Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2022/01049

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2022/01049

 

 

Кэй Ви Пи ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 569 дүгээр шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 209/МА2022/00071 дүгээр магадлалтай,

 

Кэй Ви Пи ХХК-ийн нэхэмжлэлтэй

Т.Тунгалагт холбогдох

 

Гэрээний үүрэгт 74,119,610 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, талууд хамтран ажиллаж байсныг тогтоолгох, хамтын үйл ажиллагаанд зарцуулсан зардал 8,755,000 төгрөгийг гаргуулах, хамтын үйл ажиллагаанаас бий болсон ашгаас өөрт оногдох хэсэг болох 3,723,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Т.Тунгалагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Т.Тунгалаг, өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Кэй Ви Пи ХХК нь хариуцагч Т.Тунгалагт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэг болон хохиролд 74,119,610 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч талууд хамтран ажиллаж байсныг тогтоолгох, хамтын үйл ажиллагаанд зарцуулсан зардал 8,755,000 төгрөгийг гаргуулах, хамтын үйл ажиллагаанаас бий болсон ашгаас өөрт оногдох хэсэг болох 3,723,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 569 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 476 дугаар зүйлийн 476.1-д тус тус зааснаар хариуцагч Т.Тунгалагаас 59,801,337 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Кей Ви Пи ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,318,273 төгрөгийн шаардлага, хамтран ажиллаж байсныг тогтоолгох, хамтын үйл ажиллагаанд зарцуулсан зардал 8,775,000 төгрөгийг гаргуулах, хамтын үйл ажиллагаанаас бий болсон ашгаас өөрт оногдох хэсэг болох 3,723,100 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528,548 төгрөг, хариуцагчийн төлсөн 285,120 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 456,957 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 209/МА2022/00071 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 569 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... хариуцагч Т.Тунгалагаас 59,801,337 төгрөг гаргуулж ... олгож, ... нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,318,273 төгрөгийн шаардлага, ... хэрэгсэхгүй болгосугай гэснийг ... хариуцагч Т.Тунгалагаас 49,113,337 төгрөг гаргуулж, ... олгож, ... нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,006,273 төгрөгийн шаардлага, ... хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... , хариуцагчаас 456,957 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай гэснийг, ... , хариуцагчаас 403,516 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Т.Тунгалагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 285,120 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж, гомдол гаргахдаа төлсөн 456,957 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч Т.Тунгалаг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх ... гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцоонд хүрээгүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул талуудыг хамтран ажилласан гэж үзэх үндэслэлгүй ... талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн хариуцагч Т.Тунгалагаас 59,801,337 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Кэй Ви Ви ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,318,273 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хамтран ажиллах харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 476 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх ... талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн ... гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж, хариуцагч талуудын хооронд хамтрах ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж маргаж байгаа тохиолдолд гэрээ байгуулах үеийн талуудын хүсэл зоригийг тодорхойлсны үндсэн дээр талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлох боломжтой. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан. Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 17 дугаар тогтоолын 1.4-т Хүсэл зоригийн илэрхийллийн утгыг тодорхойлоход учир санааг гол төлөв төлөв анхаарна. ... хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасан бусад нөхцөл байдал гэж хүсэл зоригийн илэрхийллийн утга санааг тодорхойлоход ач холбогдол бүхий аливаа хүчин зүйлийг хэлнэ гэж заасан.

4.2 Хавтаст хэрэгт хамтрах ажиллах гэрээ байгуулахаар хүсэл зоригоо илэрхийлснийг тодорхойлох доорх нотлох баримтууд хэрэгт авагдсан боловч давж заалдах шатны шүүх уг нотлох баримтуудад дүгнэлт өгөөгүй орхигдуулсан. Тухайлбал:

1. Эрүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд нэхэмжлэгч Кэй Ви Пи ХХК-ийн гүйцэтгэх захирал LEE DO SANG-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-79-81/: Тэгэхээр би Тунгалагт хамтарч ажиллах санал тавьсан бөгөөд ... Харин манай компани урьд нь алт мөнгөний дархануудын алт худалдаж байгаа ханшнаас грамм тутамд 500-1000 төгрөгөөр манай компанид нийлүүлэх болзолтой хамтарч ажилласан. Харин манай компани урьд нь алт мөнгөний дархануудаас авдаг байсан үнээсээ хямд үнээр алтаа авч сорьц тогтоолгон Монгол банкинд худалдаж улирал тутам олсон цэвэр ашгаасаа 25%-ийг нь өгч байхаар тохиролцсон. Мөн хамтарч ажиллаж эхэлснээс хойш хэн хэн нь хувьдаа алт авч бусдад худалдахгүй байхаар тохиролцсон. Тунгалаг бид хоёр албан ёсоор гэрээ хийсэн зүйл байхгүй. Уг нь бид хоёр хэд хэдэн удаа гэрээ хийх гэж төслөө өгч байсан боловч Тунгалаг өөрөө хийдэггүй байсан. Тунгалаг нь манай компанийн ажилтан биш. Зүгээр л надтай амаар харилцан тохиролцож хамтран ажилласан юм.

Ac: Та Тунгалагтай ярилцаж тохиролцсоны дагуу улирал тутам олсон цэвэр ашгаасаа 25%-ийг нь өгч байсан уу?

Ха: Би Тунгалагтай нийт 4 сарын хугацаанд хамтарч ажилласан боловч огт ашиг гараагүй, эсрэгээрээ их хэмжээний алдагдал хүлээсэн. ... Тийм учраас Тунгалагт ямар нэгэн ашиг өгөх боломж байгаагүй. Тунгалаг нь манай мөнгөн хөрөнгөөр алт худалдан авч манайд тушаагаад cap бүр тооцоо нийлэх үүрэгтэй, мөн алтны бизнест компанийг ашигтай ажиллуулах үүргийг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй.

2. Эрүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хариуцагч Т.Тунгалагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-83-84, 87-88/:

Гэрч Тунгалаг: Би компанитай тооцоо нийлсэн зүйл байхгүй. Учир нь би тэдэнд хандан Тооцоогоо нийлье. Миний өгсөн алтаар хэдэн төгрөгийн ашиг олсон тэднээс хэдэн хувь нь надад ирэх ёстойг тохиръё гэж удаа дараа шаардсан ч шийдвэртэй хариу өгөхгүй байсан. ... Гэхдээ энэ компани нь надад ашиг өгөөгүй тул надад өртэй гэж бодож байна. Би өөрийнхөө бизнесийнхээ бүх нарийн нууцыг зааж өгсөн. Тэдний компани нь миний өгсөн алтыг хэрхэн зарцуулсан талаарх тайлан бүртгэлээ гаргаж ирээд тооцоогоо нийлэхэд би бэлэн байна. Хэрвээ тооцоо нийлээд би тус компанид өртэй гарвал гомдох зүйлгүй. .... өдөр бүр алт авахдаа Солонгос захирлаас хэдэн төгрөгөөр алт авах юм бэ гэж асууж байгаад түүний хэлсэн ханшаар алтыг авдаг байсан. Мөн хот, аймаг хоёрын хооронд хувийн машинаар явдаг байсан. Дарханд ажлын байр түрээслэх, тог цахилгаан, алт хайлуулж боловсруулах зардал зэргийг өөрөөсөө гаргаж байсан. Тийм учраас тооцоо нийлээд үлдэгдэл төлбөрийг өгөхөд татгалзах зүйлгүй. Би тооцоо нийлье гэхээр тооцоо нийлдэггүй юм.

3. Хамтран ажиллах гэрээ /LEE DO SANG-aac хэвлэж Т.Тунгалагт өгсөн хамгийн анхны хамтран ажиллах гэрээний төсөл/ хх-189-190:

Ашиг хуваарилах тухай: Үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгийг А болон Б талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр дараах байдлаар шийдвэрлэв.

-2017-12 сараас 2018-4 cap хүртэлх цэвэр ашгийн 75%-ийг А тал 25%-ийг Б тал

-2018-5 сараас 2020-12 cap хүртэлх ашгийн 80%-ийг А тал 20%-ийг Б тал хүртэхээр тохиролцов. Үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг 100% А тал хариуцна.

4. 25%-50% гэх Т.Тунгалагийн гар бичсэн тэмдэглэл

5. Тунгалагийн хамтын ажиллагааны хугацаанд гарсан зардал, ашгаа тооцсон гар бичмэл /хэрэг бүртгэлийн хавтаст хэргээс хуулбарлагдаж ирсэн/ хх-90-р хуудасны ард:

2017 cap 22-11/19

Ганаа-60,000, 16 удаа бензин-70,0=1920,0-16 хоол хүнс 20,0=320,0-3 cap түрээс 85,0=255,0-цахилгаан 90,0=270,0-Хөдөөгүүр 7965,0-Ашиг 13486,02=12,000 хамгийн багадаа-Алтны дээж 80гр-90 гр, 16624,0-10608,0=5986.0

6. Хамтран ажиллах гэрээ /гэрээний төсөл/ хх-190-197:

7. Хамтран ажиллах гэрээ /Солонгос талаас санал болгосон 3 дахь удаагийн хувилбар/ хх-198-209:

8. Тунгалагийн гар бичмэл: 50/50 75/25 бид 2 хэн хэнийхээ боломжийг ашиглаад 2-лаа амжилтанд хүрэх- 30% 20 жил хийсэн миний бизнес орж байгаа учраас би өөрийнхөө боломжоор ажилласан ч гэсэн үүнээс өндөр ашиг олох боломжтой.

9. Монгол-Солонгос хэлээр бичсэн гар бичмэл хх-198 ар талд

10. 4.2 ашгийг улирал бүр тооцож хуваарилна. /cap бүр/ хх-199

11.Т.Тунгалагийн гар бичмэл: 2019.12.31-нд 100,000 ш хувьцааны 50% тэнцэх хэмжээний мөнгийг 2018.12.31-нд авах Энэ хүртэл ашиг багасах учраас өнөөдрийн амьдралд хүрэлцэхгүй байна. хх-200 ард

12.Солонгос-Монгол бичиг бүхий гэрээ, хх-201

13.Т.Тунгалагийн гар бичсэн тэмдэглэл: ... гэрээг цуцалсан тохиолдолд урьд нь ажилласан хугацааны ашигаа яаж хуваарилах вэ, хх-201 ард

14. Хорьдугаар бүлэг: Гэрээний хэл 1. Энэхүү гэрээ нь Солонгос хэл нь эх хувь байх ба Монгол хэл нь хуулбар болно. хх-203

15. Монгол-Солонгос хэлээр бичсэн нэр томьёоны тайлбар

16. Гэрээн дээр гараар бичсэн тэмдэглэлүүд хх-205-209

17.Т.Тунгалагийн гар бичмэл: 3-4 сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд энэ гэрээний олон хувилбар үзэж ... хх-209 ард. Гэтэл энэ гэрээнд өөрчлөлт орсон юм ердөө харагдахгүй байна. Тийм болохоор энэ гэрээнд өөрийн бодлыг тусгах нь зөв гэж бодож байна. ... та 2-ын хамтын ажил зөв хэн хэндээ төвөггүй явагдахад дөхөм гэрээ хийхийн гол учир оршиж байна гэж ойлгож байна.

18. Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол /2020.10.13 №3373/ хх-215-216

19.LEE DO SANG өөрийнхөө компьютероос хэвлэж өгсөн Солонгос-Монгол бичиглэлтэй Ажлын хүснэгт /хамрах хугацаа 2017.11.23-12.25/ хх-141

20.Хүснэгтийн 3-р нүд: 2017-12-09, бохир жин 129,3, авсан үнэ 10,688,000

Ашиг: 1,066,503 хоол унааны зардал: 280,000, зардал: 540,290, цэвэр ашиг: 33,786.32, дээжинд үлдсэн жин: 19,28% гэх бичиглэлүүд

21.Т.Тунгалагийн гар бичмэл: үлдсэн ашиг: 17,638,867 төгрөг хх-141 ард

22.LEE DO SANG өөрийнхөө компьютероос хэвлэж өгсөн Солонгос-Монгол бичиглэлтэй Монгол банкинд тушаасан алтны тооцоо-ашиг: 23.545.678%: цэвэр ашиг: 23,456,789, дээжинд үлдээсэн жин: 3,75 хх-142

23. Хамтарч ажиллах нөхцөлөө тохиролцсоноо тэмдэглэсэн солонгос- монгол хэлээр бичсэн гар бичмэл хх-143-144

Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч талаас Т.Тунгалагт Монгол банкинд aлт тушаах бизнест хамтран ажиллах санал тавьж, нэхэмжлэгч тал хамтын үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгийг гаргах, хариуцагч тал алтыг цуглуулах, цэвэршүүлж хайлуулах ажил хийх, нэхэмжлэгч нь алтыг Монгол банкинд тушааж, хамтын үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгийг хувааж авахаар харилцан тохиролцож, 2017 оны 11-р сарын 22-ны өдрөөс 2018 оны 2-р сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасны дагуу хамтран ажиллаж байсан тогтоогдож байна. Гагцхүү хамтран ажиллах хугацаанд хамтын үйл ажиллагаанаас олсон ашгийг хэдэн хувиар хуваарилах талаар харилцан тохиролцож чадахгүй маргасны улмаас Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.3-т зааснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн гэрээний төслийн 25-75 хувийн харьцаагаар ашиг хуваарилах саналыг хариуцагч 50-50 хувь болгох санал тавьж гэрээг бичгээр байгуулаагүй боловч хамтын ажиллагаа бодитойгоор явагдсан байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 476.2-т хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно талуудын хооронд хамтын ажиллагаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэрээ дуусгавар болсноос хойш Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, үлдэх хөрөнгийг хуваарилах буюу Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 478.11-т зааснаар ашиг, алдагдлаа хуваарилах үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасны дагуу хамтран ажиллаж байсан нь тогтоогдсон тул хамтран ажиллаж байсныг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй байна. Хариуцагч талаас өөрт байхгүй нотлох баримт болох И Дүн Сүний компьютерын бүртгэлийг хэвлүүлж гаргах, үзлэг хийлгэх, И Дүн Сүний бор өнгийн дэвтэр, Тамираагийн өдөр тутам хэрэглэдэг бор дэвтэр, нэхэмжлэгч талаас гаргуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь зөрчсөн. Энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй, харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалыг хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн иргэний танхимын нийт шүүгчийн 2022.10.03-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2022/01109 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч Т.Тунгалагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгч Кэй Ви Пи ХХК нь хариуцагч Т.Тунгалагт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 74,119,610 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... Т.Тунгалагтай уулзаж, түүнээс хямд алт худалдаж авахаар амаар тохирсон, ... 2017.11.27-2018.02.19-ны өдрийг хүртэл хугацаанд Т.Тунгалагийн дансанд ... 32 удаагийн гүйлгээгээр 1,289,744,876 төгрөг шилжүүлсэн. ... 13,750 грамм алтыг 1,190,191,539 төгрөгт хүлээн авсан. ... үлдэгдлээс 39,752,000 төгрөгийг буцааж авсан, ... үлдэх 59,801,337 төгрөгийг, ... компанийн ажилтан Т.Тамиртай нийлж алт тушаахдаа зөрүүтэй баримт бичсэн, алтны үнийг буруу бодсоноос компанид учруулсан хохирол 14,318,273 төгрөг, нийт 74,119,610 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлжээ.

 

8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, И Дун Сан надад мөнгө шилжүүлнэ, би шилжүүлсэн мөнгөөр нь алт худалдаж авч тэдэнд хүргэж өгнө, ... хамтран ажиллах гэрээ байгуулсан, олон удаа ярилцсан боловч ойлгомжгүй зүйл ярьсаар гэрээ хийхгүй байсан, авсан өгсөн тооцоогоо нэгтгэвэл би 1,289,744,876 төгрөг шилжүүлэн авч, 39,752,000 төгрөгийг буцаан шилжүүлж, 1,238,789,539 төгрөгөөр үнэлэгдэх 14,315.087 гр алт тушаасан. ... миний 2018.11.30-ний өдөр тушаасан 129.3 гр алт, 2017.12.23-ны өдөр тушаасан 253 гр алтыг тооцоогүй, ... баримт байхгүй байна. гэж маргажээ.

 

9. Хариуцагч Т.Тунгалаг нэхэмжлэгч Кэй Ви Пи ХХК-д холбогдуулан 12,498,100 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ хамтын ажиллагааны явцад алт цуглуулах, ажлын байрны түрээс, цахилгаан, хоол, 16 удаа Дархан-Улаанбаатарын хооронд явсан тээврийн зардал, алт хайлуулах, гулдмай болгох, боловсруулах зардалд 8,775,000 төгрөг, хамтын ажиллагааны дүнд олсон ашгаас оногдох хэсэг 3,723,100 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

10. Нэхэмжлэгч Кэй Ви Пи ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ... худалдах-худалдан авах гэрээний харилцаа байсан, ... хямд алт байна, мөнгө шилжүүл гэдэг байсан. Ингээд бэлдсэн алтаа цуглуулж байгаад ... тухайн үеийн Монгол банкны ханшийг тулгаж өгдөг байсан. ... бидний хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй гэж хариу татгалзлаа илэрхийлсэн байна.

 

11. Анхан шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, 59,801,337 төгрөгт тэнцэх алт нийлүүлээгүй, хохирол учруулсан нь тогтоогдохгүй гэж дүгнэн хариуцагчаас 59,801,337 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагчаас 49,113,337 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг нь, сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 2017.12.09-ний өдөр хариуцагчийн тушаасан 129.3 гр алт буюу 10,688,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцоогүй, нотлох баримт үнэлэх алдаа гаргасныг залруулах нь зүйтэй гэж үзжээ.

 

13. Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 32 удаагийн гүйлгээгээр 1,289,744,879 төгрөгийг хариуцагчид алт авах зорилгоор шилжүүлсэн, түүнчлэн тодорхой хэмжээний алтыг хариуцагчаас нэхэмжлэгчид тушаасны зэрэгцээ 39,752,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үйл баримтуудын тухайд тус тус маргаагүй байна. Зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл нь нэгдүгээрт, ийнхүү алт худалдан авах мөнгийг шилжүүлэх, гуравдагч этгээдээс худалдан авсан алтаа нэхэмжлэгч талд тушаах харилцаа нь хамтран ажиллах гэрээ, эсхүл худалдах-худалдан авах гэрээний аль нь болох, хоёрдугаарт, шилжүүлэн авсан мөнгөн дүнд тооцон тушаасан алтны хэмжээ 13,750 гр, эсхүл 14,315 гр аль нь болох асуудлаар өрнөсөн байна.

Хариуцагч талуудын хооронд үүссэн харилцааг хамтран ажиллах гэрээ гэж үзэн зардал, ашгаа хуваах ёстой гэж маргаж байгаа бол нэхэмжлэгч тус харилцааг худалдах-худалдан авах харилцаа гэж үзэн шилжүүлсэн мөнгөнд дүйцэх бараа аваагүй бол мөнгөө буцаан гаргуулах үндэстэй гэж маргасан.

 

14. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн байх ба хариуцагч уг дүгнэлтийг эс зөвшөөрөн холбогдох нотлох баримтуудыг бүрэн гүйцэд үнэлэлгүй эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон хэмээн хяналтын гомдол гаргажээ.

 

Нэг талаас Кэй Ви Пи ХХК, нөгөө талаас Т.Тунгалаг нарын хооронд алт худалдах-худалдан авах зорилготой Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

15. Тодруулбал, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээг хэлбэрийн хувьд амаар болон бичгээр байгуулах боломжтой боловч энэ тохиолдолд гэрээнд тусгагдвал зохих гол нөхцөлийн талаар зохигчид хоёрдмол утгагүй тохирсон, эсхүл ийнхүү тохирсон болохыг нотлох баримт эргэлзээгүй байх нь зүйтэй. Хамтран ажиллах гэрээний гол нөхцөлийн нэг нь талуудын оруулах хураамжтай холбоотой зохицуулалт байдаг. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна гэж, 477.2-т Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, талууд хамтран ажиллахаар тохирохдоо оруулах хураамжийн хэмжээг нарийвчлан тогтоогүй үед хураамжийг тэнцүү оруулсан гэж үзэж болох бөгөөд энэ тохиолдолд чухам юуг (мөнгөн хөрөнгө, эд хөрөнгө, үйлчилгээ) хамтын ажиллагааны хураамж гэж үзэхээр тохирсон нь ойлгомжтой байх шаардлагатай.

 

16. Хариуцагч гуравдагч этгээдийн гар дээрээс алт худалдан авч, зохих этгээдэд тушаах замаар ашиг олдог бизнесийг удаан хугацаанд эрхэлсэн туршлагатай хэмээн өөрийгөө тодорхойлж байх бөгөөд түүний энэ мэдлэг, туршлагыг хамтын ажиллагааны хураамж гэж эргэлзээгүй тооцсон баримт хэрэгт авагдаагүй, татгалзлын үндэслэл болгож буй баримт гэх гэрээний төслүүд нь ашиг хуваарилалтын тоо хэд байж болох хувилбаруудыг тусгаснаас өөрөөр хураамжийг хэрхэн тодорхойлж, энэ талаар талууд хэрхэн хэлэлцэж байсныг нотолж чадахгүй байна.

 

17. Нөгөө талаас, тодорхой буюу зарим онцгой төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдах-худалдан авах гэрээний харилцаанд ч гэрээний талууд мэргэшсэн, тусгайлсан мэдлэг бүхий этгээдэд хандах тохиолдол байж болохыг үгүйсгэх аргагүй. Тухайлсан салбарт, тодорхой хугацаанд туршлага хуримтлуулсан явдал нь дангаараа талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан, уг мэдлэг туршлагыг хураамж болгон тооцсон, улмаар тус хураамжийг хамтын ажиллагааны хөрөнгө оруулалтын 50 хувь гэж үзэх эргэлзээгүй үндэслэл болохгүй.

 

18. Энэ үндэслэлээр талуудын хооронд хамтран ажиллах гэрээ бус, худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ.

 

19. Хариуцагч Т.Тунгалагаас нэхэмжлэгч Кэй Ви Пи ХХК-д тушаасан нийт алтны хэмжээнд 2017.12.09-ний өдөр тушаасан 10,688,000 төгрөгтэй тэнцэх 129.3 гр алтыг тооцолгүй орхигдуулсан анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нотлох баримтад үндэслэн үйл баримтыг тогтоосон дүгнэлтэд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт нотлох баримтад үндэслэсэн, хуульд нийцсэн байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зүйтэй гэж үзнэ.

 

20. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, зардал, ашгийг хуваах үндэстэй, энэ талаарх нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн гэх агуулга бүхий хариуцагч Т.Тунгалагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.   Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 209/МА2022/00071 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Т.Тунгалагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар 57.4-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 688,636 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.