Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00688

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00688

 

 

Ц.Жгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00547 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Жгийн хариуцагч БЗД, ЗДТГт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ж нь Баянзүрх дүүргийн засаг даргын Тамгын газрын аж ахуйн тасагт 2013 оноос жолоочоор ажиллаж байгаа бөгөөд байгууллагатайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээний биелэлтээр бүрэн хангалттай" үнэлэгдэж ажил үүргээ бүрэн биелүүлж байсан. 2020 оны 11-р сарын 9-ний өдрөөс 11-р сарын 11-ний өдөр хүртэл 3 хоногийн чөлөөг өөрийн хариуцсан даргаас авч, хувийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Дорнод аймгийн Баяндун сум руу явж, 2020 оны 11 сарын 11-ний өдрөөс улсын хэмжээнд Covid-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр орон нутгаас Улаанбаатар хот руу орох боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2020 оны 12-р сарын 02-ны өдөр хүртэл хөл хорионд орж энэ тухайгаа өөрийн хамтран ажиллагсад болон аж ахуйн тасгийн дарга Д.Балдансүрэнд утсаар мэдэгдсэн. Мөн хөл хорионд орсон талаар Дорнод аймгийн Баяндун сумын Онцгой байдлын комисс, Засаг даргын тодорхойлолт авч ирсэн боловч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 12-р сарын 04-ний өдрийн Б/347 тоот тушаалаар ажлын байр удаан хугацаанд, шалтгаангүйгээр хаяж явсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Уг тушаал нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.4, 33.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсгийг тус тус үндэслэн гаргасан байна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.4, 33.5 дахь хэсэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлүүд байх бөгөөд миний бие Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 32 дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.2.3 дахь заалтад ноцтой зөрчил гэдэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал гэж зааж өгсөн. Миний бие хариуцсан даргаасаа 3 өдрийн цалинтай чөлөө бичгээр авсан бөгөөд бүх нийтийн хөл хорионд орсон нь хүндэтгэн үзэх шалтгаандаа хамаарна гэж үзэж байна. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13.2 дахь хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй гээд 13.2.5-д "хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах үүргийг байгууллагад өгсөн байтал хариуцагчийн зүгээс дээрх заалтыг зөрчиж хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байгаа тул жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, 2020 оны 12 сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч БЗД, ЗДТГ шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/347 дугаартай Ц.Жгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Ц.Жг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Учир нь нэхэмжлэгч Ц.Ж 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдрөөс 12 дугаар сарын 04-ний хүртэл нийт ажлын 18 өдөр ажлын байрандаа ирээгүй, удаан хугацаагаар орхиж явсан ноцтой зөрчил гаргасан. Дээрх зөрчил нь Ц.Ж болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 4.2 дугаар зүйлийн 4.2.3. дахь заалтад Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ... ноцтой зөрчил гэж дараах зөрчлийг ойлгоно. Үүнд: Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал гэж заасны дагуу ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл болсон. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байна гэж заасан ба дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.7. Албан хаагчид буюу тэдний гэр бүлд гачигдал, хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдсон үед тухайн ажилтны хүсэлт, хэлтэс, албадын даргын саналын дагуу захиргааны чөлөө олгоно. ... гурваас дээш долоо хүртэлх хоногийн чөлөөг Засаг даргын Тамгын газрын дарга олгоно. Ажлын долоогоос дээш хоногийн чөлөөг Тамгын газрын даргын тушаалаар олгоно" гэж заажээ. Нэхэмжлэгч Ц.Жд чөлөө олгох эрх зөвхөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад байгаа ба дүүргийн Засаг даргын орлогч чөлөө олгох эрх зүйн үндэслэлгүй. Түүнчлэн Ц.Жд чөлөө олгох хуудас нь хуурамч буюу нөхөж хийсэн чөлөөны хуудас гэдэг тогтоогдсон. Чөлөөний хуудаст хүлээн авсан мэргэжилтэн Х.Баттулгын гарын үсэг зурагдаагүй байгаагаас харахад дүүргийн Засаг даргын орлогч Р.Өсөхбаяраар гарын үсэг зуруулж он, сар, өдрийг нөхөж тавьсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Жг БЗД, ЗДТГт жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин 2 411 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Жд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажил олгогч төлбөл зохих шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нэхэмжлэгч Ц.Жгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг БЗД, ЗДТГт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Ц.Жгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 123 734 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ц.Ж нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргатай байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 4.2.3 дах заалт болох хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цаг ажлын 3 өдөртэй тэнцэж байвал гэж заасныг ноцтой зөрчсөн болох нь түүний төлөөлөгчийн шүүхэд өгсөн мэдүүлэг, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.7-д Албан хаагчид буюу тэдний гэр бүлд гачигдал, хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдсон үед тухайн ажилтны хүсэлт, хэлтэс, албадын даргын саналын дагуу захиргааны чөлөө олгоно, хэлтсийн дарга нар ажлын гурав хүртэлх, гураваас дээш долоо хоногийн чөлөөг тамгын газрын дарга олгоно, ажлын 7 хоногоос дээш чөлөөг Тамгын газрын даргын тушаалаар олгоно гэж заасан ба уг чөлөөг Тамгын газрын даргаас аваагүй, чөлөөний хуудсыг чөлөө олгох эрхгүй этгээдээр хийлгэн хуурамч нотлох баримт гаргаж өгсөн үйл баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Гэвч шүүх дээрх үйл баримтуудыг тал бүрээс нь бодитой үнэлж, шалгаагүй, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод журам нь хэрэгт авагдаагүй, хариуцагч тал нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж, дүгнэн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5-д заасан үндэслэл байж болзошгүй байдалд бодит үнэлэлт дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Энэ нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 40.3-т шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Ж нь хариуцагч БЗД, ЗДТГт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ц.Ж нь БЗД, ЗДТГт 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн жолоочоор хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/347 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон. /хх 3-7, 9/

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан дээрх тушаалын үндэслэлээ ... Ц.Ж нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажлын 18 хоног ажлын байрандаа ирээгүй, ажлын байр удаан хугацаагаар шалтгаангүйгээр дур мэдэн орхиж явж ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлажээ.

Зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх ба уг харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцээгүй байх тул ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. Тодруулбал, хариуцагч байгууллагын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай дээрх тушаалаас харахад ажилтныг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажил тасалсан, хөдөлмөрийн дотоод журам зөрчиж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж буруутгажээ.

Талууд Хөдөлмөрийн гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.1-т хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг тодорхойлсон ба 4.2.3-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал ажил олгогчийн нэг талын санаачилгаар хөдөлмөрийг гэрээг цуцлахаар харилцан тохиролцжээ.

Хэргийн 13 дугаар талд авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд Ц.Ж нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 3 хоногийн чөлөөний хуудсыг Засаг даргын орлогч Р.Өсөхбаяраас авсан буюу ажлаас чөлөөлөгдсөн байсан болох нь нотлогдсон. Түүнчлэн, Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Зорчигч тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийг хүртэл зогсоосон, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дугаар тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан байна.

Хөдөө орон нутагт хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалтад орсон ажилтныг ажлын байраа дур мэдэн орхисон гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн ... 12 сарын 02-ны өдөр Улаанбаатарт ирээд 12 сарын 3-нд ажилдаа очсон ... гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй./хх-50/ Иймээс нэхэмжлэгч Ц.Жг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцээгүй гэж үзнэ.

Ажил олгогч ... Засаг даргын орлогч Р.Өсөхбаярын чөлөө олгосон хуудас хуурамч болохыг бид тогтоосон, Засаг даргын орлогч чөлөө олгох эрхтэй албан тушаалтан биш, хуурамч нотлох баримтыг шүүх үнэлсэн... гэх агуулга бүхий тайлбар, гомдол гаргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт ... бичмэл нотлох баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд тэр тухайгаа нотлох үүрэгтэй... гэж заасан ба энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон өөрийн татгалзлыг нотлох баримтыг гаргаж өгөх үүрэг нь хариуцагч талд ногдох бөгөөд уг эрх үүргээ хэрэгжүүлээгүй гэх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй болно.

Иймд Ц.Жг ажлаас нь чөлөөлсөн хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/347 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ц.Жгийн гомдлыг хангаж, түүнийг Засаг даргын тамгын газрын Аж ахуйн жолоочийн ажилд эгүүлэн тогтоон, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн.

Шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон учир Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан "дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар тооцож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 411 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00547 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч БЗД, ЗДТГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тозолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ