Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01862

 

Х.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00303 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2018/00082 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Х.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч БА ТС ХЦ-т холбогдох,

Нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Раушаны гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 30-аад жил Баян-Өлгий аймгийн Толбо сумын төр, захиргааны байгууллагуудад нягтлан бодогчийн ажил эрхэлж байгаа ба 2015 онд Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар ХЦ, соёлын төв, эрүүл мэндийн төвийг хариуцсан нягтлан бодогчоор томилогдож ажиллаж байсан.

Гэтэл Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллуулна, тэнд цалинжуулах боломж байгаа гэх үндэслэлээр сумын Засаг дарга, Тамгын газрын дарга, цэцэрлэгийн эрхлэгч нар хоорондоо ярилцаж, тохиролцоод цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09 дүгээр тушаалаар нягтлан бодогчоор томилогдож, цалин хөлсөө хугацаандаа авч, өөрийн чиг үүргээ бүрэн гүйцэтгэж, алдаа дутагдал гаргаж байгаагүй.

Гэтэл Цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 тоот тушаалаар намайг нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн байх ба цалингийн сан хүрэлцэхгүй, цаашид цалинжуулах боломжгүй болсон гэх үндэслэл дурджээ. Намайг анх шилжүүлэн авч нягтлан бодогчоор ажиллуулахдаа энэ талаар танилцуулж, тайлбарлаж байгаагүй ба цэцэрлэгийн нягтлан бодогчийн чиг үүрэг буюу санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлан гаргах болон бусад чиг үүрэг, Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албанаас шилжиж ирэхдээ нягтлан бодогчийн албан тушаалын цалингийн сан ч шилжиж ирсэн. Өмнөх 2 жил цалинжуулж, намайг ажиллуулж байсан атлаа яагаад энэ жилээс болохгүй байгаа хууль зүйн үндэслэл Б/02 тоот тушаалд огт байхгүй бөгөөд намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна.

Ажлаас ямар үндэслэлээр чөлөөлж байгаа нь тодорхой бус тул Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15-д ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана гэж заасныг зөрчиж байна. Мөн цэцэрлэгийн эрхлэгч 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн намайг сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны мэдэлд шилжүүлэн шийдвэрлэснийг 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр олж мэдсэн ба анхнаасаа намайг хууль бусаар ажлаас халах зорилготой байсныг харуулж байна.

Иймд Баян-өлгий аймгийн Толбо сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 тоот тушаал хууль бус байх тул нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 326 дугаар тогтоолын дагуу сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн үйлчилгээг үзүүлэх чиг үүргийг сумын Засаг даргын Тамгын газар хариуцан гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа төсөвт байгууллагуудад нягтлан бодогч давхардуулан ажиллуулахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 426 дугаар тогтоолд суманд үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн үйлчилгээг үзүүлэх чиг үүргийг сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн алба хариуцан гүйцэтгэхтэй холбогдуулан аймгийн төвийн сум болон 8001-ээс дээш хүн амтай сумаас бусад суманд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн төсөвт байгууллагуудад нягтлан бодогч давхардуулан ажиллуулахгүй байхыг аймгийн Засаг дарга болон холбогдох төсвийн захирагч нарт үүрэг болгосугай гэх өөрчлөлт орсон болохыг дурдаж байна.

Засгийн газрын 326 тогтоолыг хэрэгжүүлэх үндэслэлээр ХЦ-ийн эрхлэгчийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаартай Нягтлан бодогчийг чөлөөлөх тухай тушаалаар Х.М-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар Санхүүгийн албаны нягтлан бодогчоор С.Нурбат, Х.М- нарыг томилон ажиллуулахаар болсон. Санхүүгийн албаны нягтлан бодогчдын хариуцан ажиллах байгууллагын хуваарийн дагуу ХЦ, Соёлын төв, Эрүүл мэндийн төвийг Х.М тус тус хариуцсан байсан. Гэтэл Санхүүгийн алба байгуулагдахаас өмнөх хугацаанд Толбо сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор А.Нуржан гэгч шүүхийн шийдвэрээр /Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2015.12.08-ны өдрийн 1072 дугаартай хуралдааны тогтоол/ ажилд эгүүлэн тогтоогдсонтой холбоотой 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Санхүүгийн албаны дарга болон нягтлан бодогч С.Нурбат, Х.М, А.Нуржан нарын 6 хүний бүрэлдэхүүнтэй хурал хийж, А.Нуржаныг Санхүүгийн албаны нягтлан бодогчоор, Х.М-ыг дангаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллуулах тухай шийдвэр гаргасан байх ба Х.М- энэ талаар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байжээ.

Гэхдээ энэ шийдвэрийг ТС ХЦ-ийн эрхлэгч М.Гүлсайра би хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тухайн үед мэдэгдэж, Х.М-ыг цэцэрлэгийн нягтлан бодогчоор томилохоос татгалзсан хэдий ч сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нарын зүгээс танай байгууллагын цалингийн сан энэ ондоо хэмнэлттэй байгаа, тиймээс авч ажиллуул гэсэн үүрэг даалгавар өгснөөр 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09 дугаартай Нягтлан бодогчийг томилон цалинжуулах тухай тушаалаар Х.М-ыг томилсон.

...Аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/632 дугаартай Бүтэц, орон тоо батлах тухай захирамжийн хавсралтаар ТС ХЦ-ийн бүтэц, орон тоог баталсан шийдвэр гаргасан, уг захирамжийн хавсралтаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн орон тоо батлагдаагүй. Учир нь дээр дурдсанчлан Засгийн газрын тогтоолд зааснаар нягтлан бодогчийн ажлын байр харьяаллын хувьд сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх Санхүүгийн албанд шилжсэн байх тул ХЦ-ийн бүтэц, орон тоонд нягтлан бодогчийн орон тоог нэмж батлах боломжгүй. Дээрх үндэслэлүүдээр Х.М-ыг ХЦ-ийн нягтлан бодогчоор цаашид ажиллуулах боломжгүй, мөн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэн ажиллах үүргийн хувьд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00303 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5-д заасныг баримтлан Х.М-ын ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2018/00082 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжпэлийн гол үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж тодорхойлсон ба хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар төсөв хүрэлцэхгүй болсон гэх үйл баримт тогтоогдоогүй.

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2018 оны төсвөөс үзвэл 2017 онтой харьцуулахад Толбо сумын цэцэрлэгийн цалингийн сан 2018 онд өссөн бөгөөд хариуцагчийн төсөв хүрэлцэхгүй болсон гэх үндэслэл үгүйсгэгдсэн. Цэцэрлэгийн эрхлэгч цалинжуулах боломжтой гэж үзээд намайг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09 дугаар тушаалаар нягтлан бодогчоор томилж, 1 жил 6 сарын хугацаанд цалин хөлс өгч ажиллуулж байсан ба нягтлан бодогчийн албан тушаал 2016, 2017 онд бүтэц, орон тоонд ороогүй, батлагдаагүй. Үүгээр нягтлан бодогчийн орон тоо баталсан Аймгийн Засаг даргын захирамж өмнө нь гарч байгаагүй тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр А/632 дугаартай захирамжаар миний ажиллаж байсан нягтлан бодогчийн орон тоог хассан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байхад давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 тоот тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Засгийн газрын 326 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2017 оны А/632 дугаартай захирамжийг үндэслэж, нягтлан бодогчийн орон тоо батлагдаагүй ба цалингийн сан хүрэлцэхгүй, цаашид цалинжуулах боломжгүй болсон гэж дурдсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан 4 үндэслэлийн аль үндэслэлээр чөлөөлж байгаа нь тодорхой бус тул Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15-д “ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана” гэж заасныг зөрчсөн болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Х.М нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын цэцэрлэгийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь шаардлагыг эс зөвшөөрч, сумын цэцэрлэгийн бүтцэд нягтлан бодогчийн орон тоо байхгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодиттойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хариуцагч Толбо сумын цэцэрлэгийн нягтлан бодогчийн орон тоо хасагдсан болох нь  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А\632 дугаартай “Бүтэц, орон тоо батлах тухай” захирамж, хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогч захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байна. Ажил олгогч дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй.

Хариуцагч сумын цэцэрлэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн эдгээр зохицуулалтыг зөрчөөгүй, хоёр шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00303 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2018/00082 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН