Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00597

 

 

 

“Н.Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                                                                                       иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2021/00341 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Н.Э” ХХК-ийн хариуцагч “О э ө” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 79 810 240 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, бусдаар гүйцэтгүүлсэн ажлын зардалд 14 420 897 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил гүйцэтгэгч “Н.Э” ХХК-ийг төлөөлж захирал Г.Батсайхан 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг захиалагч “О э ө" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Анхбаяртай байгуулсан. Энэхүү гэрээгээр ажил гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн 8-р хороо, Нүхтийн аман дахь Тэмүүлэл эко ХХК-ийн аялал жуулчлалын цогцолборын гадна дулаан хангамжийн ТДХ-033/2018 цифртэй зургийн дагуу, 850 метр урттай, 400ф хэмжээтэй, дулааны шугамын 50 хувийг барьж ашиглалтад оруулах ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэн захиалагчид шилжүүлэх, захиалагч нь гэрээнд заасан хугацаанд зохих төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээн гэрээгээр тохирсон. Эхний ажлыг 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл эхний 300 метр шугамын газар шорооны ажил хийх, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд эхний 300 метр шугамын холболтын ажил хийх, үүний дараа 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд дараагийн 350 метр шугамын газар шорооны ажил хийх, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд дараагийн 350 метр шугамын холболтын ажил хийж ЦТП-н барилгад холбоход бэлэн болгох ажлуудыг төлөвлөсөн. Нийт гэрээний үнэ 320 000 000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд гадна дулааны шугамын гүйцэтгэлийн хүснэгтээс хийсэн ажлын задаргааг дурдвал худаг цутгалтын ажил, сувгийн ухалт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байдаг. Ажил гүйцэтгэхтэй холбоотой гарах материалыг захиалагч тал нийлүүлэхээр тохирч, мөн шороо зөөх ажлыг хариуцаж, манай компани эксковатор, кран, талбайн зөөврийн машин зэргийг хариуцахаар тохиролцсон. Төлбөрийг гэрээний 3.3-т тохирсноор 6 дугаар сард 72 000 000 төгрөг, 7 дугаар сард 72 000 000, 8 дугаар сард 72 000 000, 9 дүгээр сард 72 000 000 төгрөгөөр тус тус төлөх хуваарьтай байсан боловч захиалагч нь шаардлагатай санхүүжилтээр хуваарийн дагуу тасралтгүй хангах үүргээ биелүүлээгүй улмаас бид санхүүг өөрсдөөсөө гаргаж байсан. Үүнээс 229 316 000 төгрөгийг авсан бөгөөд 32 000 000 төгрөг нь ажил бүрэн дууссаны дараа олгогдох байсан төлбөр боловч манай компани ажлыг дуусгаагүй учир 32 000 000 төгрөгийн талаар шаардлага гаргаагүй. Ингээд талууд олон удаа тооцоо нийлэх, ажлаа дүгнэх шаардлага хүргүүлж байснаас гадна төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, санхүүжилтээ өгөхгүй бол ажиллах боломжгүй талаар мэдэгдэж бид 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр уулзаж тохирохдоо манай компанид төлөх ажлын хөлсийг 58 684 000 төгрөгөөр тохиролцсон боловч захиалагч талаас төлбөрөө төлөөгүй тул манайх гэрээнээс татгалзах саналыг гаргасан. Захиалагч компаниас материал нийлүүлэхдээ гэрээнд тохирсон хугацаанаас байнга хоцорч нийлүүлдэг байсан ба Н.Э ХХК нь материал ирж, ажил хийх нөхцөл бүрдсэн тухай бүрт шугам хоолойн ажлаа бүрэн дуусгасан. Гэрээний 7.2 заасны дагуу төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул гүйцэтгэвэл зохих төлбөрийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг сүүлийн төлбөр хийсэн 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс тооцон алдангид 21 126 240 төгрөг нэхэмжилж байна. Гүйцэтгэсэн ажлын зардалд ажиллах хүчний зардал, техникийн зардал, түлш, ажилчдын түр байр, техникийн түрээсийн зардал, багаж хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын зардал буюу талбай дээр ажилчдын хувцас хэрэглэл, багаж тоног төхөөрөмжийн зардал багтсан бөгөөд ажлын хөлсөнд 58 684 000 төгрөг, гэрээгээр тохирсон алдангид 21 126 240 төгрөг, нийт 79 810 240 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин 229 316 000 төгрөг дээр маргаж, гэрээний дагуу манай компани 232 400 000 төгрөг өгсөн байдаг. “Н.Э” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй. Манай компани Тэмүүлэл Эко ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Н.Э ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр оролцуулсан. Ажлын санхүүжилтээс шалтгаалан ажлын гүйцэтгэлийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлүүлсэн. Уг ажлын санхүүжилтын 70 хувиас дээш буюу 232 400 000 төгрөгийг төлсөн боловч тухайн компаний ажилчид Өмнөговь аймагт ажиллахаар явсан гэх шалтгаанаар 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн инженер н.Энх-Амгалангаас өөр ажилтангүй байсан. Манай компаний зүгээс хэрвээ Н.Э ХХК нь хийсэн ажлынхаа гүйцэтгэлээ дүгнүүлж, ажлын зураг болон актуудыг хүлээлцэн, тооцоо нийлсний дараа үлдэгдэл ажлын хөлсийг өгөхөд татгалзах зүйлгүй гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан тул “Н.Э ХХК нь манай компаниас алданги авах үндэслэлгүй гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ажил эхэлснээс хойш Н.Э ХХК ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.15-д заасан үүргээ биелүүлээгүй. Үүнээс шалтгаалан “Тэмүүлэл Эко" ХХК-аас олгох санхүүжилт саатаж байсан боловч манай компанийн зүгээс гэрээнд заасан графикт тусгагдсаны дагуу ажлын хөлсийг дансаар болон бэлнээр өгч, уг ажлын санхүүжилтийн 70 хувиас дээш буюу 232 400 000 төгрөгийг “Н.Э” ХХК-д шилжүүлсэн, үлдэгдэл төлбөр болох 87 600 000 төгрөгөөс баталгааны төлбөр болох 32 000 000 төгрөгийг хассан. 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Н.Э" ХХК-ний захирал Г.Батсайхан болон өмгөөлөгч Ч.Содончимэгтэй уулзаж, "О э ө” ХХК-аас "Н.Э ХХК-д өгөх өглөгийн үлдэгдэл 55 600 000 төгрөг болсон. Дутуу хийгдсэн ажлыг 2020 оны 5 дугаар сард гүйцээж хийх талаар тохиролцсон боловч уг ажлыг хийгээгүй, мөн түүнчлэн гэрээний дагуу Н.Э ХХК нь шугамын ажлыг улсын комисст хүлээлгэн өгч баталгаа гаргах ёстой боловч энэхүү үүргээ биелүүлээгүй төдийгүй тухайн компанийн гүйцэтгэсэн ажлын дутагдлаас болж улсын комисс уг ажлыг хүлээж аваагүй, шугамын ажлын доголдлын талаар акт гаргасан. Уг актын дагуу манай компани өөрийн зардлаар дутуу ажлыг хийж гүйцэтгэн, доголдлыг арилган Улсын комисст хүлээлгэн өгсөн. Цэлмүүн констракшнаар хийлгэсэн ажлын хөлс 12 000 000 төгрөг, буцаан булалтын түрээсийн машины зардал 23 000 000 төгрөг, нийт дутуу хийсэн ажлын төлбөр 35 000 000 төгрөг болсон. Иймд "Некст стандарт ХХК нь үүргээ ноцтойгоор зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэгч нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гаргаагүй тул ажил гүйцэтгэх гэрээний 7.7-д заасны дагуу гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй тул 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 269 хоногийн алдангид 17 500 000 төгрөг, “Н.Э” ХХК-руу шилжүүлсэн            232 400 000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан шивэлт 10 хувь болох              10 240 000 төгрөг, материалын хорогдолд 7 280 897 төгрөг, ажлын хөлс 12 000 000 төгрөг, ажлын баталгаа 5 жил 32 000 000 төгрөг, нийт 102 020 897 төгрөгөөс "Н.Э" ХХК-д төлөх 87 600 000 төгрөгийг хасвал 14 420 897 төгрөгийг манай компанид учирсан хохиролд тооцон нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Манай компани ажлын үе шат бүрийг фото зургаар баталгаажуулж гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэсэн. Мөн ажлын явцад хяналт шалгалтанд орж байсан. Тухайлбал “Улаанбаатар дулааны сүлжээ” ХХК-аас 2 удаагийн шалгалт, “Гагнуур металл центр” ХХК-ийн шалгалтуудад орж хийж гүйцэтгэх даалгаврыг дуусгасан байдаг. Захиалагч тал гэрээний дагуу сар бүр 72 000 000 төгрөгөөр санхүүжилт олгож, талбай дээр ажил гүйцэтгэх нөхцөлөөр хангаж, холбогдох зөвшөөрөл бичиг баримтыг гаргаж өгөх ёстой байсан. Эдгээр үүргүүдээ биелүүлээгүй учраас манай компани цаг хугацаа алдаж хохирол их гарч байсан. Санхүүжилтийн 70 хувиас дээш буюу 232 400 000 төгрөгийг хариуцагч төлсөн гэж байгаа боловч 3 084 000 төгрөгийн зөрүү гардаг. Тухайн үед “О э ө” ХХК материалаа хангалттай өгөх, трасс чагнуулах, талбай дээр улаан шугам татах, ажил эхлэх зөвшөөрөл авах зэрэг нь “О э ө” ХХК-ийн хийх ажил бөгөөд шаардлагатай материал зэргийг “О э ө” ХХК өгдөггүй байсан. Тухайн үед ажлыг зогсоохгүйн тулд жижиг материалаар ажлыг хийж гүйцэтгэж байсан. Тэр материалын баримтыг хүлээлгэж өгсөн, өнөөдрийн хуралдаанд ч бас шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн. Миний зүгээс кабель чагнуулах, улаан шугам тодруулах, материалын зардалд 2 084 000 төгрөг гаргасан болохыг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “О э ө” ХХК-тай уулзахад хүлээн зөвшөөрсөн. Манай компани Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газрын захиалгаар Даланзадгад сумын дулааны шугам өргөтгөх ажилд дулааны шугамын угсралтын ажил гүйцэтгэх барилга угсралтын гэрээ 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хийгдэж, ажил нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл гүйцэтгэж комисст хүлээлгэн өгсөн байдаг. Энэ үед компанийн ажилчдыг 2 хэсэг болгож хөдөө нэг хэсгийг нь үлдсэн хэсгийг нь нүхтийн ам руу явуулсан, хариуцагч тал шаардлагатай материалаа авч өгөхгүй 1 сарын хугацаатай ажил хойшилсон. Дутуу хийгдсэн 2 ажил үлдсэн, энэ нь худаг өрөмдөх, шат хийх ажил. Энэ ажлын материалыг 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш өгөөрэй гэж хэлээд 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “О э ө” ХХК-д албан бичиг хүргүүлсэн. Төлбөрөө урьдчилан төлөхгүй бол манай компанийн зүгээс үлдсэн ажлыг гүйцэтгэх боломжгүй гэж хэлсэн. Манай компани сувгийн буцаан булалтыг өөр хүнтэй тохиролцсон байсан. Тухайн үед 5 000. 000 төгрөгөөр тус тус буцаан булалтын ажлыг харилцан тохиролцсон байсан боловч Богд хаан уулыг хамгаалалтанд авсан учраас уг ажиллагаа хүчээр зогссон.Тиймээс 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр уулзахдаа буцаан булалтын ажлыг “О э ө” ХХК хариуцахаар тохиролцсон байдаг. Ямар ч ажилд жишиг үнэ байдаг. “О э ө” ХХК манай байгууллагаар хийлгэхгүй гэж үзсэн бол 12 000 000 төгрөгийг нэхэмжлэх шаардлага байхгүй байсан гэж харж байна. Нэмэгдсэн өртөгийн албан татварын хувьд 3 084 000 төгрөгийн зөрүү байгаа, манай компани 229 316 000 төгрөгийн санхүүжилт авсан ба 139 000 000 төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татварын шивэлтийг хийсэн, үлдсэн 99 316 000 төгрөгийн борлуулалт шивэгдээгүй байгаа үүний 10 хувь 9 028 727.27 төгрөг байгаа тул нэмэгдсэн өртөгийн албан татварын нэхэмжилж байгаа мөнгө зөрүүтэй байна. Ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т заасны дагуу 32 000 000 төгрөг барьцаа хөрөнгө биш ажил гүйцэтгэсний мөнгө бөгөөд цаг хугацааны хувьд хэзээ авах нь тодорхойгүй байсан. Материалын хорогдолд тооцсон мөнгөний хувьд барилгын норм дүрэм дээр тусгагдсан байхад ямар ч хамааралгүй 12м урттай 2 ширхэг трубаг буруу тайрсан гэдэг үндэслэлээр төлбөр нэхэмжилж байгааг буруу л гэж үзэж байна. Дутуу хийсэн ажлын мөнгө гэдэг нь бас л үндэслэлгүй, бид 4 дүгээр сарын 29-ний өдөр анх удаа уулзсан байхад 3 сараас алданги тооцсон үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Очгялс өргөө ХХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 58 684 000 төгрөг, алдангид 7 981 024 төгрөг, нийт 66 665 024 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н.Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 145 216 төгрөгийн шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 557 001 төгрөг, хариуцагчаас урьдчилан төлсөн 230 055 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 491 275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н.Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Манай талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох зорилгоор “О э ө” ХХК-ийн хяналтын инженер Д.Отгонбаярыг гэрчээр оролцуулах, түүний гар утсанд үзлэг хийх, гүйцэтгэсэн ажлын талаарх Улсын комиссын актын дүгнэлтийг шүүхийн журмаар гаргуулах зэрэг хүсэлтүүдийг гаргасан боловч шүүх маргаантай асуудалд хамааралгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангаагүй. Мөн түүнчлэн “О э ө” ХХК нь “Цэлмүүн констракш” ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба гэрээний ажлын хелсийг тухайн байгууллагад шилжүүлсэн мөнгө, буцаан булалтын ажлыг гүйцэтгэсэн зардлыг нотлох баримт буюу ХААН банкны дансны хуулгыг эх хувиар нь шүүхэд гаргасан боловч нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хүлээн аваагүй. Үүнээс шалтгаалан манай компаниас гарсан 35 000 000 төгрөгийн зардал бүрэн нотлогдоогүй юм. “Н.Э” ХХК нь гэрээнд заасан ажлаас тойруу хаалт, шат, худгийн таг, шугамын чиглүүлэгч, агаар гаргагч зэрэг ажлыг гүйцэтгээгүй болохыг хүлээн зөвшөөрсөн байхад нэхэмжлэлийн дүнгээс огт хасаагүй. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон 17 500 000 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Мөн түүнчлэн “Н.Э” ХХК нь ажлаа дутуу хийсэн ба тэрэгээ цуцалсан тул анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч талаас торгуулахаар заасан 7 981 024 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр уулзах үед “О э ө” ХХК нь “Н.Э” ХХК-д нэмэлт хугацаа олгож, дутуу хийгдсэн ажлаа гүйцээж хийх шаардлага тавьсан юм. Гэвч “Н.Э” ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэрээнээс татгалзаж байгаагаа албан бичгээр өөрөө мэдэгдсэн. Манай талаас санхүүжилт олгохыг удаа дараа шаардаж байсан. “Н.Э” ХХК-ийн үүргээ биелүүлээгүй улмаас санхүүжилтийг хойшлуулж байсан нь “О э ө” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 2/35 тоот албан бичгээр нотлогдож байгаа. Иймд 7 280 897 төгрөгийг хохирлыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Н.Э” ХХК нь хариуцагч “О э ө” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 79 810 240 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, бусдаар гүйцэтгүүлсэн ажлын зардалд 14 420 897 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

           

            Талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Нүхтийн аман дахь “Тэмүүлэл эко” ХХК-ийн аялал жуулчлалын цогцолборын гадна дулаан хангамжийн ТДХ-033/2018 шифртэй зургийн дагуу 850 м урттай, 400ф хэмжээтэй, дулааны шугамын 50 хувийг барьж ашиглалтад оруулах ажлыг гүйцэтгэх, хариуцагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, гэрээнд заасан хугацаанд гэрээний үнэ 320 000 000 төгрөгийг зохих хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байна.

 

            Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

 

            Учир нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас 17 хуудас, хариуцагч талаас 30 хуудас баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч даргалагч шүүгчээс нэхэмжлэгч талаас гаргасан 13 хуудас баримт, хариуцагч талаас гаргасан 12 хуудас баримтыг тус тус нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж буцаахдаа шүүгчийн захирамж гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

 

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрээнээс татгалзах болсон үйл баримтыг тодруулахаар талууд хэрхэн харилцаж байсныг нотлохоор ажлын гүйцэтгэлд хяналт тавьж байсан инженер Д.Отгонбаярын утсанд үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасныг шүүхээс хэрэгт хамааралгүй гэж хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчсөн. /хэргийн 131,168-170 дугаар тал/ Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үзлэг хийлгэх хүсэлтийг хангаснаар маргааны зүйлийг тодруулах буюу хэн хэзээ ямар шаардлага тавьсан, ажлыг хэнд, хэзээ, хэрхэн хүлээлцэхээр тохиролцсон, гэрээнээс хэн ямар үндэслэл, шаардлагаар татгалзах болсон зэрэг үйл баримтуудыг тодруулахад ач холбогдолтой. Талууд гэрээний үүргийг хэн нь хэрхэн зөрчсөн талаар маргаж байгаа тохиолдолд уг үйл баримтыг тодруулах нь зүйтэй.

 

Хэрэгт, хариуцагч “О э ө” ХХК-аас гэрээний 5.15-д заасны дагуу ажлын гүйцэтгэлийн үе шат бүрийг фото зургаар баталгаажуулаагүй, ил, далд шугамын ажлын акт, гүйцэтгэлийн зургийн акт үйлдэж, захиалагчийн хяналтын инженерт ажлаа дүгнүүлээгүй зэргээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар мэдэгдэж, ажлын гүйцэтгэлээ дүгнүүлж, ажлын зураг болон актуудыг хүлээлцэн, тооцоо нийлсний дараа үлдэгдэл хөлсийг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2/35 дугаар, мөн нэхэмжлэгч “Н.Э” ХХК-аас 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр санхүүжилт олгохыг хүссэн, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэрээний үүргээс татгалзаж буйгаа мэдэгдсэн албан тоот тус тус авагджээ. /хэргийн 22,23, 136 дугаар тал/

 

Ажил гүйцэтгэх гэрээний хувьд гүйцэтгэгч нь захиалагчид хүлээлгэн өгсөн буюу гүйцэтгэсэн ажлын хэмжээг нотлох үүрэгтэй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-т захиалагч нь ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэж байгаа ажлын чанарт хяналт тавих бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлыг шалгаж хүлээн авч, дараагийн санхүүжилтийг олгохоор тохиролцсон байх бөгөөд гүйцэтгэгч өөрийн хийсэн ажлын хөлсийг шаардаж байгаа тохиолдолд хууль буюу гэрээнд заасан үүргээ хэрхэн биелүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдох учиртай. Үүний тулд анхан шатны шүүх зохигчдын нотлох үүргийг зөв хуваарилан, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг явуулснаар хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

 

            Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2021/00341 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 491 276 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.НАРМАНДАХ

 

                                          ШҮҮГЧИД                              Н.БАТЗОРИГ

 

                                                      С.ЭНХТӨР