Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2021/00579

 

 

 

 2021          02           24                                     101/ШШ2021/00579

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.А-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э.Б-д холбогдох

15,225,814 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа, хариуцагч Э.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: М.А- нь хариуцагч Э.Б-ийн санал болгосноор түүний эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 00 хороо , 00 хороо лол, *******ы 00а  байр ******* хаягт байршилтай 35.96 м.кв орон сууцыг 65,000,000 төгрөгөөр худалдан авахаар, урьдчилгаа төлбөрт 15,000,000 төгрөгийг үлдсэн 50,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 2032 он хүртэл төлж барагдуулахаар тохиролцсон. Нэхэмжлэгч нь орон сууцны урьдчилгаанд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 16-ны өдөр 4,500,000 төгрөг нийт 14,500,000 төгрөгийг төлсөн байдаг. Хариуцагч Э.Б- үлдэгдэл 50,000,000 төгрөгийг эргэн төлөлтөд Зээлийн гэрээ хийж 8 хувийн хүүтэйгээр тооцож хуваарь хийсэн боловч гарын үсэг зураагүй, нотариатаар гэрчлүүлээгүй. М.А- уг орон сууцны түлхүүрийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн аваад 10 дугаар сарын 27-ны өдөр нүүж ороод 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр тухайн орон сууцыг Э.Б-т хүлээлгэн өгөх хүртэл амьдарсан бөгөөд тухайн саруудын ашиглалтын зардлыг төлж байсан. Нэхэмжлэгч М.А- 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчид зээл зээлийн хүүг түүний нэрийн өмнөөс нийт 23,225,814 төгрөг төлсөн. Хариуцагч Э.Б- 2019 оны 01 дүгээр сараас эхлэн байрны урьдчилгаанд 10,000,000 төгрөг төл, төлөхгүй бол орон сууцаа бусдад бэлэн мөнгөөр худалдаж, урьдчилгаанд төлсөн 14,500,000 төгрөгийг, мөн зээл зээлийн хүүд төлсөн төгрөгийг 2019 оны 7 дугаар сард өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй нэхэмжлэгчийг хохироож байна. Хариуцагч Э.Б- нь нэхэмжлэгчээс нийт  авсан 23,225,814 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг буцаан төлсөн, 15,225,814 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Хэрэгт авагдсан баримтаар сүүлд 2,450,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогддог тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 13,462,753 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М.А-тай орон сууц худалдах, худалдах авах гэрээ байгуулж байрыг 65,000,000 төгрөгөөр өөрийн эзэмшлийн орон сууцыг зарахаар, урьдчилгаанд 25,000,000 төгрөгийг авна гэж тохирсон. Миний банканд төлдөг сар бүрийн эргэн төлөлт 47,000,000 төгрөгийг М.А- үргэлжлүүлэн төлөх саналыг гаргаснаар, сар бүр 478,256 төгрөгийг төлөхөөр тохирч урьдчилгаанд 14,500,000 төгрөгийг надад өгсөн. Яагаад М.А-тай тохиролцсон шалтгаан нь М.А- хэлэхдээ манай төрсөн дүү Япон улс руу зуучилж хүн гаргадаг учраас намайг байр авахад тусална гэж хэлсэн учраас тохиролцсон. М.А- бид 2 хамт байхдаа гэрээ байгуулаагүй, цахим сүлжээгээр холбогдож зээлийн төлөлтийг би нэхэмжлэгч рүү явуулсан. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 7,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 4,500,000 төгрөгийг надад М.А- өгсөн. М.А-ийг мөнгөө төлөхийг би байнга шаардаагүй. 2018 оны 5 дугаар сараас эхлээд миний бие өвдсөн учраас эмнэлэгт хэвтээд 2019 оны 1 дүгээр сард эмнэлгээс гарсан. Нэхэмжлэгч сар бүр төлөх төлбөрөө хугацаанд нь төлдөггүй хожимдуулж байсан. Манай дүү хуримаа хийх болоод надад мөнгөний шаардлага гарсан. Нэхэмжлэгч тохирсон ёсоор орон сууцны урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 500,000 төгрөг, амь насны даатгал бол эд хөрөнгийн даатгалыг нэг жилд 135,000 төгрөгийг төлөх байсныг М.А- миний өмнөөс банканд төлөөгүй байсан. Ингээд нийт 850,000 төгрөгийг өгөх боломж байна уу гэж 1-2 удаа асуусан нь үнэн. Дараа нь М.А- надтай утсаар холбогдоод би энэ байрнаас нүүсэн байгаа намайг ирж түлхүүрээ аваарай гэж хэлэхээр нь би одоо байрны мөнгийг буцааж төлөх боломжгүй учраас тус байрыг зарагдсаны дараа мөнгийг нь буцааж өгье гэж хэлээд байр зарагдах хүртэл хүлээх боломжтой юу гэхэд М.А- боломжтой гэж хэлсэн. Нэхэмжлэгчтэй уулзаад бид төлөх төлбөрөө нэг бүрчлэн бодож тооцоод 13,772,000 төгрөгийг би буцаан төлөхөөр болсон. Ингээд эхлээд 1,000,000 төгрөг, дараа нь би дүүгээсээ мөнгө зээлээд 7,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг М.А-т төлсөн. Нийт 8,000,000 төгрөгийг төлсөн байхад М.А- шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа би 2,450,000 төгрөгийг төлсөн. Миний төлөх ёстой 13,673,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг төлөөд 5,673,000 төгрөг үлдсэн. Тус байр анх дотор зохион байгуулалт өөрчлөгдсөн учраас байрны засварын мөнгө М.А-аас авъя гэж нэхэмжлэгч рүү мессеж бичиж явуулахад надад хариу өгөөгүй учраас зөвшөөрч байгаа байна гэж бодоод үлдэгдэл 2,450,000 төгрөгийг М.А-ийн данс руу хийж бидний тооцоо дуусгавар болсон. Иймд би М.А-т төлөх төлбөр байхгүй. Би М.А-аас зээлийн хүүгийн мөнгийг би аваагүй банканд сар бүр 478,256 төгрөгийг төлж байсан. М.А- байрны  түрээсийн төлбөр төлөхгүйн тулд үлдэгдэл 50,000,000 төгрөгөөс хасаж байхаар тохирсон. Тухайн 20 сарын хугацаанд хариуцагчаас нэг ч төгрөг аваагүй. Хэрэв би байраа 550,000 төгрөгөөр түрээслэх боломж байсан. Яагаад хүний байранд 20 сарын хугацаанд үнэгүй сууна гэж. Ийм учраас байранд амьдарч байх хугацааныхаа мөнгийг яагаад төлөхгүй байгааг ойлгохгүй байна гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдоос гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.А- нь хариуцагч Э.Б-т холбогдуулан орон сууц худалдах, худалдан авахад урьдчилгаанд төлсөн 10,500,000 төгрөг, зээл хүүд төлсөн 4,725,814 төгрөг, нийт 15,225,814 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1,763,061 төгрөгөөр багасгаж 13,462,753 төгрөгийг гаргуулахыг шаардсан.

 

Хариуцагч “бид тооцоо нийлээд 13,673,000 төгрөг төлөхөөс миний бие 10,450,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн. Нэхэмжлэгч сар бүр 478,256 төгрөгийг банканд төлсөн болохоос би надад төлөөгүй би аваагүй, хүний байранд үнэгүй амьдарна гэсэн ойлголт байхгүй, би төлөх төлбөргүй” гэж маргасан.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

Зохигчид харилцан тохиролцож хариуцагч Э.Б-ийн эзэмшлийн Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00 хороо , ******* /13320/, Да хүрээ гудамж 00В  байрны ******* хаягт байрлалтай, 34.95 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууцыг 65,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар, урьдчилгаа төлбөрт 14,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, сар бүр 478,256 төгрөгийг хариуцагчийн нэрийн өмнөөс ипотекийн зээлийг нэхэмжлэгч төлж, 2032 онд гэрээ дуусгахаар орон сууцыг М.А-ийн өмчлөлд шилжүүлэхээр хэлцэл хийжээ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хэлцлийн хүчин төгөлдөр эсэх, орон сууцны урьдчилгаа төлбөрт 14,500,000 төгрөг төлсөн эсэх талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч М.А- Баянзүрх дүүрэг, 00 хороо , *******/13320/ 00В  дугаар байрны ******* орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчаас түлхүүр хүлээн авч, 10 дугаар сарын 27-ны өдөр нүүн орж,  2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 1 жил 8 сарын хугацаанд амьдарчээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд:

 

1. Э.Б-ийн Хаан банкны ******* дансанд Орон сууц худалдан авах урьдчилгаанд нийт 14,500,000 төгрөгийг,

2. Э.Б-ийн Хаан банкны ******* дансанд 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 2,350,512 төгрөгийг,

3. Голомт банкны 1210000613 /Э.Б-ийн ипотекийн зээлийн/ дансанд 5,697,046 төгрөгийг,

4. Хариуцагчийн хариу тайлбарт дурдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн 185,000 төгрөг нийт 22,732,558 төгрөгийг нэхэмжлэгч М.А-с төлсөн болох нь нотлогдож байна./хх-ийн 10-25 дугаар тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч тал хариуцагч Э.Б- нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөг төл, эсхүл орон сууцыг суллаж өгөхийг шаардсанаар нэмж төлөх мөнгө олдохгүй улмаас байрыг суллаж өгсөн гэж, хариуцагч би орон сууцны түлхүүрийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан, хүний байранд үнэгүй 20 сар сууж болохгүй, засвар хийсэн зардалд суутгасан гэж тус тус тайлбарласан.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэнэ., 205 дугаар зүйлийн 205.1.-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч орон сууцыг буцаан хүлээлгэн өгөх талаар хариуцагчид мэдэгдэж, хариуцагч орон сууцыг өөрийн эзэмшилд хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Э.Б- нь орон сууцыг өөрийн эзэмшилд буцаан авсны дараа нэхэмжлэгч М.А-ийн Хаан банкны 5000000023   дансанд 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 11 дүгээр сарын 08-ны өдөр 7,000,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 2,450,000 төгрөгийг нийт 10,450,000 төгрөгийг шилжүүлсэн талууд маргаагүй болно./хх-ийн 74-76 дугаар тал/

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар зохигчдын хооронд үүрэг дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн төлбөрийг шаардах эрхтэй.

 

Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00 хороо , ******* /13320/, Да хүрээ гудамж 00В   байрны ******* хаягт байрлалтай, 34.95 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Э.Б, Э.Б- нар бүртгэгдсэн байна./хх-ийн 109 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч орон сууц худалдан авах урьдчилгаанд 14,500,000 төгрөг, ипотекийн зээл, зээлийн хүүд 8,232,558 төгрөг нийт 22,732,558 төгрөгийг Э.Б-т төлсөн, хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн10,450,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 12,282,558 төгрөгийг М.А-т төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч миний өмчлөлийн орон сууцны доторх зохион байгуулалтыг нэхэмжлэгч өөрчилсөн, би өөрөө засвар хийсэн, 20 сарын хугацаанд амьдрах хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй гэж маргах боловч талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулаагүй тул түрээсийн төлбөр шаардах эрхгүй.

 

Харин хариуцагч өөрт хохирол учирсан гэж үзвэл баримтаа бүрдүүлэн буруутай этгээдээс нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд хариуцагч Э.Б-аас  үндэслэлгүйгээр олж авсан 12,282,558 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,763,061 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Э.Б-аас 12,282,558 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.А-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,763,061 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 211,471 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ГАНЧИМЭГ