Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2021/00501

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Ц.Д-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- Ж д ү гхолбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаандНэхэмжлэгч Ц.Д, түүний өмгөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 05 сарын 09-ний өдөр Ж д ү-ийг хөгжүүлэх сангийн захирлын Б/37 тоот тушаалаар Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2 сарын туршилтын хугацаагаар томилогдож, 2019 оны 07 сарын 10-ны өдөр ЖДҮХСангийн захирлын Б/66 тоот тушаалаар үндсэн ажилтнаар томилогдсон. Үндсэн ажилтнаар томилогдсонтой холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/67 тоот тушаалаар эрх бүхий албан тушаалтанаар томилогдон хавсран ажиллаж байсан. Эрх бүхий албан тушаалтан гэдэг нь “Албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах” чиг үүрэг бүхий албан тушаал бөгөөд ажлын байрны тодорхойлолтод Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний чиг үүрэгт тусгасан байдаг.

Монгол улсын Засгийн газраас 2020 оны 8 сарын 12-ны өдөр 49 тоот тогтоолыг баталж ЖДҮХСангийн ажлын албыг татан буулгаж, Ж д ү ийн газрыг байгуулах, холбогдох албан хаагчдыг чиг үүрэг орон тоо, үйл ажиллагааны зардал, цалингийн сан, эд хөрөнгийн хамт Ж д ү-ийн газарт шилжүүлэх ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах шийдвэр гарсан. Ж д ү-ийн газрын орон тоог 39 байхаар тогтоосон бөгөөд орон тоог цомхтгож багасгаагүй. 2020 оны 8 сарын 19-ний өдөр ЖДҮГазрын шинэ даргаар Я.Э томилогдон ирж, улмаар 2020 оны 8 сарын 21-ний өдөр ХХААХҮСайдын А-273 дугаар ажлын хэсэг байгуулах тухай” тушаал гарч сангийн албан хаагчид болон үйл ажиллагааг ЖДҮГазарт шилжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг ажлын хэсгийн ахлагчид даалгасан байдаг. Үүний дараа 2020 оны 9 сарын 26ы өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж байгаа тухай “Мэдэгдэл”-ийг 8 сарын 26-ны өдөр надад хүлээлгэн өгсөн. Мэдэгдлийг хүлээн авсны дараа буюу 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 3-ны өдрүүдэд ЖДҮГазрын дарга Я.Э бүх албан хаагчидтай нэг бүрчлэн уулзалт хийсэн. Тус уулзалтаар ажлын байранд үлдээх боломжгүй гэсэн бөгөөд тэтгэмж авах хүсэлтээ өг гэснээр бүх ажилчид тэтгэмж авах хүсэлт гаргасан. Тухайн үед өөр ажлын байрны санал тавиагүй.

Улмаар 2020 оны 9 сарын 30-ны өдөр ажлын хэсгийн ахлагчийн Б-57 тоот тушаал гарч, Ж д ү-ийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгасантай холбоотой нийт албан хаагчидтай байгуулсан хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээг 2020 оны 9 сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалж үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг надад 2020 оны 10 сарын 9-ны өдөр танилцуулж, хүлээлгэн өгсөн. Миний бие 4 сартай жирэмсэн бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, шимтгэлийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилтаныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан татан буугдсан гэх байдал нь тухайн байгууллага бүр мөсөн байхгүй болохыг ойлгоно. Гэтэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалд сангийн ажил чиг, үүрэг ажиллагсадыг газарт шилжүүлэхээр заасан. Мөн ажилтаныг ажлаас чөлөөлсөн тушаалд Б гэж гарын үсэг зурсан байх бөгөөд сангийн ажлын албыг татан буулгах ажлын хэсгийн ахлагчаар Ц гэдэг хүнийг томилсон байхад ажилтаныг ажлаас чөлөөлөх эрхгүй этгээд тушаал гаргасан байна. Мөн хөдөлмөрийн тухай хуульд жирэмсэн хүнийг ажлаас чөлөөлөхийг хориглосон байхад нэхэмжлэгч Д-ийг жирэмсэн байхад нь ажлаас чөлөөлсөн тул Б/57 тоот тушаалыг зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2020 оны “Агентлаг байгуулах тухай” 49 дүгээр тогтоолоор Ж, д ү-ийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ж, д ү-ийн газрыг байгуулахаар шийдвэр гарсны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А-273 дугаар тушаалаар Ж, д ү-ийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгасан бөгөөд үйл ажиллагааны зардал, цалингийн санг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ж д ү-ийн газарт шилжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагч, ХХААХҮЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Гэрээ цуцлах, ажпаас чөлөөлөх” тухай Б/57 дугаар тушаалаар Ц.Д-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж, ахуйн нэгж татан буугдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Тус шийдвэр гаргахаас өмнө Ц.Д-т Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэлийг 2020-08-26-нд өгсөн. Ж, д ү-ийн газарт шилжин ажиллах боломжтой талаар мэдээлэл өгөхөд Ц.Д нь шилжин ажиллахгүй 6 сарын тэтгэмж авах хүсэлт гаргасан, харин жирэмсэн гэдгээ мэдэгдээгүй.

Ц.Д ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг хүчингүй болгохыг шаардаагүй, татан буугдсан сангийн ажлын албаны хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд эргүүлэн тогтоолгох нь хуулийн үндэслэлгүй.

Ж, д ү-ийг хөгжүүлэх сангийн ажлын алба нь төрийн захиргааны байгууллага биш, Ж, д ү-ийн газарт шилжин ажиллах нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйл төрийн захиргааны албан тушаал учир төрийн албаны зөвлөлийн шаардлагыг хангасан байхыг, Засгийн газрын 2019 оны 275 дугаар төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай тогтоолд дэс түшмэл ТЗ-6 гэж заасан талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр тэтгэмж олгосон. Газрын даргаар томилогдсон Э-ы ажиллах хугацааг сунгасан. Сангийн ажлын албыг татан буулгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Ц нь өөрчлөгдөж Б-ыг томилсон бөгөөд энэ талаарх шийдвэрийг шүүхэд гаргаж өгөөгүй. Ц.Днь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Днь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ж д ү-ийн газрыг хариуцагчаар татаж, түүнд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ /хх-1-2/.

 

Хариуцагч тал Засгийн газрын тогтоолоор ж, д ү-ийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, газар байгуулагдснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр Ц.Д-ийг ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэх хуудас өгч, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах хүсэлтийг нэхэмжлэгч гаргаснаар түүнд тэтгэмж өгч ажлаас чөлөөлсөн. Тухайн үед жирэмсэн байсан талаараа мэдэгдээгүй, ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох талаар шаардлага гаргаагүй, түүний ажиллаж байсан  ж д үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын алба татан буугдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

 

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

 

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шүүх шийдвэрлэнэ.

 

Тиймээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг тул хэрэг шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээнд оролцож байгаа тал шаардлагаа дэмжих, шаардлагын үндэслэлийн талаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх, нотлох баримтаа өөрөө гаргах эрхтэй бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг болон хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй байх, эрх тэгш байх зарчимд үндэслэн явагддаг.

 

Иймд шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Учир нь нэхэмжлэгч Ц.Д-ийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Ж, д ү-ийг хөгжүүлэх сангийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/57 тоот тушаалаар Ж д ү-ийг хөгжүүлэх сангийн хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлжээ /хх-7-8/.

 

Дээрх тушаалыг нэхэмжлэгч Ц.Д эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлээ 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан байна /хх-2-р хуудасны ар тал/.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж зохицуулсан бөгөөд хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааны талаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зохицуулсан ба хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна.

 

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан нь хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх хугацааг тусгайлсан хуулиар зохицуулсан гэж үзэх бөгөөд хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн ганцаарчилсан маргааны талаархи гомдлоо ажилтан дээр дурдснаар нэг сарын дотор шүүхэд гаргахаар байна.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно” гэж, 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Днь түүний ажиллаж байсан Ж д ү-ийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, Ж д ү-ийг хөгжүүлэх газар байгуулагдснаар 2020-09-26-ны өдрөөр тасалбар болгон хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэний үүрэгт ажлаас чөлөөлөхийг мэдэгдсэн мэдэгдэлд 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан /хх-23/ байх бөгөөд мэдэгдэл хүлээн авсан, тэтгэмж авах тухай хүсэлтийг 2020-09-02-ны өдөр Жижиг дунд үйлдвэрийн газарт бичгээр гаргасан /хх-24/, тойрох хуудас болон ажлаас чөлөөлөгдсөн Б/57 тоот тушаалыг 2020-10-09-ний өдөр авсан /хх-72/ үйл баримтад талууд маргаагүй.

 

Түүнчлэн хариуцагчаас нотлох баримтаар гаргасан 2020-10-27-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авсан үйл баримтын талаар нэхэмжлэгч маргаагүй бөгөөд тэрээр 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхээр байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх хуульд заасан үндэслэлүүд тогтоогдоогүй, ажилтан шүүхэд хандах хуулиар тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжтой боловч хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойших хугацаанд хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон газарт байсан зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар шүүхэд хандаж гомдол гаргах боломжгүй байсан гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдоогүй.

 

Монгол Улсад COVID 19 /шинэ коронавирус/-ын халдварын тохиолдол дотооддоо бүртгэгдэж, Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн Монгол Улсын Засгийн газрын 178-р тогтоол 2020-11-11-ний өдөр гарч, уг хугацааг 2020-11-15ы өдрийн 181-р тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн өглөөний 06 цаг 00 минут хүртэлх хугацаагаар сунгасан байхад нэхэмжлэгч 2020-11-18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн нэхэмжлэгч ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэлийг 2020-08-26-ны өдөр авч, цаашид Жижиг дунд үйлдвэрийн газарт шилжин ажиллах хүсэлгүй талаарх хүсэлтээр бичгээр гаргаснаар тойрох хуудсыг 2020-10-09-ний өдөр хүлээн авсан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болохгүй.

 

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан Г г нэгдсэн эмнэлэгийн 2021-01-04-ний өдрийн 03/115 дугаар албан бичигт Ц.Д-ийг 2020 оны 10-р сараас эхлэн жирэмсний хяналтанд орсон талаар тодорхойлсон байх боловч хэдний өдрөөс хяналтанд орж бүртгэгдсэн талаарх баримтыг хавсаргаж ирүүлээгүй байна /хх-42/.

 

Мөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан Ж д ү-ийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгасан, ингэж татан буулгаснаар нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн талаар тайлбарлаж, маргаагүй боловч нэхэмжлэгч одоо ямар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй байна.

 

Ийнхүү хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх хугацааг тусгайлсан хуулиар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч Ц.Д эрхээ зөрчигдсөн талаар мэдсэн өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед гомдол гаргасан эсэх талаар асуухад гаргаагүй гэж нэхэмжлэгч тал тайлбарласан атлаа шүүхийн шийдвэрийг уншиж сонсгож шийдвэрээс ойлгомжгүй асуух зүйл байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж хэрэгт байгаа эсэхийг асууснаар өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан талаар шүүхийн шийдвэр гарсны дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох тул мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх үндэслэл, татгалзлаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь нэхэмжлэгч, хариуцагч нарын үүрэг болно.

 

Ажил олгогчийн 2020-09-30-ны өдрийн Б/57 тоот тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2020-09-30-ны өдрийн Б/57 тоот тушаалд Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 49 дүгээр тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А/273 дугаар тушаал, Ж д ү-ийг хөгжүүлэх сангийн ажилтнуудын бичгээр гаргасан хүсэлтийг тус тус үндэслэсэн байх бөгөөд Ж д ү-ийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, шинээр байгуулагдсан газарт нэхэмжлэгч ажиллахгүй гэсэн тул түүнийг ажлаас чөлөөлсөн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан.

 

Дээрх тушаалын үндэслэл болсон Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг дараахь үндэслэлээр татан буулгана” гэж, 32.1.1-д “өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр, түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан” гэж, 32.2-т “татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ” гэж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 49 дугаартай тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жд ү-ийн газрыг байгуулах, уг тогтоолын 4.1-т Ж, д ү-ийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгах, холбогдох албан хаагчдыг чиг үүрэг, орон тоо, үйл ажиллагааны зардал, цалингийн сан, эд хөрөнгийн хамт Ж д ү-ийн газарт шилжүүлэх ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгасан байна.

 

Гэтэл сайдын 2020 оны 08 дугаар сарын 21-ний А-273 дугаар тушаалаар Ж д ү-ийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, ажлын албаны үйл ажиллагааны зардал, цалингийн сан, архив, үндсэн болон бусад эд хөрөнгө, өр авлага, үйл ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ж, д ү-ийн газарт шилжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Цыг томилсон байхад /хх-28-29/ нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Б/57 тоот тушаалын бланк нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Ж Д Ү-г хөгжүүлэх сангийн захирлын тушаал гэж байхад түүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, ажлын хэсгийн ахлагч Э.Б гэж гарын үсэг зурсан /хх-25/ нь тухайн байгууллагыг төлөөлөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор тушаал, шийдвэр гаргах эрхтэй эсэх нотлогдохгүй, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

 

Маргааны зүйл нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай ажил олгогчийн 2020 оны Б/57 тоот тушаал тул уг тушаалын үндэслэлийн талаар шүүх дүгнэх бөгөөд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар уг тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ.

 

Тиймээс ажил олгогч нь аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах боломжтой хэдий ч хуулийн дээрх зохицуулалтад ажлын албыг татан буулгах талаар тусгаагүй байна. Мөн татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэхээр Иргэний хуулийн 32.2-т заасан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020-08-21-ний өдрийн А/273 тоот тушаалд Ж, д ү-ийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгахаар шийдвэрлэсэн байх тул сайдын томилсон комисс татан буулгах ажлыг эрхлэн гүйцэтгэхээр байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр татан буулгах шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс Ж, д ү-ийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгах ажлыг эрхлэн гүйцэтгэхээр бөгөөд ажилтаны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон Б/57 тоот тушаалыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, ажлын хэсгийн ахлагч Э.Б гаргах эрхтэй болох нь нотлогдохгүй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хуульд зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ж д ү-ийн газарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЯНЖИНДУЛАМ