Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2022/0197

 

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2022/0197

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

                    Б.Бы нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд Э.Э,

Нэхэмжлэгч: Б.Б,

Хариуцагч: Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Гуравдагч этгээд: Э.Э,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай”, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” тогтоолуудыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож, Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх”,  

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н-Э, хариуцагчийн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд Э.Э, түүний өмгөөлөгч Б.Б нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 123/2021/0029/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай”, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” тогтоолуудыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож, Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай” 04 дүгээр тогтоол, мөн өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, Б.Быг Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Б.Бы ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг тооцон олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгаж,

2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж Б.Бд олгож,

3 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж Б.Бд олгож

4 дэх заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд гуравдагч этгээд Э.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй тодруулбал, нэхэмжлэгч Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 04 дүгээр “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлсөн” тогтоол нь түүний ямар эрх ашгийг зөрчсөн талаар нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлдээ тодорхой тусгаагүй, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс хэдэн төгрөг гаргуулан шийдвэрлүүлэх гэж байгаа нь тодорхойгүй, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага нь тодорхойгүй, түүнийгээ шүүхэд тайлбарлаж чадаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр эргэлзээтэй байна.

3.2. Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаар “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” тогтоол нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл нэгэнт 04 дугаартай тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлсөн байхад Монгол Улсын Үндсэн хууль, болон нутгийн удирдлагын тухай хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвийн үйл ажиллагааг ханган явуулах зорилгоор хуульд заасан болзол журмын дагуу шинээр хурлын даргыг сонгосон. Иймд Хурлын даргыг сонгож байгаа процесс нь хууль зөрчөөгүй бөгөөд захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх удаа дараа хүчингүй болгож байсан үндэслэлд тодорхой заагдсан.

3.3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2022.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн/-ийн 28 дугаар зүйлд “нутаг дэвсгэрийнхээ нийгэм, эдийн засгийн асуудлыг бие даан шийдвэрлэх эрх, бодит чадвар байхыг” нутгийн өөрөө удирдах ёс хэмээн тодорхойлсон. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт “Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах” эрх нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдсон бүрэн эрх байна.

3.4. Шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4-т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой ...” мөн хэсгийн 2-т “хэлэлцэх асуудлыг тооцоо судалгаанд үндэслэн 15 хоногийн өмнө мэдүүлж тэргүүлэгчдээр оруулна” гэх хүчингүй болсон хуулийн заалтыг дурдаж шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна. Нөгөөтэйгүүр шүүхээс Э.Эыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзээд гуравдагч этгээдээр татсан бөгөөд түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа шийдвэртээ тусгаагүй, мөн хууль хэрэглээний хувьд хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн аль алиных нь хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

3.5. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн цалин хөлсийг гаргуулан шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль зэрэг энэ цаг мөчид хүчингүй болсон эрх зүйн хэм хэмжээний актуудыг үндэслэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

3.6. Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Хариуцагч болон гуравдагч этгээд давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд биечлэн оролцож гомдлын үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарлана.” гэжээ.

4. Нэхэмжлэгч гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Бы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, бичиглэлийн алдаа гаргасан байх тул зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

3. Шүүх Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд гуравдагч этгээд Э.Эын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч Б.Б нь “Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай”, мөн өдрийн 05 дугаартай “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” тогтоолуудыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож, Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, 04 дүгээр тогтоолоор Б.Быг Хурлын даргын албан тушаалаас чөлөөлж, 05 дугаар тогтоолоор Э.Эыг томилсон байна.

           3.2. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл Б.Б нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолоор тус Хурлын даргаар сонгогдсон, тус Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолоор тус сумын Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдааныг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагт хуралдуулахаар товлож, тус хуралдаанаар “сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон сумын 2021 оны хөгжлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтийг дүгнэх” асуудлыг хэлэлцэхээр тогтоож, Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаар тогтоолоор 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг өөрчилж, “сумын 2021 оны хөгжлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтийг дүгнэх, нэрэмжит шагнал бий болгох, сумын газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэхээр тогтоосон, 07 дугаар сарын 09-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хурлын төлөөлөгч С.Нээс “хурлын даргын ажлын тайланг сонсох” санал гаргасны дагуу уг саналыг хэлэлцэж, хурлын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалт явуулан, Б.Быг ажлаас чөлөөлж, Э.Эыг хурлын даргаар сонгосон, эдгээр үйл баримтыг талууд үгүйсгэж маргаагүй.

3.3. Харин нэхэмжлэгчээс “... миний ажлын тайланг хэлэлцэх асуудал Хурлын хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй байсан, иймд тайланг бэлтгэх, түүнийг хэлэлцүүлэх боломж байгаагүй, ... дараалалд багтаагүй асуудлыг хэлэлцэж намайг чөлөөлсөн нь холбогдох хуулийг зөрчсөн” гэж, Хурлын даргаар шинээр сонгогдсон Э.Эаас “... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, “Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрэм”-ийн 9.2 дахь заалтуудын дагуу Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх талаар санал гарч, төлөөлөгчид олонхийн саналаар дэмжиж хэлэлцэх асуудлууд дээр нэмж оруулан хэлэлцэн шийдвэрлэгдсэн” гэж тайлбарлан маргаж байна.

3.4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй бөгөөд 24.3-д зааснаар дээр заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байхаар, 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батлахаар хуульчилсан байна. Мөн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар тогтоолоор баталсан “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг”-ийн 1 дүгээр зүйлийн 2-т “Тухайн Хурлын хуралдаан хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмыг батална. Бэлтгэл хангагдаагүй, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орж батлагдаагүй асуудлыг хэлэлцэхийг хориглоно” гэжээ.

3.5. Дээрхээс үзвэл хэдийгээр Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах, мөн Хурлын дүрмийн 9.2-т зааснаар төлөөлөгч дангаараа болон нэгдэж хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах эрхтэй ч энэ талаарх санал, асуудлыг “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг”-ийн 2 дугаар зүйлийн 1, 4-т тус тус зааснаар хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид урьдчилан боловсруулж, Төлөөлөгчдөд хүргүүлж, хуралдаанд төлөөлөгч дангаараа буюу хамтран асуудал хэлэлцүүлэхээр санаачилбал уг асуудлын талаар тодорхой судалгаа, тооцоо, хууль зүйн үндэслэлийг бүрэн хангасан төслийг Хурлын даргад Тэргүүлэгчдийн хуралдаан болохоос 15 хоногийн өмнө мэдүүлж, Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, Хурлын хороогоор дүгнэлт гаргуулан Хуралдаанд оруулахаар, энэ шаардлагыг хангаагүй бол хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулахгүй байхаар заасан байх тул уг маргааны хувьд Тэргүүлэгчдийн тогтоосон хэлэлцэх асуудлаас өөр асуудлаар буюу Хурлын даргыг чөлөөлөх, шинээр сонгох асуудлыг хуралдааны дотоод журамд заагаагүй байдлаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь дээр заасан хууль, дүрмийг зөрчсөн гэж үзэхээр байна.

3.6. Нөгөөтэйгүүр 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар “Хурлын даргыг чөлөөлөх, сонгох” асуудлыг олонхийн саналаар хэлэлцсэн ч дээр заасан хууль, дүрэм, хуралдааны дэгд зааснаар түүний ажлыг үнэлж, дүгнэхэд хангалттай цаг, бэлтгэх боломжийг олгоогүй атлаа “Б.Быг эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж бодлогын түвшинд шийдвэр гаргаж чадахгүй байгаа” гэж үзэж үүрэгт ажлаас нь шууд чөлөөлсөн нь түүний хөдөлмөрлөх эрхийг хөндсөн, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Товчхондоо шүүх Б.Быг ажил, албан тушаалаа хэрхэн эрхэлж байсан талаар дүгнээгүй бөгөөд уг маргааны хувьд хариуцагч бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх Захиргааны ерөнхий хуулийн үндсэн зарчимд нийцээгүй шийдвэр гаргажээ.

            3.7. Ийнхүү нэхэмжлэгчийг Хурлын даргын албан тушаалаас чөлөөлсөн маргаан бүхий 04 дүгээр тогтоол нь холбогдох хуулийг зөрчсөн, хууль бус болох нь тогтоогдож байх тул уг тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

            3.8. Мөн  “... ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдох өдрийг хүртэл хугацаагаар тооцож ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгуулахаар шийдвэрлэсэн нь зөв. Хэрэгт нэхэмжлэгчийн 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 06 дугаар сарыг дуусталх хугацаанд авч байсан цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт авагдсан тул үүгээр дундаж цалин, хөлсийг тооцон олгох боломжтой. Иймд энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

            3.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэж ойлгох бөгөөд анхан шатны шүүх мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан үүргийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 404 дүгээр захирамжаар Э.Эыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулжээ. Улмаар түүнийг Хурлын даргаар томилсон маргаан бүхий 05 дугаар тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянаад хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. 

            3.10. 2006 онд батлагдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг 2020 онд баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс  буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцохоор, мөн 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийг 2021 онд баталсан Хөдөлмөрийн тухай хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцохоор заасан тул “хүчингүй болсон эрх зүйн хэм хэмжээний актуудыг үндэслэсэн” гэж үзэхгүй. Иймд энэ талаар гомдол үндэслэлгүй.

            3.11. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6 дахь заалтуудыг баримталж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь уг маргааны хувьд төдийлөн ач холбогдолгүй, нэхэмжлэгчийн “...ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хуулийн холбогдох заалтыг шийдвэрийн Үндэслэх хэсэгт зөв хэрэглэж шийдвэрлэсэн ч Тогтоох хэсэгт баримтлаагүй, мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг 2 заалтаар өөр өөр байдлаар шийдвэрлэсэн байх тул зөвтгөх нь зүйтэй байна.

Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад зөв дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6,” гэснийг хасч, “24.3,” гэсний дараа “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1” гэж нэмж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хасч, 4 дэх заалтын дугаарыг “3.” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд Э.Эын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР        

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН