Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2021/00547

 

                        

 

 

 

            

 

 

 2021           02          23                                         101/ШШ2021/00547

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: тоот, РД:, Ц.Ж нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, , РД:, БЗДЗДТГазарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 12-р сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ж нь БЗДЗДТГазар-ын аж ахуйн тасагт 2013 оноос жолоочоор ажиллаж байгаа бөгөөд байгууллагатайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээний биелэлтээр “бүрэн хангалттай" үнэлэгдэж ажил үүргээ бүрэн биелүүлж байсан. 2020 оны 11-р сарын 9-ний өдрөөс 11-р сарын 11-ний өдөр хүртэл 3 хоногийн чөлөөг өөрийн хариуцсан даргаас авч, хувийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Дорнод аймгийн Баяндун сум руу явж, 2020 оны 11 сарын 11-ний өдрөөс улсын хэмжээнд “Covid-19” цар тахлын улмаас хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр орон нутгаас Улаанбаатар хот руу орох боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2020 оны 12-р сарын 02-ны өдөр хүртэл хөл хорионд орж энэ тухайгаа өөрийн хамтран ажиллагсад болон аж ахуйн тасгийн дарга Д.Б-д утсаар мэдэгдсэн. Мөн хөл хорионд орсон талаар Дорнод аймгийн Баяндун сумын Онцгой байдлын комисс, Засаг даргын тодорхойлолт авч ирсэн боловч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 12-р сарын 04-ний өдрийн Б/347 тоот тушаалаар ажлын байр удаан хугацаанд, шалтгаангүйгээр хаяж явсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Уг тушаал нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.4, 33.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсгийг тус тус үндэслэн гаргасан байна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.4, 33.5 дахь хэсэг нь:

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлүүд байх бөгөөд миний бие Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.

2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 32 дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.2.3 дахь заалтад “ноцтой зөрчил” гэдэгт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал” гэж зааж өгсөн. Миний бие хариуцсан даргаасаа 3 өдрийн цалинтай чөлөө бичгээр авсан бөгөөд бүх нийтийн хөл хорионд орсон нь хүндэтгэн үзэх шалтгаандаа хамаарна гэж үзэж байна. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13.2 дахь хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй гээд 13.2.5-д "хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах” үүргийг байгууллагад өгсөн байтал хариуцагчийн зүгээс дээрх заалтыг зөрчиж хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөнийг зөвшөөрөхгүй байгаа тул жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, 2020-12-04-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч БЗДЗДТГазар шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/347 дугаартай “Ц.Ж-гийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Ц.Ж-г үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Учир нь: Нэхэмжлэгч Ц.Ж 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдрөөс 12 дугаар сарын 04-ний хүртэл нийт ажлын 18 өдөр ажлын байрандаа ирээгүй, удаан хугацаагаар орхиж явсан ноцтой зөрчил гаргасан.

Дээрх зөрчил нь Ц.Ж болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4.2 дугаар зүйлийн 4.2.3. дахь заалтад Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “... ноцтой зөрчил гэж дараах зөрчлийг ойлгоно. Үүнд: Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал” гэж заасны дагуу ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл болсон. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байна” гэж заасан ба дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.7. “Албан хаагчид буюу тэдний гэр бүлд гачигдал, хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдсон үед тухайн ажилтны хүсэлт, хэлтэс, албадын даргын саналын дагуу захиргааны чөлөө олгоно. “... гурваас дээш долоо хүртэлх хоногийн чөлөөг Засаг даргын Тамгын газрын дарга олгоно. Ажлын долоогоос дээш хоногийн чөлөөг Тамгын газрын даргын тушаалаар олгоно" гэж заажээ. Нэхэмжлэгч Ц.Ж-д чөлөө олгох эрх зөвхөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад байгаа ба дүүргийн Засаг даргын орлогч чөлөө олгох эрх зүйн үндэслэлгүй. Түүнчлэн Ц.Ж-д чөлөө олгох хуудас нь хуурамч буюу нөхөж хийсэн чөлөөны хуудас гэдэг тогтоогдсон. Чөлөөний хуудаст хүлээн авсан мэргэжилтэн Х.Б-ын гарын үсэг зурагдаагүй байгаагаас харахад дүүргийн Засаг даргын орлогч Р.Ө-р гарын үсэг зуруулж он, сар, өдрийг нөхөж тавьсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ж нь хариуцагч БЗДЗДТГазарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч буюу ажил олгогч нь Ц.Ж 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 04-ний хүртэл ажлын 18 өдөр ажлын байрандаа ирээгүй, ажлын байр удаан хугацаагаар шалтгаангүйгээр дур мэдэн орхиж явж ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргасан.

Нэхэмжлэгч Ц.Ж нь ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлоо 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэх заалтад нийцжээ.

Нэхэмжлэгч Ц.Ж нь БЗДЗДТГазарт 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн жолоочоор хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/70 тоот  Ц.Ж-г ажилд авах тухай тушаал, 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан 32 тоот хөдөлмөрийн гэрээ, түүний нийгмийн даатгалын 0729739 дугаартай дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 3-7, 10-17 тал/

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/347 тоот тушаалаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэн жолооч Ц.Ж-г мөн өдрөөр тасалбар болгон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 9 тал/

Ц.Ж-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.2-т: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр  ажил олгогчийн нэг талын санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “... ноцтой зөрчил гэж дараах зөрчлийг ойлгоно. Үүнд: ...Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал...

Нэхэмжлэгч Ц.Ж нь хувийн шалтгааны улмаас Засаг даргын орлогч Р.Ө-с ажлын 3 хоногийн чөлөө авсан, Дорнод аймагт явж байх цаг хугацаанд нь Засгийн газраас бүх нийтийн хөл хориог тогтоож, хөл хорионд байсан гэх байдлаа Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын 2020-12-01-ний 1/543 албан бичгээр нотолжээ. /хх-ийн 8, 13 тал/

Хариуцагч нь Засаг даргын орлогч Р.Ө-н чөлөө олгосон хуудас хуурамч болохыг бид тогтоосон, Засаг даргын орлогч чөлөө олгох эрхтэй албан тушаалтан биш гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Ц.Ж-г хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд байсан гэж үзэж БЗДЗДТГазарт жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн 0729739 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин хөлснөөс 1 сарын цалин 978.257 төгрөгөөр тооцон “2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх ажилгүй байсан” 53 хоногийн хугацааны цалин хөлсний олговорт 2.411.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох. Хариуцагчийн зүгээс 1 сарын цалин хөлсний хэмжээтэй маргаагүй. /хх-ийн 15-17 тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                              

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ж-г БЗДЗДТГазарт жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, БЗДЗДТгазраас ажилгүй байсан хугацааны цалин 2.411.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Жд олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажил олгогч төлбөл зохих шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нэхэмжлэгч Ц.Ж-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг БЗДЗДТГазарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ж-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч БЗДЗДТгазраас улсын тэмдэгтийн хураамжид 123.734 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА