Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2021/00162

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2021        01          15                                    101/ШШ2021/00162         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.О-д холбогдох,

 

дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 734.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У,

Хариуцагч Г.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Х” СӨХ нь Монгол Улсын Иргэний хууль, Орон сууцны тухай хууль, сууц өмчлөгчдийн холбоо нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, 0-ийн А, Б, В, Г байрны оршин суугчдын хурлын тогтоолыг үндэслэн 2016 онд байгуулагдан өнөөдрийг хүртэл нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалтын ажил үйлчилгээг тогтвортой хариуцлагатай явуулахыг хичээн ажиллаж байна.

Монгол улсын сууц өмчлөгчдийн холбоо нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар орон сууц өмчлөгч иргэн нь дараах үүрэгтэй. Үүнд: 13.2.1-т “Иргэний хуулийн 148.2 болон энэ хууль, холбооны дүрмийг сахин биелүүлэх”,13.2.2-д “Бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх, 13.2.3.дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох, 13.2.6. “Сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч, ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэх”, 13.3.Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна.

Түүнчлэн Монгол улсын Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох” үүрэгтэй байна.

0 байрны харъялагдаж байсан “М” Сууц өмчлөгчдийн холбоо татан буугдаад манай Сууц өмчлөгчдийн холбоонд хүсэлт гаргаад 2019.05.01-ний өдөр шилжиж ирсэн, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлын талаар тооцоо нийлсэн акт байдаг боловч шүүхэд ирүүлээгүй болно. Уг байрны оршин суугч бүх айлууд гэрийнхээ үүдэнд хогоо гаргаж тавьдаг, үүнийг үйлчлэгч маань өглөөнөөс хойш бүтэн 2 цагийн турш гаргаж хаядаг. Уг байр шилжиж ирснээс хойш манай СӨХ лифт, хаалгыг бүгдийг сольж, засварласан.

Гэтэл 0 байрны 11 тоотод оршин суугч, өмчлөгч, иргэн Г.О нь 2017 оны 04 дүгээр сараас 2020 оны 09 дүгээр сар хүртэл нийт 734.400 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй бөгөөд сар бүр төлбөрийн нэхэмжлэл хүргүүлж, удаа дараа СӨХ-ны төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлөхгүй байна.

Энэхүү төлбөрийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Х” СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар 1,2 давхрын айл 19.500 төгрөг, 3-аас дээш давхрын айлууд 25.700 төгрөг байхаар тогтоон баталсан. Уг зардалд хог, цахилгаан шат ашигласны, засвар үйлчилгээний, гэрэлтүүлэг, сууц өмчлөгчдийн холбооны зардал багтдаг.

Гадаа машины зогсоолд тавьдаг автомашины эвдрэлийг Сууц өмчлөгчдийн холбоо хариуцахгүй, уг асуудлаар Цагдаагийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой юм. Халдвар хамгаалалын дэглэмтэй холбогдуулан 14 хоног тутам халдваргүйжүүлэлт, ариутгал хийж байгаа, уг ажилд хороо, өрхийн эмнэлгээс хяналт тавьж байгаа болно.

Иймд 2017 оны 04 сараас 2020 оны 09 сар хүртэл хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардал болох 734.400 төгрөгийг хариуцагч Г.О-с  гаргуулж нэхэмжлэгч “Х” Сууц Өмчлагчдийн Холбоонд олгохоор шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх дүүрэг, 0 дугаар хорооны 0 байр 2014 оны 01 сард ашиглалтад ороход амьдарч эхэлсэн. Барилгын компани нь Сууц Өмчлөгчдийн холбоог түр ажиллуулсан ба түүнээс хойш Сууц Өмчлөгчдийн холбоо хангалтгүй ажилласан учраас 2-3 удаа солигдож байсан.

Г.О миний бие 0 байрны 11 тоот орон сууцны өмчлөгч бөгөөд  2017 оны 03 сар хүртэл тэдгээр Сууц Өмчлөгчдийн холбооны төлбөрийг ямар ч чирэгдэлгүй төлж байсан.

Х хотхон маань М компанийн барилга бөгөөд АБВГ гэсэн 4 блокоос бүрддэг. А болон Б блок түрүүлж ашиглалтад орсон бөгөөд түрээслэгч нар ихэнхдээ амьдардаг гэсэн тайлбараар нилээд өнгө үзэмж алдсан байгаад их гомдолтой байдаг. Тэглээ гээд манай байрны оршин суугчид Сууц Өмчлөгчдийн холбооны төлбөрийг бусадтайгаа ижилхэн төлдөг.

Тус Сууц өмчлөгчдийн холбоо нь засвар, цэвэрлэгээ маш муу хийдэг. Эдгээр асуудлаас болж бидний үл хөдлөхийн үнэ В Г байрнаас доогуур байгаа бөгөөд нөгөө талаар үнэ цэнэ унаж байна.

2020 оны 01 сараас цар тахал гарч эхэлснээс өдийг хүртэл 2 удаа ариутгал хийж байна гэж тайлан тавьсан, үүнийг үнэхээр хангалтгүй гэж бодож байна. Манайх 2 давхарт байдаг бөгөөд 1 давхарт камертай. Гэтэл дээд давхрын хүмүүс гэрийнхээ хогийг барьж ирээд 2 давхарт тавьчихдаг. Энэ байдлыг нь байнга байрны болон Сууц өмчлөгчдийн холбооны группт тавьдаг.

Түрээсийн байранд амьдардаг хүмүүсийн ухамсаргүй байдал, камергүй давхар, оршин суугчид нь өөрсдөө заваан, үйлчлэгч өглөө ирээд өдөр явдаг учраас цэвэрлэх хүн байхгүй гэсэн шалтгаанаар энэ асуудал эзэнгүй үлддэг. Мөн гадна зогсоол дээр миний машиныг 2 удаа мөргөсөн байсан ба камерыг шүүж үзэхэд харагдахгүй, бүрсийсэн хар харагддаг. Автомашины засварын талаар Сууц өмчлөгчдийн холбооны захиралд албан ёсоор хандаж байгаагүй, машин засварлуулсан зардлаа СӨХ-ны мөнгөнөөс суутгаж тооцуулах хүсэлтэй байна.

Сууц өмчлөгчдийн холбооноос тогтоосон ашиглалтын зардал 19.500 төгрөг гэдэгтэй маргаан байхгүй.

Иймд цар тахлын улмаас орцонд ариутгал, цэвэрлэгээг байнга хийлгэх шаардлагатай гэж үзэж байгаа учир “Х” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагаас 367.200 төгрөгийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Г.О-д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 734.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0, 1 байрны оршин суугчдын хурлын тогтоол, өргөдөл холбогдох материалыг хянан үзээд “Х” Сууц өмчлөгчдийн холбоог 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, №253 дугаартай  гэрчилгээ олгосноос үзэхэд уг орон сууцны өмчлөгчид нэгдэн холбоог байгуулсан, ийнхүү байгуулагдсанаас хойш буюу тус сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолыг үндэслэн 0А,Б байруудыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэмж бүртгэсэн болох нь тогтоогдож байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийг Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 74А, 74Б, 74В, 74Г  дугаар байрны сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилготой гэж үзнэ.

/хх-ийн 4 тал/

 

Хариуцагч Г.О нь Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 байр, 11 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагаас засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хангалтгүй тул 367.200 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3, Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.4, 16.5-д тус тус зааснаас үзэхэд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ, уг зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд орон сууцны өмчлөгч нь тогтоосон хэмжээгээр оролцох, бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болохыг тодорхойлсон.

 

“Х” Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар тус Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан болохыг батлах, Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдэд сонгогдсон гишүүдийг баталгаажуулах, Сууц өмчлөгчдийн холбооны дүрмийг хэлэлцэн батлах, Сууц өмчлөгчдийн холбооны орлого зарлагын тооцоо ба үнэ тариф хэлэлцэн батлах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байх ба уг хурлын шийдвэрээр орон сууцны нэг өмчлөгчөөс нэг сард дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг 1, 2 давхрын айлаас 19.500 төгрөг, 3 давхраас дээш айлаас 25.700 төгрөг байх ба уг тарифийг мөн өдрөөс эхлэн дагаж мөрдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

/хх-ийн 6-15 тал/

 

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0Б байрыг Сууц өмчлөгчдийн холбоонд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэмж бүртгэсэн, үүнээс өмнөх хугацааны өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын талаар “М” сууц өмчлөгчдийн холбоотой тооцоо нийлсэн, энэ талаар баримт үйлдсэн, 11 тоот орон сууцны өмчлөгч 2017 оны 04 сараас 2020 оны 09 сар хүртэлх хугацааны зардал төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Х” Сууц өмчлөгчдийн холбоо нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 байрыг өөрийн холбоонд нэмж бүртгэснээр мөн өдрөөс эхлэн тус байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0Б байрыг тус холбоонд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэмж бүртгэхдээ үүнээс өмнөх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлын талаар өмнө үйл ажиллагаа явуулж байсан Сууц өмчлөгчдийн холбоотой тооцоо нийлж баримт үйлдсэн гэж тайлбарласан боловч ийнхүү тооцоо нийлсэнтэй  холбоотой баримтаа шүүхэд ирүүлсэнгүй.  

 

Үүнээс үзэхэд “Х” Сууц өмчлөгчдийн холбоо нь дээрх 0Б байрны 11 тоот орон сууцыг 2017 оны 04 сараас хойш өөрийн холбоонд нэмж бүртгэсэн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг төлөх үүргээ биелүүлээгүй гэдгийг баримтаар нотолсонгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2017 оны 04 сараас 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ холбоотой зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.

 

Хариуцагч Г.О нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг 1,2 давхрын айл нэг сард 19.500 төгрөг гэж тогтоосон хэмжээний талаар маргаагүй бөгөөд Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0Б байрыг “Х” Сууц өмчлөгчдийн холбоонд нэмж бүртгэгдсэн 2019.05.01-ний өдрөөс 2020 оны 09 сар хүртэлх 17 сарын хугацааны зардал нь /17сар х 19.500төгрөг=331.500төгрөг/ 331.500 төгрөг болохоор байх боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 367.200 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

 

Иймд хариуцагч Г.О-с 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сар хүртэлх 17 сарын хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд түүний зөвшөөрч буй 367.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  367.200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Г.О-с дундын өмчлөлийн зүйлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардалд 367.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 367.200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.О-с  улсын тэмдэгтийн хураамжид 11.666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” СӨХ-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22.176 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ