Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00668

 

 

 

 

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00668

 

 

 

 

                                  М.Аийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/00579 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч  М.Аийн хариуцагч Э.Бхолбогдуулан гаргасан 15 225 814 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа, хариуцагчийн өмгөөлөгч А.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  М.А нь Э.Бийн эзэмшлийн ...35.96 м.кв орон сууцыг 65 000 000 төгрөгөөр худалдан авахаар, урьдчилгаанд 15 000 000 төгрөг төлж, үлдэх 50 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй 2032 он хүртэл төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч нь орон сууцны урьдчилгаанд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 03-ны өдөр 7 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 16-ны өдөр 4 500 000 төгрөг, нийт 14 500 000 төгрөг төлсөн. Хариуцагч нь үлдэгдэл 50 000 000 төгрөгт 8 хувийн хүүтэй зээлийн  гэрээ байгуулж, зээл төлөх хуваарь гаргасан боловч гарын үсэг зураагүй, нотариатаар гэрчлүүлээгүй. Орон сууцны түлхүүрийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 10 дугаар сарын 27-ны өдөр нүүн ороод 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр орон сууцыг Э.Бхүлээлгэн өгөх хүртэл амьдарч тухайн саруудын ашиглалтын зардлыг төлж байсан. Нэхэмжлэгч  М.А 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчид зээл, зээлийн хүүг түүний нэрийн өмнөөс нийт 23 225 814 төгрөг төлсөн. Хариуцагч Э.Б 2019 оны 01 дүгээр сараас эхлэн байрны урьдчилгаанд 10 000 000 төгрөг төлөхгүй бол орон сууцаа бусдад бэлэн мөнгөөр худалдаж, урьдчилгаанд төлсөн 14 500 000 төгрөг, мөн зээл, зээлийн хүүнд төлсөн төлбөрийг 2019 оны 7 дугаар сард өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөлгүй хохироож байна. Хариуцагч нь нийт 23 225 814 төгрөгөөс 8 000 000 төгрөгийг буцаан төлж, 15 225 814 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Хамгийн сүүлд 2 450 000 төгрөг төлсөн болох нь тогтоогддог тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагчаас 13 462 753 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт:  М.Атай орон сууц худалдах, худалдах авах гэрээ байгуулж орон сууцыг 65 000 000 төгрөгөөр худалдах, урьдчилгаанд 25 000 000 төгрөг авахаар тохиролцсон. Банканд сар бүр 47 000 000 төгрөгийн төлөлт хийдэг бөгөөд уг төлөлтийг  М.А үргэлжлүүлэн төлөх санал гаргаснаар сар бүр 478 256 төгрөг төлөхөөр тохирч урьдчилгаанд 14 500 000 төгрөг надад өгсөн.  М.А байр авахад тусална гэж хэлсэн учраас тохиролцсон.  М.Атай хамт гэрээ байгуулаагүй, цахим сүлжээгээр холбогдож зээлийн төлөлтийг явуулсан. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 7 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 4 500 000 төгрөг надад өгсөн. 2018 оны 5 дугаар сараас миний бие өвдсөн учраас 2019 оны 1 дүгээр сард эмнэлгээс гарсан. Нэхэмжлэгч сар бүрийн төлөлтөө төлөхгүй хожимдуулж байсан. Урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 500 000 төгрөг, амь насны даатгал болон эд хөрөнгийн даатгалд жилд 135 000 төгрөг төлөх байсныг  М.А банканд төлөөгүй байсан. 850 000 төгрөг өгөх талаар асуусан нь үнэн.  М.А байр зарагдах хүртэл хүлээх боломжтой гэж хэлсэн. Нэхэмжлэгчтэй тохиролцоод 13 772 000 төгрөг буцаан төлөхөөр болсон. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2 450 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөг төлсөн. 13 673 000 төгрөг төлөхөөс 5 673 000 төгрөг үлдсэн. Байрны анхны дотор зохион байгуулалт өөрчлөгдсөн учраас засварын мөнгө авахаар нэхэмжлэгч рүү мэссэж бичсэн боловч хариу өгөөгүй учраас зөвшөөрч байна гэж бодоод үлдэгдэл 2 450 000 төгрөгийг  М.Аийн данс руу шилжүүлж тооцоо дуусгавар болсон. Иймд нэхэмжлэгчид төлөх төлбөр байхгүй.  М.Ааас зээлийн хүү аваагүй, банканд сар бүр 478 256 төгрөг төлж байсан. Тэрээр байрны түрээсийн төлбөр төлөхгүйн тулд үлдэгдэл 50 000 000 төгрөгөөс хасахаар тохирсон. Орон сууцыг 550 000 төгрөгөөр түрээслэх боломж байсан бөгөөд хүний байранд 20 сарын хугацаанд үнэгүй суухгүй. Амьдарч байх хугацааныхаа төлбөрийг төлөхгүй гэж байгааг ойлгохгүй байна гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Э.Б-ээс 12 282 558 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.А-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 763 061 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234 600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 211 471 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Бн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.   М.А нь миний банкны 8 хувийн зээлээр авсан ... 21 тоот орон сууцны урьдчилгаанд төлсөн 25 000 000 төгрөгийг төлж, банканд төлөх cap бүрийн төлөлтийг хийж 47 000 000 төгрөг төлж дараа нь өөрийн өмчлөлд авахаар амаар хэлцэл байгуулсан. Хэлцлээ гэрээгээр баталгаажуулаагүй боловч хоёр тал өөрийн хүсэл зорилгоо илэрхийлж, болзлыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч 14 500 000 төгрөг өгч, би байраа чөлөөлж  М.А 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл амьдарсан.  М.А нь өөрөө хэлцлээс татгалзсан бөгөөд миний зүгээс хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчсөн асуудал байхгүй.  М.А урьдчилгаанд өгөхөөр тохиролцсон 25 000 000 төгрөгөөс 14 500 000 төгрөг өгч 10 500 000 төгрөгийг өгөөгүй. Шүүх хэлцлийн үндсэн дээр  М.Аийн банкны зээл, зээлийн хүүнд төлсөн 8 232 558 төгрөгийг намайг үндэслэлгүйгээр олж авсан гэж дүгнэсэнд гомдолтой байна.  М.А нь миний байранд 2 жил үнэ төлбөргүй амьдарсан, бид хоорондоо тохиролцсоноор банкинд зээл, зээлийн хүүг төлж байсан бөгөөд энэ нь хэлцлээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь банкны зээл төлж дуусаагүй, өөрийнх нь өмчлөлд байр шилжээгүй байхад доторхи зохион байгуулалтыг өмчлөгчөөс нь асуулгүй дур мэдэн өөрчилж цаашид худалдан борлуулах, өөрөө амьдрахад хүндрэлтэй болгосон. Хэрэв  М.А байрыг худалдаж авах хэлцэл хийгээгүй байсан бол сард хамгийн багаар 550 000 төгрөгөөр бусдад түрээсэлж банкинд төлөх төлбөрөө барагдуулах байсан. Иймд шүүхийн шийдвэрийн хариуцагч Э.Баас 12 282 558 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгээс нэхэмжлэгч  М.Аийн хэлцлийн үндсэн дээр банкинд төлсөн зээл, зээлийн хүү болох 8 232 558 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул өөрчлөлт оруулав. 

Нэхэмжлэгч  М.А хариуцагч Э.Бхолбогдуулан гэрээний урьдчилгаа болон зээлийн төлбөрт төлсөн 13 462 753 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн ... 34.95 м.кв 1 өрөө орон сууцыг 65 000 000 төгрөгөөр худалдан авах, байрны урьдчилгаа төлбөрт 14 500 000 төгрөг төлж, үлдэх 50 000 000 төгрөгийг хариуцагчийн Голомт банкны жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг 2032 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл түүний өмнөөс төлж барагдуулан орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар харилцан тохиролцож бичгээр хэлцэл хийсэн байна. /хх4-8/

            Гэрээний зүйл нь орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгө байх тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагатай. Талууд дээрх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй буюу өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсээгүй тул  талуудын хоорондын орон сууц өмчлөлд хариу төлбөртэй хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байна. Иймд гэрээг цуцлах бус, харин хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу гүйцэтгэгдсэн үүрэг, хөрөнгө шилжүүлсэнтэй холбоотой эрх зүйн харилцаа талуудын хооронд үүссэн гэж үзэх үндэслэлтэй.       

Нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байсан байх ба тэрээр 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд орон сууцны урьдчилгаа төлбөрт хариуцагчид 14 500 000 төгрөг, хариуцагчийн Голомт банкны ипотекийн зээлд 8 232 558 төгрөг, нийт 22 732 558 төгрөг төлсөн гэж анхан шатны шүүх дүгнэжээ. /хх1-2, 40-42/

Хэргийн 10-18 дугаар тал дахь нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулгаас үзэхэд түүний данснаас байрны зээл гэх утгаар 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 478 256 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 294 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 350 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 100 000 төгрөг, нийт 1 222 256 төгрөгийн зарлага гарсан боловч хүлээн авагчийн данс тодорхойгүй, хариуцагчид уг мөнгөн дүнг шилжүүлсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Харин хариуцагч Э.Бийн 5018564847 тоот дансанд “байрны зээл ...” гэх утгаар 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 478 256 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “байрны зээл 8, 9 сарын үлдэгдэл” гэж 300 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “байрны зээл 9, 10 сар” гэж 650 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 478 256 төгрөг, нийт 1 906 512 төгрөг, мөн Голомт банкны 1210000613 тоот дансанд 5 697 046 төгрөг тус тус шилжүүлсэн байна.  /хх19-25/ Дээрх мөнгө шилжсэн үйл баримтын талаар анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчийн ХААН банкны дансанд  2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нийт 2 350 512 төгрөг шилжүүлсэн гэж дүгнэсэнд зохигчид гомдол гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд уг төлбөр, тооцооллын талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар хийсэн болно. 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн 10 450 000 төгрөгийг нэхэмжлэгчээс төлсөн 22 732 558 төгрөгөөс хасч зөрүү дүнг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хууль буруу хэрэглэжээ. 

Талууд нэг талаас орон сууц өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас урьдчилгаа төлбөр, зээлийн өрийг төлж барагдуулахаар тохиролцсон байх боловч нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгснөөр нэхэмжлэгч хариуцагчийн өмнөөс төлсөн зээлийн өр төлбөрөө буцаан гаргуулах, хариуцагч нь орон сууцаа эзэмшүүлж, ашиглуулсан хугацааны төлбөр шаардаж мэтгэлцжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх төлбөрийн зөрүүг 20 сарын хугацаанд орон сууцаа эзэмшүүлж, ашиглуулсан учраас суутгаж авсан гэх агуулгаар тайлбарлаж, уг орон сууцаа 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс бусдад сард 550 000 төгрөгөөр хөлслүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байна. /хх71-72/

Талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүсээгүй буюу нэхэмжлэгч нь орон сууц ашигласны хөлс төлөх үүрэггүй боловч бусдын эд хөрөнгийг эзэмшиж, ашигласантай холбоотой үнийг төлөх үүрэгтэй юм. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн орон сууцыг буцаан өгсөн боловч уг орон сууцны ашиглалтад эзэмшлийг буцаах боломжгүй тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дах хэсэгт заасан үүрэгтэй болжээ.

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчийн өмнөөс Голомт банкинд төлсөн төлбөрөө шаардаж болох боловч мөн хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.1-т “шаардлага хариуцах этгээд өөрөө хариу шаардлага гаргах эрхтэй байсан бөгөөд түүнийгээ суутган авсан тохиолдолд шаардлага гаргаж болохгүй” гэж заасан.

 Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.1-д заасан зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгчид орон сууцаа ашиглуулсантай холбоотойгоор хариуцагч хариу шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэ агуулгаар нэхэмжлэгчид буцаан төлөгдөх төлбөрөөс орон сууцаа ашиглуулсны хөлсийг суутган авсан гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.

Харин нэхэмжлэгчийн урьдчилгаанд төлсөн 14 500 000 төгрөгөөс 10 450 000 төгрөгийг хасч 4 050 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т нийцнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч нь “нэхэмжлэгч орон сууцны дотор зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилж, засвар хийсний улмаас цаашид уг орон сууцанд амьдрах, худалдан борлуулахад хүндрэлтэй болгосон” гэж, нэхэмжлэгч мөн хариуцагчийн орон сууцанд засвар хийж зардал гаргасан гэж тус тус тайлбарласан боловч энэ талаар нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул энэ хүрээнд дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчим, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дах хэсэгт заасан диспозитив зарчимд харшилна.  

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/00579 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1, 496.3, 496.3.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Баас 4 050 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  М.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 412 753 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “211,471” гэснийг “79 750” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 671 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.        

                           

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

     ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

 

                                                        А.МӨНХЗУЛ