Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01056

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01056

 

 

Дээжийн өргөө ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/02137 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2146 дугаар магадлалтай,

 

Дээжийн өргөө ХХК-ийн нэхэмжлэлтэй

Наскон мийт ХХК-д холбогдох

 

120,546,481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогнямын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дашдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Дээжийн өргөө ХХК нь хариуцагч Наскон мийт ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 43,343.49 ам.доллар буюу 120,546,481 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/02137 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Наскон мийт ХХК-аас 120,546,418 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дээжийн өргөө ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 757,950 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 2735 төгрөг, нийт 760,682 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Наскон мийт ХХК-аас 760,682 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Дээжийн өргөө ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2146 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/02137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 760,685 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогням хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.16-ны өдрийн 2146 дугаар магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж заасан, мөн хуулийн 172.2.2 дахь хэсэгт шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж заасан үндэслэл үүссэн гэж үзэж байна.

4.1.1.Анхан шатны шүүх хурал 2020.08.25-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон бөгөөд тус шүүх хуралдаанд очиж байгаа тухайгаа Б.Ууганбаяр шүүгчийн туслах Б.Мишээлийн 91061122 дугаар rap утсанд холбогдож мэдэгдсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн 2002.07.24-ний өдрийн 263 дугаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэдэгт шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдсэн ч хүрэлцэн ирэх боломжтой хугацааг харгалзалгүй, шүүх хуралдаанд ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантайг мэдэгдсээр байхад шүүх хуралдааныг хойшлуулах асуудлыг авч хэлэлцээгүй зэрэг тохиолдол хамаарна гэж тайлбарласан байдаг. Тодруулбал итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, хүрэлцэн ирэх боломжтой хугацааг харгалзаагүй бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хариуцагч нь давж заалдах гомдолдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

4.1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дах хэсэгт шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл бүрдсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, мөн хуулийн 25.1.5-т шүүх хуралдааны бусад оролцогчдод асуулт тавих зэрэг эрхүүдийг эдлээгүй буюу энэ эрхээ эдлэх бололцоогоор анхан шатны шүүх хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар олгогдсон эсрэг талын шаардлага тайлбар, татгалзал, тэдгээрт тайлбар өгөх эрхийг хангаагүй байгаа нь хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж заасныг зөрчсөн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан 72.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг гардан авсан үеэс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай илэрхийлж байсан. Мөн хариу тайлбараа бичгээр 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өгсөн бөгөөд хариу тайлбартаа нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөөгүй байгаа үндэслэлийн талаар шүүх хуралдаан дээр тайлбар хийх болно. гэж шүүхэд ирүүлсэн. Анхан шатны шүүх хариуцагчийг хариу тайлбараа 14 хоногийн дотор ирүүлэх үүргээ биелүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь заалтад Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр хариу тайлбараа 14 хоногийн дотор ирүүлээгүй бол нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзэж байгаа нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй байна.

4.2 Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогнямын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч Дээжийн өргөө ХХК нь хариуцагч Наскон мийт ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний төлбөр, алданги 43,343.36 ам.доллар буюу 120,546,481 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагаа дэмжиж ... хариуцагчийн шаардлагын дагуу хонь цуглуулж, махыг хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан байдлаар бэлтгэн нийлүүлсэн боловч 2020.03.26-ны өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулаагүй байна гэж тайлбарласан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрнө гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар гаргаагүй, нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ тодорхойлоогүй байна.

 

7. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэн хариуцагчаас 120,546,481 төгрөгийг гаргуулан шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээж шийдсэн байна.

 

8. Нэхэмжлэгч Дээжийн өргөө ХХК нь хариуцагч Наскон мийт ХХК-аас 43,343.36 ам.доллар гаргуулахаар шаардахдаа 2019 оны гэрээний үлдэгдэл 10,638.13 ам.доллар, 2020 оны гэрээний үлдэгдэл 28,155.36 ам.доллар нэхэмжилсэн байна. Хоёр шатны шүүх худалдагч тал болох Дээжийн өргөө ХХК нь 2019 онд нийт 20,031.3 кг махыг, 2020 онд нийт 19,163.34 кг махыг худалдан авагч Наскон мийт ХХК-д тус тус бэлтгэн нийлүүлсэн, хариуцагч Наскон мийт ХХК нь хүлээн авсан махны үнийг бүрэн төлж барагдуулаагүй гэх үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоон, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хуульд нийцүүлэн дүгнэсэн байна.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогням хяналтын журмаар гаргасан гомдолдоо ... хариу тайлбараа 2020.06.26-ны өдөр өгсөн, ... тайлбартаа нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүх хуралдаанд дээр тайлбар хийх болно гэдгээ илэрхийлсэн, [гэтэл]... анхан шатны шүүхийн шийдвэрт ...тайлбараа 14 хоногийн дотор ирүүлээгүй бол нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ. ... шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж дурджээ.

 

10. Анхан шатны шүүх хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан баримт болон тооцооллыг үгүйсгэх үндэслэлгүй гэж дүгнэсэн байх ба давж заалдах шатны шүүх энэ асуудлыг тухайлан хянаж ... хариуцагчийн төлөөлөгч 2020.05.27-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг 2020.08.10-ны өдөр тайлбарласан [байх тул] хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох боломжит хугацааг шүүх олгосон гэж үзнэ гэх дүгнэлт өгсөн нь хуульд нийцжээ.

 

11. Анхан шатны шүүх шийдвэртээ ... түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... гэх заалтыг эш татан дурдсан байх боловч энэ заалт дахь урьдчилсан нөхцөлийг шүүх хэргийг зохигчийн эзгүйд хуралдааныг үргэлжлүүлэх үндэслэл болгон хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий тохиолдолд шүүх хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэрэг маргааныг шийдвэрлээгүй, хэрэгт авагдсан баримтыг үнэлж, талуудын зарчимд тулгуурлан хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

12. Шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн бөгөөд энэ талаар хэргийн оролцогч маргаагүй байна. Хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн оролцох эрх, үүргийг тайлбарлан, эрх, үүргээ ойлгон хэрэгжүүлэх боломжийг талуудад тэгш олгосон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогнямын хяналтын журмаар гаргасан ... шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.    Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/02137 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2146 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогнямын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасны дагуу хариуцагчаас 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.