Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 101/2021/00341

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- “Н с” ХХК-н нэхэмжлэлтэй,

хариуцагч-”О ө” ХХК-д холбогдох,

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 79.810.240 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

бусдаар гүйцэтгүүлсэн ажлын зардалд 14.420.897 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, өмгөөлөгч Ч.С/ШТЭҮ-/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ш /ШТЭҮ-/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Лхагвадэмбэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил гүйцэтгэгч “Н с” ХХК-ийг төлөөлж захирал Г.Б 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг захиалагч “О ө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.А-тай байгуулсан. Энэхүү гэрээгээр ажил гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн 8-р хороо, Нүхтийн аман дахь “Т э” ХХК-ийн аялал жуулчлалын цогцолборын гадна дулаан хангамжийн ТДХ-033/2018 цифртэй зургийн дагуу, 850м урттай, 400ф хэмжээтэй, дулааны шугамын 50 хувийг барьж ашиглалтанд оруулах ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэн захиалагчид шилжүүлэх, захиалагч нь гэрээнд заасан хугацаанд зохих төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээн гэрээгээр тохирсон.

Эхний ажлыг 2019-06-15-наас 2019-07-01 өдөр хүртэл эхний 300 м шугамын газар шорооны ажил хийх, 2019-07-01-ний өдрөөс 2019-07-10-ны өдөр хүртэлх хугацаанд эхний 300м шугамын холболтын ажил хийх, үүний дараа 2019-07-15-ны өдрөөс 2019-08-05-ны өдөр хүртэлх хугацаанд дараагийн 350м шугамын газар шорооны ажил хийх, 2019-08-05-ны өдрөөс 2019-09-01-ний өдөр хүртэлх хугацаанд дараагийн 350м шугамын холболтын ажил хийж ЦТП-н барилгад холбоход бэлэн болгох ажлуудыг төлөвлөсөн. Нийт гэрээний үнэ 320.000.000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд гадна дулааны шугамын гүйцэтгэлийн хүснэгтээс хийсэн ажлын задаргааг дурдвал худаг цутгалтын ажил, сувагийн ухалт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байдаг. Ажил гүйцэтгэхтэй холбоотой гарах материалыг захиалагч тал нийлүүлэхээр тохирч, мөн шороо зөөх Ховог хариуцаж, манай компани эксковатор, кран, талбайн зөөврийн машин зэргийг хариуцахаар тохиролцсон. Төлбөрийг гэрээний 3.3-т тохирсноор 6-р сард 72 сая, 7-р сард 72 сая, 8-р сард 72 сая, 9-р сард 72 сая төгрөгөөр тус тус төлөх хуваартай байсан боловч захиалагч нь шаардлагатай санхүүжилтээр хуваарийн дагуу тасралтгүй хангах үүргээ биелүүлээгүй улмаас бид санхүүг өөрсдөөсөө гаргаж байсан. Үүнээс 229.316.000 төгрөгийг авсан бөгөөд 32.000.000 төгрөг нь ажил бүрэн дууссаны дараа олгогдох байсан төлбөр боловч манай компани ажлыг дуусгаагүй учир 32 сая төгрөгийн талаар шаардлага гаргаагүй.

Ингээд талууд олон удаа тооцоо нийлэх, ажлаа дүгнэх шаардлага хүргүүлж байснаас гадна төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, санхүүжилтээ өгөхгүй бол ажиллах боломжгүй талаар мэдэгдэж бид 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр уулзаж тохирохдоо манай компанид төлөх ажлын хөлсийг 58.684.000 төгрөгөөр тохиролцсон боловч захиалагч талаас төлбөрөө төлөөгүй тул манайх гэрээнээс татгалзах саналыг гаргасан. Захиалагч компаниас материал нийлүүлэхдээ гэрээнд тохирсон хугацаанаас байнга хоцорч нийлүүлдэг байсан ба “Н с” ХХК нь материал ирж, ажил хийх нөхцөл бүрдсэн тухай бүрт шугам хоолойн ажлаа бүрэн дуусгасан. Гэрээний 7.2 заасны дагуу төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул гүйцэтгэвэл зохих төлбөрийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг сүүлийн төлбөр хийсэн 2020-02-22-ны өдрөөс тооцон алдангид  21.126.240 төгрөг нэхэмжилж байна.

Гүйцэтгэсэн ажлын зардалд ажилах хүчний зардал, техникийн зардал, түлш, ажилчдын түр байр, техникийн түрээсийн зардал, багаж хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын зардал буюу талбай дээр ажилчидын хувцас хэрэглэл, багаж тоног төхөөрөмжийн зардал багтсан бөгөөд ажлын хөлсөнд 58.684.000 төгрөг, гэрээгээр тохирсон алдангид 21.126.240 төгрөг, нийт 79.810.240 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв /хх-1-3, шүүх хуралдааны тэмдэглэл/.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н с" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэрээ байгуулсанд маргахгүй.

Харин 229.316.000 төгрөг дээр маргаж, гэрээний дагуу манай компани 232.400.000 төгрөг өгсөн байдаг. “Н с” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй. Манай компани “Т Э” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, “Н с” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр оролцуулсан. Ажлын санхүүжилтээс шалтгаалан ажлын гүйцэтгэлийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлүүлсэн. Уг ажлын санхүүжилтийн 70-аас дээш хувь буюу 232.400.000 төгрөгийг төлсөн боловч тухайн компаний ажилчид Өмнөговь аймагт ажиллахаар явсан гэх шалтгаанаар 2019 оны 09 дүгээр сарын 10-аас эхлэн инженер Э-А-аас өөр ажилтангүй байсан. Манай компаний зүгээс хэрвээ “Н с” ХХК нь хийсэн ажлынхаа гүйцэтгэлээ дүгнүүлж, ажлын зураг болон актуудыг хүлээлцэн, тооцоо нийлсний дараа үлдэгдэл ажлын хөлсийг өгөхөд татгалзах зүйлгүй гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан тул “Н с” ХХК нь манай компаниас алданги авах үндэслэлгүй.

Ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.15-д заасны дагуу ажлын гүйцэтгэлийн үе шат бүрийг фото зургаар баталгаажуулаагүй, ил далд шугамын ажлын акт, гүйцэтгэлийн зургийн акт үйлдэж, захиалагчийн хяналтын инженерт ажлаа дүгнүүлээгүй зэргээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Захиалагчийн зүгээс гэрээнд заасан графикт тусгагдсаны дагуу ажлын хөлсийг Голомт, Хаан банкны дансанд болон бэлнээр өгсөн. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Н с” ХХК-ийн захирал Г.Б болон өмгөөлөгч Ч.С-тэй уулзаж дутуу хийгдсэн ажлыг 2020 оны 5 дугаар сард гүйцээж хийх талаар тохиролцсон боловч уг ажлыг хийгээгүй тул үлдэгдэл төлбөрийг өгөөгүй ба өөрсдийн хүчээр болон өөр байгууллагаар дутуу ажлыг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд нийт 39.000.000 төгрөгийн зардал гаргасан. Үүнд буцаан булалт 24.000.000 дутуу хийгдсэн ажлын хөлс 15.000.000 төгрөгийн зардал гарсан.

“Н с” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын дутагдлаас шалтгаалан уг байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгөх, цаашид ашиглах боломжгүй байсан тул манай компаниас дутуу хийгдсэн ажлыг өөр байгууллагаар хийж гүйцэтгүүлж, зардал гаргасан. Гэрээний дагуу “Н с” ХХК нь шугамын ажлыг улсын комисст хүлээлгэн өгч баталгаа гаргах ёстой. Гэвч “Н с” ХХК энэхүү үүргээ үл биелүүлсэн төдийгүй тухайн компаний гүйцэтгэсэн ажлын дутагдлаас болж улсын комисс уг ажлыг хүлээж аваагүй ба шугамын ажлын доголдлын талаар акт гаргасан. Уг актын дагуу манай компани 39.000.000 төгрөгийн зардал гарган уг шугамын дутуу ажлыг хийж, доголдлыг арилган 2020-10-27-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгөх үед нэхэмжлэгч компанийг дуудсан боловч ирээгүй. “Н с” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцоогүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотойгоор “Н с” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагаас 102.400.000 төгрөгийн НӨАТ болох 10.240.000 төгрөгийг хасч тооцох ёстой. Материалын хорогдол гаргаж манай компанид хохирол учруулсан. Үүнд 2 ширхэг 12М-тэй Ф400 трубаны төлбөр 7.310.000 төгрөгийг хохиролд тооцож байна. “Н с” ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хоцроосон тул 2020.05.01-ний өдрөөс гэрээнд заасны дагуу алданги тооцно.

2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Н с” ХХК-ийн тооцоо нийлсэн акттай мөнгөн дүн нийлж байгаа. 232.400.000 төгрөгийг манай компани өгсөн байгаа. Буцаан булалт, шороо тээвэрлэлтийн ажлыг “Н с” ХХК хариуцаж ажиллахаар байсан. “Н с” ХХК-иас манай компанид хийх ажлын төлөвлөгөө хийгдсэн ажлын төлөвлөгөө өгч байгаагүй учраас хөрөнгө оруулалт удсан байдаг. Тухайн үед инженерүүдээс шаардаж байсан. Гэрээний 5.17-д тусгасан боловч ганц ч удаа манай компанид акт өгч байгаагүй, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тохиролцоонд хүрч чадаагүй улмаар 2020 оны 05 сард “Н с” ХХК-д албан шаардлага хүргүүлээд гүйцэтгэгч компаниасаа татгалзаад өөр гуравдагч компаниар хийж гүйцэтгээгүй ажлыг нь гүйцэтгүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв /хх-34-35/.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ажил эхэлснээс хойш “Н с” ХХК “Ажил гүйцэтгэх гэрээ"-ний 5 дугаар зүйлийн 5.15-д заасны дагуу ажлын гүйцэтгэлийн үе шат бүрийг фото зургаар баталгаажуулаагүй, ил далд шугамын ажлын акт, гүйцэтгэлийн зургийн акт үйлдэж, захиалагчийн хяналтын инженерт ажлаа дүгнүүлээгүй зэргээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Үүнээс шалтгаалан “Т Э" ХХК-иас олгох санхүүжилт саатаж байсан боловч манай компаний зүгээс гэрээнд заасан графикт тусгагдсаны дагуу ажлын хөлсийг дансаар болон бэлнээр өгч, уг ажлын санхүүжилтийн 70-аас дээш хувь буюу 232.400.000 төгрөгийг “Н с” ХХК-д шилжүүлсэн, үлдэгдэл төлбөр болох 87.600.000 төгрөгнөөс баталгааны төлбөр болох 32.000.000 төгрөгийг хассан байгаа.

2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Н с” ХХК-ний захирал Г.Б болон өмгөөлөгч Ч.С-тэй уулзаж, "О ө” компаниас “Н с” ХХК-нд өгөх өглөгийн үлдэгдэл 55.600.000 төгрөг болсон. Дутуу хийгдсэн ажлыг 2020 оны 5 дугаар сард гүйцээж хийх талаар тохиролцсон боловч уг ажлыг хийгээгүй, мөн түүнчлэн гэрээний дагуу “Н с” ХХК нь шугамын ажлыг улсын комисст хүлээлгэн өгч баталгаа гаргах ёстой боловч энэхүү үүргээ биелүүлээгүй төдийгүй тухайн компаний гүйцэтгэсэн ажлын дутагдлаас болж улсын комисс уг ажлыг хүлээж аваагүй, шугамын ажлын доголдлын талаар акт гаргасан. Уг актын дагуу манай компани өөрийн зардлаар дутуу ажлыг хийж гүйцэтгэн, доголдлыг арилган Улсын комисст хүлээлгэн өгсөн.

“Ц” констракшнаар хийлгэсэн ажлын хөлс 12.000.000 төгрөг, буцаан булалтын түрээсийн машины зардал 23.000.000 төгрөг, нийт дутуу хийсэн ажлын төлбөр 35.000.000 төгрөг байгаа. Иймд “Н с” ХХК нь үүргээ ноцтойгоор зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэгч нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гаргаагүй тул ажил гүйцэтгэх гэрээний 7.7-д заасны дагуу гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй тул 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 269 хоногийн алдангид 17.500.000 төгрөг, “Н с” ХХК-руу шилжүүлсэн 232.400.000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан шивэлт 10 хувь болох 10.240.000 төгрөг, материалын хорогдолд 7.280.897 төгрөг, ажлын хөлс 12.000.000 төгрөг, ажлын баталгаа 5 жил 32.000.000 төгрөг, нийт 102.020.897 төгрөгнөөс “Н с” ХХК-д төлөх 87.600.000 төгрөгийг хасвал 14.420.897 төгрөгийг манай компанид учирсан хохиролд тооцон нэхэмжилж байна гэв /хх-47-48, шүүх хуралдааны тэмдэглэл/.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Манай компани ажлын үе шат бүрийг фото зургаар баталгаажуулж гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэсэн. Мөн ажлын явцад хяналт шалгалтанд орж байсан. Тухайлбал У д с ХХК 2 удаагийн шалгалт, гагнуур металл центр ХХК-ийн шалгалтуудад орж хийж гүйцэтгэх даалгаварыг дуусгасан байдаг. Захиалагч тал гэрээний дагуу сар бүр 72.000.000 төгрөгөөр санхүүжилт олгож, талбай дээр ажил гүйцэтгэх нөхцөлөөр хангаж холбогдох зөвшөөрөл бичиг баримтыг гаргаж өгөх ёстой байсан. Эдгээр үүргүүдээ биелүүлээгүй учраас манай компани цаг хугацаа алдаж хохирол их гарч байсан. Санхүүжилтийн 70 хувиас дээш хувь 232.400.000 төгрөгийг хариуцагч төлсөн гэж байгаа боловч 3.084.000 төгрөгийн зөрүү гардаг.

Тухайн үед “О г ө” ХХК материалаа хангалттай өгөх, трасс чагнуулах, талбай дээр улаан шугам татах, ажил эхлэх зөвшөөрөл авах зэрэг нь “О г ө” ХХК-ийн хийх ажил бөгөөд шаардлагатай материал зэргийг “О г ө” ХХК өгдөггүй байсан. Тухайн үед ажлыг зогсоохгүйн тулд жижиг материалаар ажлыг хийж гүйцэтгэж байсан. Тэр материалын баримтыг хүлээлгэж өгсөн, өнөөдрийн хуралдаанд ч бас шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн.

Миний зүгээс кабель чагнуулах, улаан шугам тодруулах, материалын зардалд 2.084.000 төгрөг гаргасан болохыг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “О г ө” ХХК-тай уулзахад хүлээн зөвшөөрсөн. Манай компани Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газрын захиалгаар Даланзадгад сумын дулааны шугам өргөтгөх ажилд дулааны шугамын угсралтын ажил гүйцэтгэх барилга угсралтын гэрээ 2019-10-04-ний өдөр хийгдэж, ажил нь 2019-10-12-ны өдрөөс эхлэн 2019-11-20-ны өдрийг хүртэл гүйцэтгэж комисст хүлээлгэн өгсөн байдаг.

Энэ үед компанийн ажилчидыг 2 хэсэг болгож хөдөө нэг хэсгийг нь үлдсэн хэсгийг нь нүхтийн ам руу явуулсан, хариуцагч тал шаардлагатай материалаа авч өгөхгүй 1 сарын хугацаатай ажил хойшилсон. Дутуу хийгдсэн 2 ажил үлдсэн, энэ нь худаг өрөмдөх, шат хийх ажил. Энэ ажлын материалыг 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш өгөөрэй гэж хэлээд 2020 оны 05 дүгээр сарын 01-ний өдөр “О г ө” ХХК-д албан бичиг хүргүүлсэн. Төлбөрөө урьдчилан төлөхгүй бол манай компанийн зүгээс үлдсэн ажлыг гүйцэтгэх боломжгүй гэж хэлсэн. Манай компани сувгийн буцаан булалтыг өөр хүнтэй тохиролцсон байсан. Тухайн үед 5.000.000 төгрөгөөр тус тус буцаан булалтын ажлыг харилцан тохиролцсон байсан боловч Богд хаан уулыг хамгаалалтанд авсан учраас уг ажиллагаа хүчээр зогссон.

Тиймээс 2020-04-29-нд уулзахдаа буцаан булалтын ажлыг “О г ө” ХХК хариуцахаар тохиролцсон байдаг. Ямар ч ажилд жишиг үнэ байдаг. “О г ө” ХХК манай компаниар хийлгэхгүй гэж үзсэн бол 12.000.000 төгрөгийг нэхэмжлэх шаардлага байхгүй байсан гэж харж байна. Нэмэгдсэн өртөгийн албан татварын хувьд 3.084.000 төгрөгийн зөрүү байгаа, манай компани 229.316.000 төгрөгийн санхүүжилт авсан 139.000.000 төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татварын шивэлтийг хийсэн үлдсэн 99.316.000 төгрөгийн борлуулалт шивэгдээгүй байгаа үүний 10 хувь 9.028.727.27 төгрөг байгаа тул нэмэгдсэн өртөгийн албан татварын нэхэмжилж байгаа мөнгө зөрүүтэй байна.

Ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т заасны дагуу 32.000.000 төгрөг барьцаа хөрөнгө биш ажил гүйцэтгэсний мөнгө бөгөөд цаг хугацааны хувьд хэзээ авах нь тодорхойгүй байсан. Материалын хорогдолд тооцсон мөнгөний хувьд барилгын норм дүрэм дээр тусгагдсан байхад ямар ч хамааралгүй 12м урттай 2 ширхэг трубаг буруу тайрсан гэдэг үндэслэлээр төлбөр нэхэмжилж байгааг буруу л гэж үзэж байна. Дутуу хийсэн ажлын мөнгө гэдэг нь бас л үндэслэлгүй, бид 4 дүгээр сарын 29-ний өдөр анх удаа уулзсан байхад 3 сараас алданги тооцсон үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Н с” ХХК нь хариуцагчаар “О ө” ХХК-ийг татаж, түүнд холбогдуулан 2019-06-10-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 58.684.000 төгрөг, гэрээгээр тохирсон алдангид 21.126.240 төгрөг, нийт 79.810.240 төгрөг гаргуулах тухай /хх-1-3/,

хариуцагч тал үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гаргаагүй тул гэрээг цуцалж, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 269 хоногийн алдангид 17.500.000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан шивэлт 10 хувь болох 10.240.000 төгрөг, материалын хорогдолд 7.280.897 төгрөг, ажлын хөлс 12.000.000 төгрөг, ажлын баталгаа 5 жил 32.000.000 төгрөг, нийт 102.020.897 төгрөгнөөс “Н с” ХХК-д төлөх 87.600.000 төгрөгийг хасаж 14.420.897 төгрөг гаргуулах тухай /хх-47-48/ үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

 

Нэхэмжлэгч “Н с” ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах эрхийг 2020-04-20-ны өдрийн 0420/03 тоот итгэмжлэлээр өмгөөлөгч Ч.С-т олгосон /хх-9/ байх боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзаж /хх-45/, түүнтэй хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан /хх-46/,

хариуцагч “О ө” ХХК-ийг төлөөлөн сөрөг нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-09-03-ны өдрийн 20/71 дүгээр итгэмжлэлээр Г.А-т гурван жилийн хугацаатай /хх-33/ олгож, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгч Б.Ш-Х-тай 2020-11-10-ны өдөр байгуулсан /хх-38-40/ байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд захиалагч нь “Т э” ХХК, ажил гүйцэтгэгч нь “О ө” ХХК, “Н с” ХХК нарын хооронд 2019-06-10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан /хх-10-14/ байх боловч

захиалагч “О ө” ХХК, ажил гүйцэтгэгч нь “Н с” ХХК нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Нүхтийн аман дахь Т э ХХК-ийн аялал жуулчлалын цогцолборын гадна дулаан хангамжийн ТДХ-033/2018 шифртэй зургийн дагуу 850 м урттай, 400ф хэмжээтэй, дулааны шугамын 50 хувийг барьж ашиглалтад оруулах ажлыг гүйцэтгэх, захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байна /хх-15-19/.

Дээрх гэрээний хугацааг талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр байхаар гэрээний хугацаа эхлэх ба гэрээнд заасан ажлыг бүрэн дуусгаж, захиалагчийн өмчлөлд ямар доголдолгүй үр дүнг шилжүүлж, хууль болон гэрээнд заасан баталгаат хугацаа дууссанаар гэрээний хугацаа дуусахаар,

гэрээний нийт үнийг 320.000.000 төгрөг байхаар уг төлбөрийг захиалагчаас 6-р сард 72.000.000 төгрөг, 7-р сард 72.000.000 төгрөг, 8-р сард 72.000.000 төгрөг, 9-р сард 72.000.000 төгрөгөөр тус тус шилжүүлэн өгөхөөр талууд харилцан тохиролцсон байна /хх-15-16/.

 

Өөрөөр хэлбэл гэрээний талууд гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх аргыг гэрээгээр тохиролцож, зохигч талууд гэрээ байгуулсан, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил, захиалагчийн шилжүүлсэн мөнгөн дүнгийн талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэж, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Нэхэмжлэгч “Н с” ХХК ажил гүйцэтгэгчийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээнд заасан ажлаас ДХ-1 худагт тойруу хаалт Ф15 хаалт, шат хийх угольник, худгийн таг, шугамын чиглүүлэгч хийх шевлер, агаар гаргагч зэрэг ажлыг гүйцэтгээгүй болохыг тайлбарлаж, захиалагчийн хувьд хөлс төлөх үүргээ бүрэн гүйцэтгээгүй гэж ажлын хөлсний үлдэгдэл болох 58.684.000 төгрөг, уг төлбөрийг хугацаандаа төлөөгүйд тооцсон алдангид 21.126.240 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг тодорхойлжээ.

 

“Н с” ХХК-г гэрээний дагуу захиалагчийн томилсон хяналтын инженерээр ажлаа дүгнүүлэн, фото зургаар баталгаажуулан, ил далд ажлын актыг хүлээлгэн өгөөгүй, үүргээ биелүүлээгүй гэх,

хариуцагчийн “Ц к” ХХК-тай байгуулсан гэрээний 3.1-д заасан заасан ДХ-1 худагт тойруу хаалт Ф15 хаалт, шат хийх угольник, худгийн таг, шугамын чиглүүлэгч хийх шевлер, агаар гаргагч зэрэг ажлыг гүйцэтгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж, няцаагаагүй бөгөөд захиалагч нь ажил гүйцэтгэгчээс гаргасан ажлын график болон санхүүжилтийн хуваарийг үндэслэн эхний сарын төлбөрийг бүрэн шилжүүлэх, дараагийн санхүүжилтийг гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл, чанар зэргийг хянан баталгаажуулсны үндсэн дээр олгохоор гэрээний 3.5, 4.2-д тохирсон байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Учир нь зохигчийн гаргасан төлбөр шилжүүлсэн, хүлээн авсан талаарх хүснэгтээр хариуцагч нь 2019 оны 7-р сард 4 удаагийн гүйлгээгээр 30.000.000 төгрөг, 8-р сард 5 удаагийн гүйлгээгээр 46.500.000 төгрөг, 9-р сард 5 удаагийн гүйлгээгээр 56.000.000 төгрөг, 10-р сард 1 удаагийн гүйлгээгээр 60.000.000 төгрөг, 11-р сард 1 удаагийн гүйлгээгээр 20.000.000 төгрөг, 12-р сард 1 удаагийн гүйлгээгээр 9.000.000 төгрөг, 2020 оны 1-р сард 1 удаагийн гүйлгээгээр 5.000.000 төгрөг, 2-р сард 2 удаагийн гүйлгээгээр 5.900.000 төгрөгийг /хх-20, 21, 49/ нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй тул захиалагчийг гэрээний 3.3-т заасан төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Мөн гэрээнд заасан ажлыг бүрэн дуусгаж, захиалагчийн өмчлөлд шилжүүлж, баталгаат хугацаа дууссанаар гэрээний хугацаа дуусахаар, захиалагч эхний сарын төлбөрийг бүрэн шилжүүлж, дараагийн санхүүжилтийг ажлын гүйцэтгэл, чанар зэргийг баталгаажуулснаар олгохоор гэрээний талууд тохирсон байна. Өөрөөр хэлбэл захиалагч нь ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг баталгаажуулснаар санхүүжилт олгох эрхтэй байх бөгөөд уг эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн болох нь нотлогдохгүй, санхүүжилтийг 2019 оны 7-р сараас 2020 оны 02-р сарыг дуусталх хугацаанд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.

 

Харин нэхэмжлэгч ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг төлснөөр үлдэгдэл ажлыг гүйцэтгэж дуусгахаар талууд 2020-04-29-ний өдөр уулзаж тохиролцсон үйл баримтад зохигчийн төлөөлөл маргаагүй бөгөөд хариуцагч төлбөл зохих ажлын хөлсийг төлөөгүй учир нэхэмжлэгч тал 2020-05-01-ний өдөр гэрээнээс татгалзах санал гаргаснаар /хх-23/ талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон гэж дүгнэв.

 

Ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг хариуцагч тал шүүхэд гаргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй оролцож, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул тэдгээрийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг учир хариуцагч шаардлагын татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйл хийсэн бол түүнийг захиалагчид шилжүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээний зүйл болох биежсэн материал бүхий эд зүйлд гэрээнд оролцогч талуудын өмч болох материал, хөлс, хөдөлмөр шингэсэн байдаг тул гэрээнд оролцогч талууд ажлын үр дүнг хүлээлгэн өгч, хүлээн авах үүрэгтэй. Тиймээс захиалагч гэрээгээр тохирсон зүйл биш эсхүл доголдолтой гэж үзвэл хууль блон гэрээнд зааснаар ажил гүйцэтгэгчид холбогдуулан шаардлага гаргах эрхтэй байдаг тул ажил гүйцэтгэгчийн шинээр бий болгож буй ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх баримтыг ажил гүйцэтгэгчээс захиалагчид өгөх үүрэгтэй болно.

 

Хариуцагчийн татгалзлаа нотлохоор гаргасан “Ц к” ХХК-тай 2020-08-15-ны өдөр байгуулсан /хх-142-148/ ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д заасан хүснэгтийн 1-4, 7-д нэрлэн заасан ажлыг тухайн компаниар гүйцэтгүүлэхээр уг ажлыг гүйцэтгэхтэй холбоотой хэрэглэгдэх материалын талаар тухайн хүснэгтэд тусгагдсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, нэхэмжлэгчийн гэрээгээр хүлээсэн Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Нүхтийн аман дахь Т э ХХК-ийн аялал жуулчлалын цогцолборын гадна дулаан хангамжийн ТДХ-033/2018 шифртэй зургийн дагуу 850 м урттай, 400ф хэмжээтэй, дулааны шугамын 50 хувийг барьж ашиглалтад оруулах ажлаас ДХ-1 худагт тойруу хаалт ф15 хаалт, шат хийх угольник, худгийн таг, шугамын чиглүүлэгч хийх шевлер, агаар гаргагчийн ажил хийгдээгүй болохыг зөвшөөрч, энэхүү үйл баримтад маргаагүй тул нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын хөлсийг захиалагчаас шаардах эрхтэй байна.

 

Захиалагчийн гэрээгээр хүлээсэн гол үүрэг нь хөлс төлөх бөгөөд гэрээний 3.5, 4.2-т зааснаар ажлын гүйцэтгэл, чанар зэргийг хянан баталгаажуулснаар санхүүжилтийг олгохоор тохирсон байх тул ажил гүйцэтгэгчийн ажлыг хүлээн авах нь захиалагчийн үүрэг тул хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар маргаагүй тул ажил гүйцэтгэгчид төлбөр төлөх үүргээ биелүүлэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч талын ажлын үр дүнг хүлээн аваагүй, гүйцэтгэсэн ажлыг фото зургаар баталгаажуулан актаар хүлээлгэн өгөөгүй гэх тайлбар үндэслэлгүй буюу ажлын үр дүн хүлээн аваагүй болон хугацаандаа ажлаа хүлээлгэн өгөөгүй талаар шаардлага гаргаагүй, гэрээгээр тохирсон хугацаанд санхүүжилт олгохдоо гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл болон чанарт баталгаажуулалт хийсэн болох нь нотлогдохгүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд гэрээ цуцлагдаж дуусгавар болох талаар гэрээгээр тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан “ ...иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, ...гэрээний эрх чөлөө, ...шүүхээр хамгаалуулах...” зарчмыг шүүх хөндөх эрхгүй.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэрээгээр тохирсон ажил гүйцэтгэх, захиалагч гэрээгээр тохирсон хугацаанд хөлс төлөх нь уг гэрээний талуудын тохиролцоо байхад нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч гүйцэтгэл, чанар зэргээр баталгаажуулах үүргээ биелүүлээгүй  байхад шүүх гэрээний эрх чөлөөг зөрчих эрхгүй тул ажлын хөлсөнд хариуцагчаас 58.684.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Гэрээний гол нөхцлийн талаар гэрээнд оролцогч талууд харилцан тохиролцон тогтоодог тул гэрээний 7.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй байна. Учир нь захиалагч гэрээнд заасан төлбөрийг төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги төлөхөөр тохирсон бөгөөд нэхэмжлэгч тал 2020-05-01-ний өдрийн 0501/01 тоот албан бичгээр гэрээнээс татгалзаж байгаа талаар захиалагч талд мэдэгдсэн байна /хх-23/.

 

Алданги нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тал гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр нөгөө талдаа төлөх мөнгөн төлбөр тул алданги гэрээний хугацаанд яригдах бөгөөд гэрээнээс татгалзах санал гаргаснаас хойш татгалзсан гэрээгээр тохиролцсон алданги шаардахгүй тул хариуцагчаас 2020-02-22-нд сүүлийн төлбөрийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь зохигчийн гаргасан тооцооны хүснэгтээр нотлогдож байх тул нэхэмжлэгч 68 хоногийн алдангид 7.981.024 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр талууд уулзаж үлдэгдэл төлбөрийг 55.600.000 төгрөгөөр тогтоож, дутуу хийгдсэн ажлыг 2020 оны 5 дугаар сард гүйцээж хийх талаар тохиролцсон боловч уг ажлыг хийгээгүй, мөн түүнчлэн гэрээний дагуу “Н с” ХХК нь шугамын ажлыг улсын комисст хүлээлгэн өгч баталгаа гаргах ёстой боловч энэхүү үүргээ биелүүлээгүй, тухайн компаний гүйцэтгэсэн ажлын дутагдлаас болж улсын комисс уг ажлыг хүлээж аваагүй, шугамын ажлын доголдлын талаар акт гаргаснаар өөрийн зардлаар дутуу ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлснээр “Н с” ХХК нь үүргээ ноцтойгоор зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэгч нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гаргаагүй тул ажил гүйцэтгэх гэрээний 7.7-д заасны дагуу гэрээг цуцалж, өөрт учирсан хохиролд 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 269 хоногийн алдангид 17.500.000 төгрөг, “Н с” ХХК-руу шилжүүлсэн 232.400.000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан шивэлтийн 10 хувь болох 10.240.000 төгрөг, материалын хорогдолд 7.280.897 төгрөг, ажлын хөлс 12.000.000 төгрөг, ажлын баталгаат 5 жилийн хугацааны төлбөр 32.000.000 төгрөг, нийт 102.020.897 төгрөгнөөс “Н с” ХХК-д төлөх 87.600.000 төгрөгийг хасвал 14.420.897 төгрөгийг манай компанид учирсан хохиролд тооцсон гэж сөрөг шаардлага болон үндэслэлийг тодорхойлон тайлбарласан.

 

“О ө” ХХК болон “Ц к” ХХК нарын хооронд 2020-08-15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрээгээр тогтоогдож байх боловч гэрээний ажлын хөлсийг тухайн компанид шилжүүлсэн болох нь, буцаан булалтын ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байна.

 

Зохигчийн төлөөлөгчид гэрээний зүйл болох ажил дутуу хийгдсэн, ажлын хөлс төлөгдөөгүй талаар 2020-04-29-ний өдөр уулзаж ажил гүйцэтгэгчид төлөх ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийн талаар тохиролцсон үйл баримтад маргаагүй боловч хариуцагч 2020-04-02-ны өдрийн 2/35 тоот албан бичгээр тооцоо нийлсний дараа ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг төлөхөөр мэдэгдсэн /хх-136/ нь гэрээнээс татгалзах санал гаргасан гэж үзэх боломжгүй.

 

Түүнчлэн гэрээний 4.6-д захиалагч нь ажил гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих бөгөөд ажил гүйцэтгэгч нь ажлыг гүйцэтгэхдээ зураг төсөл, дулааны шугамын холбогдох норм, дүрэм журам, стандартыг зөрчсөн, чанарын доголдол гаргасан, санхүүжилт болон материалыг өөр зориулалтын бус зүйлд ашигласан зэрэг зөрчил гаргасан тохиолдолд гарсан материалын зардал, ажлын хөлс болон бусад зардлыг нэхэмжлэх эрхтэй бөгөөд үүнээс үүдэн гарсан хохирлыг ажлын 7 хоногт багтаан бүрэн барагдуулахыг шаардах эрхтэй гэж гэрээний талууд тохирсон байх тул материалын хорогдолын талаар гарсан зардлыг нэхэмжлэгч хариуцахаар гэрээгээр үүрэг хүлээгээгүй байна.

 

Мөн гэрээний 7.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг хуваарийн дагуу хугацаанд нь хийж гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, захиалагчид хүлээлгэж өгөөгүй тохиолдолд захиалагч алданги шаардахаар байх боловч нэхэмжлэгч 2020-05-01-нд гэрээнээс татгалзах саналыг гаргаж, хариуцагч 2020-08-15-нд Ц к ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаар гэрээний 7.6-г хариуцагч зөрчснөөр талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон байх тул захиалагч алданги шаардах эрхгүй байна.

 

Нэмэгдсэн өртгийн албан татвар нь Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулсан татвар бөгөөд тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэж ойлгохоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.13-т заасан байна.

 

Тиймээс дээрх албан татварыг бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүрд албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлөхөөр байх тул нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын талаарх бичилт бүхий баримтыг хариуцагч байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй байна.

 

Харин нэхэмжлэгчийг дээрх үүргийг гүйцэтгээгүйтэй холбоотой хариуцагчид татварын байгууллагаас акт тавьсан болох нь татварын байгууллагыг “О ө” ХХК төлөөлөн нэмэгдсэн өртгийн албан татвар төлүүлэхээр шаардах эрхтэй болох нь нотлогдохгүй байна.

 

Тиймээс нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн зарим хэсэг болох гүйцэтгэсэн ажлын хөлс 58.684.000 төгрөг, алдангид 7.981.024 төгрөгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 557.001 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 230.055 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох 491.275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр, барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл нэртэй дэвтрийг нэхэмжлэгч талаас нэхэмжлэлд хавсаргаж шүүхэд гаргасан талаар тайлбарласан бөгөөд зааварчилгаа өгсөн албан тушаалтан хэсгийн зарим хуудсанд Н гэж, зарим хуудсанд НБ гэж гарын үсэг зурсан,

Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл нэртэй дэвтрийн 131-133-р хуудсанд “М ц” ХХК-ийн инженер, шаардлага зөвлөмжийн товч утга хэсэгт тайлбар бичиж гарын үсэг зурсан байдлыг шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэн судлуулсан болохыг дурдав.

 

Мөн хэргийн оролцогчоос шүүх хуралдаанд гаргасан баримтуудаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, үнэлэх боломжгүй баримтуудыг буцаан өгсөн бөгөөд үүнтэй холбогдуулан нотлох баримтын хэлбэрийн шаардлага ханган дахин гаргах, нэмж нотлох баримт бүрдүүлэх талаар хэн аль нь шүүх хуралдаанд хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “О ө” ХХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 58.684.000 төгрөг, алдангид 7.981.024 төгрөг, нийт 66.665.024 /жаран зургаан сая зургаан зуун жаран таван мянга хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н с” ХХК-д олгож,

нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.145.216 төгрөгийн шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 557.001 төгрөг, хариуцагчаас урьдчилан төлсөн 230.055 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 491.275 /дөрвөн зуун ерэн нэгэн мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н с” ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ