай ижил төстэй байрын 1 м.кв нь 1 500 000, 1 700 000 төгрөг байгаа. Шинжээч харьцуулалт хийхдээ 26 дугаар байрны 8 давхарт яг ижил 3 өрөө байр, хажуугийн байранд нь мөн адил 3 өрөө байр зарах зарын дагуу холбогдож ханшийг нь тодруулахад 85 000 000 төгрөгөөр худалдана гэж хэлсний дагуу миний байрыг энэ үнийн дүнгээр үнэлсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 03037 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Д.А нь 25 000 000 төгрөг гаргуулах, тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсгийн заалтыг нэхэмжлэгч биелүүлээгүй болно.

Хариуцагч байгууллага нь шүүгчийн хүчин төгөлдөр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулсны үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилжээ.

Төлбөр төлөгч болон төлбөр авагч нар нь 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төлбөрт хураагдсан эд хөрөнгийн талаарх үнийн санал ирүүлэхээс татгалзаж, шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул хариуцагч НШШГГ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10/508 дугаар тогтоолоор Файн-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо 16 дугаар хороолол, 26 дугаар байрны 69 тоот орон сууцыг 85 000 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх64-82/

Хариуцагч байгууллага хөрөнгийн үнэлгээний Файн-Эстимэйт ХХК-ийн хийсэн 2020 оны 10 сарын 09-ний өдрийн үнэлгээг төлбөр төлөгчид 2020 оны 10 сарын 12-ны өдөр мэдэгдсэн, нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргажээ. /хх1-2, 84/

Хэргийн 70-82 дугаар талд авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн аргаар тус тус үнэлж, эдгээрээс зах зээлийн харьцуулалтын аргыг сонгон хэрэглэж Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Улаанхуаранд байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг Файн-Эстимэйт ХХК нь 85 000 000 төгрөг гэж дүгнэжээ. Файн-Эстимэйт ХХК-ийн үнэлгээчин нь тухайн орон сууцны үнэ цэнийг 85 000 000 төгрөгөөр тогтоохдоо хуучнаар 39 м.кв, одоогоор 69.37 м.кв талбайгаар тооцон, худалдан борлуулахаар нийтэд зарласан үл хөдлөх хөрөнгө, түүний зах зээлийн үнэтэй харьцуулж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь албадан дуудлага худалдаагаар худалдах 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоох ажиллагаа явуулжээ. Төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан, хууль зөрчсөн гэх байдал тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч ...Орон сууцыг үнэлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийг 2,8 м.кв-р багасгаж үнэлсэн, бодит байдалд 72 м.кв талбайтай ... гэх тайлбараа баримтаар нотлоогүй, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байна. /хх76, 128-129/ Мөн гэрч Н.Цолмонгэрэлийн мэдүүлэгт ...тухайн байр хуучнаар 35 м.кв, шинэжилж цэвэр жинг хэмжихэд 69.37 м.кв талбайтай байсан... гэжээ. Иймээс түүний гомдол үндэслэлгүй юм.

Эдгээрээс үзэхэд, хариуцагч НШШГГ албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг болон төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж, тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/00114 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД  А.МӨНХЗУЛ

Б.НАРМАНДАХ