| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2020/04842/И |
| Дугаар | 101/ШШ2021/00505 |
| Огноо | 2021-02-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2021/00505
2021 02 09 101/ШШ2021/00505
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: тоот, РД:, П.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, , РД:, МЭЕГт холбогдох,
2017 оны 05-р сарын 25-ны өдрөөс 2020 оны 08-р сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 31.680.555 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 10-р сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Б нь Мал эмнэлэг үржлийн газарт ерөнхий эпидемиологичоор ажиллаж байгаад 2017 оны 5-р сарын 25-ны Б/20 тушаалаар хууль бусаар ажлаас халагдаж, ажилд эргүүлэн томилох, цалин хөлс нөхөн олгох, эрүүл мэнд болон нийгмийн даатгал төлүүлэх нэхэмжлэх гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны ... шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн .... дугаар магадлал Монгол Улсын дээд шүүхийн 2018-05-31-ний өдрийн ... тоот хуралдааны тогтоолоор ажилд эргүүлэн тогтоох, цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
МЭЕГ нь дээрх шат, шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, МЭЕГ нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тавьж буй шаардлагыг үл хүндэтгэн харьяалах яам, газарт бүтцийн өөрчлөлт хийгдэж, орон тоо байхгүй болсон, энэ шалтгааныг үндэслэн ШГА-г дуусгавар болгож өгөх, Улсын бүртгэлийн ерөнхий газарт нэр өөрчлүүлэх бүртгэл хийлгүүлэх зэрэг миний биед хамааралгүй асуудлыг хөндөж, байгууллагаас байгууллага хооронд албан тоот илгээсээр 3 жилийг өнгөрүүлсөн. 2020-08-04-ний өдөр .. тоот тушаалыг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Т гаргаж намайг ажилд томилсоныг МЭЕГ-ын төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.А 2020-08-4-ний өдрийн 03/861-р мэдэгдлээр ажилд томилсон тухай МЭЕГ-ын тушаалын хуулбар хувийн хамт шуудангаар гэрийн хаягаар хүргүүлсэн. Ажилд томилсон тушаалын эх хувийг надад гардуулан өгөөгүй, миний бие нь ажилгүй байсан 2017 оны 5-р сарын 25-ны өдрөөс 2020 оны 08-р сарын 05-ны өдөр хүртэлх нийт ажлын хоногийн цалин 31.680.555 төгрөгийг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлагыг гаргасан. Улсын бүртгэлийн асуудлыг нотлох баримтыг ирүүлээгүй учир зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Мал эмнэлгийн ерөнхий газраас шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 2018-06-01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2018-07-04-ний өдөр агентлагийн даргаар Д.Т-ийг бүртгэсэн. Нэхэмжлэгч талын шаардлагын үндэслэл болсон ажилд томилсон шүүхийн шийдвэр нь Мал эмнэлэг, үржлийн газрын даргад холбогдох тул манай агентлаг шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага албадан биелүүлсэн. Мал эмнэлэг, үржлийн газар нь Засгийн газрын 2018-06-20-ны өдрийн 186 дугаар тогтоолоор татан буугдсан, орон тоо бүтцэд ажиллаж байсан албан хаагчид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд шилжсэн тул одоо нэхэмжлэгчийн цалин олговрыг хариуцах хуулийн үндэслэлгүй. Улсын бүртгэлийн лавлагаагаар нэг РД-тэй буруу бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019-04-05-ны өдрийн 8/2709 албан бичгээр нотлогдоно. Улсын бүртгэлд өөрчлүүлэх асуудлыг тавьсан байгаа. Энэ нэхэмжлэлийг П.Б гаргаагүй, итгэмжлэл олгогдсоноос хойш 1 жилийн дараа шүүхэд нэхэмжлэлийг гаргасан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч МЭЕГ-аас 2017 оны 05-р сарын 25-ны өдрөөс 2020 оны 08-р сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 31.680.555 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, Мал эмнэлэг, үржлийн газар нь Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 186 дугаар тогтоолоор татан буугдсан, орон тоо бүтцэд ажиллаж байсан албан хаагчид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд шилжсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ..... дүгээр шийдвэрээр эпидемиологичийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан /2017 оны 4-р сараас 2017 оны 11-р сар буюу 111 хоног/ хугацааны цалин 3.570.793 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018-01-08-ны өдрийн .... дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018-05-31-ний өдрийн ... дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх-ийн 7-19 тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар ажилтныг урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй.
Хариуцагч МЭЕГ нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн П.Б-г ажилд томилох тухай ... дүгээр тушаалаар нэхэмжлэгч П.Б-г Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын Тархвар зүйн төлөвлөлт, өвчний эрсдлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилсон болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан тушаалын хуулбараар тогтоогдож байна. /ХХ-ийн 5 тал/
Нэхэмжлэгч П.Б-г ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр биелэгдэж ажилд эгүүлэн тогтоосон 2020-08-04-ний өдөр хүртэл үргэлжлэх ба уг хугацаанаас хойш хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ гаргасан байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ... дүгээр шийдвэр гарснаас хойш буюу 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ажил, албан тушаалд томилогдох хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагч МЭЕГ нь нэхэмжлэгчид олгоогүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоосон өдрөөс эхлэн ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан үүрэг үүссэн байна.
Иймд шүүх нэхэмжлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 687 хоногийн ажилгүй байсан үеийн цалин 22.100.103 төгрөгийг хариуцагч “МЭЕГ”-аас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй, тус шүүхийн 2017-11-23-ны өдрийн шийдвэрээр 2017-11-23-ны өдрийг хүртэлхи хугацааны цалинг олгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 9.580.452 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх.
Хариуцагч Мал эмнэлэг, үржлийн газар нь “Засгийн газрын 2018-06-20-ны өдрийн 186 дугаар тогтоолоор татан буугдсан, орон тоо бүтцэд ажиллаж байсан албан хаагчид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд шилжсэн тул одоо нэхэмжлэгчийн цалин олговрыг хариуцах хуулийн үндэслэлгүй. Улсын бүртгэлийн лавлагаагаар нэг регистрийн дугаартай буруу бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019-04-05-ны өдрийн 8/2709 албан бичгээр нотлогдоно” гэж тайлбарлаж байгаа боловч өөрөөр холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хуульд зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Мал эмнэлгийн ерөнхий газраас 22.100.103 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Б-д олгож, нэхэмжлэлээс 9.580.452 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажил олгогч төлбөл зохих шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нэхэмжлэгч П.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийхийг МЭЕГ-т даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МЭЕГ-аас 268.450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Б-д олгосугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА