Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2019/00069

 

Х.К-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00287 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2018/00083 дугаар магадлалтай,

Х.К-йгийн нэхэмжлэлтэй

Баян-Өлгий аймгийн МСҮТд холбогдох, 

Ажилгүй байсан хугацаанд дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 10.695.000 төгрөг, урамшуулал 300.000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 696.198 төгрөг, нийт 11.691.198 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х.К-йгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Баян-Өлгий аймаг дахь МСҮТд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажлаасаа халагдсан. Ажил олгогчийн ажлаас халах тухай шийдвэрийг хууль бус гэж үзэж зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсанаар Улсын Дээд Шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2018/00072 дугаар тогтоолоор урьд эрхэлж байсан монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс болох 10695000 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна. Үүнээс гадна Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолын дагуу нийт төсөвт байгууллагад ажиллаж байгаа нийт төрийн албан хаагч нарт тус бүр 300000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүнийг манай ажлын газрын бүх ажилчид авсан байна. Хэрэв би ажил олгогч намайг ажлаас хууль бусаар халаагүй байсан бол би энэ мөнгийг бас авах байлаа. Тийм учраас энэхүү 300000 төгрөгийг мөн хариуцагчаас нэмж нэхэмжилж байна. Түүнчлэн хуульд зааснаар ажил олгогч ажилтанд жил бүр ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно гэж зохицуулсан. Миний бие улсад 15 дахь жилдээ ажиллаж байгаа ба ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж 2017 онд амралтаа биеэр эдэлж чадаагүй. Тийм учраас 2017 оны амралтын мөнгийг хариуцагчаас нэмж нэхэмжилж байна. 2017 оны амралтын мөнгийг тооцвол 696198 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 10995000 төгрөг, төрийн албан хаагчийн урамшуулал 300000 төгрөг, 2017 оны амралтын мөнгө 696198 төгрөгийг гаргуулан, мөн хугацааны цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчйн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Х.К- нь 2017 оны 01 дүгээр сарын 04-07-ны хооронд ажлын байраа дур мэдэн орхиж өөрийн хариуцлагагүй байдлаас болж ажлаас чөлөөлөгдсөн боловч шүүхээс эгүүлэн тогтоосон Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар 23-ны өдрийн 350 тоот дугаартай шийдвэр болон хяналтын шатны 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2018/00072 тоот дугаартай тогтоол нь илт нэг талыг баримталж шийдвэрлэсэн байна. Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төв шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж Х.К-йг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр урьд эрхэлж байсан монгол хэл, уран зохиолын багшийн эгүүлэн томилсон. Мөн нэхэмжлэгч Х.К- нь багшийн ажлын байрны тодорхойлолтод заасан эрх үүргээ биелүүлж хичээл заах байтал ямар нэгэн зөвшөөрөлгүй ажил тасалж, өөрийн хариуцлагагүй байдлын улмаас ажлаас чөлөөлөгдсөн байх тул Х.К-гийн нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны цалин болон нэмэгдлүүдийг олгох боломжгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00287 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11-ыг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймаг дахь МСҮТийн санхүүгээс 2017 оны 01 сарын 9-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговор 10741425 төгрөг, урамшуулал 300000 төгрөг, нийтдээ 11041425 (арван нэгэн сая дөчин нэгэн мянга дөрвөн зуун хорин тав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Молхы хул овогт Хасений Күлдид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 649773 (зургаан зуун дөчин есөн мянга долоон зуун далан гурван) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Молхы хул овогт Хасений Күлдигийн 2017 оны 01 сарын 09-ний өдрөөс 2018 оны 3 сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь МСҮТ (захирал И.Жанболатад)-д үүрэг болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2018/00083 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00287 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч И.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Х.К-гийн нэхэмжлэлтэй хэргийн анхан шатны шүүх хуралдааны тов мэдэгдээгүй шүүх хуралдаанд оролцуулаагүй явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасныг зөрчсөн. Дээрх хуульд зааснаар хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх ёстой байтал шүүх хуралдаан болсны дараа та ирж мэдэгдэх хуудаст гарын үсэг зурж өгнө үү хэмээн утсаар хэлсэн нь шүүх илт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэх үндэслэл болж байна. Мөн давж заалдах шатны шүүх нэг талыг илт баримталж хуулийг буруу ашигласан нь уг шийдвэрт тод харагдаж байна. Миний бие 2018 оны 6 дугаар сарын 18-наас 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Улаанбаатар хот болон Завхан аймагт давтамжтай сургалтанд хамрагдаж, мөн үргэлжлүүлэн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ХНХСайдын 2018 оны 6 дугаар сарын 28-ны А/175 дугаар тушаалаар ээлжийн амралттай байсан. Энэ талаар албан ёсоор ээлжийн амралттайг мэдэгдэж, шүүх хуралд өөрийн биеэр оролцохоо мэдэгдсэн. Уг хүсэлтийг шүүх мэдсээр байж намайг оролцуулаагүй. Мөн миний хүсэлтийг хэлэлцээгүй байж хурал хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно. Мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т зааснаар хариуцагч надад мэдэгдэх ёстой боловч шүүх уг үүргийг санаатайгаар зөрчсөн нь шүүхийн байгууллагын ёс зүйд нийцэхгүйг үйлдэл болно. Иймд дээрхи шүүхийн алдаатай гаргасан шийдвэрүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлүүлж, Монгол улсын Үндсэн хуульд заасан шүүхийн тэгш эрхийн зарчмыг хангаж мэтгэлцэх боломж олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Х.К- нь Баян-Өлгий аймаг дахь МСҮТд холбогдуулан ажилгүй байсан хугацаанд дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 10.695.000 төгрөг, урамшуулал 300.000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 696.198 төгрөг, нийт 11.691.198 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч “...нэхэмжлэгч нь өөрийн хариуцлагагүй байдлаас болж ажлаас чөлөөлөгдсөн тул цалин, нэмэгдэл олгох боломжгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 11.041.425 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн “шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан“ тухай гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Х.К- Баян-Өлгий аймаг дахь МСҮТд Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байгаад ажлаас халагдсан ба түүнийг ажилд эгүүлэн тогтоосон Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 350 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр  байна.

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг тухайн ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэйг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан байна. Баян-Өлгий аймаг дахь МСҮТийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Б/25 тоот тушаалаар Х.К-г ажилд нь эгүүлэн томилжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор.... олгоно” гэжээ.

Нэхэмжлэгч Х.К- ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 01 дугаар сарын 09-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн томилсон 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэлээс 11.041.425 төгрөг гаргуулсан хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцсэн байна. 

Нэхэмжлэгч 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан шаардлага гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

Х.К-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр товлогдсон болохыг хариуцагчийн төлөөлөгч И.Жанболат 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр мэдэж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан /хх-ийн 50/ байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр хойшлуулж, 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хэргийг хэлэлцэхдээ хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна. 

Иймд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан  гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв сонгон хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх илрүүлж, засаагүй нь буруу байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2018/00083 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00287 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймаг дахь МСҮТөөс 11.041.425 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.К-д олгож, нэхэмжлэлээс 649.773 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, харуицагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ