Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 212/МА2018/00082

 

Х.М-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00303 дугаар шийдвэртэй, Х.М-ын нэхэмжлэлтэй, тус аймгийн Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.        

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек /цахим сүлжээгээр/, хариуцагчийн өмгөөлөгч Х.Тасхын нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах” тухай.  

 

Нэхэмжлэлд: “Миний бие 30-аад жил Баян-Өлгий аймгийн Толбо сумын төр, захиргааны байгууллагуудад нягтлан бодогчийн ажил эрхэлж байгаа ба 2015 онд Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар хүүхдийн цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн төвийг хариуцсан нягтлан бодогчоор томилогдож ажиллаж байсан. Гэтэл Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллуулна, тэнд цалинжуулах боломж байгаа гэх үндэслэлээр сумын Засаг дарга, Тамгын газрын дарга, цэцэрлэгийн эрхлэгч нар хоорондоо ярилцаж, тохиролцоод цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 09 дүгээр тушаалаар нягтлан бодогчоор томилогдож, цалин хөлсөө хугацаандаа авч, өөрийн чиг үүргээ бүрэн гүйцэтгэж, алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл Цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 тоот тушаалаар намайг нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн байх ба цалингийн сан хүрэлцэхгүй, цаашид цалинжуулах боломжгүй болсон гэх үндэслэл дурджээ. Намайг анх шилжүүлэн авч нягтлан бодогчоор ажиллуулахдаа энэ талаар танилцуулж, тайлбарлаж байгаагүй ба цэцэрлэгийн нягтлан бодогчийн чиг үүрэг буюу санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлан гаргах болон бусад чиг үүрэг, Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албанаас шилжиж ирэхдээ нягтлан бодогчийн албан тушаалын цалингийн сан ч шилжиж ирсэн. Өмнөх 2 жил цалинжуулж, намайг ажиллуулж байсан атлаа яагаад энэ жилээс болохгүй байгаа хууль зүйн үндэслэл Б/02 тоот тушаалд огт байхгүй бөгөөд намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна. Ажлаас ямар үндэслэлээр чөлөөлж байгаа нь тодорхой бус тул Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15-д “ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана” гэж заасныг зөрчиж байна. Мөн цэцэрлэгийн эрхлэгч 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэн намайг сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны мэдэлд шилжүүлэн шийдвэрлэснийг 2017 оны 2 дугаар сарын 04-ний өдөр олж мэдсэн ба анхнаасаа намайг хууль бусаар ажлаас халах зорилготой байсныг харуулж байна. Иймд Баян-өлгий аймгийн Толбо сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 тоот тушаал хууль бус байх тул нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Х.М-ын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 326 дугаар тогтоолын дагуу сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн үйлчилгээг үзүүлэх чиг үүргийг сумын Засаг даргын Тамгын газар хариуцан гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа төсөвт байгууллагуудад нягтлан бодогч давхардуулан ажиллуулахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 426 дугаар тогтоолд суманд үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн үйлчилгээг үзүүлэх чиг үүргийг сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн алба хариуцан гүйцэтгэхтэй холбогдуулан аймгийн төвийн сум болон 8001-ээс дээш хүн амтай сумаас бусад суманд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн төсөвт байгууллагуудад нягтлан бодогч давхардуулан ажиллуулахгүй байхыг аймгийн Засаг дарга болон холбогдох төсвийн захирагч нарт үүрэг болгосугай гэх өөрчлөлт орсон болохыг дурдаж байна.

Тэрээр анх Засгийн газрын 326 тогтоолыг хэрэгжүүлэх үндэслэлээр Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаартай “Нягтлан бодогчийг чөлөөлөх тухай” тушаалаар Х.М-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар Санхүүгийн албаны нягтлан бодогчоор С.Н, Х.М нарыг томилон ажиллуулахаар болсон. Санхүүгийн албаны нягтлан бодогчдын хариуцан ажиллах байгууллагын хуваарийн дагуу Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төвийг Х.М тус тус хариуцсан байсан. Гэтэл Санхүүгийн алба байгуулагдахаас өмнөх хугацаанд Толбо сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор А.Н гэгч шүүхийн шийдвэрээр /Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2015.12.08-ны өдрийн 1072 дугаартай хуралдааны тогтоол/ ажилд эгүүлэн тогтоогдсонтой холбоотой 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Санхүүгийн албаны дарга болон нягтлан бодогч С.Н, Х.М, А.Н нарын 6 хүний бүрэлдэхүүнтэй хурал хийж, А.Н-ыг Санхүүгийн албаны нягтлан бодогчоор, Х.М-ыг дангаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллуулах тухай шийдвэр гаргасан байх ба Х.М энэ талаар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байжээ. Гэхдээ энэ шийдвэрийг Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч М.Г би хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тухайн үед мэдэгдэж, Х.М-ыг цэцэрлэгийн нягтлан бодогчоор томилохоос татгалзсан хэдий ч сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нарын зүгээс танай байгууллагын цалингийн сан энэ ондоо хэмнэлттэй байгаа, тиймээс авч ажиллуул гэсэн үүрэг даалгавар өгснөөр 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 09 дугаартай Нягтлан бодогчийг томилон цалинжуулах тухай тушаалаар Х.М-ыг томилсон.

2016 онд цалингийн сан хэмнэлттэй байснаар Х.М-ыг нягтлан бодогчоор ажиллуулахад хүндрэл гараагүй, дараа нь 2017 онд мөн бүтэц, орон тоонд багтааж, цалингийн санг тогтоож ажиллуулсан хэдий ч эхний хагас жилээс эхлэн цалингийн сан хүрэлцэхгүй, хэтрэлттэй гарсан. Иймд Х.М-ыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны мэдэлд шилжүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 32 дугаартай тушаал гаргасан боловч сумын Засаг даргын Тамгын газраас Х.М-ыг Санхүүгийн албаны нягтлан бодогчоор ажиллуулах боломжгүй тухай хариу албан бичиг хүргүүлж, цэцэрлэгийн хоолны зардлын хэмнэгдсэн хэсгээс үндсэн цалингийн зардалд шилжүүлэн зарцуулахыг үүрэг болгосноор аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтсээс зөвшөөрөл авч, Х.М-ын 2017 оны 11, 12 сарын цалинг олгосон.

3. Аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/632 дугаартай Бүтэц, орон тоо батлах тухай захирамжийн хавсралтаар Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгийн бүтэц, орон тоог баталсан шийдвэр гаргасан, уг захирамжийн хавсралтаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн орон тоо батлагдаагүй. Учир нь дээр дурдсанчлан Засгийн газрын тогтоолд зааснаар нягтлан бодогчийн ажлын байр харьяаллын хувьд сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх Санхүүгийн албанд шилжсэн байх тул Хүүхдийн цэцэрлэгийн бүтэц, орон тоонд нягтлан бодогчийн орон тоог нэмж батлах боломжгүй. Дээрх үндэслэлүүдээр Х.М-ыг Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчоор цаашид ажиллуулах боломжгүй, мөн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэн ажиллах үүргийн хувьд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ бичсэнчлэн ...цэцэрлэгийн нягтлан бодогчоор шилжүүлэн ажиллуулах болсон талаар миний зөвшөөрлийг аваагүй... гэж бичсэн нь үндэслэлгүй. Х.М энэ талаар өөрөө зөвшөөрч, гарын үсэг зурсан нь 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлээр батлагддаг. Мөн цалингийн сан шилжиж ирсэн гэх тайлбарын хувьд, Засаг даргын тамгын газраас нягтлан бодогчийн ямар ч цалингийн сан шилжиж ирээгүй, тийм боломж ч байхгүй. Нөгөөтээгүүр, Х.М-ын ажил үүргийн хайхрамжгүй, түүний алдаа дутагдлаас болж тус цэцэрлэг 2017 оны жилийн эцсийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд Аудитын газраас хязгаарлалттай дүгнэлттэй дүн авсан нь Х.М-ын ажил үүргээ хэвийн хэмжээнд явуулж чадсан эсэхийг нотолно. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00303 дугаар шийдвэрээр  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5-д заасныг баримтлан Х.М-ын ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

  1. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

Нэхэмжлэлийн гол үндэслэлээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль бус” гэж тодорхойлсон ба хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар төсөв хүрэлцэхгүй болсон гэх үйл баримт тогтоогдоогүй. Баян-өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан 2018 оны төсвөөс үзвэл 2017 онтой харьцуулахад Толбо сумын цэцэрлэгийн цалингийн сан 2018 онд өссөн бөгөөд хариуцагчийн төсөв хүрэлцэхгүй болсон гэх үндэслэл үгүйсгэгдсэн. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр А/632 дугаартай захирамжийн хавсралтаас үзэхэд Толбо сумын цэцэрлэгийн бүтцийг нийт 24 орон тоотой батлагдсан бөгөөд нягтлан бодогчийн орон тоо батлагдаагүй байна гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Цэцэрлэгийн эрхлэгч цалинжуулах боломжтой гэж үзээд намайг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 09 дугаар тушаалаар нягтлан бодогчоор томилж, 1 жил 6 сарын хугацаанд цалин хөлс өгч ажиллуулж байсан ба нягтлан бодогчийн албан тушаал 2016, 2017 онд бүтэц, орон тоонд ороогүй, батлагдаагүй. Үүгээр нягтлан бодогчийн орон тоо баталсан Аймгийн засаг даргын захирамж өмнө нь гарч байгаагүй тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр А/632 дугаартай захирамжаар миний ажиллаж байсан нягтлан бодогчийн орон тоог хассан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан зохицуулалтын “орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэснийг батлагдсан орон тоонд ажиллаж байгаа ажилтныг эрх бүхий этгээдийн шийдвэрээр хассан, цөөрүүлснийг ойлгох ба намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй. Цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 тоот тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Засгийн газрын 326 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2017 оны А/632 дугаартай захирамжийг үндэслэж, нягтлан бодогчийн орон тоо батлагдаагүй ба цалингийн сан хүрэлцэхгүй, цаашид цалинжуулах боломжгүй болсон гэж дурдсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 -т заасан 4 үндэслэлийн аль үндэслэлээр чөлөөлж байгаа нь тодорхой бус тул Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15-д “ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана” гэж заасныг зөрчсөн гэж нэхэмжлэгчээс тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт, няцаалт хийгээгүйгээс гадна хариуцагчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг үндэслэл тодорхой бус байгаа зөрчлийг огт анхаарч үзээгүй. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 -т заасныг буруу тайлбарласан гэж үзэж байна.

  1. Нотлох баримтыг буруу үнэлсэн талаар:

Хариуцагчийн ажлаас чөлөөлөх үндэслэл болж буй цалин хүрэлцэхгүй, цалингийн сан хэтэрсэн гэх үндэслэлүүд нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр А/632 дугаартай захирамжийн хавсралтаас үзэхэд Толбо сумын цэцэрлэгийн бүтцийг нийт 24 орон тоотой байхаар тогтоосноор 2017 онтой харьцуулахад 2 орон тоо илүү байхаар батлагдсанаар үгүйсгэгдсэн. Түүнчлэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсний дараа 2 ажилтан нэмж авч ажиллуулсан нь нийгмийн даатгалын тайлангаар тогтоогдсон байхад эдгээр нотлох баримтыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн. Дээрх 2 нотлох баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжтой байсан ба Цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 тоот тушаалын үндэслэлүүд/ цалингийн сан хүрэлцэхгүй, цаашид цалинжуулах боломжгүй болсон/ бүхэлдээ үгүйсгэгдэж, ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй гарсан нь нотлогдсон. Иймд Баян-өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00303 дугаар шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “...аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн...” гэжээ. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д “...Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална...” гэж тайлбарласан байдаг. Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн орон тоо анхнаасаа байгаагүй нь тухайн албан тушаалын ажлын байр үгүй болсныг харуулдаг бөгөөд

энэ талаарх үндэслэлээ Х.М-ыг ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсанаар хуулийн 40.1.1-д заасан 4 үндэслэлийн аль үндэслэлийг баримталсан болох нь тодорхой харагддаг.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т төсвийн шууд захирагч нарыг тодорхойлсон бөгөөд тухайн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д төсвийн бусад байгууллагын дарга /захирал, эрхлэгч/ тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байхаар тусгасан. Мөн хуулийн 16.5-д төсвийн шууд захирагч нь төсвийн талаарх хэрэгжүүлэх бүрэн эрхийг заасан байх ба 16.5.3-т батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох бүрэн эрхтэйг заасан. Дээрх хуулийн хүрээнд Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан орон тоо, цалин хөлс батлах бүрэн эрхтэй бөгөөд тэрээр нягтлан бодогчийн орон тоо, цалингийн сан нь тусдаа батлагдаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Түүнчлэн, аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/632 дугаартай “Бүтэц, орон тоо батлах тухай” захирамжийн хавсралтаар Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгийн бүтэц, орон тоог баталсан шийдвэр гаргасан, уг захирамжийн хавсралтаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн орон тоо батлагдаагүй. Нөгөөтээгүүр, Засгийн газрын 326 дугаар тогтоолд зааснаар нягтлан бодогчийн ажлын байр харьяаллын хувьд сумын ЗДТГ-ын дэргэдэх Санхүүгийн албанд шилжсэн байх тул Хүүхдийн цэцэрлэгийн бүтэц, орон тоонд нягтлан бодогчийн орон тоог нэмж батлах, нягтлан бодогч давхардуулан ажиллуулах хуулийн боломж байхгүй юм.

Иймд, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хууль ёсны бөгөөд хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан “ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, урьд эрхэлж байсан тус цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шүүхэд хариу тайлбар ирүүлжээ.

 

            Хэрэгт цугларсан Баян-Өлгий аймгийн Толбо сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 09 дүгээр Х.М-ыг нягтлан бодогчийн ажилд томилох тухай тушаал, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн В/02 дугаар Х.М-ыг нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн тухай тушаал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/632 дугаар “Бүтэц, орон тоо батлах тухай” захирамж, түүний хавсралт, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн мэдэгдэх хуудас, мөн өдрийн мэдэгдэх хуудас хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр ажил олгогчийн бүтэц, орон тоонд байсан нягтлан бодогчийн орон тоо хасагдсан нь тогтоогдсон ба Х.М-ыг ажил олгогчийн санаачилгаар нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасан үндэслэлд нийцсэн байна.  

 

Ажил олгогч байгууллагын бүтэц, орон тооноос эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр нягтлан бодогчийн ажлын байр байхгүй болсон нь тогтоогдсон бөгөөд ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, уг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд үйлчлэх тусгай журмыг зохицуулсан мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг ажил олгогч зөв хэрэглэж, хэрэгжүүлсэн байх тул нэхэмжлэгч Х.М-ыг ажлаас буруу халагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул түүний урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцнэ. 

 

Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтүүд  нотлох баримтад тулгуурласан, үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, материаллаг хуулийн зохицуулалтыг хэргийн үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                            С.ӨМИРБЕК