Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00552

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00552

 

 

Х-13 СӨХны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/00162 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х-13 СӨХны хариуцагч Г.Од холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардал 734 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Х 13 СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 74Б байрны харъяалагдаж байсан Мөнххаан Сууц өмчлөгчдийн холбоо татан буугдаад манай Сууц өмчлөгчдийн холбоонд хүсэлт гаргаад 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шилжиж ирсэн, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлын талаар тооцоо нийлсэн акт байдаг боловч шүүхэд ирүүлээгүй. Уг байр шилжиж ирснээс хойш манай СӨХ лифт, хаалгыг бүгдийг сольж, засварласан. Гэтэл 74Б байрны 11 тоотод оршин суугч Г.О нь 2017 оны 04 дүгээр сараас 2020 оны 09 дүгээр сар хүртэл нийт 734 400 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй бөгөөд сар бүр төлбөрийн нэхэмжлэл хүргүүлж, удаа дараа СӨХ-ны төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлөхгүй байна. Энэхүү төлбөрийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Х 13 СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар 1,2 давхрын айл 19 500 төгрөг, 3-аас дээш давхрын айлууд 25 700 төгрөг байхаар тогтоон баталсан. Уг зардалд хог, цахилгаан шат ашигласны, засвар үйлчилгээний, гэрэлтүүлэг, сууц өмчлөгчдийн холбооны зардал багтдаг. Гадаа машины зогсоолд тавьдаг автомашины эвдрэлийг Сууц өмчлөгчдийн холбоо хариуцахгүй, уг асуудлаар Цагдаагийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой юм. Халдвар хамгаалалын дэглэмтэй холбогдуулан 14 хоног тутам халдваргүйжүүлэлт, ариутгал хийж байгаа, уг ажилд хороо, өрхийн эмнэлгээс хяналт тавьж байгаа. Иймд 2017 оны 04 сараас 2020 оны 09 сар хүртэл хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардал болох 734 400 төгрөгийг хариуцагч Г.Оэс гаргуулж нэхэмжлэгч Х 13 Сууц Өмчлагчдийн Холбоонд олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хорооны 74Б байр 2014 оны 01 сард ашиглалтад ороход амьдарч эхэлсэн. Барилгын компани нь Сууц Өмчлөгчдийн холбоог түр ажиллуулсан ба түүнээс хойш Сууц Өмчлөгчдийн холбоо хангалтгүй ажилласан учраас 2-3 удаа солигдож байсан. Миний бие 74 Б байрны 11 тоот орон сууцны өмчлөгч бөгөөд 2017 оны 03 сар хүртэл тэдгээр Сууц Өмчлөгчдийн холбооны төлбөрийг ямар ч чирэгдэлгүй төлж байсан. Хь 13 хотхон маань Маск пропертиз компанийн барилга бөгөөд АБВГ гэсэн 4 блокоос бүрддэг. А болон Б блок түрүүлж ашиглалтад орсон бөгөөд түрээслэгч нар ихэнхдээ амьдардаг гэсэн тайлбараар нилээд өнгө үзэмж алдсан байгаад их гомдолтой байдаг. Тэглээ гээд манай байрны оршин суугчид сууц Өмчлөгчдийн холбооны төлбөрийг бусадтайгаа ижилхэн төлдөг. Тус сууц өмчлөгчдийн холбоо нь засвар, цэвэрлэгээ маш муу хийдэг. Эдгээр асуудлаас болж бидний үл хөдлөхийн үнэ В Г байрнаас доогуур байгаа бөгөөд нөгөө талаар үнэ цэнэ унаж байна. 2020 оны 01 сараас цар тахал гарч эхэлснээс өдийг хүртэл 2 удаа ариутгал хийж байна гэж тайлан тавьсан, үүнийг үнэхээр хангалтгүй гэж бодож байна. Манайх 2 давхарт байдаг бөгөөд 1 давхарт камертай. Гэтэл дээд давхрын хүмүүс гэрийнхээ хогийг барьж ирээд 2 давхарт тавьчихдаг. Энэ байдлыг нь байнга байрны болон Сууц өмчлөгчдийн холбооны группт мэдэгддэг. Түрээсийн байранд амьдардаг хүмүүсийн ухамсаргүй байдал, камергүй давхар, оршин суугчид нь өөрсдөө заваан, үйлчлэгч өглөө ирээд өдөр явдаг учраас цэвэрлэх хүн байхгүй гэсэн шалтгаанаар энэ асуудал эзэнгүй үлддэг. Мөн гадна зогсоол дээр миний машиныг 2 удаа мөргөсөн байсан ба камерыг шүүж үзэхэд харагдахгүй, бүрсийсэн хар харагддаг. Автомашины засварын талаар Сууц өмчлөгчдийн холбооны захиралд албан ёсоор хандаж байгаагүй, машин засварлуулсан зардлаа СӨХ-ны мөнгөнөөс суутгаж тооцуулах хүсэлтэй байна. Сууц өмчлөгчдийн холбооноос тогтоосон ашиглалтын зардал 19 500 төгрөг гэдэгтэй маргаан байхгүй. Иймд цар тахлын улмаас орцонд ариутгал, цэвэрлэгээг байнга хийлгэх шаардлагатай гэж үзэж байгаа учир Хь 13 Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагаас 367 200 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Г.Оэс дундын өмчлөлийн зүйлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардалд 367 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хь 13 Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 367 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Оэс улсын тэмдэгтийн хураамжид 11 666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х 13 СӨХ-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22 176 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэгт авагдсан нягтлангийн тооцооноос харахад хариуцагч нь 2017 оны 4 сараас төлбөрөө төлөөгүй болох нь харагдаж байгаа. Мөн хариуцагч өөрөө ч төлбөрөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд харин байрны гадаа нийтийн зогсоолд тавьсан байсан машиныг нь хэн нэгэн шүргэсэний хохирлыг СӨХ-ноос шаардаж, коридор муу цэвэрлэдэг учраас СӨХ-ны төлбөрийн талыг хасуулья гэж шүүх хуралдаанд хэлсэн. Үүнээс харахад Г.О өөрөө 2017 оны 4 сараас төлөөгүйгээ хүлээн зөвшөөрсөн байхад шүүх төлбөрөөс 367 200 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иймд шүүхийн шийдвэрийг өөрчилж Г.Оэс 734 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Х-13 СӨХ /цаашид СӨХ гэх/ нь хариуцагч Г.Од холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 734 400 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Х 13 СӨХ нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн бүх гишүүдийн хурлыг хийж, СӨХ-ны тогтмол төлбөр 1,2 давхарын айлаас 19 500 төгрөг, 3 давхараас дээш айлаас 25 700 төгрөг, гэж тогтоосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасанд нийцжээ. /хх.6-15/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Х 13 СӨХ-г 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолоор Х 13 СӨХ-ны өдөр гүйцэтгэх захирлаар Б.Дамбадоржийг томилсон, СӨХ-ны удирдах зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор 74 А, Б байруудыг нэмж бүртгэсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх.4/

 

Хариуцагч Г.О нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 74 Б байрны 11 тоотод / 2 дугаар давхарт/ оршин суудаг, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн байх тул Иргэний хуулийн Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар Х 13 СӨХ-ны гишүүн нь мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 5 дугаар сараас өмнөх хугацааны ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэн, 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэл хугацааны төлбөрт нийт 367 200 төгрөгийг хариуцагч Г.Оэс гаргуулан нэхэмжлэгч Х 13 СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 367 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзэв. Учир нь нэхэмжлэгч Х 13 СӨХ нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 74Б байрыг СӨХ-нд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэмж бүртгэсэн бөгөөд үүнээс өмнө хугацааны буюу 2017 оны 4 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны зардлыг Мөнххаан СӨХ-ноос өмчлөгчтэй холбоотой тооцоо нийлсэн гэж тайлбарласан боловч, уг тайлбараа нотлоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл, Х 13 СӨХ нь тухайн хугацааны 367 200 төгрөгийн зардлыг нэхэмжлэх эрхтэй эсэх нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж, тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/00162 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 666 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Б.НАРМАНДАХ