Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2022/00569

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2022/00569

Дархан-Уул аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/01025/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Их тойруу 87/1-*** тоотод оршин байгаа, утас: 9961****, 28***** регистрийн дугаартай, К............... ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дугаар хороолол, Батуур хотхон ** дүгээр байр, ** тоотод оршин суудаг, утас: 9937****, 9903****, МК73****** регистрийн дугаартай, Т.Тт холбогдох,

Гэрээний үүрэгт 74,119,610 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Талууд хамтран ажиллаж байсныг тогтоолгох, хамтын үйл ажиллагаанд зарцуулсан зардал 8,775,000 төгрөгийг гаргуулах, хамтын үйл ажиллагаанаас бий болсон ашгаас өөрт оногдох хэсэг болох 3,723,100 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б,

Хариуцагч Т.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч П.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

1. Нэхэмжлэгч К............... ХХК нь 2008 онд байгуулагдсан бөгөөд 2017 оноос эхлэн гар аргаар алт олборлогч болон алт мөнгөний дархан нараас алт худалдан авч улмаар Монгол банкинд худалдаж эхэлсэн. Энэ үеэр манай компанид жолоочоор ажиллаж байсан Т.Та-аар дамжуулан Т.Т гэх хүнтэй танилцсан. К............... ХХК-ийн захирал И........ нь Т.Ттай уулзаж түүнээс хямд үнэтэй алт худалдан авахаар тохиролцсон бөгөөд бичгээр гэрээ байгуулаагүй. Алт худалдах, худалдан авахаар тохиролцсоны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл К............... ХХК-ийн нэрийн ХААН банкны 5114****** тоот данснаас Т.Тийн нэрийн ХААН банкны 5045****** тоот данс руу нийт 32 удаагийн гүйлгээгээр 1,289,744,876 төгрөгийг шилжүүлсэн. Т.Т нь мөн хугацаанд 15 ширхэг баримтаар 1,190,191,539 төгрөгийн үнэ бүхий 13,750.01 грамм алтыг К............... ХХК-нд нийлүүлсэн бөгөөд алтны үлдэгдэл төлбөр болох 99,553,337 төгрөгөөс 39,752,000 төгрөгийг буцаан шилжүүлж, нийт үнийн дүнгээс 59,801,337 төгрөгийг компанид эргүүлэн төлөөгүй, үнэ дүйцэхүйц алт нийлүүлээгүй болно.

2. Т.Т нь К............... ХХК-нд алт хүлээлгэж өгөхдөө компанийн ажилтан Т.Та-тай нийлж алт нийлүүлсэн 9 баримт дээрх тухайн алтны үнийг буруу бодож компанид 4,196,761 төгрөгийн хохирол учруулсан. Тухайн алтны үнийг бодохдоо (жин*үнэ)*сорьц/100=алтны үнэ томьёог ашиглаж боддог. Т.Т нь алтны үнийг алт нийлүүлсэн баримт дээр ихэсгэн бичиж компанид хохирол учруулсан.

3. Т.Т нь компанид алт тушаахдаа алтны жин, сорьцыг компанийн ажилтан Т.Та-тай нийлж баримт дээр зөрүүтэй бичсэнээс үүдэж компанид 10,121,512 төгрөгийн хохирол учирсан.

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд Т.Т нь алт худалдах, худалдан авах хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр компанийн хөрөнгийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авч байна. Иймд Т.Таас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 59,801,337 төгрөг, Алт хүлээн авсан дээр үнийг ихэсгэж бичсэний зөрүү дүн 4,196,761 төгрөг, Алт хүлээн авсан баримт болон дэвтрийн бичилтийн зөрүү дүн 10,121,512 төгрөг, нийт 74,119,610 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 74,119,610 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Уг маргааны хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил байна. Т.Тт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацааг үүрэг үүссэн буюу компаниас Т.Т руу мөнгө шилжүүлсэн сүүлийн өдөр болох 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлж тоолох бөгөөд нэхэмжлэгч К............... ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт Т.Тт холбогдуулан гомдол гаргаж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан шалгаж байгаад 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3373 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийн хаах тухай прокурорын тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэсэн. Т.Тт холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хойш Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай прокурорын тогтоол гарах хүртэл хугацаанд Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Т.Т нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Т.Т миний бие нь 1997 оноос эхэлж Төвийн бүсийн алт олборлогч аж ахуйн нэгж, хувиараа алт олборлогчдоос алт худалдан авч Монгол банканд тушаадаг байсан тул энэ ажилдаа арвин туршлага хуримтлуулсан.

2017 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр Та гэх үл таних залуу над руу залгаж Дарханд алт худалдаж авдаг Т.Т гэдэг эгч мөн үү? Тантай Монгол банзанд алт арилжаалдаг бизнест хамтран ажиллах талаар ярилцах гэсэн юм гэж уулзах санал тавьсан. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр И................ гэх Солонгос хүнтэй Та нь Дарханд ирж бид хоолны газарт уулзаж, миний бизнесийг тэд нар сонирхож, надад хамтран ажиллах санал тавьсан. Хоолны газраас гарч манай гэрт ирж миний бизнесийн түүх болон Монгол банканд алт тушаадаг байсан баримтуудыг нэг бүрчлэн үзэж, бусад мэдээллийг надаас асууж, яаж цуглуулж, яаж зардаг, яаж ашиг гаргадаг талаарх арга зэргийг бүгдийг яриулж, хөрөнгө оруулж хамтарч ажиллах санал тавьсан. Дарханы анхны уулзалтаар И................ нь надад мөнгө шилжүүлнэ, би шилжүүлсэн мөнгөөр нь алт авч тэд нарт хүргэж өгнө, И................ нь уг алтыг Монгол банканд тушааж ашгаа хувааж авахаар тохиролцож, дараа нь Улаанбаатар хотод хамтран ажиллах гэрээгээ хийхээр тохиролцсон. Ингээд тэр өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр надад бэлэн байсан алтыг авч явснаар бидний хамтын ажиллагаа эхэлсэн. Үүнээс хойш би өөрийнхөө мөнгөөр авсан алтан дээрээ нэмж алт их хэмжээгээр цуглуулж, К............... ХХК-аас мөнгө шилжүүлэн авч бүх алтаа Улаанбаатар хот руу хүргэж өгдөг байсан. Очих бүрд Та, И............... нар надтай хамтарч ажиллах гэрээ чигээр байгуулах талаар олон цаг ярилцаж суудаг ч гэсэн надад одоохондоо бага хэмжээний ашиг хуваарилна, 2021-2022 он хүртэл хувьцаа гаргаж, 4-5 тэрбум төгрөгийн хувьцааны ашиг олгоно гэх мэтээр ойлгомжгүй зүйлүүд ярьж гэрээ хийхгүй явсаар 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нийт 16 удаагийн тушаалтаар Улаанбаатар хот руу алт хүргэж өгч тушаалт бүр дээр алт хэмждэг шалгадаг сорьцоо тодорхойлдог орчин үеийн аппарат мөн алт хэмждэг баталгаажуулсан жин зэргийг ашиглаж надаас хүлээн авч, падаан бичиж орчуулагч болон байлцсан хүмүүс гарын үсэг зурж, падаанаас гадна компьютер дээрээ ажлын хүснэгтдээ бүртгэж, мөн хар дэвтэр дээрээ давхар бичилт хийж, надаар гарын үсэг зуруулдаг байсан. Иймд уг компьютер дээрх ажлын хүснэгт, хар дэвтрийг нь нэхэмжлэгчээс гаргуулбал бүх тооцоо тодорхой болно.

Тухайн үед цуглуулсан алтаа Монгол банканд тушааж ямар ашиг алдагдал гарсан тухай надад ямар ч мэдээлэл өгдөггүй, анх ярилцсан ёсоороо ашгийг маань өгдөггүй байсан. Би гэрээ хийх гэж олон удаа шаардаж, сүүлдээ аргаа бараад Солонгос хэл мэддэг дүүгээ, хүүхдээ, нөхрөө дагуулж очсон боловч надаас өөр хүнтэй энэ тухай ярихгүй гээд хол суулгадаг байсан. Ингээд надад үйл ажиллагааны зардал, түрээс, бензин тос, хоол унааны зардал, алт цуглуулж боловсруулахад ажиллах хүчний зардал гэх мэт зардлуудыг өгөхгүй болохоор нь энэ ажлыг 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэхэд арга буюу зогсоосон.

Гэтэл би Солонгос хүнд алтыг хаанаас яаж авдаг, яаж сорьц хорогдлыг тодорхойлдог, яаж ашиг гардаг, алт авахаас Монгол банканд тушаах хүртэл ямар шат дамжлагаар ажилладаг зэрэг миний бизнесийн бүх но-хау-г надаар заалгасан ба Монгол банканд алт тушаах эрх олгосон миний гэрчлэх бичигтэй болон олон жилийн туршлага, олон харилцагчтай болсон байсныг минь судалж байгаад намайг ашигласныг би сүүлд ойлгосон. Энэ хүмүүс надтай анх уулзахдаа тооцоолол хийх, сорь гаргах, яаж ашиг хийх талаар ямар ч ойлголтгүй байсан, энэ бүхнийг надаар анх заалгасан.

Иймд миний бие нь гадаад хүнд бизнесийн хамаг нууцаа өгч ашиглуулчхаад анх ярьж тохирсны дагуу нэг ч төгрөгийн ашиг аваагүй мөртөө намайг буцаагаад өрөнд оруулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Над руу алт авахад зориулж 32 удаагийн гүйлгээгээр 1,289,744,876 төгрөг шилжүүлж авч, 1,206,283,539 төгрөгийн алт тушаасан гэж нэхэмжлэлд дурдахдаа миний тушаасан 129.3 грамм, 253 грамм алтыг дутуу тооцсон байна.

2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр над руу 50,000,000 төгрөг шилжүүлж, би 129.3 грамм*96,209 төгрөг*857.5 сорьц=10,668,000 төгрөгийн алт хүргүүлж, үлдэгдэл 39,332,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн. Уг алтыг тушаасан падааныг И................. надад өгөөгүй боловч уг 129.3 грамм алтыг тушаасан нь миний хар дэвтрийн тэмдэглэл болон И................. өөрийнхөө компьютер дээрээсээ хэвлэж гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хамтын ажиллагааны үр дүнг тооцсон хүснэгт болон падааны ар талд бичсэн тэмдэглэгээгээр нотлогдоно. 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би өөрийн мөнгөөр авсан 253 грамм алтны баримт хэрэгт байхгүй байна. Миний 5045****** дугаарын дансны хуулгаар 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Тунгалаг 253 грамм алтны үнэ гэсэн гүйлгээний утгатайгаар ХААН банкны 5114****** дугаартай данснаас над руу 21,838,000 төгрөг шилжүүлсэн нь нотлогдоно. 21,838,000+10,668,000=32,506,000 төгрөгийн алт тушаасан баримт хэрэгт байхгүй байна.

Хамтын ажиллагааны явцад би 2 удаагийн гүйлгээгээр нийт 39,752,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн.

Дээрх авсан, өгсөн тооцоогоо нэгтгэвэл би 1,289,744,876 төгрөг шилжүүлж авч, 39,752,000 төгрөгийг буцаан шилжүүлж, 1,238,789,539 төгрөгөөр үнэлэгдэх 14,315.087 килограмм алт тушаасан байх тул 11,203,337 төгрөгийн зөрүү гарч байна. Гэтэл надаас үлдэгдэл төлбөр 59,801,337 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх алтыг И................. нь цааш Монгол банканд тушааж их хэмжээний ашиг олсон байгаа. Жишээ нь нэг удаагийн тушаалт болох 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3722.7 грамм алтнаас 2,284,715 төгрөгийн ашиг гаргасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл надад нэг ч төгрөгийн ашиг хуваарилаагүй.

Бидний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2-т заасан хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдаж, миний зүгээс хамтын ажиллагаанд өөрийн ажил хэргийн нэр хүнд, бизнесийн нууц, туршлага, хөдөлмөрийн оруулах, И................. нь К............... ХХК-аасаа мөнгө хөрөнгө оруулахаар харилцан тохиролцсон. Иймд хамтын ажиллагааны явцад болон хамтын ажиллагаа дуусгавар болсны дараа Иргэний хуулийн 478.1-д зааснаар ашиг хуваарилах ёстой байсан боловч нэхэмжлэгч тал өнөөдрийг хүртэл хэдэн төгрөгийн ашиг олсноо нууж, хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэх, тооцоо нийлэх, хамтын ажиллагааны үр дүнд бий болсон ашиг буюу хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилах ажлыг хийгээгүй.

Би өөрийнхөө бизнесийг үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 1,600,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн.

Мөн Монгол банканд алт тушаах бүрд уг алтнаас 4-5 граммыг дээжид авч шинжилж хадгалж байгаад оны эцэст буцааж өгдөг. Иймд 18 удаа тушаасан гулдмай алтнаас дунджаар 4 граммаар тооцоход 72 грамм*100,000 төгрөг=7,200,000 төгрөгийн алтыг /Монгол банканд алт тушаасан баримт байхгүй учраас ойролцоогоор бодов/ буцааж авч цэвэр ашиг олсон байх ёстой боловч надад уг ашгаас нэг ч төгрөг өгөөгүй. Гэтэл хамтын ажиллагааны хугацаанд алт цуглуулахад гарсан зардал болох ажлын байрны түрээсийн зардал 255,000 төгрөг, цахилгааны зардал 180,000 төгрөг, хоолны зардал 400,000 төгрөг, 16 удаа Дархан-Улаанбаатар хооронд явах тээврийн зардал 1,120,000 төгрөг, Дархан доторх унааны зардал 600,000 төгрөг, алт хайлуулахад материалын зардал 250,000 төгрөг, алт хайлуулах, гулдмай болгож боловсруулах ажлын хөлс 600,000 төгрөг, нийт 8,775,000 төгрөгийн зардал гаргасан байна. Энэ зардалд би өөрийн хөдөлмөрийн хөлсийг тооцоогүй.

Иймд К............... ХХК болон Т.Т нарын хооронд 2017 оны 11 -р сарын 22- ний өдрөөс 2018 оны 2-р сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасны дагуу хамтран ажиллаж байсныг тогтоолгох, хамтын үйл ажиллагаанд зарцуулсан 8,775,000 төгрөгийн зардлаа гаргуулах, хамтын үйл ажиллагаанаас бий болсон 7,446,200 төгрөгийн ашгаас өөрт оногдох хэсэг болох 3,723,100 төгрөгийг гаргуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэлийн бусад шаардлага болох алт хүлээн авсан үнийн бодолтын зөрүү 4,196,761.92 төгрөг, Алт хүлээн авсан баримт болон дэвтрийн бодолтын зөрүү 10,121,512 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б нар шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэл гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байр суурьтай байна. Үндэслэл нь талуудын хооронд Иргэний хуульд заасан хамтран ажиллах үйл ажиллагаа явагдаагүй. Худалдах, худалдан авах гэрээний харилцаа байсан. Өөрөөр хэлбэл худалдан авагч мөнгө төлөөд худалдагч нь барааг өгсөн ийм л харилцаа явагдсан. Тухайн үед алтны мөнгийг шилжүүлсэн боловч алтыг нийлүүлээгүй харилцаа явагдсан. Үндсэн тохиролцоо гэвэл жишээ нь Т.Тт 1,000,000 төгрөг шилжүүлээд энэ шилжүүлсэн мөнгөөр алт авч тушаахад хамгийн багадаа 8-12 хувийн ашиг гардаг гэж анх хэлж байсан. 6-аас дээш хувиар ашгаа тооцвол ашгаа нэг нугалж болох юм байна гээд олсон ашгийн 20 хувийг өгье гэдэг байдлаар тохиролцож байсан. Бодит байдал дээрээ өдөр бүр алт явуулах байсан боловч эхэлж мөнгө аваад алтаа ирүүлдэггүй. Ийм хямд алт байна гээд мөнгө шилжүүл гээд мөнгө шилжүүлдэг байсан. Ингээд бэлдсэн алтаа цуглуулж байгаад К............... ХХК-нд хүргэж өгөхдөө тухайн үеийн Монгол банкны ханшийг тулгаж өгдөг байсан. Үүнээс харахаар Т.Т алтаа хэдэн төгрөгөөр цуглуулж авах нь К............... ХХК-нд хамаагүй. Манай шилжүүлсэн мөнгөнөөс алтаа худалдаж аваад Монгол банкны ханшнаас арай багаар тооцож өгдөг байсан. Бид алдагдалд орж байсан тул Т.Т болон өөр хүнээс авсан алтаа цуглуулж байгаад Лондон дахь алтны бирж дээр үнэ өсөхийг хүлээж шөнө хаагдах үед нь Монгол банканд тушааж бага хэмжээний ашиг олдог байсан. Шилжүүлсэн алт нь ганц Т.Таас авсан алт нийлж байгаа тул ашиг хуваах боломжгүй. Т.Т болон К............... ХХК хоёрын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний дагуу үйл ажиллагаа явагдсан. 2 дахь шаардлага дээр талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй. Тодорхой зохицуулсан зохицуулалт байхгүй учраас хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотолж чадахгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч К............... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 4 дэх тал/, итгэмжлэл /хавтас хэргийн 5-6 дахь тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 7 дахь тал/, алт хүлээж авсан баримтын товъёог /хавтас хэргийн 8 дахь тал/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн **** дугаартай тогтоолын хуулбар /хавтас хэргийн 9-12 дахь тал/, зарлагын баримтын хуулбарууд /хавтас хэргийн 13-27 дахь тал/, К............... ХХК-ийн ХААН банк дахь 5114****** тоот дансны дэлгэрэнгүй хуулганууд /хавтас хэргийн 28-53 дахь тал/-г,

Хариуцагч Т.Т нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтас хэргийн 124-125 дахь тал/, Монгол банкны гэрчлэх бичгийн хуулбар /хавтас хэргийн 126-127 дахь тал/, Солонгос бичигтэй хүснэгт бүхий 4 хуудас баримт /хавтас хэргийн 128-131 дэх тал/, зарлагын баримтын хуулбар /хавтаст хэргийн 132-135 дахь тал/ зэргийг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр Стандарт, хэмжил зүйн газраас К............... ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд шинжлүүлсэн алтнаас дээж авч хадгалсан болон оны эцэст буцааж өгсөн алтны дээжийн тоо /хавтас хэргийн 155 дахь тал/, Монгол банкнаас К............... ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Монгол банканд тушаасан алтны лавлагаа /хавтаст хэргийн 158 дахь тал/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг бүртгэлтийн 1809***** дугаартай хэргийг хаах тухай прокурорын тогтоолтой хэргийн материал /хавтаст хэргийн 160-209 дэх тал/, нэхэмжлэгч К............... ХХК-аас шүүх хуралдаанаар эх хувиар нь шинжлэн судлуулсан ардаа тэмдэглэл бүхий 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 30,400,700 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 22,862,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 63,509,303 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 60,620,000 төгрөгийн падаанууд /хавтас хэргийн 216-219 дэх тал/ зэргийг шүүх нотлох баримтаар бүрдүүллээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч К................... ХХК нь хариуцагч Т.Таас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 59,801,337 төгрөг, алт хүлээн авсан баримт дээр үнийг ихэсгэж бичсэний зөрүү дүн 4,196,761 төгрөг, алт хүлээн авсан баримт болон дэвтрийн бичилтийн зөрүү дүн 10,121,512 төгрөг, нийт 74,119,610 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг,

хариуцагч нь талууд хамтран ажиллаж байсныг тогтоолгох, хамтын үйл ажиллагаанд зарцуулсан зардал 8,775,000 төгрөгийг, хамтын үйл ажиллагаанаас бий болсон ашгаас өөрт оногдох хэсэг болох 3,723,100 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Хариуцагч нь бидний хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэний дагуу 1,238,789,539 төгрөгөөр үнэлэгдэх 14,315.087 килограмм алт тушаасан байх тул 11,203,337 төгрөгийн зөрүү төлөхийг зөвшөөрч байна, үлдэх шаардлага болон алт хүлээн авсан үнийн бодолтын зөрүү 4,196,761.92 төгрөг, Алт хүлээн авсан баримт болон дэвтрийн бодолтын зөрүү 10,121,512 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж,

нэхэмжлэгч нь бидний хооронд амаар болон бичгээр хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй зөвхөн санал хэлбэрээр явж байсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

Нэхэмжлэгч К............... гадаадын хөрөнгө оруулалттай, хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж хуулийн этгээдийн гэрчилгээ авсан байх ба гэрчилгээнд И................. 2013 оны 11 сарын 29-нд захирлаар бүртгэсэн байна. /хавтаст хэргийн 7 дахь тал/

И.....................-аас 2021 оны 8 сарын 20-ны өдрийн 21/*** дугаартай итгэмжлэлээр компанийг төлөөлөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрхийг эдлэх бүрэн эдлэх эрхийг Д.Ад олгосны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчээс тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /хавтаст хэргийн 5-6 дахь тал/

И.....................-аас 2021 оны 8 сарын 20-ны өдрийн 21/167 дугаартай итгэмжлэл нь Иргэний хуулийн 62, 63, 64 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул Д.Аийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг тодруулж ...1. К............... ХХК-ийн захирал И............... нь Т.Ттай уулзаж түүнээс хямд үнэтэй алт худалдан авахаар тохиролцсоны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл К............... ХХК-ийн нэрийн ХААН банкны 5114****** тоот данснаас Т.Тийн нэрийн ХААН банкны 5045****** тоот данс руу нийт 32 удаагийн гүйлгээгээр 1,289,744,876 төгрөгийг шилжүүлсэн. Т.Т нь мөн хугацаанд 15 ширхэг баримтаар 1,190,191,539 төгрөгийн үнэ бүхий 13,750.01 грамм алтыг К............... ХХК-нд нийлүүлсэн бөгөөд алтны үлдэгдэл төлбөр болох 99,553,337 төгрөгөөс 39,752,000 төгрөгийг буцаан шилжүүлж, нийт үнийн дүнгээс 59,801,337 төгрөгийг компанид эргүүлэн төлөөгүй, үнэ дүйцэхүйц алт нийлүүлээгүй болно.

2. Т.Т нь К............... ХХК-нд алт хүлээлгэж өгөхдөө компанийн ажилтан Т.Та-тай нийлж алт нийлүүлсэн 9 баримт дээрх тухайн алтны үнийг буруу бодож компанид 4,196,761 төгрөгийн хохирол учруулсан. Тухайн алтны үнийг бодохдоо (жин*үнэ)*сорьц/100=алтны үнэ томьёог ашиглаж боддог. Т.Т нь алтны үнийг алт нийлүүлсэн баримт дээр ихэсгэн бичиж компанид хохирол учруулсан.

3. Т.Т нь компанид алт тушаахдаа алтны жин, сорьцыг компанийн ажилтан Т.Та-тай нийлж баримт дээр зөрүүтэй бичсэнээс үүдэж компанид 10,121,512 төгрөгийн хохирол учирсан тул нийт 74,119,610 төгрөг гаргуулна гэж тайлбар гаргасан.

Хариуцагч Т.Т нь К............... ХХК-наас нийт 32 удаагийн гүйлгээгээр 1,289,744,876 төгрөгийг өөрийн дансанд шилжиж ирсэн болон өөрөө буцааж 39,752,000 төгрөгийг шилжүүлсэн талаар нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж маргаагүй.

Хариуцагч Т.Т нь шүүх хуралдаанд... К............... ХХК-нд алт гарсан байгаа талаар мэдэгдэхэд тухай бүр нь мөнгийг нь шилжүүлдэг байсан. Би анх хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд гэрээгээ хийе гэж удаа дараа И............д хэлэхэд компьютерээс гэрээ хэвлэж гаргаж ирдэг боловч 25 хувийг нь надад өгч үлдэх 75 хувийг өөрөө авахаар, мөн мөнгийг оны сүүлд хувьцаагаар төлнө гэдэг байсан тул бид гэрээ байгуулаагүй гэж тайлбар гаргасан.

Дээрх хариуцагчийн гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч талын хүсэлтээр Эрүүгийн хэргийг хаасан материалаас нотлох баримтаар ирүүлсэн И............ийн цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн гэрчийн мэдүүлэгт ...Т.Т бид хоёр албан ёсоор гэрээ хийсэн зүйл байхгүй, уг нь хэд хэдэн удаа гэрээ хийх гэж төслөө өгч байсан боловч Т.Т өөрөө хийдэггүй байсан, ...би Т.Ттай нийт 4 сарын хугацаанд хамтран ажилласан боловч огт ашиг гараагүй гэсэн мэдүүлэг, Ашиг хуваарилах тухай гэрээний төслүүд /хавтаст хэргийн 177-178, 190-205 дахь тал/ зэрэг баримтуудаар зохигчид хамтран ажиллах талаар хэн аль нь гэрээний санал гаргаж байсан боловч тохиролцоонд хүрээгүй байдал нь тогтоогдож байна.

Хэдийгээр хамтран ажиллах гэрээг гэрээний талууд харилцан тохиролцож амаар болон бичгээр байгуулж болохоор хуульчилсан боловч талууд хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, талуудын эрх, үүрэг, ашиг, алдагдлыг хуваарилах журам, гэрээнээс гарах журам, гэрээний хугацаа, гэрээ дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журам зэрэг гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцоонд хүрээгүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул талуудыг хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин хариуцагч Т.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 4 сарын хугацаанд нэхэмжлэгчийн шилжүүлсэн 1,289,744,876 төгрөгийн дагуу Дархан-Уул аймгийн Шарын гол сумын хувиараа алт олборлогч нараас алт авч нийлүүлж байсан үйл баримт К................... ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд, Т.Тийн алт тушааж байсан зарлагын баримтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 13-53 дахь тал/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч талаас 15 ширхэг баримтаар 2017.11.22-ны өдрөөс 2018.02.19-ний өдөр хүртэлх хугацаанд алт хүлээлгэн өгсөн эд хариуцагч, хүлээн авсан этгээдийн гарын үсэг бүхий зарлагын баримт ирүүлсэнтэй хариуцагч тал маргаагүй болно. /хавтаст хэргийн 13-27 дахь тал/

Харин хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр над руу 50,000,000 төгрөг шилжүүлж, би 129.3 грамм*96,209 төгрөг*857.5 сорьц=10,668,000 төгрөгийн алт хүргүүлж, үлдэгдэл 39,332,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн. Уг алтыг тушаасан падааныг И............... надад өгөөгүй боловч уг 129.3 грамм алтыг тушаасан нь миний хар дэвтрийн тэмдэглэл болон И............... өөрийнхөө компьютер дээрээсээ хэвлэж гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хамтын ажиллагааны үр дүнг тооцсон хүснэгт болон падааны ар талд бичсэн тэмдэглэгээгээр нотлогдоно. Мөн 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би өөрийн мөнгөөр авсан 253 грамм алтны баримт хэрэгт байхгүй байна. Миний 5045****** дугаарын дансны хуулгаар 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Тунгалаг 253 грамм алтны үнэ гэсэн гүйлгээний утгатайгаар ХААН банкны 5114****** дугаартай данснаас над руу 21,838,000 төгрөг шилжүүлсэн нь нотлогдоно гэж маргаж, нотлох баримтаар хавтаст хэргийн 128-131 дэх талд авагдсан И............... компютерээс гаргаж өгсөн эх баримт гэх солонгос, монгол хэл дээр бичигдсэн хүснэгт бүхий 4 хуудас баримт, К................... ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Т.Т 253 altnii une 21,838,000 төгрөг гэсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 35 дахь тал/-ыг шинжлэн судлуулсан байна.

Гэвч хавтаст хэргийн 128-131 дэх талд авагдсан баримтуудыг нэхэмжлэгч тал гарын үсэггүй, хэн бичсэн нь тодорхойгүй, компьютерээс хэвлэж өгсөн нотлох баримтын шаардлага хангаагүй ба уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгч талын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Т.Т 253 altnii une 21,838,000 төгрөгийг шилжүүлсэн баримтаар уг алтыг би өөрийн мөнгөөр авч өгснийг буцааж үнийг шилжүүлсэн гэж маргаж байгаа боловч түүний шүүх хуралдаанд гаргасан ...би алт аваад өглөө очиход миний аваачсан падааныг сорьцтой тулгаад тэмдэглэж авдаг, 3-4 шат дамжлагаар хүлээж авдаг байсан гэсэн тайлбараар үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл падаан баримтгүйгээр алт авах боломжгүй олон шат дамжлагаар дамжиж жинлэж, баримтжуулж авдаг талаар хариуцагч өөрөө мэдүүлж байгаа тул дансны хуулгаар буюу шилжүүлсэн мөнгөний дүнгээр алт нийлүүлснийг нотлох боломжгүй байна.

Иймд хариуцагч Т.Таас К................... ХХК-ийн шилжүүлсэн 1,289,744,876 төгрөгөөс 15 ширхэг баримтаар шилжүүлсэн алтны үнэ 1,190,191,539 төгрөг, буцаан шилжүүлсэн 39,752,000 төгрөгийг тус тус хасаж үлдэх 59,801,337 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн гаргасан алт хүлээн авсан дээр үнийг ихэсгэж бичсэний зөрүү дүн 4,196,761 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь алт хүлээн авсан дээр үнийг ихэсгэж бичсэний зөрүү дүн 4,196,761 төгрөг гаргуулах шаардлагатай холбогдуулан (жин*үнэ)*сорьц/100=алтны үнэ томьёог ашиглан боддог гэж нэхэмжлэлдээ дурдан 15 ширхэг зарлагын падаанд бичигдсэн сорьц, жинг үндэслэн зөрүүг бодож хүснэгтээр ирүүлжээ.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан тохиолдолд худалдан авах шаардлага гаргах эрхээ алдана гэжээ.

Талууд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 19-ний хооронд 15 падаанаар сорьц, жин бүхий хүлээлгэн өгч, хүлээн авсан баримт үйлдэхдээ хэн аль нь гарын үсэг зурж хүлээлцсэн байх ба эд зүйлийг хүлээлцэх үедээ алтны хэмжээ, үнийн дүнг тооцсон баримтыг зөрүүтэй байгааг мэдэх боломжтой байхад хүлээж авснаар түүний талаар гомдлын шаардлага гаргах эрхээ нэхэмжлэгч алдсан байна.

Иймд эд хөрөнгийн доголдол буюу алт хүлээн авсан дээр үнийг ихэсгэж бичсэний зөрүү дүн 4,196,761 төгрөг гаргуулах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн гаргасан Т.Т нь компанид алт тушаахдаа алтны жин, сорьцыг компанийн ажилтан Т.Тамиртай нийлж баримт дээр зөрүүтэй бичсэнээс үүдэж компанид 10,121,512 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч тал нь компанид учирсан хохирол 10,121,512 төгрөгийг өөрсдийн дэвтэрт бичигдсэн гарын үсэгтэй харьцуулж хүснэгтээр гаргаж ирүүлсэн боловч хариуцагч Т.Т, Т.Тамир нарын бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн үйлдлийг эрх бүхий байгууллагаар тогтоолгосон талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

Тодруулбал дээрх баримт дээр зөрүүтэй бичсэн эсэхийг өөрсдийн дэвтэрт бичсэнтэй тохирохгүй зөрүүтэй талаар дурдсан боловч энэ 2 баримтын аль нэгийг яагаад үнэн зөв гэж үзэж байгаа, талуудын гарын үсэг бүхий падаанд бичигдсэнийг яагаад зөрүүтэй буруу бичсэн гэж байгаа нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, нотлох баримт ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан К................... ХХК-ийн Монгол банкинд тушаасан алтны лавлагаа, Монгол банкнаас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд шинжлүүлсэн алтнаас дээж авч хадгалсан болон оны эцэст буцааж өгсөн алтны дээжний тоо хэмжээг Сорьцын хяналтын газраас тус тус нотлох баримтаар гаргуулах хүсэлтийн дагуу Стандарт, хэмжил зүйн газрын ...нийт 63,59 грамм алт буюу дээжний үлдэгдэл байсан болохыг, Монгол банкнаас Аж ахуйн нэгж, иргэдээс худалдан авсан алтны мэдээ нийлүүлэгч тус бүрээр гаргасан лавлагаа зэргийг ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 155, 158 дахь тал/

Мөн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн **** дугаартай эрүүгийн хэрэг бүртгэлтийн 1809***** дугаартай хэргийг хаах тухай тогтоолтой хэргийн материалаас К................... ХХК-ийн Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан гомдол, К................... ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зарлагын баримтууд, Т.Тын данс руу шилжүүлсэн мөнгөний түүвэр, Lee И...............-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, Т.Тийн удаа дараа гэрчээр өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хамтран ажиллах гэрээний төслүүд, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 10 сарын 13-ны өдрийн **** дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай Ерөнхий прокурорын газрын тогтоол зэргийг ирүүлжээ. /хавтаст хэргийн 160-209 дэх тал/

Дээрх баримтуудаар К................... ХХК-ийн захирал И...............-аас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт Т.Т гэгчтэй хамтран ажиллахаар тохиролцож 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 1,289,744,876 төгрөгийг шилжүүлсэн боловч тухайн ажлыг хийж гүйцэтгээгүй залилан мэхэлсэн гэх хэргийг шалгаад залилах гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын хэлцлээс үүдэлтэй иргэний журмаар шийдвэрлэгдвэл зохих маргаан гэж үзэж Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн **** дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн К................... ХХК-ийн захирал И..............., Т.Т нарын мэдүүлэг болон хамтран ажиллах гэрээний төслүүд зэрэг баримтуудаар талууд хамтран ажиллах тохиролцох санал хэн аль нь гаргаж, гэрээний төслүүд боловсруулж байсан боловч тохиролцоонд хүрээгүй байдал тогтоогдож байх тул хариуцагчийн хамтран ажиллаж байсныг тогтоолгох, хамтын үйл ажиллагаанд зарцуулсан зардал 8,775,000 төгрөгийг гаргуулах, хамтын үйл ажиллагаанаас бий болсон ашгаас өөрт оногдох хэсэг болох 3,723,100 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 476 дугаар зүйлийн 476.1-д тус тус зааснаар хариуцагч Т.Таас 59,801,337 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К................... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,318,273 төгрөгийн шаардлага, хамтран ажиллаж байсныг тогтоолгох, хамтын үйл ажиллагаанд зарцуулсан зардал 8,775,000 төгрөгийг гаргуулах, хамтын үйл ажиллагаанаас бий болсон ашгаас өөрт оногдох хэсэг болох 3,723,100 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528,548 төгрөг, хариуцагчийн төлсөн 285,120 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 456,957 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА