Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2018/00083

 

Х.К-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00287 дугаар шийдвэртэй, Х.К-ийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1.Ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс болох 10695000 төгрөг, урамшуулал 300000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 696198 төгрөг нийт 11691198 төгрөг гаргуулах тухай.

2.Ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажлаасаа халагдсан. Ажил олгогчийн ажлаас халах тухай шийдвэрийг хууль бус гэж үзэж зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсанаар Улсын Дээд Шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2018/00072 дугаар тогтоолоор урьд эрхэлж байсан монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс болох 10695000 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна. Үүнээс гадна Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолын дагуу нийт төсөвт байгууллагад ажиллаж байгаа нийт төрийн албан хаагч нарт тус бүр 300000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүнийг манай ажлын газрын бүх ажилчид авсан байна. Хэрэв би ажил олгогч намайг ажлаас хууль бусаар халаагүй байсан бол би энэ мөнгийг бас авах байлаа. Тийм учраас энэхүү 300000 төгрөгийг мөн хариуцагчаас нэмж нэхэмжилж байна. Түүнчлэн хуульд зааснаар ажил олгогч ажилтанд жил бүр ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно гэж зохицуулсан. Миний бие улсад 15 дахь жилдээ ажиллаж байгаа ба ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж 2017 онд амралтаа биеэр эдэлж чадаагүй. Тийм учраас 2017 оны амралтын мөнгийг хариуцагчаас нэмж нэхэмжилж байна. 2017 оны амралтын мөнгийг тооцвол 696198 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 10995000 төгрөг, төрийн албан хаагчийн урамшуулал 300000 төгрөг, 2017 оны амралтын мөнгө 696198 төгрөгийг гаргуулан, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгч Х.К нь 2017 оны 01 дүгээр сарын 04-07-ны хооронд ажлын байраа дур мэдэн орхиж өөрийн хариуцлагагүй байдлаас болж ажлаас чөлөөлөгдсөн боловч шүүхээс эгүүлэн тогтоосон Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар 23-ны өдрийн 350 тоот дугаартай шийдвэр болон хяналтын шатны 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2018/00072 тоот дугаартай тогтоол нь илт нэг талыг баримталж шийдвэрлэсэн байна. Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төв шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж Х.К-г 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр урьд эрхэлж байсан монгол хэл, уран зохиолын багшийн эгүүлэн томилсон. Мөн нэхэмжлэгч Х.К нь багшийн ажлын байрны тодорхойлолтод заасан эрх үүргээ биелүүлж хичээл заах байтал ямар нэгэн зөвшөөрөлгүй ажил тасалж, өөрийн хариуцлагагүй байдлын улмаас ажлаас чөлөөлөгдсөн байх тул Х.К-гийн нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны цалин болон нэмэгдлүүдийг олгох боломжгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00287 дугаар шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11-ыг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс 2017 оны 01 сарын 9-ний өдрөөс 2018 оны 3  дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговор 10741425 төгрөг, урамшуулал 300000 төгрөг, нийтдээ 11041425 (арван нэгэн сая дөчин нэгэн мянга дөрвөн зуун хорин тав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.К-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 649773 (зургаан зуун дөчин есөн мянга долоон зуун далан гурван) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.К-ийн 2017 оны 01 сарын 09-ний өдрөөс 2018 оны 3 сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (захирал И.Ж-д)-д үүрэг болгосугай.”  шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00287 тоот дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгч Х.К шүүхэд гаргасан “Ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс болох 10695000 төгрөг, урамшуулал 300000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 696198 төгрөг нийт 11691198 төгрөг гаргуулах шаардлагатай нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа урамшуулал буюу Засгийн газрын шийдвэрээр олгосон 300000 төгрөг нь үр дүнгийн урамшуулал тул нэхэмжлэлд үндсэн цалин гэж тооцох үндэслэл болохгүй. Урамшууллын 300000 төгрөг нь сургуулиас олгож байгаа мөнгө биш бөгөөд төрөөс олгож байгаа тул үүнийг манай байгууллага хариуцахгүй. Ажил олгогчийн ажилтанд олгох урамшуулал нь ажлын үр дүнг харгалзан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлснээс хамаарч олгох мөнгөн олговор болохоос хүн бүрд олгох олговор биш байтал шүүхээс 300000 төгрөгийг манай байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Урамшуулал 300000 төгрөг нь ажилгүй байсан хугацааны цалинтай ямар ч холбоогүй тул төрөөс хохирлоо зохих журмаар гаргуулах байсан. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн цалинтай тэнцэх хэмжээний олговор нь 7724641 төгрөг болж байхад шүүх буруу тооцоолсон. Мөн нэхэмжлэгч Х.К нь өөрийн хариуцлагагүй байдлын улмаас ажил тасалснаас болж ажлаас чөлөөлөгдсөн учир цалин хөлсийг нь бүтэн олгох боломжгүй байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэт нэг талыг барьж гарсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан хуулийн дагуу шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

            Х.К нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан “ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс 10695000 төгрөг, урамшуулал 300000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 696198 төгрөг, нийт 11697198 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргаж, хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ажил олгогчоос ажилгүй байсан нийт 13 сар16 ажлын хоногийн олговорт 10741425 төгрөг, урамшуулал 300000 төгрөг нийт 11041425 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн ээлжийн амралтын олговор 649773 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Х.К нь 2003 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 12 тоот тушаалаар цагийн багшаар, 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тус төвийн захирлын 44 тоот тушаалаар цагийн багшаар томилогдож, 2004 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр захирлын 22 тоот тушаалаар үндсэн багшаар томилогдон 14 жил ажиллаж байгаад  2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3 дугаартай тус төвийн захирлын тушаалаар  ажлаас чөлөөлөгдөж, улмаар Х.К нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар дугаар сарын 23-ны өдрийн 350 дугаартай шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2018/00072 дугаар тогтоолоор түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоожээ. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг үндэслэн тус төвийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 дугаартай тушаалаар түүнийг тус төвийн монгол хэл, уран зохиолын багшийн үүрэгт ажилд томилсон байна.

            Ажилтны нэг сарын хөдөлмөрийн хөлсний дунджийг 781525 төгрөгөөр тооцохдоо шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний ажилгүй байсан хугацаа, ажилтны нэг сарын болон нэг ажлын өдөрт ноогдох дундаж цалин хөлс, ажилгүй байсан нийт хугацааны олговор зэргийг зөв тооцсон, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1.-т заасан зохицуулалтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэжээ.

Хариуцагчийн “Ажилтны ажилгүй байсан хугацааны олговрыг буруу тооцоолсон” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, ажилтны ажилгүй байсан хугацаа, түүнд ногдох ажилгүй байсан хугацааны олговрыг анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв тооцож, хариуцагчаас ажилтан Х.К-гийн 2017 оны 01 дүгээр  сарын 09-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 13 сар 16 хоногийн хугацааны олговорт 10741425 төгрөг, урамшуулал 300000 төгрөг нийт 11041425 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, түүний ээлжийн амралтын олговорт 649773 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00287 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                            Д.КӨБЕШ