Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/00645

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/00645

 

 

 

Ц.Д-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/00501 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Д-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ЖДҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Д, түүний өмгөөлөгч С.Одгариг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Надмидцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2019.5.09-ний өдөр ЖДҮХС-н захирлын Б/37 тоот тушаалаар Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд 2 сарын туршилтын хугацаагаар томилогдож, 2019.7.10-ны өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын Б/66 тоот тушаалаар үндсэн ажилтнаар томилогдсон. Мөн 2019.7.10-ны өдрийн Б/67 тоот тушаалаар эрх бүхий албан тушаалтнаар хавсран ажиллаж байсан.

Монгол улсын Засгийн газрын 2020.8.12-ны өдөр 49 тоот тогтоолоор ЖДҮХС-н ажлын албыг татан буулгаж, ЖДҮГ-г айгуулах шийдвэр гарсан. Орон тоог 39 байхаар тогтоосон бөгөөд орон тоог цомхотгоогүй. Үүрэгт ажлаас 2020.9.26-ны өдрөөр чөлөөлж байгаа тухай мэдэгдлийг 2020.8.26-ны өдөр хүлээлгэн өгсөн. Мөн 2020.9.01-ний өдрөөс 2020.9.03-ны өдрүүдэд ЖДҮГ-н дарга Я.Э бүх албан хаагчидтай нэг бүрчлэн уулзалт хийж, ажлын байранд үлдээх боломжгүй тул тэтгэмж авах хүсэлтээ өг гэснээр бүх ажилчид тэтгэмж авах хүсэлт гаргасан. Тухайн үед өөр ажлын байрны санал тавиагүй.

Улмаар 2020.9.30-ны өдөр ажлын хэсгийн ахлагчийн Б-57 тоот тушаал гарч, нийт албан хаагчидтай байгуулсан хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээг мөн өдрөөр тасалбар болгон цуцалж үүрэгт ажлаас чөлөөлсөн. Надад тушаалыг 2020.10.09-ний өдөр танилцуулж, хүлээлгэн өгсөн. Миний бие 4 сартай жирэмсэн бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, шимтгэлийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоолоор ЖДҮХС ажлын албыг татан буулгаж, үйл ажиллагааны зардал, цалингийн санг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮГ-т шилжүүлж, зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагч, ХХААХҮЯ Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын 2020.9.30-ны өдрийн гэрээ цуцлах, ажлаас чөлөөлөх тухай Б/57 тоот тушаалаар Ц.Д-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж, ахуйн нэгж татан буугдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Тус шийдвэр гарахаас өмнө Ц.Д-т ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2020.8.26-нд өгсөнЖижиг, дунд үйлдвэрийн газарт шилжин ажиллах боломжтой талаар мэдээлэл өгөхөд Ц.Днь шилжин ажиллахгүй 6 сарын тэтгэмж авах хүсэлт гаргасан, харин жирэмсэн гэдгээ мэдэгдээгүй.

Ц.Д ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг хүчингүй болгохыг шаардаагүй, татан буугдсан сангийн ажлын албаны хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд эргүүлэн тогтоолгох нь хуулийн үндэслэлгүй.

ЖДҮХС ажлын алба нь төрийн захиргааны байгууллага биш, Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжин ажиллах нь төрийн захиргааны албан тушаал бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр тэтгэмж олгосон. Ц.Д нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Д-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгджээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт Ц.Д нь ажлаас чөлөөлөгдсөн Б\57 тоот тушаалыг 2020.10.09-ний өдөр авсан тэрээр 2020.11.18-ны өдөр шүүхэд нэхэмжпэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхээр байна гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Гэтэл Ц.Д нь 2020.10.30-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүгч Ц.Ц 2020.11.06-ны өдрийн 20896 дугаар захирамжаар нэхэмжпэлийн шаардлага тодорхойгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан бөгөөд нэхэмжпэгч захирамжид заасан зөрчлийг арилгаад 2020.11.18-ны өдөр нэхэмжлэлээ дахин гаргаж, шүүгч Ц.Ц хүлээн авч ажиллагаа хийж байгаад хэргийг шүүгч Д.Я-д шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч нь хоёрдах удаагаа нэхэмжлэлээ гаргахдаа өмнө нь хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хавсаргаагүйгээс хэргийг шинээр хүлээн авч шийдвэрлэсэн шүүгч Д.Я хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн байна.

Мөн нэхэмжлэгч нь одоо ямар ажилд эгүүлэн тогтоолгох нь тодорхойгүй гэжээ. Нэхэмжлэгч ЖДҮХС Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан бөгөөд уг орон тоог Засгийн газрын тогтоолоор ЖДҮГ-т шилжүүлсэн тул хуучин орон тоондоо эгүүлэн тогтоолгохыг хүсэж байгаа тул ямар ажилд тогтоолгох нь тодорхойгүй гэдэг нь үндэслэлгүй байна. Ц.Д нь ажлаас чөлөөлөгдөх үедээ 2 сартай жирэмсэн байсан бөгөөд хариуцагч тал нь үүнийгээ мэдэгдээгүй гэж тайлбарладаг. Тухайн үед Ц.Д нь дарга нарт энэ байдлаа хэлэх гэтэл боломж олгохгүй байсаар гэнэт ажлаас халсан гэж тайлбарласан нь хариуцагч түүний эрхийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл энэ байдлаа нотлох боломжийг олгохгүйгээр эрх зүйн байдлыг нь дордуулсан.

Шүүх хэргийг шийдвэрлэсний дараа хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэхээр хүсэлт гаргасан боловч тухайн хэргээс тусад нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх болон хугацаа зогссон, тасалдсан үйл баримт байгаа эсэхийг бие даан тогтоох боломжгүй гэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж байна.

Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч ЖДҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч орон тоог цөөрүүлсэн гэж маргажээ./хх 1,21-22/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоолын дагуу өмнө нь ажиллаж байсан албан тушаалд буюу ЖДҮХГ-шилжүүлэн ажилд эгүүлэн тогтоолгох гэж тодруулжээ.

Хэрэгт нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ЖДҮХС захирлын Б/37 тоот тушаалаар хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд 2 сарын туршилтын хугацаагаар томилогдож, улмаар 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ЖДҮХС захирлын Б/66 тоот тушаалаар үндсэн ажилтнаар томилогдсон. Үндсэн ажилтнаар томилогдсонтой холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/67 тоот тушаалтнаар эрх бүхий албан тушаалтнаар хавсран ажиллаж байсан үйл баримт талуудын тайлбар, тушаал зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. /хх 38-39,62-63/

Мөн ажилтанд 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг мөн оны 8 дугаар сарын 26-ны өдөр ажил олгогч хүлээлгэн өгсөн, мэдэгдлийг хүлээн авсны дараа буюу 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрүүдэд ЖДҮГ-н дарга Я.Э нь албан хаагчидтай уулзалт хийсэн, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/57тоот тушаалаар ажилтан ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт талуудын тайлбар, тушаалын хуулбар зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. /хх 1-2,23-24/

Нэхэмжлэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалж үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр танилцуулж, хүлээлгэн өгсөн, ажлаас халагдах үед 4 сартай жирэмсэн байсан гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна. /хх 82/ Түүнчлэн, Засгийн газраас 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 49 тоот тогтоолыг баталж ЖДҮГ-н ажлын албыг татан буулгаж, ЖДҮХГ байгуулах, холбогдох албан хаагчдыг чиг үүрэг, орон тоо, үйл ажиллагааны зардал, цалингийн сан, эд хөрөнгийн хамт ЖДҮГ-т шилжүүлэх ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах шийдвэр гарчээ.

Нэхэмжлэгчийн ЖДҮГ-н орон тоог 39 байхаар тогтоосон бөгөөд орон тоог цомхтгож багасгаагүй, ЖДҮГ-н шинэ дарга Я.Э ажлын байранд үлдээх боломжгүй гэсэн бөгөөд тодорхой тайлбар өгөөгүй, ажлаас чөлөөлөх мэдэгдэл нь албан бус ажлын хэсгийн даргын гарын үсэггүй байсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасан аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэснийг зөрчиж хугацаа тоолох нь тодорхойгүй мэдэгдэл өгсөн, ямар нэгэн хэлэлцээр явагдаагүй гэсэн тайлбарыг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодорхойлж тогтоогоогүйгээс талуудын мэтгэлцээнтэй холбоотой дүгнэлт хийх боломжгүй байна. Тодруулбал, шүүхээс нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзалд дурдагдаагүй, талуудын маргаангүй асуудлаар буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах заалтыг хэрэглэн шийдвэр гаргажээ.

Хэрэв Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан ажилтан ажлаас халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэснийг зөрчсөн гэж үзэж байгаа бол хөөх хэлэлцэх хугацаа тасалдсан эсхүл түр зогссон эсэхийг тодруулаагүй байхад хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхэд эргэлзээтэй.

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэжээ.

Маргааны зүйл болох жирэмсэн эмэгтэйг орон тооны цомхотголоор чөлөөлсөн эсэх, өөрөө хүсэлтээ хүсэл зоригоороо, дарамт шахалтгүйгээр гаргасан эсэх асуудлаар талууд мэтгэлцээгүй, тайлбарууд харилцан зөрүүтэй байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Нэхэмжлэгч одоо ямар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах, талуудыг бүрэн мэтгэлцүүлэх үүрэгтэй бөгөөд энэ нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмыг зөрчихгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-168.дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/00501 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД