Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 123/ШШ2022/0001

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Мөнгөнморьт сумын иргэн Б.Б,

Хариуцагч: ТАМСИТХ,

Гуравдагч этгээд: Мөнгөнморьт сумын иргэн Э.Э,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай "Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай", 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай "Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай тогтоолуудыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож, Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагч, гуравдагч этгээд Э.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, гэрч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны иргэдийн төлөөлөгчийг сонгох ээлжит орон нутгийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшин оролцож, Мөнгөнморьт сумын Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Ээлжит сонгуулийн дараа Мөнгөнморьт сумын ИТХ 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаж уг хурлын 07 дугаар тогтоолоор миний бие тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон. Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тавдугаар хуралдааныг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагт хуралдуулахаар шийдвэрлэж тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 06 сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолоор хурлын тов, хэлэлцэх асуудлыг тогтоосон. Уг тогтоолын дагуу Сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний хагас жилийн хэрэгжилтийг дүгнэх, Сумын 2021 оны Хөгжлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтийг дүгнэх тухай асуудлуудыг тус тус хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэрүүлэгчдийн 2021 оны 07 сарын 07-ны өдрийн 32-р Хуралдаанаар хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулах тухай тогтоолоор тавдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дараах байдлаар өөрчилсан. Үүнд Сумын 2021 оны Хөгжлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтийг дүгнэх тухай Нэрэмжит шагнал бий болгох тухай Сумын газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай. Ингээд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит тавдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүнийг удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт Хурлын хуралдааныг товлон зарлах, тууний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах хэлэлцэх гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид эцэслэн тогтоосон. Гэвч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүнийг удирдлагын тухай хуулийг ноцтой зөрчиж дээр дурьдсан тэргүүлэгчдийн тогтоолын дагуу тогтоосон хэлэлцэх асуудлын дараалалд огт тусгагдаагүй Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай асуудлыг улс төрийн зорилгоор тавдугаар хуралд оруулж, шийдвэрлүүлсэн. Үүний дагуу Төв аймгийн Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай "Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөпөх тухай", мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай тогтоолуудыг тус хурлаас гаргасан. Уг шийдвэрүүд тогтоол хэлбэрээр бичгээр 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр бичгээр албажсан байсныг гардаж авсан Иргэдийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалыг эрхэлж байсан Б.Б намайг чөлөөлөх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байсан. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн тавдугаар хурлын хэлэлцэх асуудалд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Б миний ажлын тайланг хэлэлцэх нь багтаагүй байсан тул тайланг бэлтгэх, түүнийг хэлэлцүүлэх боломж байгаагүй. Мөн надад итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцсэн эсэх нь ч ойлгомжгүй байна. ...Тухайн үеийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын санал хураалтаар хуралд оролцсон 18 хүнээс 11 хүн итгэл үзүүлэхгүй гэдэг санал гаргасан. Хурлаас завсарлага авч Намын бүлэг дээр Хурлын даргад нэр дэвшүүлэх асуудал ярьсан. Би Э.Эын нэрийг нам дотроо дэвшүүлсэн. Хувь хүний үгнээс болж ажлаас маань огцруулсанд сүүлд нь өөртөө дүгнэлт хийгээд би гүтгүүлж, доромжлуулж ажилгүй байж болохгүй юм байна. Хууль журмын дагуу нэхэмжлэл гаргах нь зүйтэй юм байна гэж бодсон. Би үүрэг хариуцлага алдаж үзээгүй. Ажлаас халагдсан маань амьдралд маань үр дагавар нь хэцүү байна. Төв аймгийн Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 04 дугаартай "Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай", 05 дугаартай "Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай тогтоолуудыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож, Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд Б.Б намайг эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүл өгнө үү гэжээ.

Хариуцагч, гуравдагч этгээд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Э шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдаан 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 85,7 хувийн ирцтэйгээр зохион байгуулагдсан. Уг хуралдаанаар 3 асуудал хэлэлцэх ёстой байсан боловч Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.1 дэх заалт Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй, Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрмийн 9.2 дахь заалт Төлөөлөгч дангаараа болон нэгдэж хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах санал оруулах эрхтэй зэрэг зүйл заалтуудын хүрээнд Ардчилсан намын бүлгээс буюу Төлөөлөгчөөс Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх талаар санал гарч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нарын олонхи нь дэмжиж энэхүү асуудал хуралдаанд хэлэлцэх асуудлууд дээр нэмж оруулан хэлэлцэн шийдвэрлэгдсэн. Энэхүү хуралдаанаас гарсан тогтоолууд нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25.1 дэх заалт Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална, 25.2 дахь заалт Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна гэж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 1.5 дахь заалт Хэлэлцэж байгаа асуудлыг хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэнэ зэрэг заалтуудыг хангаж байгаа тул уг тогтоолууд хүчин төгөлдөр гэж үзэж байна. Би 2020 оны 10 сарын орон нутгийн сонгуулиар Монгол Ардын намаас сонгогдож сумын Иргэдийн Төлөөлөгч болсон. Манай хурлын дарга байсан Б.Б намайг нэр дэвшүүлж олонхын саналаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болсон гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл анхнаасаа тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 04, 05 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулах гэж байна. Өөрөөр хэлбэл 04, 05 дугаар тогтоолуудын хууль зүйн үндэслэл нь юу байсан бэ гэдэг талаар шаардлага үндэслэл нь тодорхой байх ёстой. Нэг тогтоол Хурлын даргыг чөлөөлсөн тогтоол, нөгөө тогтоол нь Хурлын даргыг томилсон тогтоол байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь ойлгомжгүй байгаа учраас шийдвэрлэх боломжгүй. ИТХдаан, Тэргүүлэгчдийн хуралдаан гээд хоёр өөр зүйл. ИТХдаан нь нэмж асуудал батлуулсан гэж хэлж байна. Энэ нь өөрөө ИТХд олгосон онцгой бүрэн эрхийн асуудал Захиргааны ерөнхий хуулиар нутгийн өөрөө удирдах байгууллагыг захиргааны байгууллага гэж тодорхойлсон боловч захиргааны нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргаж буй ямар шийдвэр нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан юм бэ, захиргааны хэргийн шүүхээр тогтоох ёстой захиргааны акт юм уу гэдгийг тодорхойлох ёстой. Сумын Хурлын зохион байгуулалттай холбоотой асуудал нь Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхийн асуудал, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан. Улс төрийн зорилготой асуудал гэж хэлж байна. Улс төрийн асуудлыг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх асуудал биш. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дээр ч байгаа. Дээрээс нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг заасан. Хурлын төлөөлөгч нь 12.1.3-т зааснаар Хуралд тодорхой асуудлыг дэвшүүлэхээр санаачлах, санал оруулах эрхтэй. Өөрөөр хэлбэл Хурлын даргад итгэл үзүүлэх эс үзүүлэх тал дээр Хурлын төлөөлөгч хурлын хуралдаан дээр оруулж ирсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагддаг. Хоёрдугаарт Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд сум дүүргийн төлөөлөгчдийн онцгой бүрэн эрхийг заасан. Хууль зүйн хувьд бүрэн эрх, онцгой бүрэн эрх нь тухайн хуралд нь байдаг. 18.1.1 б-д Хурлын төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын онцгой бүрэн эрхийн асуудал байна. Энэ нь улсын төрийн асуудал. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйл дээр хурлын хуралдаан гэсэн. Тухайн хуралдаан дээр төлөөлөгчдийн олонх нь ирсэн бол хурлын хуралдаан хүчинтэй. Хурлын 04, 05 дугаар тогтоолыг батлан гаргахад хурлын төлөөлөгч нарын олонх нь ирээд олонхоороо асуудлыг шийдвэрлэсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагдана. Хурлын тогтоол хүчин төгөлдөр байна. Мөн хуулийн 24 дүгээр зүйлд хуралд асуудал оруулах эрхтэй. 24.1 Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй. Мөн хуулийн 25 дугаар зүйлд хурлын тогтоол олонхын саналаар баталгаажна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 04, 05 гээд хоёр тогтоол дээр маргаж байна. 04 тогтоол нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх магадлалтай байж харагдах боловч 05 дугаар тогтоол нь өөр тогтоол байгаа. 04 гэсэн тогтоолоор сумын ИТХ даргагүй болсон, хурлын даргын зайлшгүй сонгох ёстой. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн олонхын саналаар намын бүлгээс Э.Э гэдэг хүнийг нэр дэвшүүлээд хуралдаан дээр намын бүлгээс нэр дэвшүүлсэн хүнийг өргөн мэдүүлээд олонхын саналаар Э.Э гэдэг хүнийг хурлын даргаар сонгосон. Нэхэмжлэгч Б.Б өөрөө Э.Эын нэрийг Хурлын даргад нэр дэвшүүлсэн. Энэ нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчигдөж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага дээр тодорхойгүй байна. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхийн асуудал байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч үндэслэл шаардлага тодорхойгүй байна. Шууд Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үү үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна гэжээ.

Гэрч Ц.Оюунтүлхүүр шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Тэргүүлэгчид 06 сарын 25-ны өдөр хурлын тов, хэлэлцэх асуудлыг тогтсон. Хурлын албан ёсны чат группт тавьсан, тэндээс харсан нь лайк дарж, хараагүй хүмүүст нь утсаар мэдэгдсэн. Тэргүүлэгчдийн тогтоол 7 сарын 7-ны өдөр гарч зарим нэг асуудлыг нь хассан, тогтоол баталгаажсанаас хойш цахимаар төлөөлөгчдөд материал тараасан, албан ёсоор тийм тийм асуудал хэлэлцэнэ гэсэн мэдэгдэлтэй нь гардуулдаг. Өөрөө тараагаад өгдөг учраас баримт байхгүй байна. Хурлын даргыг чөлөөлөх асуудлаар өргөдөл санал хүсэлт бичиг ирээгүй. Төлөөлөгчдийн хуралдаан дээр санал гаргасан... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт ...асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна, 2-т Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно гэж, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно: 5.1.5. нутгийн өөрөө удирдах байгууллага ... гэж, 93 дугаар зүйлийн 93.1-д Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад...гаргана., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.4.Дээд шатны захиргааны байгууллага... байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана., 15 дугаар зүйлийн 15.1-т Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана., 16 дугаар зүйлийн 16.1-т Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ хуульд заасны дагуу захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ. гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад заасан Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 04, 05 дугаар тогтоол-д холбогдох маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан бөгөөд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэх маргаан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д энэ хууль дараахь харилцаанд үйлчлэхгүй: 3.1.7.Монгол Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан шийдвэр гэж заасан бөгөөд хуулийн энэ зохицуулалтыг хууль тогтоогчоос Улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гэдэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас гаргасан төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлсон шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор, Улсын Их Хурлын тухайн шийдвэрээс салгаж болохгүй Засгийн газрын шийдвэрийг ойлгоно. хэмээн тайлбарлажээ. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Нутгийн өөрөө удирдах байгууллага нь дараахь тогтолцоотой байна: 9.1.2. сум, дүүргийн ИТХ гэж заасан тул хариуцагч байгууллагын шийдвэрийг улс төрийн шийдвэр гэж үзэх боломжгүй байх ба хариуцагч, түүний өмгөөлөгч нарын сумын Хурлын зохион байгуулалттай холбоотой асуудал нь Хурлын онцгой бүрэн эрхийн асуудал, улс төрийн зорилготой шийдвэр, улс төрийн асуудлыг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхгүй гэх тайлбаруудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, гэрч нарын тайлбар, мэдүүлэг, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай 04 дүгээр тогтоол, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай 05 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах, Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, холбогдох шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Маргаан бүхий захиргааны акт Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн хуралдааны 04 дүгээр тогтоолоор Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж бодлогын түвшинд шийдвэр гаргаж чадахгүй байгаа гэсэн үндэслэлээр Б.Быг Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас чөлөөлж, тухайн хуралдааны 05 дугаар тогтоолоор Э.Эыг Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгон баталжээ.

2. Мөнгөнморьт сумын ИТХ 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг-ийг баталж, уг дүрмийн 2-р зүйлийн 1-т Хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө...-г сумын ИТХ-ын Тэргүүлэгчид урьдчилан боловсруулж, Төлөөлөгчдөд хүргүүлсэн байна. 4-т Хуралдаанд төлөөлөгч дангаараа буюу хамтран асуудал хэлэлцүүлэхээр санаачилбал уг асуудлын талаар тодорхой судалгаа, тооцоо...хууль зүйн үндэслэлийг бүрэн хангасан төслийг Хурлын даргад Тэргүүлэгчдийн хуралдаан болохоос 15 хоногийн өмнө мэдүүлж,... Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, Хурлын хороогоор дүгнэлт гаргуулан Хуралдаанд оруулна. Энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулахгүй гэж заасан байна.

3. Нэхэмжлэгч нь Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолоор тус Хурлын даргаар сонгогдон ажиллаж байжээ.

4.Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 06 сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолоор тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдааныг 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 10 цагт хуралдуулахаар товлож, тухайн хуралдаанаар 1. Сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний хагас жилийн хэрэгжилтийг дүгнэх, 2. Сумын 2021 оны Хөгжлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтийг дүгнэх асуудлуудыг хэлэлцэхээр тогтоосон. Үүний дараа тус Хурлын Тэрүүлэгчдийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаар тогтоолоор хуралдаанаар хэлэлцэх асуудлыг өөрчилж, 1.Сумын 2021 оны Хөгжлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтийг дүгнэх, 2.Нэрэмжит шагнал бий болгох, 3.Сумын газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр тогтоосон. Эдгээр төлөвлөгөөнд Хурлын даргын ажлын тайланг хэлэлцэх, түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай хэлэлцэхээр төлөвлөөгүй байна.

5. Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 5-р хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр товлосон цагт эхэлж, тус Хурлын дарга хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмыг танилцуулсны дараа Хурлын төлөөлөгч С.Наранцэцэгээс Хурлын даргын ажлын тайланг сонсох санал гаргаж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Хурлын даргын ажлын тайланг хаалттай хэлэлцэх асуудлыг нэмж хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Тухайн хуралдаан хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлыг хэлэлцсэний дараа Хурлын даргын ажлын тайланг сонсож, Хурлын төлөөлөгч С.Наранцэцэгээс Хурал дахь Ардчилсан намын бүлгийн албан тоотыг танилцуулсан бөгөөд Хурлын төлөөлөгчид Хурлын даргад түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалт явуулан, Б.Быг Хурлын даргын албан тушаалаас чөлөөлж, Э.Эыг тус Хурлын даргаар сонгон баталгаажуулсан нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Хариуцагч байгууллага нь тухайн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөгүй асуудлыг, тодруулбал тус сумын Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөгүй Хурлын даргын ажлын тайланг сонсох, түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх, Хурлын даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оролцуулах эрхтэй, 24.3-т энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж, мөн Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар тогтоолоор баталсан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг-ийн 2, 4-т тус тус заасныг зөрчсөн байна. Иймээс хуулиар болон Хурлын дэгээр тогтоосон тухайн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөгүй асуудлыг хэлэлцэж баталсан хариуцагчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай тогтоолыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ...олонхын саналаар батална гэж заасанд нийцэхгүй, хууль бус гэж дүгнэлээ.

Үүнээс гадна тухайн хуралдааны тэмдэглэлд ...С.Наранцэцэг төлөөлөгч Хурлын ажлын албаны мэдээллийг сонслоо. Төлөвлөгөөний дагуу хэвийн явагдсан байна... хэмээн тэмдэглэснээс үзвэл нэхэмжлэгчийг эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж бодлогын түвшинд шийдвэр гаргаж чадахгүй байгаа гэсэн үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-т тус тус заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчимд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Быг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй байхад хуулиар болон Хурлын дэгээр тогтоосон журмыг зөрчин түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхол зөрчигдсөн байх тул Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгон Б.Быг Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хурал, Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас иргэд байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Төрийн албыг доор дурдсанаар ангилна: 6.1.1.төрийн улс төрийн алба, 4 дүгээр зүйлийн 4.1-д Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө, 4.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна. гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж, 69 дүгээр зүйлийн 69.1-т ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор... олгоно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.Бд 2021 оны 07 дугаар сарын 10-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон олгож, түүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Дээрх нөхцөл байдлууд, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 5-р хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Хурлын даргыг сонгох асуудал төлөвлөгдөөгүй нь тогтоогдож байх тул Э.Эыг Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож баталгаажуулсан хариуцагчийн шийдвэр Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т заасныг зөрчсөн, Хурлын төлөөлөгчөөс хуралдаанаар хэлэлцүүлэхээр санаачилсан асуудлыг Тэргүүлэгчдийн тогтоолоор урьдчилан батлаагүй бөгөөд хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд танилцуулаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлсэн нь хууль бус байна. Иймд Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай 04 дүгээр тогтоол, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, Б.Быг Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Б.Бы ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг тооцон олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН